Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2020/00356

 

В.Мийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 182/ШШ2019/00668 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 1089 дүгээр магадлалтай,

В.Мийн нэхэмжлэлтэй

“М Ш” ХК-д холбогдох

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 7 374 000 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл 900 000 төгрөгийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Хүрэлсүхийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч В.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн А/41 дугаартай “М Ш” ХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар ажлаас чөлөөлөгдөөд улмаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2017/01241 дугаар шийдвэрийн дагуу 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр “М Ш” ХК-ийн гүйцэтгэх захирлын Б/131 дугаартай тушаалаар 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр ахлах менежерийн ажилд орж, 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин болох 2 420 454 төгрөгийг гаргуулж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилтийг хийлгэсэн юм. Одоо 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 7 374 000 төгрөг болон 900 000 төгрөгийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Отгонбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2017/01241 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 210/МА2017/01833 дугаар магадлалаар В.Мийг Говь-Алтай аймгийн шуудангийн үйлчилгээний газрын даргын ажилд эгүүлэн тогтоосон. “М Ш” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/375 тоот тушаалаар Говь-Алтай аймгийн шуудангийн үйлчилгээний газрын даргын орон тоо хасагдаж, ахлах менежер, менежер гэсэн орон тоотой болсон. Нэхэмжлэгчийг шүүхийн шийдвэрийн дагуу урьд эрхэлж байсан ажил албан тушаалтай адил чанарын албан тушаал буюу менежерийн албан тушаалд 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/375 тоот тушаалаар томилсон боловч нэхэмжлэгч нь хүлээн зөвшөөрөөгүй. Компанийн зүгээс ажилтны хүсэлтийг харгалзан гүйцэтгэх захирлын 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Б/131 тоот тушаал гарган нэхэмжлэгчийг Говь-Алтай аймгийн шуудангийн үйлчилгээний газрын ахлах менежерийн албан тушаалд томилсон. Үүний дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 585 дугаар тогтоол гарган шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Нэхэмжлэгч цалин хөлсний асуудлаа урьд нь тавьж байгаагүй Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан 3 сарын хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 182/ШШ2019/00668 дугаар шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-ийг баримтлан “М Ш” ХК-аас 2 659 090 төгрөгийг гаргуулж В.Мт олгож, нэхэмжлэгчийн үлдсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Ч.В.Мт олгох ёстой 2 659 090 төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон төлөхийг хариуцагчид даалгаж, Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 57 495 төгрөг гаргуулж улсад олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 1089 дүгээр магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 182/ШШ2019/00668 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч “М Ш” ХК-д холбогдох ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 7 374 000 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл 900 000 төгрөгийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч В.Мийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Хүрэлсүх хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үндэслэл нь: анхан болон давж заалдах шатны шүүхүүд ИХШХШ тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д зааснаар Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн учир хянуулахыг хүснэ.  ...Анхан шатны шүүх 2017 оны 5 дугаар сарын 30-наас 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд олговор олгохоор шийдвэрлэж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо ажил олгогчийн буруутай үйлдэл байхгүй, харин ажилтан ажил олгогч болон холбогдох газарт хандаж арга хэмжээ аваагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1-т заасан хугацааг хэтрүүлсэн гэж үндэслэлгүй, буруу дүгнэжээ. Анхан шатны шүүх зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаанд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. В.Мийг “М Ш” ХК-ийн Говь-Алтай аймгийн шуудан үйлчилгээний газрын даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг шүүхийн шийдвэр хүртэл хугацаагаар гаргуулж шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2017/01241 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 210/МА2017/01833 дугаар магадлал тус тус хүчин төгөлдөр байна. Шүүхийн шийдвэрийг аливаа иргэн, байгууллага, албан тушаалтан заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ “М Ш” ХК сайн дураар биелүүлээгүй учир шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж албадсан байх тул нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг бүхэлд нь шаардах эрхтэй бөгөөд түүнийг буруутгах үндэсгүй юм. Ажилтанг ажилд эгүүлэн авах шийдвэрийг ажил олгогч өөрөө гаргаж, сайн дураар биелүүлэхийг хуулиар шаарддаг ба албадлагын журмаар буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан манай хэргийн тохиолдолд ажилгүй байсан хугацаанд ажилтанд олговор олгох хуулиар тогтоосон үүргээс ажил олгогчийг чөлөөлөх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2017 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр үүсгэж 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр дуусгавар болгосон байна. В.Мийг 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ажилд томилсон боловч 5 дугаар сарын 29-ний өдрөөс ажил үүргээ гүйцэтгэж эхэлсэн талаар зохигчид маргаагүй. Энэ үеэс эхлэн цалин хөлс шаардах эрх үүссэн гэж үзвэл түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацааны дотор буюу “М Ш” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн Б/190 дугаартай тушаалаар В.Мийг ажлаас дахин халсан, үүнийг В.М эс зөвшөөрч 2018 оны 8 дугаар сарын 2-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзнэ. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн “79.1. Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан ... бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана. 79.2. Шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох, эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагаа бусад хэлбэрээр дуусгавар болох хүртэл үргэлжилнэ.” гэж зааснаас үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан 3 сарын дотор цалин хөлс шаардах эрхийг хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан үйл баримт тогтоогдсон байна. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 00115 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 520 дугаар магадлалаар В.Мийг дахин ажилд эгүүлэн тогтоосон бөгөөд хариуцагч “М Ш” ХК-ийн хяналтын журмаар гаргасан гомдлоор Улсын Дээд шүүхэд хянагдаж байгаа болно. Иймд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т зааснаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, шийдвэрт нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч В.М нь хариуцагч “М Ш” ХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны олговорт 7 374 000 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл 900 000 төгрөгийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг татгалзахдаа “...хөдөлмөрийн тухай хуульд заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн..” гэсэн үндэслэл заажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг тухайн маргааны үйл баримтад хэрэглэхдээ хууль зөрчөөгүй, анхан шатны шүүхийн хууль хэрэглээний алдааг залруулж чадсан байх тул магадлалыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзнэ.

Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

В.М нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 01241 дугаар шийдвэрээр Говь-Алтай аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын даргын ажилд эгүүлэн тогтоогдсон, уг шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 01833 дугаар магадлалаар хэвээр үлдээсэн, “М Ш” ХК шүүхийн шийдвэрийг биелүүлж, 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Б/131 дугаар тушаалаар 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн В.Мийг Говь-Алтай аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын ахлах менежерийн ажилд эгүүлэн томилсон байна. /хх-5, 6-9, 10-12/

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан “Хөдөлмөрийн гэрээний талууд ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдол гаргахаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй.” гэх зохицуулалт нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэл болсон ба давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг оновчтой хэрэглэж, зохих хууль зүйн дүгнэлтийг хийжээ.

Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэгэн үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байхыг Иргэний хуульд заасан. Ажлаас буруу халснаас бусад тохиолдолд хөдөлмөрийн гэрээний талууд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор нэхэмжлэл гаргах тусгайлсан хугацааг Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоосон байхад В.М нь уг хугацааг баримтлаагүй байна. Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй байдаг тул нэхэмжлэлийг хангахгүй байх эрх зүйн үр дагавар үүсдэгийг Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заажээ.

В.М 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх хугацааны олговор гаргуулах нэхэмжлэлээ шүүхэд 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдөр гаргахдаа хуульд заасан дээрх хугацааг хэтрүүлсэн байна. Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүйгээс гадна уг хугацааг сэргээх үндэслэл тогтоогдоогүй, давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 1089 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Хүрэлсүхийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                 П.ЗОЛЗАЯА