Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 27

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Б, Б.Ц, Г.Ч,

Х.Ш, Т.Э, Т.Д,

Б.Я нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Очмандах, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Батжаргал,

шүүгдэгч Н.Б /цахим сүлжээгээр/, түүний өмгөөлөгч П.Баасанжав,

шүүгдэгч Б.Ц /цахим сүлжээгээр/, түүний өмгөөлөгч А.Ариунаа,

шүүгдэгч Г.Чын өмгөөлөгч Б.Энхтуяа, Г.Сүхээ,

шүүгдэгч Т.Эын өмгөөлөгч Ш.Сарангэрэл,

шүүгдэгч Т.Дын өмгөөлөгч Х.Мөнгөнсүх,

нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 801 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч П.Баасанжав, шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч А.Ариунаа нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Н.Б, Б.Ц, Г.Ч, Х.Ш, Т.Э, Т.Д, Б.Я нарт холбогдох 1802001010057 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Очийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Олхинууд овгийн Н-н Б, 1988 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гадаад харилцааны менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн .......... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: .............../,

2. Шарайд овгийн Б-н Ц, 1986 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эгч, ах нарын хамт Чингэлтэй дүүргийн ................. тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ................../,

3. Боржигон овгийн Г-н Ч, 1992 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, хоёр дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн .................. тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ................../,

4. Олхонууд овгийн Х-н Ш, 1982 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин гоо сайханч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, охины хамт Баянгол дүүргийн 19 .......... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ................/,

5. Боржигон овгийн Т-н Э, 1984 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Орхон аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Солонгос хэлний орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хоёр дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Зүүн сэлхийн 198 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ................/,

6. Өндөрийнхөн овгийн Т-н Д, 1990 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Орхон аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын ................ тоотод оршин суух хаягтай, /регистрийн дугаар: ......................./,

- Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнссэн.

7. Хонгорынхон овгийн Б-н Я, 1983 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Төв аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, эх, ах, дүү нарын хамт Төв аймгийн .................. тоотод оршин суух хаягтай, /регистрийн дугаар: .................../,

- Төв аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4, 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, Өвөрхангай аймгийн Хархорин дахь Сум дундын шүүхийн 2003 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 14 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 3 сарын хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

- Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 380 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 53 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 8 сар 23 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан.

- Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 386 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн.

- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 608 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар 3 сар 20 хоногийн баривчлах ял шийтгүүлсэн.

- Баянгол дүүргийн шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5 дахь хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн.

1. Н.Б нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор нэвтрэх үедээ илгээмжээр /принтерийн хайрцаг дотор/ 2018 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн,

Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 7 дугаар байрны 2-6 тоотод 2018 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс 3 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, Б.Ц, Х.Ш нарт худалдаалсан,

2. Б.Ц нь Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан,

3. Г.Ч нь Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хөгжил” хотхоны гадаа 86-50УББ улсын дугаартай цагаан өнгийн “Тоёота Марк-Экс” загварын автомашинд 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий “мөс”, “шавар” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан,

4. Х.Ш нь Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан хадгалсан, бусдад худалдаалсан,

5. Т.Э нь Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан тетрагидроканнабинолын агууламж бүхий “шавар”, “мөс” гэх нэршилтэй мансууруулах бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан,

6. Т.Д нь Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан тетрагидроканнабинолын агууламж бүхий “шавар” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан,

7. Б.Явуулхулан нь Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий 0.5 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн Прокурорын газраас: Т.Э, Т.Д нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Ц, Г.Ч, Х.Ш, Б.Я нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Н.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3, 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Б.Яд урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 10 жил 1 сар хорих ялыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар багасгаж 2 жил 1 сар 14 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож,

шүүгдэгч Б.Цод холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт бодис худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан” гэсэн хэргийн зүйлчлэлийг өөрчилж, мөн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт бодис худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэж хөнгөрүүлэн,

Г.Чад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт бодис худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан” гэсэн хэргийн зүйлчлэлийг өөрчилж, мөн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт бодис худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэж хөнгөрүүлэн,

Б.Яд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт бодис худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан” гэсэн хэргийн зүйлчлэлийг өөрчилж, мөн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт бодис худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэж хөнгөрүүлэн,

Х.Шд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт бодис худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, худалдсан” гэсэн хэргээс “худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан” гэсэн шинжийг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар худалдсан” гэж хөнгөрүүлэн тус тус зүйлчилж,

Олхинууд овогт Н-н Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн” гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, худалдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Олхонууд овогт Харцагийн Шүрэндуламыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар худалдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шарайд овогт Б-н Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Боржигон овогт Г-н Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Хонгорынхон овогт Б-н Яг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт бодис худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Боржигон овогт Т-н Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт бодис худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Өндөрийнхөн овогт Т-н Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт бодис худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Н.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар,

Б.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

Х.Шыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

Б.Яг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Ч, Т.Э, Т.Д нарыг хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тус тус тэнсэж,

Г.Ч, Т.Э, Т.Д нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “зан үйлээ засах сургалтанд хамрагдах”, 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, мөн хуулийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тус тус тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялуудыг нэмж нэгтгэн, Н.Бгийн биечлэн эдлэх ялыг 6 жил 10 сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар Б.Яд энэ тогтоолоор оногдуулсан 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял дээр 2 жил 1 сар 14 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, Б.Ягийн биечлэн эдлэх ялыг 3 жил 6 сар 14 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар
Н.Б, Б.Ц, Х.Ш нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй
хорих байгууллагад, Б.Яд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих
байгууллагад эдлүүлж,

Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан /шийтгэх тогтоолд заагдсан/ эд зүйлсийг устгаж, нийт 660.000 төгрөгийг улсын орлого болгож, Е1763179 дугаартай Н.Бгийн гадаад паспортыг түүнд буцаан олгож, 6 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, “Тоёота Марк Х” загварын 86-50 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож,

Н.Б, Б.Ц нарын баривчлагдсан, цагдан хоригдсон 30 хоногийг, Х.Шын баривчлагдсан 2 хоногийг, Б.Ягийн баривчлагдсан, цагдан хоригдсон 707 хоногийг тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тооцож, Г.Ч, Т.Э, Т.Д нар тус бүр 30 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би анх удаа, тохиолдлын шинжтэй гэмт хэрэгт холбогдсон ба хийсэн хэрэгтээ туйлын их гэмшиж байна. Бусдад төлөх төлбөргүй, өндөр настай эхийгээ асран халамжилдаг зэргийг харгалзан үзэж хуульд заасан үндэслэл журмын дагуу оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б.Ц давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...гэмт хэрэгт холбогдохоос өмнө гэр бүлтэй болж 1 хүүтэй болсон. Хүү маань тархины саажилттай, гар, хөл, толгой нь мэдээгүй төрсөн. Ээж нь бид хоёрыг тахир дутуу гээд орхиж явсан. Хүү минь хүнд өвчинтэй тэмцэж эцэст нь өвчнөө дийлэлгүй гар дээр минь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Миний бие хүнд өвчтэй аав, хүү, ээж нарыгаа тэжээн тэтгэхийн тулд ажиллаж амьдарч байсан.

2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр найз Баяраагийнд ороход мөс гэх нэршилтэй бодисыг тэднийд анх хэрэглэж байсныг хараад сэтгэл санааны тогтворгүй байдлаас болж хэрэглэсэн нь миний буруу, маш их харамсаж байна.

Энэ төрлийн бодисоос Баярааг хол байлгах гэж, их хэмжээгээр хэрэглээд эрүүл мэндэд нь янз бүрийн асуудал үүсэхээс урьдчилан сэргийлж, Баяраагийн гэрээс ил байсан мөс гэх бодисыг болон бусад хэрэгслүүдийг нь авч гараад цагдаад баригдсан. Надад 2 жилийн хорих ял оногдуулсан нь надад болон ядарсан ар гэрийнхэнд минь хүнд тусаж байна. Түлээ түлшгүй, хоол ундгүй хүлээж байгаа 70 настай ээж, хөдөлмөрийн чадвараа алдсан эгч, дунд сургуулийн сурагч хоёр охин дүүд маань хүнд байна. Иймд надад хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Н.Бгийн өмгөөлөгч П.Баасанжав давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ төрлийн гэмт хэргийг мөрдөх жишиг тогтох ёстой. Шүүгдэгч нарыг баривчлаад Цагдаагийн газар шинжилгээ авсан байдаг. Уг шинжилгээгээр мансууруулах бодис хэрэглэсэн байна гэж тестээр тодорхойлоод, дараа нь мэдүүлэг авсан. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нараас өөрсдийнх нь эсрэг мэдүүлэг авсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчигдөж байна. Эдгээр хүсэлтүүд хэрэг хянан шийдвэрлэгдэх явцад шийдвэрлэгдээд явах бололцоотой байна гэсэн байдлаар урьдчилсан хэлэлцүүлгийн явцад шийдэгдсэн. Миний бие шүүх хуралдаан дээр энэ нотлох баримтыг хасуулах тухай хүсэлт гаргасан. Шүүх хүсэлтийг хэлэлцээд шийдвэрлэлгүй орхигдуулж шүүх хуралдааныг үргэлжлүүлж явуулсан. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...Нотлох баримтаар тооцохгүй байх тухай оролцогчийн хүсэлтийг шүүх хянан хэлэлцэж шийдвэрлэнэ” гэсэн хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байна гэж давж заалдах гомдлыг гаргасан. Шүүгдэгч Н.Б “нэгэнт миний хийсэн үйлдэл буруутай үйлдэл тул би энэ үйлдлээ хүлээн зөвшөөрч, амьдралдаа алдсан хамгийн том алдаа минь юм. Ялыг хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож өгнө үү” гэсэн хүсэлт тавьсан. Н.Бд оногдуулсан 6 жил 10 сарын хугацаагаар хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

 Шүүгдэгч Б.Цын өмгөөлөгч А.Ариунаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Б.Цыг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүхээс өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй боловч 2 жилийн хорих ялаар шийтгэж, ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Энэ хэрэг 7 шүүгдэгчтэй бөгөөд эдгээрээс нэг л хүний ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт шүүгдэгч Б.Ц 3 грамм “мөс” гэх бодис биедээ хадгалж явсан гэсэн үндэслэлээр ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Гэтэл мөн хэрэгт ижил үйлдэлтэй шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн байна. Шүүгдэгч Б.Цын хувийн байдал нь маш хүнд бөгөөд хэрэг шүүхэд шилжих үед эцэг нь хүнд өвчний улмаас нас барсан, одоо 70 настай ээж, хүнд өвчтэй эгч, түүний бага насны 2 хүүхдийн хамт амьдралын хүнд нөхцөлд амьдардаг. Б.Цыг хоригдсоноос хойш ус, түлээ дөхүүлж өгөх хүн байхгүй, амьдралын хэрэгцээний мөнгө олж тэжээн тэтгэх хүн байхгүй маш хүнд байдалтай байгаа тул эдгээр нөхцөл байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүй тэнсэж өгнө үү. 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулж энэ хэрэгт холбогдох шүүгдэгч нарыг барьсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 28.1 дүгээр зүйлд заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэл хэрэгт заавал авагдсан байх ёстой. Энэ талаар хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед болон шүүх хуралдааны үед хэлсэн боловч шүүх авч хэлэлцээгүй. Хар тамхинд донтох “өвчин” гэдэг нь өнөөдөр дэлхий даяар тогтоогдсон. Гэтэл мансуурчихсан хүмүүсээс мэдүүлэг авч тэр мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэж байна. Мансуурсан хүнээс мэдүүлэг авна гэдэг бол өвчтэй байхад нь мэдүүлэг авсан гэсэн үг юм. Би шүүгдэгч нарыг үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй үедээ мэдүүлэг өгсөн гэж үзэж байна. Гэтэл шүүх хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн, үйл баримтын дэс дараалалтай утга агуулгын хувьд ухамсарлаж мэдүүлсэн гэж дүгнэж байгаа. Мөрдөгч мансуурсан үед нь мэдүүлэг авахдаа мөрдөгч өөрөө байцаалтаа найруулан бичиж, гарын үсэг зуруулсан. Уг мэдүүлгийг нотлох баримтаас хасаж өгнө үү гэсэн хүсэлтийг урьдчилсан хэлэлцүүлэг дээр өгсөн байдаг. Уг хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд зааснаар шийдвэрлэх ёстой байтал шийдвэрлээгүй. Шүүгдэгч Б.Я нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2-т зааснаар 10 жил 1 сарын хорих ял авсан. Энэ хэлэлцэж байгаа хэрэгт яллагдагчаар татагдаагүй байхад шүүгдэгч Б.Ягийн ялыг нь өөрчилж, улмаар ялыг нэмж, хасаж байгааг ойлгохгүй байна. Өмнө нь хэрэг давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдэж байхад шүүгдэгч Б.Ягийн урьд нь шийтгүүлсэн тухай нэг ч шийтгэх тогтоол хэрэгт хавсаргагдаагүй байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хавтас хэрэгт авагдсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно гэсэн заалт байгаа. Б.Я ялаа эдэлж  цагдан хорих 461-р ангид хоригдож байгаа гэж үзвэл ялыг тэгшитгэх саналыг өгч, улмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар прокурорт хүргүүлж  шүүх шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. Шүүгдэгч Б.Цын анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн болон ар гэр, ахуй амьдрал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хорих ял оногдуулахгүй тэнсэж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Т.Эын өмгөөлөгч Ш.Сарангэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын шүүгдэгч Т.Эт холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Г.Чын өмгөөлөгч Б.Энхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Г.Чад анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгч Б.Цын өмгөөлөгч А.Ариунаагийн давж заалдах гомдолтой санал нийлэхгүй байна. Нэг шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж, нэг шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж давж заалдах гомдол гаргаж болохгүй. Давж заалдах шатны шүүх хэргийг хэдийгээр бүхэлд нь хянах боловч шүүгдэгч болгон өөрийн гэсэн өмгөөлөгчтэй тул түүний гаргаж буй гомдол нь шударга ёсны зарчимд нийцэхгүй. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ бүх шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулаагүй гэж үзэж байна. Шүүгдэгч Г.Ч “мөс” гэх мансууруулах бодисыг хэрэглэсэн боловч түүний автомашинаас олдсон мансууруулах бодис өөрийнх нь биш байсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Т.Дын өмгөөлөгч Х.Мөнгөнсүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Т.Д нь анхнаасаа үнэн зөвөөр мэдүүлэг өгч байсан. Анхан шатны шүүхээс шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Г.Чын өмгөөлөгч Г.Сүхээ тус шүүх хуралдаанд гаргах тайлбар байхгүй гэв.

 Прокурор Б.Батжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчигдөөгүй гэж үзэж байна. Шүүгдэгч Н.Бгийн хувьд ялыг хөнгөрүүлэх боломжгүй. Шүүгдэгч Б.Цын үйлдэл бусад шүүгдэгч нараас ялгаатай байгаа тул биечлэн эдлүүлэхээр заасан нь хууль ёсны үндэслэлтэй гэж үзэж байна. Улсын ерөнхий прокурор, Тагнуулын ерөнхий газрын дарга нар хамтарч мөрдөн шалгах ажиллагааны магадлагааны журам гаргасан байдаг. Үүнд Улсын ерөнхий прокуророос тусгайлан эрх олгосон прокурор мөрдөгчийн магадлагааг баталгаажуулсны үндсэн дээр хэрэгт хавсаргана гэж заасан байгаа. Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны магадлагаа нь Улсын ерөнхий прокуророор баталгаажаагүй учраас хэрэгт хавсаргаагүй, хэргийн оролцогч нарт танилцуулаагүй. Шүүгдэгч нарт мансууруулах бодис хэрэглэсэн эсэх талаар тест авч мэдүүлэг авсан. Энэ үед авсан мэдүүлэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар батлагдаж байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн асуудал тогтоогдохгүй байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 801 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэж шийтгэх тогтоолын зарим хэсгийг хэвээр үлдээн, зарим шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хүндрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож тэр хэсгийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэлээ. Үүнд:

1. Шүүгдэгч Н.Б нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор нэвтрэх үедээ илгээмжээр /принтерийн хайрцаг дотор/ 2018 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий 11 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэг,

улмаар Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 7 дугаар байрны 2-6 тоотод 2018 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс 3 дугаар сарын 13-ны өдөр хүртлэх хугацаанд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий 8 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан, бусдад худалдаалсан гэмт хэрэг,

2. Шүүгдэгч Б.Ц нь Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий 3.3 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч хадгалсан гэмт хэрэг,

3. Шүүгдэгч Х.Ш нь Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий 1.3 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар бусдад худалдаалсан гэмт хэрэг,

4. Шүүгдэгч Б.Явуулхулан нь Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий 0.5 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч хадгалсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судласан дараахь нотлох баримтууд, шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэргээр нотлогдон тогтоогджээ.

Тухайлбал, шүүгдэгч Н.Бгийн “...Би Эрээн хотод хятад хүнээс 4500 юанаар 10 грамм буюу 1 булет “мөс” гэх бодис худалдаж авсан. Каргонд бараагаа үлдээгээд өөрөө түрүүлж орж ирсэн. Намайг Замын-Үүдээр орж ирснээс хойш 3-4 хоногийн дараа карго ирээд бараагаа Дүнжингаравын тэр хавиас хүлээж авсан. Оруулж ирсэн “мөс” гэх бодисыг Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 7 дугаар хороолол, 2-6 тоотод өөрийн оршин суух гэртээ хадгалж байгаад 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр найз Цэрэнтогтоход нэг граммыг 500.000 төгрөгөөр тооцоод өгсөн. Дараа нь Шүрэндуламтай утсаар холбогдож дуудаад “мөс гэх зүйл байгаа шүү аваарай” гэсэн. Тэгээд Шүрээ манай гэрт ирээд анх 2 граммыг задалж би хоёр хэрэглэж байгаад үлдсэн 0.5 граммыг 250.000 төгрөгөөр тооцож өгсөн....Өчигдөр би нэг граммыг 500.000 төгрөгөөр бодож өгсөн. Цэрэнтогтох хүнд зарж борлуулдаггүй өөрөө л хэрэглэдэг. ...Шүрэндуламд 0.5 граммаар нэгийг, 1 граммаар нэгийг өгсөн. Шүрэндулам надад 500.000 төгрөг өгсөн. ...Би Цэрэнтогтох, Шүрэндулам нараас өөр хүнд өгч байгаагүй... Надад мөнгө хэрэг болоод 0.8 граммаар савлаж зарж борлуулах гэж байсан юм” гэх мэдүүлэг /хх2, хх34-35/,

шүүгдэгч Х.Шын “...Баяраа намайг “мөс зараад өгөөч, чамд найдвартай хүн байвал хэлээд өгөөч” гэхээр нь би Явуу гэх залууд хэлээд... Явуутай уулзахад надаас 0.5 грамм авсан. Би мөнгийг нь аваад Баяраагийн гэрт 200.000 төгрөг өгөхөд “Чи надад зарж өгсөн юм чинь 50.000 төгрөгийг өөрөө ав” гэхээр нь би зөвшөөрсөн. Ханак хочтой Баяраа 550.000 төгрөг өгөөд нэг грамм мөс худалдаж авсан... Удалгүй найз Тогтох /Цэрэнтогтох/ орж ирээд манай гэр рүү явж байтал цагдаа нарт баригдсан. Би өмнө нь Баяраагийн мөсийг 4-5 удаа яг энэ байдлаар зарж өгч байсан.” /хх2, хх41-43/,

“...Надад сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрч байна. Миний хийсэн зүйл юм чинь хүлээн зөвшөөрч байна. ...Би ханак Баяраад эрээн Баяраагийн савлаж бэлдсэн байсан гялгар ууттай мөсийг 550.000 төгрөгөөр өгөөд эрээн Баяраад тэр мөнгийг нь бүгдийг нь өгсөн.” гэх мэдүүлэг /хх2, хх74-76/,

шүүгдэгч Б.Ягийн “...Би Шүрэндуламаас гялгар ууттай 0.5 грамм мөс авсан. ...Шүрээ над руу 15-16 цагийн үед өөрөө залгаад хямдхан юм байна мөнгөний хэрэг болчихлоо гэхээр нь би мөнгө олоод худалдаж авсан. Харин Шүрээ хэнээс авч надад өгсөн талаар би мэдэхгүй. Би Шүрэндуламаас өөрөө хэрэглэх гэж худалдаж авсан. Би орцонд шилэн соруулд хийж хэрэглэсэн. Үлдсэн зүйлээ хэрэглэж амжаагүй цагдаа нарт баригдсан.” гэх мэдүүлэг /хх2, хх80-81/,

хэрэгт эд мөрийн баримтаар хураасан эд зүйлс, бодис, дээжүүдэд шинжилгээ хийхэд метамфетамин илэрсэн, илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтад багтдаг” тухай дүгнэсэн Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 3173 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх1, хх182-191/, шүүгдэгч Н.Бгийн гадаад паспортанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх1, хх77/, Н.Бгийн гэрт нэгжлэг хийж хураан авсан гялгар ууттай зүйлүүдийн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх1, хх27/,

хүний биеэс биологийн дээж авч мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан “...Б.Ц метамфетамин амфетамин агууламжтай бодис хэрэглэсэн гэсэн утгыг зааж байлаа” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх1, хх37-38/, хүний биед үзлэг хийсэн “...Б.Ц нь миний куртикны зүүн талын халаасанд мөс гэх нэршилтэй хар тамхи байгаа гээд “LD” гэсэн бичигтэй тамхины хайрцаг гаргаж, албаны цахилгаан жин дээр жинлэхэд 3.3 грамм зааж байсныг Б.Цод харуулан гэрэл зургийн аргаар бэхжүүлж авав.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх1, хх39-42/,

шүүгдэгч Т.Эын “...2018 оны 3 дугаар сарын 13-ны орой Шүрээ өөрийнхөө “99073658” дугаараас залгаад “Мөс авах уу, 550.000 төгрөгөөр 0.8 граммыг өгнө” гэсэн.  Би Дүүрэнбаярыг “99699957” дугаар руу залгаж “200.000 төгрөг байна уу” гээд Билэг их дэлгүүр дээр хүрээд ир гээд дуудсан. Чулуунбат 86-50УББ улсын дугаартай “Тоёота Марк Экс” загварын цагаан өнгийн автомашинтай ирсэн. ...Шүрээг хүлээж байхдаа автомашин дотор би өөрт байсан гялгар уутанд наасан шавар гэх зүйлийг гаргаж ирээд Чулуунбат, Дүүрэнбаяр хоёр нэг нэг цэг тавьж хэрэглүүлсэн... Шүрээд 550.000 төгрөг бэлнээр өгөөд тухайн 0.8 грамм гэх мөсийг нь авсан. Шүрээ автомашинаас буугаад бид нар машинтайгаа хөдөлж Хөгжил хотхоны арын байрны завсараар орж автомашин дотроо авсан гэх “мөс” гэх зүйлээ хэрэглэх гэж байх үед цагдаа нар биднийг барьсан... Бид гурав хоорондоо ярьж байгаад мөнгөө нийлүүлж худалдаж авсан.” гэх мэдүүлэг /хх1, хх134-135/,

хүний биед үзлэг хийсэн “...Явуухулангийн биед үзлэг эхлэхийн өмнө нь таны биед мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай эд зүйл болон түүнийг хэрэглэхэд ашигладаг багаж хэрэгсэл болон хууль бус ямар нэгэн зүйл байна уу гэхэд “миний биед Шүр гэх эмэгтэйгээс 200.000 төгрөгөөр худалдан авсан гялгар уутны хамт 0.4 грамм гэж өгсөн “мөс” гэх мансууруулах бодис байгаа, мөн хар тамхи мансууруулах бодис хэрэглэхэд ашигладаг хуванцар соруул, шилэн гаанс зэрэг зүйл байгаа, би сайн дураараа гаргаж өгнө” гэж хэлээд гаргаж өөрийн бор өнгийн түрийвчний дотор талаас тамхины цагаан цаасанд хийсэн зиплок түгжээтэй гялгар ууттай цагаан өнгийн тунгалаг мөс мэт зүйлийг гаргаж өгснийг албаны цахилгаан “Т1000” загварын жин дээр жигнэхэд 0.5 грамм болж байв.” гэх тэмдэглэл /хх1, хх48/,

хүний биеэс биологийн дээж авч мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан “...Б.Я метафетамин, амфетамины агууламжтай бодис хэрэглэсэн гэсэн утгыг зааж байлаа.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх1, хх49-52/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн “...Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд … соруул, шилэн гаанс зэргээс метамфетамин илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно.” гэх 3172 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх1, хх178-180/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалж, шүүх хуралдааны оролцогчдын тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн Н.Б, Б.Ц, Х.Ш, Б.Я нарыг гэм буруутайд тооцсон дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.Бг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, бусдад худалдаалсан, шүүгдэгч Х.Шыг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар худалдаалсан, шүүгдэгч Б.Я, Б.Ц нарыг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрийг харгалзан хуульд заасан хорих ялыг ялгамжтай оногдуулж, улмаар биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх” ялын зорилгод нийцсэн байна.

Иймд хорих ялыг хөнгөрүүлэх, тэнсэх талаар шүүгдэгч шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч П.Баасанжав, шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч А.Ариунаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгов.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Хэрэгт мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулсан талаар баримт авагдаагүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлд мансуурсан үед мэдүүлэг авахыг хориглосон заалт байхгүй. “Мансууруулах бодис хэрэглэсэн” байсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн 8.4-д заасан “өвчний улмаас хэргийн нөхцөл байдлыг зөв ойлгож, зөв мэдүүлэх чадваргүй” гэсэн ойлголтод хамаарахгүй тул “Мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүнг хэрэгт хавсаргаагүй, шүүгдэгч нарыг мансуурсан үед нь мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн” гэх шүүгдэгч Н.Бгийн өмгөөлөгч П.Баасанжавын гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Харин шүүгдэгч Б.Ягийн хувьд урьд нь таван удаа ял шийтгүүлж байсны дотор энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байсан, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан үзэлгүйгээр 1 жил 5 сар хорих ял шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “Шударга ёсны зарчим”-д нийцэхгүй байх тул давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан эрх хэмжээний хүрээнд зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хүндрүүлж шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Ягийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, түүний хувийн байдлыг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 5 сар хорих ял болгон хүндрүүлэн өөрчлөв.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Ягийн өмнөх шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялыг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд нийцүүлэн хассан нь тооцооллын хувьд зөв байх боловч баримтлавал зохих хуулийн заалтыг буруу бичсэнийг энэхүү магадлалаар зөвтгөх боломжтой гэж үзсэн болно. Иймд шийтгэх тогтоолын тогтоох хсэгийн 1 дэх заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг...” гэж өөрчлөв.

Сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системийн тогтолцоог дарангуйлах замаар хүний ердийн үйл ажиллагаа, зан авирыг хямраан саатуулж хараат байдлыг үүсгэж донтуулах хорт үр дагавартай учир хууль тогтоогч сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бус аргаар бэлтгэх, хадгалах, бусдад өгөх, борлуулах зэрэг бүхий л үйл ажиллагааг хориглож, тухайн үйлдэл бүрийг гэмт хэрэгт тооцож хуульчилсан болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь нийгэмд аюултай үйлдлийг хийснээр гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцогддог хэлбэрийн бүрэлдэхүүнтэй тул бусдад хор уршиг учруулсан байхыг шаардахгүй онцлогтой бөгөөд мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус хэрэглээтэй тэмцэх, энэ төрлийн гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, гэмт хэрэгт олноороо буюу бүлэглэн үйлдсэн нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзан үзэж гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэх учиртай.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Ч, Т.Э, Т.Д нарын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, үйлдэл, оролцоо зэрэгт бодитой хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр “Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” хуулийн зохицуулалтыг хавтгайруулан хэрэглэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарч байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 801 дугаартай шийтгэх тогтоолын Г.Ч, Т.Э, Т.Д нарт холбогдох заалтуудыг хүчингүй болгож, тэнд холбогдох хэргийг тусад нь дахин хэлэлцүүлэхээр буцааж, Г.Ч, Т.Э, Т.Д нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 1.4, 1.5,  дахь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 801 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар...” гэж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтын “...Б.Яг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар...” гэснийг “...Б.Яг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар...” гэж,

тогтоох хэсгийн 7 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар Б.Яд энэ тогтоолоор оногдуулсан 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял дээр 2 жил 1 сар 14 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, Б.Ягийн биечлэн эдлэх ялыг 3 жил 6 сар 14 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар Б.Яд энэ тогтоолоор оногдуулсан 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял дээр 2 жил 1 сар 14 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, Б.Ягийн биечлэн эдлэх ялыг 4 жил 6 сар 14 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 801 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн Г.Ч, Т.Э, Т.Д нарт холбогдох заалтуудыг бүхэлд нь хүчингүй болгож, тэдэнд холбогдох хэсгийг тусад нь дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

3. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 801 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч П.Баасанжав, шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч А.Ариунаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Шүүгдэгч Г.Ч, Т.Э, Т.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.ПҮРЭВСҮРЭН

ШҮҮГЧ                                                                        Д.ОЧМАНДАХ

                                    ШҮҮГЧ                                                                        Ц. ОЧ