Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 668

 

 

 

 

   2019 оны 04 сарын 16 өдөр

      Дугаар 182/ШШ2019/00668

               Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулж

Нэхэмжлэгч: В. М

Хариуцагч: “МШ” ХК   

ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 7.374.000 төгрөгийг гаргуулах, уг хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл 900.000 төгрөгийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Хүрэлсүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Отгонбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Ундраа нар оролцов.

 

                                                                                                        ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр түүний өмгөөлөгч гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч В.М нь 2017 оны 02 сарын 13-ны өдрийн А/41 дугаартай “МШ” ХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар ажлаас чөлөөлөгдөөд улмаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 сарын 30-ны өдрийн 182/ШШ2017/01241 дугаартай шийдвэрийн дагуу 2018 оны 05 сарын 15-ны өдөр “МШ” ХК нь гүйцэтгэх захирлын Б/131 дугаартай тушаалаар 2018 оны 05 сарын 29-ний өдөр ахлах менежерийн ажилд орж, 2017 оны 05 сарын 30-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин болох 2.420.454 төгрөгийг гаргуулж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилтийг хийлгэсэн юм. Одоо В.М нь 2017 оны 05 сарын 30-ны өдрөөс 2018 оны 05 сарын 29-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин болох 7.374.000 төгрөг, болон 900.000 төгрөгийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 сарын 30-ны өдрийн 182/ШШ2017/01241 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 сарын 16-ны өдрийн 210/МА2017/01833 дугаартай магадлалаар В.Мийг ГАШҮгазрын даргын ажилд эгүүлэн тогтоосон. МШ ХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 12 сарын 11-ний өдрийн Б/375 тоот тушаалаар ГАШҮгазрын даргын орон тоо хасагдаж, ахлах менежер, менежер гэсэн орон тоотой болсон. Нэхэмжлэгчийг шүүхийн шийдвэрийн дагуу урьд эрхэлж байсан ажил албан тушаалтай адил чанарын албан тушаал буюу менежерийн албан тушаалд 2017 оны 12 сарын 11-ний өдрийн Б/375 тоот тушаалаар томилсон боловч нэхэмжлэгч нь хүлээн зөвшөөрөөгүй байна. Компанийн зүгээс ажилтны хүсэлтийг харгалзан Гүйцэтгэх захирлын 2018 оны 05 сарын 15-ны өдрийн Б/131 тоот тушаал гарган нэхэмжлэгчийг ГАШҮгазрын ахлах менежерийн албан тушаалд томилсон. Үүний дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2018 оны 06 сарын 11-ний өдөр 585 дугаар тогтоол гарган шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Нэхэмжлэгч цалин хөлсний асуудлаа урьд нь тавьж байгаагүй Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан 3 сарын хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч нэхэмжэллд тэмдэгтийн хураамж төлөөгүй байна гэв.

Шүүх нэхэмжлэл, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 сарын 30-ны өдрийн 182/ШШ2017/01241 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 сарын 16-ны өдрийн 210/МА2017/01833 дугаартай магадлал, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай болон орон тоо нэмж батлах, ажилд томилох, ажилтныг өөр ажилд шилжүүлэх тухай “МШ” ХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалууд, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн, дуусгавар болсон тухай тогтоолууд, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэний үнэмлэхний хуулбар зэрэг бичгийн баримтыг шинжлэн судлаад

 

                                                                                                                ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч В.М нь хариуцагч “МШ” ХК-д холбогдуулж ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 7.374.000 төгрөгийг гаргуулах, уг хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл 900.000 төгрөгийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэгчийг шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдсон, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд ажилгүй байсан үеийн цалин хөлстэй тэнцэх олговрыг шүүх “МШ” ХК-аас гаргуулж шийдвэрлэсэн, түүнээс хойш цалин хөлсний асуудлыг тавьж байгаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 сарын 30-ны өдрийн 182/ШШ2017/01241 дугаартай шийдвэрээр В.Мийг “МШ” ХК-ийн ГАШҮгазрын даргын ажилд эгүүлэн, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт нийт 2.420.454 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж шүүхийн шийдвэрийн дагуу 2.420.454 төгрөгийг В.Мт олгосныг талууд тайлбарлаж байна. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 сарын 16-ны өдрийн 210/МА2017/01833 дугаартай магадлалаар дээрх шийдвэр хариуцагчийн гомдлоор хянагдаж, хэвээр үлдээж шийдвэрлэгджээ.

Мөн “МШ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 12 сарын 11-ний өдрийн Б/375 тоот тушаалаар ГАШҮгазрын даргын орон тоо хасагдаж, ахлах менежер, менежер гэсэн орон тоотой болсон байх ба нэхэмжлэгчийг шүүхийн шийдвэрийн дагуу урьд эрхэлж байсан ажил албан тушаалтай адил чанарын албан тушаал буюу менежерийн албан тушаалд 2017 оны 12 сарын 11-ний өдрийн Б/375 тоот тушаалаар томилсон боловч нэхэмжлэгч зөвшөөрөөгүй, ажиллаагүй байна. Улмаар хүсэлтийг харгалзан Гүйцэтгэх захирлын 2018 оны 05 сарын 15-ны өдрийн Б/131 тоот тушаал гарган нэхэмжлэгчийг ГАШҮгазрын ахлах менежерийн албан тушаалд томилж, нэхэмжлэгч одоо уг албан тушаалд ажиллаж байна.

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 сарын 16-ны өдрийн 210/МА2017/01833 дугаартай магадлалаар В.Мийн нэхэмжлэл эцэслэн шийдвэрлэгдсэн байх бөгөөд 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс буюу анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлал гарах буюу 2017 оны 08 сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд ажилгүй, цалин хөлсгүй байсан нь В.Мийн буруутай холбогдохгүй, түүнээс шалтгаалаагүй тул энэ хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч түүнд олгож, нийгмийн болон эрүүл мэндийг даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт нь бичилт хийх нь зүйд нийцэх юм.

Харин нэхэмжлэлийн бусад хэсгийг хэрэгсэхгүй болгов. Ажил олгогч ажилтныг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байхад, түүнчлэн ажилтныг ажилд ажиллуулахгүй, цалин хөлс олгохгүй байхад нэхэмжлэгч ажил олгогч болон холбогдох газарт хандаж арга хэмжээ аваагүй, улмаар ажилтныг ажилд ажиллуулахгүй, цалин хөлс олгохгүй байгаа тухай асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан хугацаанд буюу эрхээ зөрчигдсөнөөс хойш 3 сарын хугацаанд хөдөлмөрийн маргаан таслах зөвлөл болон шүүхэд тавьж шийдвэрлүүлэлгүй хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байдлууд тогтоогдож байна.

 Нэхэмжлэгчийн урьдын нэхэмжлэлийг давж заалдах шатны шүүхээс эцэслэн шийдвэрлэх хүртэл 2017 оны 05 сарын 30-ны өдрөөс 2018 оны 05 сарын 29-ний өдөр хүртэл хугацаанд хугацаанд олгогдоогүй цалин хөлстэй тэнцэх олговрыг “МШ” ХК-аас гаргуулж шийдвэрлэхдээ шүүх түрүүчийн шүүхийн шийдвэрээр тооцсон цалин хөлсний дунджийг үндэслэв. Энэ нь 2.659.090 төгрөг болж байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл ажилд авахгүй байсан тухай гомдлоос үүдэлтэй тул нэхэмжлэгч тэмдэгтийн хураамж төлөөгүй нь буруу биш юм.

 

            Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

                                                                                                         ТОГТООХ НЬ:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-ийг баримтлан “МШ” ХК-аас 2.659.090 төгрөгийг гаргуулж В.Мт олгож, нэхэмжлэгчийн үлдсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Ч.Мөнхжаргалд олгох ёстой 2.659.090 төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон төлөхийг хариуцагчид даалгасугай.

3. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжинд 57.495 төгрөг гаргуулж улсад олгосугай.

4. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

                     

 

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ                                          С. БУД