Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2020/00317

 

Л.Тгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 184/ШШ2019/00865 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 985 дугаар магадлалтай,

Л.Тгийн нэхэмжлэлтэй

НШШГГ т холбогдох

Албадан дуудлага худалдаа болон үнэлгээ тогтоолгох ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагважанцангийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2016/03337 дугаар шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаад 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 227 дугаартай шинжээч томилох тогтоол гарсан. Тогтоолд заасан хаяг нь өөр байсан учир тогтоолоо шийдвэр гүйцэтгэгч хүчингүй болгож, 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр дахин шинжээч томилсон. Шинжээч нь хөрөнгийг үнэлэхдээ газар дээр нь очиж үзээгүй, үл хөдлөх хөрөнгийн талбайг 41.2 м.кв байсныг 42.1 м.кв гэж, тоосгон байрыг цутгамал бетон хийцтэй гэж бичсэн, өмнөх үнэлгээний тайлангийн алдааг залруулах байдлаар гаргасан, үзлэг хийсэн огноог 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гэж бичсэн. Мөн анхны албадан дуудлага худалдаа явуулах 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 1/20 дугаар тогтоолыг 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдөр буюу дуудлага худалдаа болохоос 2 хоногийн өмнө танилцуулсан нь тухайн ажиллагааны талаар гомдол гаргах эрхийг хязгаарласан гэж үзэж байна. Иймд 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 01/20 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, хөрөнгийн үнэлгээ хийсэн ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2016/03337 дугаар шийдвэрээр Л.Тгаас 28 674 100 төгрөг, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 1311 дугаар шийдвэрээр 4 460 000 төгрөгийг Л.Тгаас гаргуулж Г.Хосбаяр нарт олгохоор тус тус шийдвэрлэсэн. Барьцаа хөрөнгө болох Л.Тгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийг 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр битүүмжилж, 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хураан авсан. Талууд үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт зааснаар хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ гаргуулж 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Л.Тд мэдэгдэж, 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн. Төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацаанд гомдол гаргаагүй тул 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 1/20 дугаартай тогтоолоор үл хөдлөх хөрөнгийг албадан худалдахаар шийдвэрлэсэн. Энэ тогтоолыг төлбөр төлөгч Л.Тд мэдэгдсэнээс гадна төлбөр төлөгч нь уг тогтоолын талаарх гомдлыг дээд шатны албан тушаалтанд урьдчилан гаргах журмыг зөрчсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 184/ШШ2019/00865 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 63 дугаар зүйлийн 63.1-д заасныг зөрчсөн үндэслэл тогтоогдоогүй тул НШШГГт холбогдох, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 1/20 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол болон Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 4-30 дугаар байрны 24 тоот хаягт байрлах, 41.2 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэлтэй 3 өрөө орон сууцыг үнэлэх ажиллагааг хүчингүй болгуулахыг хүссэн Л.Тгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Л.Тгаас тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 985 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 184/ШШ2019/00865 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг 55.1 гэснийг 55.7 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагважанцан хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг тус тус эс хүлээн зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Төлбөр төлөгч Л.Т нь 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 1/20 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл шүүх албадан дуудлага худалдаа болон үнэлгээ тогтоолгох ажиллагааг хүчингүй болгож үнэлгээ тогтоолгох ажиллагааг хүчингүй болгуулахаар шаардлага гаргаагүй байхад шүүх үнэлгээ тогтоолгох ажиллагааг хүчингүй болгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 хороолол 4-30 дугаар байрны 24 тоот хаягт байрлах, 41.2 м.кв талбай бүхий, 3 өрөө орон сууцыг 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр шинжээч томилж үнэлгээ гаргуулсан. Шинжээчийн дүгнэлт 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гарсан талаар нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас мэдэгдэл ирсний дагуу шийдвэр гүйцэтгэх байгууллагад очин шинжээчийн дүгнэлттэй танилцах гэтэл шинжээчийн дүгнэлт нь шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгт авагдаагүй шийдвэр гүйцэтгэх газарт ирээгүй байсан. Тухайн үед Л.Т гарын үзэг зурахдаа мэдэгдэл хүлээн авсан болохоор зурлаа гэж ойлгосон боловч шинжээчийн дүгнэлттэй танилцсан баримтад гарын үсэг зурсан гэдгийг мэдээгүй, эрх зүйн үр дагаврыг ойлгоогүй. Шинжээчийн дүгнэлтийг хараагүй байхад 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоол гарсан байдаг. 2019 оны 02 сарын 15-ны өдөр дуудлага худалдаа зарлагдсан гэдгийг 2019 оны 02 сарын 13-ны өдөр өөрөө шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр очин 2 хоногийн дараа дуудлага худалдаа болохыг мэдсэн. Мөн өдрөө шинжээчийн дүгнэлттэй танилцаад шинжээчийн дүгнэлтэд гомдол гаргах гэтэл гомдол гаргах хугацаа дууссан хэмээн Л.Тг хохироосон. Шинжээчийн дүгнэлтэд гомдол гаргах эрхээ нээлгэхийн тулд анхны дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл шүүх анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгох шаардлагыг хангаж шийдвэрлээгүйгээс гадна үнэлгээ тогтоолгох ажиллагааг хүчингүй болгож шийдвэрлэж байгаа нь хуульд нийцэхгүй буюу хуулийг буруу хэрэглэж байна. Анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулахаас гадна үнэлгээ тогтоолгох ажиллагааг хүчингүй болгуулахаар хоёр нэхэмжлэлийн шаардлага гаргасан бол улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг тушаах нь хуульд нийцэхгүй юм. Иймд шийдвэр магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Л.Т нь хариуцагч НШШГГт холбогдуулан албадан дуудлага худалдаа явуулах тухай 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 1/20 дугаар тогтоол, 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн шинжээч томилж барьцаа хөрөнгийг үнэлүүлсэн ажиллагааг тус тус хүчингүй болгуулах  нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтын дагуу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Л.Т нь нэхэмжлэлдээ анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 1/20 дугаар тогтоолыг хүчингүй болгох шаардлагыг тусгаснаас гадна “...шинжээч томилсон ажиллагаа, үнэлгээний талаар...” гомдолтой байгаагаа заасан, шүүх хуралдаан дээр 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн шинжээч томилж барьцаа хөрөнгийг үнэлүүлсэн ажиллагааг хүчингүй болгуулах шаардлагаа нэмж тодруулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагад байхгүй зүйлийг шийдвэрлэсэн гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэл муутай байна.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2016/03337 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 1348 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1248 дугаар тогтоолоор Л.Т нь 28 674 100 төгрөгийг Май капитал ХЗХ-д төлөх, үүргээ сайн дураар биелүүлээгүй бол барьцааны зүйл болох орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагч нь гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн байна.

НШШГГ барьцааны хөрөнгө болох төлбөр төлөгч Л.Тгийн өмчлөлийн, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 4-30 дугаар байрны 24 тоот, 41,2 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр битүүмжилжээ. Эд хөрөнгө хураах, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хийлгэхээр шинжээч томилсон боловч эдгээр ажиллагаагаа хүчингүй болгож, 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр эд хөрөнгө хураан авах ажиллагааг явуулсан байна.

Шийдвэр гүйцэтгэгч дуудлага худалдаанд оруулах үл хөдлөх хөрөнгийн үнийн талаар талуудаас санал авахад Л.Т орон сууцыг 100 000 000 төгрөгийн үнэтэй гэх саналыг 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ирүүлсэн, төлбөр авагч уг саналыг хүлээн аваагүй тул 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр шинжээч томилох тухай тогтоол гаргасан байх ба Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасан төлбөр авагч болон төлбөр төлөгчөөс үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах үнийн санал авах, шинжээчээр үнэлгээ тогтоолгох зэрэг ажиллагааг хариуцагч хуульд заасан журмын дагуу явуулжээ.

Шинжээч үл хөдлөх эд хөрөнгийг 64 000 000 төгрөгөөр үнэлсэн, ийнхүү үнэлгээг тогтоохдоо үл хөдлөх эд хөрөнгийг тоосгон байсныг бетон хийцтэй гэж, талбайг хэмжээг 41.2 м.кв байхад 42.1 м.кв гэж үзсэн нь буруу боловч, үүнээс шалтгаалж орон сууцны зах зээлийн үнэ илт доогуур тогтоогдсон гэх байдлыг нэхэмжлэгч баримтаар нотлоогүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно.” гэж заасан.

Нэхэмжлэгч нь 2019 оны 02 сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан ба 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр үнэлгээний талаарх баримтыг хүлээж авсан атлаа хуульд заасан дээрх хугацааг хэтрүүлсэн, шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдсонгүй.

Иймд магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 985 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т  зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                         Х.СОНИНБАЯР

                     ШҮҮГЧ                                                                   П.ЗОЛЗАЯА