Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 184/ШШ2019/00865

 

2019 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 184/ШШ2019/00865

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайран дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Л.Т-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НШШГГ-т холбогдох,

Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны .. дүгээр сарын ..-ний өдрийн 1/.. дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол болон Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, ... дугаар байрны ... тоот хаягт байрлах, 41.2 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Ү-220100..... дугаарт бүртгэлтэй 3 өрөө орон сууцыг үнэлэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, гэрч Г.О, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Чанцалдулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Т-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр болон уг шийдвэрийн дагуу бичигдсэн гүйцэтгэх хуудсыг үндэслэж, Л.Т надад холбогдуулж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан юм. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа процессийн дагуу явагдаж байгаад 2018 оны .. дүгээр сарын ..-ний өдөр ... дугаартай шинжээч томилох тогтоол гарсан. Тогтоолд заасан хаяг нь өөр байсан учир тогтоолоо шийдвэр гүйцэтгэгч хүчингүй болгож, 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр дахин шинжээч томилсон. Шинжээч нь хөрөнгийг үнэлэхдээ газар дээр нь очиж үзээгүй, үл хөдлөх хөрөнгийн талбайг ихэсгэж бичсэн /41.2 м.кв-ыг 42.1 гэж бичсэн/, тоосгон байрыг цутгамал бетон хийцтэй гэж бичсэн, өмнөх үнэлгээний тайлангийн алдааг залруулах байдлаар гаргасан, үзлэг хийсэн огноог 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гэж бичсэн, үнэлгээний тайланг шийдвэр гүйцэтгэгч танилцуулаагүй тул хөрөнгө үнэлсэн ажиллагааг хүчингүй болгож өгнө үү. Мөн анхны албадан дуудлага худалдаа явуулах 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн тогтоолтой 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдөр танилцсан. Ийнхүү дуудлага худалдаа болохоос 2 хоногийн өмнө уг тогтоолыг танилцуулсан нь тухайн ажиллагааны талаар гомдол гаргах эрхийг хязгаарласан тул ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ..... дугаартай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Л.Т-аас 4.460.000 төгрөгийг гаргуулж Г.Х нарт олгохоор шийдвэрлэсэн. Барьцаа хөрөнгө болох Л.Т-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-220100..... дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийг 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдөр битүүмжилж, 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хураан авсан. Талууд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.2-т зааснаар хөндлөнгийн шинжээчээр үнэлгээг тогтоолгосон. Дээрх үнэлгээний тайланг 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Л.Т-д мэдэгдэж, 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн. Төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7-д заасан хугацаанд хөрөнгийн үнэлгээний талаар гомдол гаргаагүй тул 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр .... дугаартай тогтоол үйлдэж хөрөнгийг албадан худалдахаар шийдвэрлэсэн. Энэ тогтоолыг төлбөр төлөгч Л.Т-д мэдэгдсэнээс гадна төлбөр төлөгч нь уг тогтоолын талаарх гомдлыг дээд шатны албан тушаалтанд урьдчилан гаргах журмыг зөрчсөн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Т нь шүүхэд хандаж, шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ... дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол болон Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, .... дугаар байрны ... тоот хаягт байрлах, 41.2 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-220100.... дугаарт бүртгэлтэй 3 өрөө орон сууцыг үнэлэх ажиллагааг хүчингүй болгуулах агуулга бүхий гомдол гаргасныг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар бүхэлд нь эс зөвшөөрснөөр талууд маргажээ.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын ...-ны өдрийн 184/ШШ2017/0.... дугаартай шийдвэр болон уг шийдвэрийн дагуу бичигдсэн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн .... дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас-ыг үндэслэн, 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ..... дугаартай, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол-оор иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлжээ. /хх 37, 40 дүгээр тал/

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч Л.Т-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, ... дугаар байрны .... тоот хаягт байрлах, 41.2 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Ү-220100..... дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцыг 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ............. дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилж, 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ...........а дугаарай Эд хөрөнгө хураах тухай тогтоол-оор хураан авсан байна. /хх 56-59 дүгээр тал/

Улмаар, 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 12 дугаартай Шинжээч

томилох тухай тогтоол-оор ...................... ХХК-ийг шинжээчээр томилж, төлбөр төлөгчийн өмчлөлийн дээр дурдсан үл хөдлөх хөрөнгийг үнэлүүлсэн, үнэлгээний тайлангийн талаарх мэдээллийг 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн ..... дугаартай Мэдэгдэл баримтаар төлбөр төлөгч Л.Т-д танилцуулж, гарын үсэг зуруулсан, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар Л.Т-ийн хаягаар, баталгаат шуудангаар хүргүүлсэн байна. /хх 75-76 дугаар тал/

Төлбөр төлөгч Л.Т нь үл хөдлөх хөрөнгийг шинжээчээр үнэлүүлж, үнэ тогтоосон талаар 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр мэдсэн боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацаанд шүүхэд гомдол гаргаагүй байх тул шийдвэр гүйцэтгэгч 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн .... дугаартай тогтоолоор хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар шийдвэрлэсэн байна.

1.    Хөрөнгө үнэлэх ажиллагааны талаар.

Нэхэмжлэгч Л.Т нь:

-       Шинжээч хөрөнгийг үнэлэхдээ газар дээр нь очиж үзээгүй,

-       Үл хөдлөх хөрөнгийн талбайг ихэсгэж бичсэн /41.2 м.кв-ыг 42.1 гэж бичсэн/,

-       Тоосгон байрыг цутгамал бетон хийцтэй гэж бичсэн,

-       Үнэлгээний тайланг танилцуулаагүй,

-       Өмнөх үнэлгээний тайлангийн алдааг залруулах байдлаар гаргасан,

-       Үзлэг хийсэн огноог 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гэж бичсэн,

гэсэн үндэслэлүүдээр, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хийгдсэн хөрөнгө үнэлэх ажиллагааны талаар гомдол гаргажээ.

Шийдвэр гүйцэтгэх байгууллага нь анх 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн .... дугаартай Шинжээч томилох тогтоол-оор ........ ХХК-ийг шинжээчээр томилж, төлбөр төлөгч Л.Т-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг үнэлүүлсэн боловч 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн .... дугаартай Тогтоол хүчингүй болгох тухай тогтоолоор, шинжээчийн дүгнэлтэд хаяг буруу бичигдсэн гэх үндэслэлээр, хөрөнгө үнэлэх ажиллагаагаа хүчингүй болгожээ. /хх17-23 дугаар тал/

Дээрх ажиллагаанаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол бодит байдал дээр хөндөгдсөн гэж үзэх боломжгүй байна. Учир нь, хариуцагч байгууллагын зүгээс нэхэмжлэгчид үнэлгээ болон тайлангийн талаар 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр бичгээр мэдэгдэж, гарын үсэг зуруулсан, 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч нь өмнө үнэлгээ хийсэн ............. ХХК-ийг дахин шинжээчээр томилж дүгнэлт гаргуулсан байхаас гадна тус компани нь үнэлгээг хийхдээ хөрөнгийн чанар байдалтай танилцсан болох нь гэрч Г.О-ын  мэдүүлгээр тогтоогдож байна. Түүнчлэн, үл хөдлөх хөрөнгийн талбайг ихэсгэж бичсэн, тоосгон байрыг төмөр бетон хийцтэй гэж бичсэн нь нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн чанар байдлыг дордуулсан гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Нөгөө талаас, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд зааснаар төлбөр төлөгчийн төлбөрт хураагдсан эд хөрөнгийг үнэлэх эрх шүүх-д биш шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага-д олгогдсон байна. Хуулийн энэ зохицуулалт ёсоор, шүүх нь төлбөрт хураагдсан хөрөнгийн үнэ ханшийг тогтоох ажиллагаа /шүүхээс дахин шинжээч томилох, зах зээлийн үнээс хямд, эсхүл үнэтэй гэж дүгнэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас томилогдсон шинжээчийн хийж гүйцэтгэсэн ажлын талаар дүгнэлт өгөх/-г хийж гүйцэтгэж болохгүй бөгөөд гагцхүү хөрөнгө үнэлэх ажиллагааг журамласан хуулийн зохицуулалтыг шийдвэр гүйцэтгэх байгууллага зөрчсөн эсэхийг хянах боломжтой юм.

Дээр дурдснаар, нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч Л.Т-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг үнэлэх хуулиар тогтоосон журам /шинжээч томилох, шинжээчид эрх, үүрэг сануулах, ашиг сонирхлын зөрчил болон мэргэшсэн байдлыг шалгах, үнэлгээг танилцуулах, санал авах гэх мэт/-ыг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар зөрчөөгүй байх тул хөрөнгийн үнэлгээний талаар гаргасан нэхэмжлэгч Л.Т-ийн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

2.    Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн .... дугаар тогтоолын талаар.

Нэхэмжлэгч Л.Т нь:

-       Анхны албадан дуудлага худалдаа явуулах 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн .... дугаартай тогтоолтой 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр танилцсан. Ийнхүү дуудлага худалдаа болохоос 2 хоногийн өмнө уг тогтоолыг танилцуулсан нь тухайн ажиллагааны талаар гомдол гаргах эрхийг хязгаарласан гэж үзжээ.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хөрөнгийн үнэлгээний талаар хуульд заасан хугацаанд төлбөр төлөгчид мэдэгдсэн боловч төлбөр төлөгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацаанд шүүхэд хандаж гомдол гаргаагүй байна. Хуульд заасан хугацаанд төлбөр төлөгч хөрөнгийн үнэлгээний талаар гомдол гаргаагүй байх тул хариуцагч нь хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д заасныг зөрчөөгүй байна.

Хариуцагч талаас, дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг талуудад хүргүүлсэн, мэдэгдсэн гэх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Хэдийгээр уг баримт хэрэгт авагдаагүй боловч нэхэмжлэгч нь уг тогтоолыг 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр мэдсэн болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд дуудлага худалдаа явуулах шийдвэрийг талуудад танилцуулах хугацааг тогтоож өгөөгүй байх ба харин мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т: Шийдвэр гүйцэтгэгч дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг улсын бүртгэлийн байгууллагад болон төлбөр төлөгчид хүргүүлнэ. гэж заажээ. Тодорхой хугацаа заагаагүй хуулийн энэ зохицуулалт нь төлбөр төлөгчийн дуудлага худалдаанд оролцох эрхийг хангах зорилготой гэж үзэхээр байна.

Иймд дуудлага худалдаа болохоос өмнө 2 хоногийн өмнө мэдсэн, дуудлага худалдаа явуулах тогтоолыг боломжит хугацаанд мэдэгдээгүй гэх нэхэмжлэгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй юм.

Хариуцагч талаас, дуудлага худалдаатай холбоотой гомдлыг дээд шатны

албан тушаалтанд гаргаагүй, хуулиар тогтоосон шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэх боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д заасан шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журам нь уг хуулийн 63 дугаар зүйл буюу хөрөнгийг албадан худалдан борлуулах ажиллагааны талаар гаргасан гомдолд хамаардаггүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 117 дугаар зүйлийн 117.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжгүй байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Л.Т-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг тус тус удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 63 дугаар зүйлийн 63.1-д заасныг зөрчсөн үндэслэл тогтоогдоогүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ....дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол болон Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, ... дугаар байрны ....тоот хаягт байрлах, 41.2 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Ү-220100..... дугаарт бүртгэлтэй 3 өрөө орон сууцыг үнэлэх ажиллагааг хүчингүй болгуулахыг хүссэн Л.Т-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Л.Т-аас тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР