Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 01440

 

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2017/01440

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Хасбанк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

/Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, улсын бүртгэлийн гэрчилгээ 9016001007, регистрийн дугаар 2578697/                  

 

Хариуцагч: Боржгон овогтой, Авидгэрэлийн Жаргалсайханд холбогдох,

/Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр ХД 86 дугаар байр, 01 тоотод оршин суух, регистрийн дугаар ЧЛ60070219/

 

Хариуцагч: Боржигон овогтой, Дуулгын Оюунгэрэлд холбогдох,

/Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр ХД 86 дугаар байр, 01 тоотод оршин суух, регистрийн дугаар ЧЖ79061105/

 

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 244.063.168 төгрөг гаргуулах, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батцэнгэл, нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Батмөнхийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батцэнгэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Жаргалсайхан нь 2014 оны 7 дугаар сарын 29-ний өдөр “Хасбанк” ХХК-тай 1790001826 дугаар барьцаат зээлийн гэрээ байгуулж, 170.000.000 төгрөгийг 365 хоногт 24 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн. Уг гэрээнд Д.Оюунгэрэл нь хамтран зээлдэгдэгчээр оролцсон. Зээлийн барьцаанд Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр ХД 86 дугаар байр, 1 тоот хаягт байршилтай, 115.9 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч нь 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс хойш зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд зээлийн эргэн төлөлт огт хийгээгүй. Иймээс А.Жаргалсайхан, Д.Оюунгэрэл нараас үндсэн зээлийн үлдэгдэл 160.598.211 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 76.941.590 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 6.523.367 төгрөг, нийт 244.063.168 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч нар үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангаж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

“Хасбанк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, А.Жаргалсайхан, Д.Оюунгэрэл нарт холбогдох, гэрээний үүргийн гүйцэтгэлд 244.063.168 төгрөг гаргуулах, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Батмөнх “...Д.Оюунгэрэл, А.Жаргалсайхан нараас үндсэн зээлийн үлдэгдэл 160.598.211 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 76.941.590 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 6.523.367 төгрөг, нийт 244.063.168 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч нар үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангаж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Шүүхээс хариуцагч А.Жаргалсайханд 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр, хариуцагч Д.Оюунгэрэлд 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх, үүргийг нь тайлбарлан өгч, хариуцагч нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар 14 хоногийн дотор хариу тайлбар буюу нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэхээр үүрэг хүлээсэн хэдий боловч уг үүргээ биелүүлээгүй байх тул мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хариуцагч нарыг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох нь зүйтэй байна.

 

Мөн хариуцагч талын “...Д.Оюунгэрэл хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд ирэх боломжгүй байгаа тул хойшлуулж өгнө үү, талууд эвлэрэх талаар харилцан ярилцаж байгаа” гэсэн хүсэлтүүдийг үндэслэн шүүх хуралдаан хойшилсон бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу хариуцагч А.Жаргалсайхан, Д.Оюунгэрэл нарт 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 10 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

“Хасбанк” ХХК болон А.Жаргалсайхан, Д.Оюунгэрэл нарын хооронд 2014 оны 7 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан 1780001826 дугаар “Зээлийн гэрээ”-ээр зээлдэгч А.Жаргалсайхан, Д.Оюунгэрэл нар 170.000.000 төгрөгийг 365 хоногт 24 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар зээлдүүлэгч “Хасбанк ХХК-иас зээлсэн байх бөгөөд зээлдэгч нар 2014 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн “Баталгаат ипотекийн гэрээ”-ээр Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр ХД 86 дугаар байр, 1 тоот хаягт байршилтай, 115.9 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг барьцаалжээ.

 

Зээлдэгч нар 2015 оны 5 дугаар сараас хойш зээлийн гэрээний үүгээ биелүүлээгүй, 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 160.598.211 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 76.941.590 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 6.523.367 төгрөг байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбар, зээлийн гэрээ, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Шаардах хуудас зэргээр тогтоогджээ.

 

Иймд хариуцагч А.Жаргалсайхан, Д.Оюунгэрэл нараас үндсэн зээлийн үлдэгдэл 160.598.211 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 76.941.590 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 6.523.367 төгрөг, нийт 244.063.168 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Хасбанк” ХХК-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хариуцагч нар үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 1780001826-01 дугаар “Баталгаат ипотекийн гэрээ”-ний зүйл болох А.Жаргалсайхан, Д.Оюунгэрэл нарын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр ХД 86 дугаар байр, 1 тоот хаягт байршилтай, 115.9 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж, орсон орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангах нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасантай нийцэж байгаа болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч А.Жаргалсайхан, Д.Оюунгэрэл нараас гэрээний үүргийн гүйцэтгэлд 244.063.168 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Хасбанк” ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны гэрээний зүйл болох Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2206016122 дугаарт бүртгэлтэй  өмчлөлийн А.Жаргалсайхан, Д.Оюунгэрэл нарын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр ХД 86 дугаар байр, 1 тоот хаягт байршилтай, 115.9 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдсанаас олсон орлогоос үүрэг гүйцэтгэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Хасбанк” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 1.378.266 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Жаргалсайхан, Д.Оюунгэрэл нараас улсын тэмдэгтийн хураамжид 1.378.266 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Голомтбанк” ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ж.СЭМЖИД