Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 447

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Э.Б

Хариуцагч: Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Г.Б

Гуравдагч этгээд “ХП” ХХК

Гомдлын шаардлага: “Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагчийн ... дугаар актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М, хариуцагч Г.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч Э.Б шүүхэд гаргасан гомдолдоо: “Миний бие Говь-Алтай аймагт ажиллаж амьдардаг бөгөөд ... өдөр надруу Б телевизээс залгаж байна, манай байгууллагын контент болох Монголд нэг удаа нэвтрүүлгийг зөвшөөрөлгүй өөрийн хуудсанд тавьсан талаар ярьсан бөгөөд ОӨГ гомдол гаргасан байсан.

Би бүтэн нэвтрүүлэг өөрийн цахим хуудсанд нийтлээгүй талаар мэдэгдэж байсан бөгөөд Боловсрол телевизээс энэхүү уран бүтээл 5.000.000 төгрөгийн үнэ бүхий гэж 5.000.000 төгрөг нэхэмжилсэн байсан.

Удалгүй ОӨГ хяналтын улсын байцаагчийн ... дугаар шийтгэлийн хуудсаар 500.000 төгрөгөөр торгож, хохирол 5.000.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл би бүтэн бичлэг тавьсан эсэх нь тогтоогдоогүй, тус уран бүтээл нь 5.000.000 төгрөгийн үнэ бүхий гэдэг баримт байхгүй байхад намайг илтэд хохироосон шийдвэр гарсан. Намайг буруутгасан үндэслэл нь фото зураг гэх бөгөөд тэрхүү фото зураг нь үнэхээр уран бүтээлийг бүрэн хэмжээгээр нийтэд цацсан эсэх нь тодорхойгүй байхад хэт нэг талд шийдвэр гаргаж, миний эрх ашгийг хөндсөн гэж үзэхээр байна.

Мөн Б телевизээс миний цахим линкийг шалгуулахаар хандсан ч миний буруутай байдал тогтоогдоогүй. Иймд “ОӨГ хяналтын улсын байцаагчийн ... дугаар актыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

            Хариуцагч ОӨГ хяналтын улсын байцаагч Г.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... “ХП” ХХК-иас ирүүлсэн “...бидний Монгол нэг удаа контентыг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй Ателевиз гэх фэйсбүүк хуудсаар гаргасан байна” гэх зөрчлийн талаарх гомдол, мэдээлэлд ... дугаартай зөрчлийн хэрэг нээж, шалгасан.

            Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчоор итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н мэдүүлэг авахад “...... өдөр Монголд нэг удаа-4 баярын дугаарыг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй А телевиз нэртэй фэйсбүүк хуудсаар нийтэд түгээсэн нь “ХП” ХХК-д 5.000.000 төгрөгийн хохирол учруулсан. Учир нь ... дүгээр тушаалын хавсралтаар контентын нэг удаагийн эфирт гарах үнийн дүн 5.000.000 төгрөг байхаар баталсан” гэх бөгөөд хурлын тэмдэглэл байсан.

            А телевиз фэйсбүүк хуудсыг ажилуулдаг иргэн Э.Б нь Монголд нэг удаа контентийг бүтэн эхээр нь тавиагүй тухай тайлбар өгсөн болохоор Прокурорын зөвшөөрлийн дагуу Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс уг контентыг бүтэн эхээр байршуулсан талаар мэдээлэл гаргах боломжтой эсэх талаар албан бичиг хүргүүлсэн боловч тогтоогдохгүй тухай хариу ирүүлсэн.

Тиймээс А телевиз фэйсбүүк хуудсанд байршуулсан Монголд нэг удаа контегтийг үзэж, дэлгэцийн зураг дарсан гэх иргэн С.С гэрчийн мэдүүлэг авахад бүтэн бичлэг байсан тухай мэдүүлэг өгсөн ба хэрвээ бүтэн бичлэг байгаагүй бол бичлэшийг нийтэлснээс хойш 2 цагийн дотор 19.000 гаруй хүн үзэхгүй, 1.700 гаруй хүн бусдад хуваалцахгүй байсан тухай хэлсэн. Мөн холбогдогч Э.Б өгсөн тайлбарт “манай фэйсбүүк хуудсанд байршсан видео бичлэгийг өөрийн хаягаар албан ёсны Лүүк ТВ-ээр төлбөр төлөн авсан” гэж бичсэн байгаа нь Монголд нэг удаа контентыг бүрэн эхээр нь байршуулсан гэдгийг нотолж байна. Учир нь Монголд нэг удаа контентийг Лүүк ТВ-д хамтран ажиллах гэрээний дагуу бүрэн хэмжээгээр байршуулсан.

Эдгээр нотлох баримтад тулгуурлаж ... өдөр Зөрчлийн тухай хуулийн 8,3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу “ХП” ХХК-ийн хохиролын 5.000.000 төгрөгийг иргэн Э.Б нэхэмжилж, 500.000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Говь-Алтай аймгийн “А телевиз” нь ... өдөр өөрийн фэйсбүүк хуудас болох А телевиз гэх хаягаар манай компанийн өмчлөлийн бүтээл болох ... оны шинэ жилийн Монголд нэг удаа контентыгг ямар нэгэн хууль ёсны зөвшөөрөлгүйгээр дамжуулан оюуны өмчийн эрхийн зөрчил гаргасан тул бид ... өдөр ОӨГ зөрчлийн хэрэг үүсгүүлж, хохирол барагдуулах тухай гомдол гаргасан.

Үүний дагуу Б.Б тус зөрчил үйлдсэнийг тогтоож, 5.000.000 төгрөгийн хохирол барагдуулж, 500.000 төгрөгийн торгууль төлөх шийтгэл ногдуулсан. Түүнчлэн Э.Б нь зөрчлийн хэрэг үүсгэсний дараа манай компанид эвлэрэх хүсэлт тавьж, өөрийн гаргасан зөрчлийг хүлээн зөвшөөрч байсан билээ. Э.Б нь тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ үзүүлдэг телевизийн нэр барьж хэрэглэгчдийг төөрөгдүүлэхийн зэрэгцээ, бусдын оюуны бүтээлийг зөвшөөрөлгүй ашиглаж байгаа нь зохиогчийн эрхийн зөрчлөөс гадна хэрэглэгчдийн эрхийг зөрсөн ноцтой үйлдэл гэж дүгнэж байна.

Монголд нэг удаа контентыг бүтээхэд олон хүний хүч хөдөлмөр, их хэмжээний зардал гарсан боловч энэ мэт хариуцлагагүй этгээдийн хууль бус үйлдлийн улмаас бүтээлийг үнэгүйдүүлж, оюуны бүтээл туурвигчдад их хэмжээний хохирол учирч байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Э.Б ОӨГ улсын байцаагч  Г.Б холбогдуулан гаргасан “Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагчийн ... өдрийн ... дугаар актыг хүчингүй болгуулах”  тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.

“Хүлэгү пикчерс” ХХК нь “Монголд нэг удаа” бүтээлийг зохиогчийн эрхийн ... дүгээр гэрчилгээгээр эзэмшдэг бөгөөд тус компанийн гүйцэтгэх захирлын тушаалаар “Монголд нэг удаа” контентийн нэг удаагийн нэвтрүүлэх эрхийг худалдах үнийг 5,000,000 /таван сая/ төгрөгөөр тогтоожээ.

Зохиогчийн эрх түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Зохиогч нь өөрийн бүтээлийг бүхий л арга, хэлбэрээр ашиглах онцгой эрх эдэлнэ.”, 12.2-т “Зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрхэд зохиогч дараахь үйл ажиллагааг зөвшөөрөх болон хориглох онцгой эрхийг хамааруулна: ...12.2.3.бүтээлийг нийтэд түгээх; …” гэж зааснаар зохиогч нь бүтээлийг ашиглах онцгой эрхийг эдлэнэ.

Оюуны өмчийн газрын хяналтын хэлтсийн улсын байцаагч Г.Б “ХП” ХХК-иас гаргасан “Монголд нэг удаа” контентийг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй А телевиз гэх фэйсбүүк хуудсаар гаргасан” гэх гомдлыг үндэслэн зөрчлийн хэрэг нээн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

Улмаар ... дугаар шийтгэлийн хуудсаар “Монголд нэг удаа” контентийг зохиогчийн эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй фэйсбүүк хуудсаар түгээсэн гэх зохиогчийн эрхийн” зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлс, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж зааснаар А телевиз фэйсбүүк хуудсыг эзэмшигч Э.Б 500000 (таван зуун мянга) төгрөгөөр торгож, хохирлын 5,000,000 (таван сая) төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

А телевиз гэх фэйсбүүк хуудсаар “Монголд нэг удаа” контентийг нийтэд түгээсэн болох нь зөрчлийн хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон бөгөөд улсын байцаагч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлд заасан нотлох үүргээ биелүүлсэн байна.

Иймд  иргэн Э.Б ОӨГ улсын байцаагч  Г.Б холбогдуулан гаргасан “Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагчийн ... дугаар актыг хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны   хэрэг   шүүхэд   хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зохиогчийн эрх түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2.3, Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан иргэн Э.Б ОӨГ улсын байцаагч  Г.Б холбогдуулан гаргасан “ОӨГ хяналтын улсын байцаагчийн ... дугаар актыг хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлагыг  хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Б улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргагч, хариуцагч, гуравдагч этгээд нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                    Н.ДАМДИНСҮРЭН