Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 142/ШШ2017/00502

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 03 өдөр

            Дугаар 142/ШШ2017/00502

Орхон аймаг

                          

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

      Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж,

  Нэхэмжлэгч: орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг 31-18 тоотод оршин суух сартуул овгийн Бадмаахүүгийн Ганхуягийн РД /УХ: 68122214/ нэхэмжлэлтэй,

  Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг, Баруун Дэнжийн 21-4 тоотод оршин суух Сартуул овгийн сугарын Нарангэрэлд /ФМ:69091421/ хариуцагдах 6,100,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Ганхуяг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Сарантуул хариуцагч С.Нарангэрэл, хариуцагчийн өмгөөлөгч Я.Эрдэнэчимэг, гэрч С.Нармандах, З.Батхуяг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхбат нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

   Нэхэмжлэгч Б.Ганхуяг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Ганхуяг нь С.Нарангэрэлтэй 2015 онд танилцсан ба тухайн үед С.Нарангэрэл нь Япон улс руу Цагаан лянхуа намрын наадамд оролцохоор явах болсон тул 4,500,000 төгрөг хэрэгтэй болоод байгаа тул олж өгөөч явж ирээд буцааж өгнө  хэмээн гуйсан юм. Би түүний гуйлтын дагуу Орхон аймаг Баян-Өндөр сум 22-р баг Яргуйт овоот 6-р гудамж 35 тоот хаягт байрлах 800 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 4,500,000 төгрөгөөр зарж уг мөнгийг Нарангэрэлд өгсөн юм. Мөн 2016 оны 03 сард ээжийн бие муу байгаа тул Улаанбаатар хотод хагалгаанд орох зайлшгүй шаардлагатай болоод байна.Эмчилгээний зардалд 1,600,000 төгрөг хэрэгтэй тул хамтран банкнаас зээл авч өгөөч би буцааж төлнө гэсэн.Түүний гуйсны дагуу 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Төрийн банкнаас С. Нарангэрэлтэй хамтран цалингаа барьцаалан 2,000,000 төгрөг зээлж авсан. Үүнээс түүнд 1,600,000 төгрөгийг өгсөн. Гэтэл надаас авсан мөнгөө өнөөдрийг хүртэл надад буцааж өгөөгүй байгаа бөгөөд удаа дараа өгөхийг шаардсан боловч хашаа байшингаа зараад мөнгийг чинь өгнө гэдэг ч өдийг хүртэл надад өгөөгүй байна. Иймд С.Нарангэрэлээс 6,100,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

   Нэхэмжлэгч Б.Ганхуяг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж 4,530,000 төгрөгний шаардлагаа дэмжиж байна.Ээжийнх нь эмчилгээнд зориулж өгсөн мөнгөө бууруулж 1 сая төгрөг нэхэмжилж байна.Нарангэрэлтэй хамт амьдарч байхдаа 2015 оны 10 сард Япон явахад нь мөнгө хэрэгтэй болоод би 9 сард хашаа газраа 3,500,000 төгрөгөөр зараад,дараа нь байшингаа 400 000 төгрөгөөр зараад мөнгийг Нарангэрэлд өгсөн.Мөнгийг Япон явж ирээд өгнө,болохгүй бол хашаа байшингаа зараад ч хамаагүй өгнө гэж байсан.Тэгээд Япон яваад ирсэн.Дараа нь Нарангэрэлийн ээжийнх нь бие муудаад хагалгаанд орох болоод мөнгө хэрэгтэй боллоо гээд би 2 сая төгрөгний цалингийн зээл нэмж авсан.Зээлийн баримт бүрдүүлж байхад хамтран зээлдэгчийн баримтад Нарангэрэлийн дүү өмнөөс нь гарын үсэг зураад яг зээл авах болоход Нарангэрэл өөрөө хотоос ирж гэрээнд гарын үсэг зураад 2 сая төгрөгний 1 600 000 төгрөгийг аваад хот явсан.Нарангэрэл худлаа ярьж байна.Мөнгийг тоолж бэлэн авсан.Өөрөө ажилгүй байсан.Цагаанлянхуад Япон явсан гэжээ.

 

Хариуцагч С.Нарангэрэл шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Ганхуяг нь надад 6,100,000 төгрөг өгсөн түүнийгээ гаргуулахаар шаардлага гаргасан байх бөгөөд үүнийг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би энэ хүнээс ийм их хэмжээний мөнгийг гар дээрээ хүлээн авч байгаагүй ба Япон улс руу бясалгалд явахад надад 4,500,000 төгрөг зарцуулаагүй, би гардаж аваагүй юм. Мөн надад 1,600,000 төгрөгийг  өгсөн мэтээр бичсэн байна. Би энэ мөнгөнүүдийг хэзээ авснаа санахгүй байна. Би сургуулийн насны 2 хүүхэдтэй ба тэд маань Б.Ганхуягийг ааваа гээд дасчихсан байхад өөр хүүхэнтэй болоод намайг хүүхдүүдтэй маань хаяаад явсанд гомдолтой байдаг. Б.Ганхуяг надад ийм их хэмжээний мөнгө өгсөн бол надаар гарын үсэг зуруулж баримт үйлдүүлж авах байлгүй дээ. Б.Ганхуяг хамтран амьдрах хугацаандаа надад болон хүүхдүүдэд маань цалингаа зарцуулдаггүй байсан ба цалингаа өөртөө л хэрэглэдэг байсан юм. Цалингий нь гар дээрээ авч хоол хүнс болон хэрэглээндээ хэрэглэж үзээгүй. Иймд Б.Ганхуягийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй ба энэ хүн надаас мөнгө нэхэмжлэх эрхгүй гэж бодож байна нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү ”гэжээ.

Хариуцагч С.Нарангэрэл шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. 2015 оны 7 дугаар сараас 2016 оны 11 сар хүртэл бид хамт амьдарсан. Би Ганхуягаас ийм их хэмжээний мөнгө аваагүй.Би бясалгалд Япон явсан нь үнэн.Компаний зардлаар хөнгөлөлтөөр явсан.Хашаа байшин нь хүн амьдрах боломжгүй байсан.Хажуу айлын хүн нь та 2-т тус болоод авъяа гээд 3,500,000 төгрөгөөр авсан.500 000 төгрөгийг нь 12 сард авсан.Хүүхдүүддээ өгсөн байх.Надад нэг ч төгрөг өгөөгүй.Нэг чемодан л авч өгсөн байх.2 сая төгрөгний зээл авахад нь зээлийн гэрээнд гарын үсэг зурсан нь үнэн.Мөнгө  аваагүй.Би өөрийнхөө мөнгөөр болгоод явж байсан.Би Зэс эрдэнийн хувь ХХК-д хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжиж ажилладаг.Ганхуягтай утсаар ярихдаа “би 3 сая төгрөг авсан” гэж яриагүй гэжээ.

 

 

     Шүүх хуралдаанд нотлох баримтаар нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхий хуулбар, 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 130600096713 дугаартай барьцаат зээлийн гэрээ, 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн газар худалдах худалдан авах гэрээ, 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 17/03 дугаартай Төрийн банкны тодорхойлолт, Б.Ганхуягийн цалингийн зээлийн дансны хуулга, зохигчдын тайлбар дуу бичлэгийн хуурцаг зэргийг шинжлэн судлаад

                                                                                                                               ҮНДЭСЛЭХ НЬ:

 

        Нэхэмжлэгч Б.Ганхуяг нь хариуцагч С.Нарангэрэлээс “6,100,000 төгрөг гаргуулах” тухай шаардлага гаргасан ба шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа 4,530,000 төгрөг болгон буруулсан.

       Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөөгүй.

       Зохигчид 2015 оны 7 дугаар сараас 2016 оны 11 сар хүртэл хамт амьдарсан байх ба 2015 оны 10 дугаар сард С.Нарангэрэл Япон улс руу явах болсон тул мөнгө шаардлагатай болж Б.Ганхуяг нь өөрийн өмчлөлийн газар,хашааг 2015-9-28-нд бусдад 3,500,000 төгрөгөөр худалдсан,12 сард хашаан дотор байрлах жижиг амбаараа 400 000 төгрөгөөр мөн худалдсан болох нь гэрч З.Батхуягийн шүүх хуралдаанд өгсөн “Хажуу хашааны Ганхуягаас 2015-9-28-нд газар хашааг нь 3,500,000 төгрөгөөр авсан.Эхлээд 3 сая төгрөг бэлэн тоолж өгсөн.Сарын дараа 500 000 төгрөг өгсөн.Он гараад жижиг байшинг нь 400 000 төгрөгөөр авсан.Нийтдээ 3 900 000 төгрөг төлсөн.Манай хүн Япон явах болоод мөнгө хэрэгтэй байна гэж байсан.Хоёулаа ирээд мөнгө аваад явсан”гэх мэдүүлэг,хэрэгт авагдсан газар худалдах худалдан авах гэрээ,зохигчдын тайлбар зэргээр нотлогдож байна.

          Мөн нэхэмжлэгч 2016-3-25-ны өдөр Төрийн банктай нэмэлт цалингийн зээлийн гэрээ байгуулж “хадам ээж Соонойгийн эмчилгээний зардалд зориулан”гэж хүсэлт гаргаж 2 сая төгрөгийг авсан,хамтран зээлдэгчээр хариуцагч С.Нарангэрэл зээлийн гэрээнд гарын үсэг зурсан болох нь хэрэгт авагдсан барьцаат зээлийн гэрээ,Төрийн банкны 17/03 тоот албан бичиг,зээлийн дансны хуулга зэргээр тогтоогдсон.Зээлээр авсан дээрхи 2 сая төгрөгнөөс хариуцагчийн ээжийн эмчилгээнд зориулж 1,600,000 төгрөгийг Нарангэрэлд өгсөн  гэж нэхэмжлэгч тайлбарлаж байна.

      Хариуцагч “эдгээр мөнгийг Ганхуягаас аваагүй, Компаний зардлаар хөнгөлөлтөөр явсан,ээжийн эмчилгээнд мөнгө өгөөгүй” гэж мэтгэлцсэн боловч хариу тайлбар, татгалзлын үндэслэлийг нотлох баримтыг гаргаагүй.

        Зохигчид хамтын амьдралтай байсан хэдий ч тэд өөрсдийн тус тусын өмч хөрөнгийн зарцуулалт,эзэмшлийн тухайд гэрээ байгуулаагүй, Ганхуягийн өмчлөлийн газар,хашаа байшинг 2015-9-28-нд худалдсан 3 000 000 төгрөгийг Нарангэрэлийг Япон явахад нь зориулж түүний өмчлөлд бүрэн мөсөн шилжүүлсэн талаар баримтгүй байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “...зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл,тоо,чанар хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээнэ” гэсний дагуу хариуцагчид өгсөн мөнгөө буцаан шаардах эрхтэй.Гэвч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл бүрэн хэмжээгээр нотлогдсонгүй.

       

         Зохигчид 2015-9-28-нд Ганхуягийн өмчлөлийн газар хашааг бусдад худалдаад 3,000,000 төгрөг авсаны дараа С.Нарангэрэл 10 дугаар сард Япон явсан байх ба уг аялалд зориулж 3 000 000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авсан болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан дууны бичлэгээр нотлогдож байна гэж үзэв.Уг дууны бичлэгт зохигчдын утсаар ярьсан яриа бичигдсэн байх бөгөөд хариуцагчийн “...явахаасаа өмнө 3 саяыг авсан,3 саяасаа юм авсан шүү дээ,500 000 төгрөгийг сүүлд авсан”гэсэн яриа бичигдсэн байна.Хариуцагч “Компаний зардлаар хөнгөлөлтөөр явсан” гэх тайлбараа баримтаар нотлоогүй,ер нь Япон руу хэдэн төгрөгний зардлаар явсан тухайд баримт гаргаагүй,нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг няцаагаагүй тул дээрхи нотлох баримтуудыг үнэлж,нэхэмжлэгчээс 3 сая төгрөг авсан гэж үзэх үндэслэлтэй байна.

     

      Түүнчлэн нэхэмжлэгч 2016-3-25-ны өдөр Төрийн банкнаас 2 сая төгрөгний цалингийн нэмэлт зээл авахад хариуцагч хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан ба зээлийн зориулалтыг “хадам ээж Соонойгийн эмчилгээний зардалд зориулан”гэж хүсэлт гаргаж авсан,мөн тухайн үед хариуцагчийн ээж УБ хотод эмнэлэгт байсан болох нь гэрч С.Нармандахын “...Ээж 2016-3-19-нд УБ явсан.Хагалгаанд орсон...”гэх мэдүүлэг зэргээс үзвэл нэхэмжлэгчийн “1,600,000 төгрөгийг Нарангэрэл аваад явсан” гэх нэхэмжлэлийн үндэслэл нотлогдож байна гэж дүгнэв.

       Уг зээлийг авах үед Ганхуяг нь 9,631,000 төгрөгний зээлийн үлдэгдэлтэй байсан байх ба “хадам ээж Соонойгийн эмчилгээний зардалд зориулах”аас өөр шалтгаанаар зээл нэмж авсан болох нь тогтоогдоогүй.Хариуцагч “хүүхдүүддээ өгсөн байх” гэж тайлбарласан ч нотлогдоогүй.

        Нэхэмжлэгчийн тайлбарласнаар, Б.Ганхуяг уг зээлийг авахаар материал бүрдүүлж байх үед С.Нарангэрэл хотод ээжтэйгээ байсан тул дүүгээр нь баримтад гарын үсэг зуруулж,С.Нарангэрэл зөвхөн зээл гарах үед ирж гэрээнд гарын үсэг зурсан байна.

       Нэхэмжлэгч хариуцагчид өгсөн 1,600,000 төгрөгнийхөө 1,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.Хариуцагч уг мөнгийг аваагүй гэдгээ нотлоогүй тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангах үндэслэлтэй.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар зохигч талууд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага,түүнийг үгүйсгэх,татгалзах үндэслэл тайлбар,түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох,нотлох баримтыг цуглуулах,гаргаж өгөх үүрэгтэй.

      Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг зөвшөөрөхгүй байгаа боловч ийнхүү татгалзаж байгаа тухайд нотлох баримтыг гаргаж няцаагаагүй байна.

         Иймд нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн болно.

         Нэхэмжлэгч шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан ба талууд эвлэрээгүй тул улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 30 000 төгрөгөө хариуцагчаас гаргуулахаар шаардсаныг хангах нь зүйтэй.

       Улсын тэмдэгтийн хураамж 112 550 төгрөгийг нэхэмжлэгч хуульд заасны дагуу урьдчилан төлсөн тул төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан хэмжээнд гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа.

 

        Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

   

        1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1,227 дугаар зүйлийн 227.3-д заасныг баримтлан С.Нарангэрэлээс  4,030,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ганхуягт олгосугай.

      

        2. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан шаардах эрхийн үндэслэл нотлогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 2,070,000 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.          

 

        3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 112,550 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагчаас 48,070 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

        4. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг зохигчид,  тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                                                 

 

                        

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.АРИУНЦЭЦЭГ