Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 2151

 

“Х б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2017/01440 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Х б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч А.Ж, Д.О нарт холбогдох

 

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 244 063 168 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч А.Ж-ы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Ж нь 2014 оны 7 дугаар сарын 29-ний өдөр “Х б” ХХК-тай 1790001826 дугаар барьцаат зээлийн гэрээ байгуулж, 170 000 000 төгрөгийг 365 хоногт 24 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн. Уг гэрээнд Д.О нь хамтран зээлдэгчээр оролцсон. Зээлийн барьцаанд Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр ХД 86 дугаар байр, 1 тоот хаягт байршилтай, 115.9 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч нь 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс хойш зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд зээлийн эргэн төлөлт огт хийгээгүй. Иймээс А.Ж, Д.О нараас үндсэн зээлийн үлдэгдэл 160 598 211 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 76 941 590 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 6 523 367 төгрөг, нийт 244 063 168 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч нар үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нар шүүхэд тайлбар гаргаагүй.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч А.Ж, Д.О нараас гэрээний үүргийн гүйцэтгэлд 244.063.168 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х б” ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны гэрээний зүйл болох Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2206016122 дугаарт бүртгэлтэй А.Ж, Д.О нарын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр ХД 86 дугаар байр, 1 тоот хаягт байршилтай, 115.9 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдсанаас олсон орлогоос үүрэг гүйцэтгэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Х б” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 1 378 266 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Ж, Д.О нараас улсын тэмдэгтийн хураамжид 1 378 266 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Г б” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч А.Ж давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2017/01440 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхийн дээрх шийдвэр нь ИХШХШТХ-ийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй шийдвэр гэж үзэж байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэн хариуцагч нарыг эзгүйд шийдвэрлэсэн байх бөгөөд шийдвэртээ “...талууд эвлэрэх талаар харилцан ярилцаж байгаа тул хойшлуулж өгнө үү...2017-02-13-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 76 941 590 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 76 941 590 төгрөг, 6 523 367 төгрөг байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбар, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, шаардах хуудас зэргээр тогтоогджээ...” гэсэн байна.

Шийдвэрт тусгасан байдлаар нэхэмжлэгч тал хариуцагч талтай эвлэрэн хэлэлцэх тухай асуудлыг хэлэлцэж байсан болох нь тогтоогдож байсаар байхад нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотой асуудлыг шууд ханган шийдвэрлэсэн нь хууль бус шийдвэр гарахад нөлөөлсөн, талуудад эвлэрэх боломжийг хангахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг ханган шийдвэрлэсэн 6 523 367 төгрөгийг эс зөвшөөрч байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэж нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын 6 523 367 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч “Х б” ХХК нь хариуцагч А.Ж, Д.О нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээл 160 598 211 төгрөг, зээлийн хүү 76 941 590 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6 523 367 төгрөг, нийт 244 063 168 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч А.Ж, Д.О нар нь “Х б” ХХК-тай 2014 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 1780001826 тоот зээлийн гэрээ байгуулж, жилийн 24 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 170 000 000 төгрөгийг зээлж, үүргийн гүйцэтгэлд улсын бүртгэлийн Ү-2206016122 дугаартай, 000334286 тоот гэрчилгээтэй Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр ХД-86 дугаар байр, 1 тоот 115.9 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг барьцаалж, зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан зээл болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний харилцаа тус тус үүссэн байна. /хэргийн 8-17 дугаар тал/

 

Мөн хариуцагчийн хүсэлтээр талууд дээрх 170 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үлдэгдэл болох 160 598 210,75 төгрөгийн зээлийг төлөх хугацааг 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр дуусгавар болгохоор харилцан тохиролцож 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 1780001826 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулжээ. /хэргийн 12 дугаар тал/

 

Хэрэгт цугларсан баримтаас үзэхэд хариуцагч А.Ж, Д.О нар нь зээлийн гэрээнд заасан үүргээ 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүртэл зохих ёсоор гүйцэтгэж байсан боловч энэ хугацаанаас хойш гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ зөрчсөн байна.

 

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг үгүйсгэсэн тайлбар, баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

Иймээс шүүх Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч нарт зээлийн үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа олгосон болох нь “Х б” ХХК-ийн 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн шаардах хуудсаар тогтоогдсон гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ. /хэргийн 21 дүгээр тал/

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр дууссан байх ба хариуцагч нар уг гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон байх тул Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас хэтэрсэн хугацааны хүү болон гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй юм.

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаагаар тооцож хариуцагчаас шаардах эрхтэй талаар шүүх зөв дүгнэж, хэрэгт авагдсан баримтад тулгуурлан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч А.Ж-ы нэмэгдүүлсэн хүү тооцсон нь үндэслэлгүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2017/01440 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч А.Ж-ы гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч А.Ж гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.БАТЗОРИГ  

 

                                      ШҮҮГЧИД                                  Д.БАЙГАЛМАА   

                   

                                                                                       С.ЭНХТӨР