| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 106/2018/0782/Э |
| Дугаар | 39 |
| Огноо | 2019-01-10 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 20.16.1., |
| Улсын яллагч | А.Баясгалан |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 39
И.У-, Д.Б-, А.У- нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор А.Баясгалан,
шүүгдэгч И.У-, А.У- нарын өмгөөлөгч О.Баярбаясгалан,
шүүгдэгч Д.Б-ийн өмгөөлөгч Ц.Амар,
нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 832 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, прокурор А.Баясгалангийн бичсэн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 44 дугаартай улсын яллагчийн эсэргүүцэл болон шүүгдэгч Д.Б-ийн өмгөөлөгч Ц.Амарын гаргасан давж заалдах гомдлоор И.У-, А.У-, Д.Б- нарт холбогдох эрүүгийн 1805032270762 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Боржигон овгийн И.У-, 1993 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Төв аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүрэгт түр оршин суух,
- Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 397 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
2. Мужаан овгийн Д.Б-, 1993 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Төв аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, операторч мэргэжилтэй, ам бүл 5, эмэг эх, эгч, дүү, найз эмэгтэйн хамт Хан-Уул дүүрэгт түр оршин суух,
- Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6-д зааснаар 5 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлснийг Төв аймгийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 63 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6-д зааснаар 3 жил 6 сарын хорих ял болгон хөнгөрүүлж, Сум дундын 21 дүгээр шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 75 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 3 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
3. Харчин овгийн А.У-, 1993 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүрэгт түр оршин суух, ял шийтгэлгүй,
И.У-, А.У-, Д.Б- нар согтуугаар бүлэглэн, 2018 оны 6 дугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө 00 цагийн үед, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Нарны гүүрний орчим нийтийн хэв журмыг зөрчиж, Ж.Бат-Эрдэнэ, М.Мөнх-Эрдэнэ нарт хүч хэрэглэн, Ж.Бат-Эрдэнийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: И.У-, А.У-, Д.Б- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос А.У-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, И.У-, Д.Б-, А.У- нарыг “нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, И.У-, Д.Б- нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар зан үйлээ засах үүргийг хүлээлгэн, согтууруулах ундаа хэрэглэх хязгаарлалтыг тогтоож, А.У- нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг түүнд мэдэгдэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар И.У-ыг 1 жил 1 сарын хорих ялаар, Д.Б-ийг 1 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар И.У-, Д.Б- нарыг тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тэдэнд оногдуулсан ялуудыг хөнгөнийг хүндэд нь нэмж нэгтгэн, И.У-ын биечлэн эдлэх нийт ялыг 1 жил 1 сар 30 хоногийн хорих ялаар, Д.Б-ийн биечлэн эдлэх нийт ялыг 1 жил 30 хоногийн хорих ялаар тус тус тогтоож, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, И.У-, Д.Б-, А.У- нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурьдаж, А.У-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, И.У-, Д.Б- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорихоор шийдвэрлэжээ.
Прокурор А.Баясгалан улсын яллагчийн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар И.У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 1 сарын хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 1 жил 1 сар 30 хоногоор, Д.Б-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 1 жил 30 хоногоор тус тус тогтоож шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасан ба хорих болон торгох ялыг тусад нь эдлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байхад торгох ялыг хорих ялаар сольсон нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэхээр байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг үндэслэн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
Шүүгдэгч Д.Б-ийн өмгөөлөгч Ц.Амар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хэрэгт авагдсан гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагчийн мэдүүлгүүдээс дүгнэвэл, 2018 оны 6 дугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө хохирогч, шүүгдэгч нарын хэн аль нь согтууруулах ундаа зүйл хэрэглэсэн байсан бөгөөд шүүгдэгч И.У- нь хохирогч Ж.Бат-Эрдэнэ, гэрч М.Мөнх-Эрдэнэ нартай маргааныг эхлүүлж зодолдсон нь тогтоогддог. Харин тухайн цаг хугацаанд шүүгдэгч Д.Б-, А.У- нар нь маргаан зодооныг зогсоох, салгах үүднээс очсон бөгөөд “хэн аль нь согтуу байна, салгаад аваад явъя, манай найз бас их согтсон байна...” гэж хэлсэн байдаг. Шүүгдэгч А.У-, Д.Б- нар тэлээ гаргаж ирэн маргаан зодооныг үргэлжлүүлсэн болох нь тогтоогддоггүй бөгөөд анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийсэн байгаа. Шүүгдэгч Д.Б- нь хохирогч Ж.Бат-Эрдэнийн биед хэрхэн гэмтэл учруулсан талаар мөрдөн байцаалтын явцад сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ “...би саарал цамцтай байсан дүүгийнх нь биед халдаж цохиж зодсон зүйл байхгүй, харин түүний ах гээд байгаа залуу миний хөлнөөс зуураад чирэгдээд байхаар нь түүний цээж рүү нэг өвдөглөсөн...” гэж мэдүүлдэг. Үүнээс үзвэл шүүгдэгч Д.Б-ийн үйлдэл нь олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулахад чиглээгүй, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчөөгүй, мөн нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэн хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах явцдаа хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулаагүй буюу шүүгдэгч И.У-ын үүсгэсэн маргаан зодооныг салгах явцдаа хохирогч руу шууд чиглэсэн үйлдлийн улмаас гэмтэл учруулсан болох нь тогтоогдож байна. Д.Б-ийн хувьд ам бүл 5, эмэг эх, эгч, дүү, найз эмэгтэйгийн хамт амьдарч байсан ба эхнэр нь саяхан амаржиж, ам бүлийн байдал өөрчлөгдсөн тул хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарыг хэрэгт хавсаргуулах саналтай байна. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, прокуророос Д.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч И.У-, А.У- нарын өмгөөлөгч О.Баярбаясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өмгөөлөгч Ц.Амарын гаргасан давж заалдах гомдлын үндэслэлийг дэмжиж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.” гэж заасан. Шүүгдэгч И.У-, Д.Б- нарт оногдуулсан хэд хэдэн төрлийн ялыг тус тусад нь эдлүүлж шийдвэрлэснээр тэдний эрх зүйн байдал нь дээрдэхгүй. Учир нь гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага заавал хүлээлгэх бөгөөд тэрээр үйлдсэн гэмт хэрэгтээ зөвхөн өөрөө хариуцлага хүлээх учиртай. Өөрөөр хэлбэл ялыг хэн нэгэнд халдаах ёсгүй. Шүүгдэгч нар хорих ял эдэлж байх хугацаандаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг хэрхэн биелүүлэх вэ гэдэг асуудал хөндөгдөнө. Магадгүй тэдний ар гэрээс нь төлөхийг үгүйсгэхгүй. Иймээс улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй гэж үзэж байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;
И.У-, А.У-, Д.Б- нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа, 2018 оны 6 дугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө 00 цагийн үед, Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Нарны гүүрний орчимд нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, Ж.Бат-Эрдэнэ, М.Мөнх-Эрдэнэ нарт хүч хэрэглэх явцдаа, И.У-, Д.Б- нар нь Ж.Бат-Эрдэнийн эрүүл мэндэд “тархи доргилт, зүүн нүдний алим, хүзүү, цээж, баруун дал, бүсэлхий, баруун бугалга, баруун шуу, хэвлий, зүүн гуя, баруун чамархайд цус хуралт, зүүн хацар, баруун бугалга, баруун тохой, баруун шуу, зүүн бугалга, зүүн тохой, зүүн шуу, хоёр дал, хүзүүнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдлоо.
Хохирогч Ж.Бат-Эрдэнэ нь тухайн цаг хугацаанд болсон үйл явдал, бусадтай маргалдах болсон шалтгаан, өөрт учирсан гэмтлийн талаар /хх-ийн 7-8/ тодорхой мэдүүлсэн байх бөгөөд түүний мэдүүлэг нь гэрч М.Мөнх-Эрдэнийн /хх-ийн 12-14/ мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 7128 дугаартай дүгнэлт /хх-ийн 20/ зэргээр давхар нотлогджээ.
Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд тухайн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч Д.Б-ийн өмгөөлөгч Ц.Амар давж заалдсан гомдолдоо: “...Д.Б- нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчөөгүй, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулаагүй...” хэмээн маргажээ.
Хэргийн материалыг судлахад, Нарны гүүрний орчим Ж.Бат-Эрдэнэ, М.Мөнх-Эрдэнэ нарыг алхаж явах үед, И.У- тэднийг өдөөн хоргоож, хүч хэрэглэснээр маргаан зодооныг эхлүүлсэн ба А.У-, Д.Б- нар нь энэхүү байдлыг таслан зогсоохын оронд түүнтэй нийлж, Ж.Бат-Эрдэнэ, М.Мөнх-Эрдэнэ нарыг үгээр дайрч доромжлон, биед нь хүч хэрэглэх үед нь автозамын хөдөлгөөнд оролцож явсан этгээдүүдээс тусламж үзүүлж, уг маргаан зодооныг таслан зогсоосон байна.
Нийтийн хэв журмыг зөрчих гэдэг нь олон нийтээр хамтран амьдарч тогтож хэвшсэн хэв ёсонд шууд харшилсан, эсхүл уламжлагдаж ирсэн зан заншлыг үл хүндэтгэсэн, олон нийтийн амгалан тайван амарч, ажиллах нөхцлийг санаатайгаар алдагдуулж, улмаар өөрийн үйлдлээс учирч болох хор уршгийг зориуд хүсэж үйлдэхээс гадна, хүсээгүй ч тийм байдалд хүргэж болохыг ойлгож мэдсэн атлаа үйлдлээрээ гүйцэлдүүлдэг санаатай үйлдлийн бодит илрэл юм.
Шүүгдэгч И.У-, А.У-, Д.Б- нар нь нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцааны хэм хэмжээ болон хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчсөн санаатай үйлдлээ олон нийтийн газар, удаан хугацаагаар үргэлжлүүлсэн, өөрөөр хэлбэл нийгмийн хэв журмыг зөрчиж байгаагаа нийтэд илээр үзүүлж, догшин авирласан нь олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийн шинжийг агуулсан байна.
Түүнчлэн шүүгдэгч И.У-, Д.Б- нар нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, хохирогч Ж.Бат-Эрдэнийн толгой, цээж, нуруу, хэвлийн тус газарт ээлж дараалан цохиж, өшиглөн зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь нотлогдсон.
Харин хохирогч нь А.У-т цохиулж, зодуулснаас биедээ гэмтэл авсан гэх үндэслэл тогтоогдсонгүй.
Дээрх байдлуудыг үндэслэн, анхан шатны шүүх прокуророос А.У-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч И.У-, Д.Б-, А.У- нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч И.У-, Д.Б- нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэг тус бүрийн нийгмийн аюулын болон учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гүйцэтгэсэн үүрэг, оролцоо зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч А.У-т тухайн зүйлд заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, түүнд тодорхой төрлийн албадлагын арга хэмжээг авч, шүүгдэгч И.У-, Д.Б- нарт тухайн зүйл хэсгүүдэд заасан хэмжээний дотор зохих ял шийтгэлийг тус тус оногдуулж, хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх замаар тэдгээрийн нийт эдлэх ялын хэмжээг тогтоосон нь хуульд нийцсэний гадна, гэм буруу, шударга ёсны зарчмуудад харшлаагүй байна.
Шүүх аливаа хэргийг хянан шийдвэрлэхдээ талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан нотлох баримтуудыг процессын болон материаллаг эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн дүгнэлт хийж бодит байдлыг тогтоосон тохиолдолд түүнд хүрсэн арга замыг тодорхой, ойлгомжтой байдлаар илэрхийлж хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрлэдэг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно:” гэж хуульчилсан нь шүүхээс хэд хэдэн гэмт хэрэгт өөр өөр төрлийн ял оногдуулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан аргаар ялуудыг нэг төрлийн ял болгон улмаар нэмж нэгтгэн ял оногдуулж болох талаар шүүхэд эрх олгосон байна.
Шүүх тухайн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдлын талаар бодитой зөв дүгнэлт хийж, ял шийтгэлийг ялгамжтайгаар оногдуулахдаа торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой нийцүүлэн нэмж нэгтгэх замаар ялын төрөл, хэмжээг тогтоосон нь эрүүгийн хариуцлагын гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх ялын зорилгод нийцсэн байна.
Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хууль хэрэглээний талаар бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл, мөн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 832 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор А.Баясгалангийн бичсэн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 44 дугаартай улсын яллачгийн эсэргүүцэл болон шүүгдэгч Д.Б-ийн өмгөөлөгч Ц.Амарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН