Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2020/00359

 

 “Т Ш Е”ХХК-ний

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2019/00851 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1007 дугаар магадлалтай,

“Т Ш Е”ХХК-ний нэхэмжлэлтэй

“С”ХХК-д холбогдох

Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал гэх 4 275 384 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Отгонбаярын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Отгонбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ууганбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Л.Цэндсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т Ш Е”ХХК нь 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Сэлбэ хотхоны 97/3, 97/4-р байруудын орон сууцны ашиглалт, засвар үйлчилгээ болон дундын эзэмшлийн эд хөрөнгөд үйлчилгээ үзүүлэх гэрээг тухайн байруудыг барьж ашиглалтад оруулсан Сүмт өргөө ХХК-тай орон сууцны СӨХ болон ОСНААК-ын эрх шилжүүлэх гэрээг байгуулсан. Тус 2 байр нь шинээр орсон цөөхөн айлтай СӨХ-нь байгуулагдаагүй байсан тул СӨХ-ны үйл ажиллагаа болон нийтийн эзэмшлийн засвар үйлчилгээ, харуул цэвэрлэгээг түр хугацаагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгэж байсан. 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр тухайн байрны СӨХ байгуулагдсан тул нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг тухайн СЭЛБЭ-180 СӨХ-д албан ёсоор нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг шилжүүлэн өгсөн. Манай байгууллага нь УБДТС ТӨХК, ЦТС ТӨХК, УСУГ, Нийтлэг үйлчилгээний газар, лифтний Сигма отис ХХК зэрэг газруудад гэрээтэй ажилладаг ба заасан хугацаанд гэрээний дагуу нэхэмжлэлээр ирүүлсэн төлбөрийг төлөх үүрэгтэй ба энэ нь нийтийн эзэмшлийн эд хөрөнгөд гарч буй зардал хамааралтай тул сар бүрийн 15-ны дотор төлдөг. Энэ өдрөөс хойш алданги хүлээдэг тул хэрэглэгч оршин суугчид нь төлбөрөө цаг хугацаанд нь төлөх талаар утсаар болон албан мэдэгдлийг удаа дараа хүргүүлж байсан. Манай компани Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 97/3 дугаар байрны 01 тоотод байрлах “С”ХХК нь 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны сууц өмчлөгчдөд үйлчилгээ үзүүлсний хөлс болох төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. “Т Ш Е”ХХК нь 2015 оны 5 дугаар сараас 2016 оны 10 дугаар саруудад Сэлбэ хотхоны 97/3, 97/4 дүгээр байруудын оршин суугчдад сантехникийн засвар үйлчилгээ болон дундын эзэмшлийн эд хөрөнгөд үйлчилгээ үзүүлж байсан. “С”ХХК нь 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 30-ыг дуусталх хугацаанд сууц өмчлөгчдөд үйлчилгээ үзүүлсний хөлс болох нийт 3 813 384 төгрөгийг манай байгууллагад гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ төлбөр дээр “С”ХХК-ны эзэмшлийн зогсоол болох № 24, 25 дугаар зогсоолын төлбөр 462 000 төгрөгийг нэмж гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасны дагуу холбоог бүртгэх үйл ажиллагааг сум, дүүргийн Засаг даргын тамгын газар хариуцаж, гэрчилгээ олгодог. Гэтэл “Т Ш Е”ХХК нь албан ёсны СӨХ-ны гэрчилгээгүй. Зөвхөн орон сууц нийтийн аж ахуйн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд билээ. Албан ёсны СӨХ-ны гэрчилгээ байхгүй буюу эрхгүй байгууллага хирнээ хариуцагчаас гражийн үйлчилгээний мөнгө гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Түүнчлэн нэхэмжлэгч “Т Ш Е”ХХК нь Сэлбэ хотхоны 97/03, 97/4 дүгээр байрны оршин суугчдад СӨХ-ны үйлчилгээ үзүүлдэг байсан гэх боловч бодит байдал дээр үйлчилгээг маш муу үзүүлдэг буюу цэвэрлэгээг огт хийдэггүй, харуул хамгаалалт ажиллуулдаггүй, мөн цахилгаан лифт ихэнхдээ гацаатай ажилладаггүй гэх зэргээр үйлчилгээг үзүүлсэн зүйлгүй байж оршин суугчдаас СӨХ-ны мөнгө авч байгаа нь буруу гэж үзэж байна. Мөн 2017 онд Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 хороолол 97/3 байр, зоорийн давхрын гражид харуул хамгаалалт байдаггүй улмаас хоёр ч удаа хулгай орсон байдаг. Оршин суугчид харьяа дүүргийн цагдаагийн байгууллагад дуудлага өгч шалгуулж байсан. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх заалт нь дангаар өмчлөх хэсгийн заалт буюу суугч өмчлөгч өөрийн өмчлөлийн сууцны халаалт, ус, цахилгааны төлбөр зэрэг ашиглалтын зардлыг өмчлөгч өөрөө хариуцаж зохих байгууллагад төлөхийг зохицуулсан хуулийн заалт. Уг хуулийн зохицуулалтын дагуу хариуцагч “С”ХХК нь орон сууцны нийтийн аж ахуйн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд болох нэхэмжлэгч “Т Ш Е”ХХК-д 2015 оны 7 дугаар сараас 2016 оны 12 дугаар сар хүртэлх хугацааны ашиглалтын зардлын төлбөр 4 279 368 төгрөгийг төлж барагдуулсан. Дундын өмчлөлийн эд хөрөнгийн зардал буюу өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууц байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.14-т нэрийн заасан дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний хамгаалалт засвар үйлчилгээ зэргийн зардлыг сууц өмчлөгчдөөс шаардах эрхийг албан ёсны СӨХ-ны үйл ажиллагаа явуулах гэрчилгээ авч эрх нь нээгдсэн СӨХ-д олгосон заалт. Мөн Иргэний хуулийн 149 дүгээр зүйлийн 149.2 дахь хэсэгт зааснаар сууц өмчлөгч нь хуульд заасан үүргээ буюу төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тохиолдолд орон сууц өмчлөгчдийн холбоо нь өөрийн төлөөлөгчөөрөө дамжуулан шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй талаар тусгайлсан зохицуулалтыг хууль тогтоогчийн зүгээс хуульчилж өгсөн байна. Нэхэмжлэгч “Т Ш Е”ХХК нь Баянзүрх дүүргийн сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгүүлж албан ёсны гэрчилгээ аваагүй буюу СӨХ-ны үйл ажиллагаа явуулах эрхгүй байгууллага буюу тус шүүхэд СӨХ-ны төлбөрийг нэхэмжлэхээр хандах эрхгүй этгээд тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2019/00851 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т заасныг баримтлан хариуцагч “С”ХХК-иас 4 095 384 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Т Ш Е”ХХК-д олгож, нэхэмжлэлээс 180 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90 474 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “С”ХХК-иас 80 476 төгрөг нөхөн гаргуулж нэхэмжлэгч “Т Ш Е”ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1007 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2019/00851 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч “С”ХХК-иас 4 275 384 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Т Ш Е”ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80 476 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Отгонбаяр хяналтын гомдолдоо: Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй хэмээн үзэж нэхэмжлэгчийн зүгээс доорх шалтгаанаар хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд: 1. Орон сууцны зориулалттай барилга байгууламжид үйл ажиллагаа эрхэлж буй үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй байгууллага нь орон сууцны ашиглалтын зардлыг хоёр төрлөөр төлдөг. а. Барилгын нэг давхрын бүтэц хийцийг өөрчилж, сунгаж өргөтгөл хийж хаалга гадагш гаргаж ус, дулааны шугамыг өөрсдийн хөрөнгөөр нийтийн эзэмшлийн шугамаас салгаж татаж УСУГ, Цахилгаан, Дулаан, Хог тээврийн компанитай тусгай гэрээ хийсэн тохиолдолд нийтээр гарч буй зардлыг төлөхгүй. Жишээ нь: Хогийг ААН-ийн тарифаар сар бүр 25 000 /хорин таван мянга/ төгрөгөөр гэрээ хийж төлдөг. Гэвч нэхэмжлэгчийн зүгээс айл өрхийн тарифаар буюу 2 500 /Хоёр мянга таван зуу/ төгрөгөөр тооцон нэхэмжлэлийн шаардлага гаргасан. б. Барилгын 1 давхарт үйлчилгээний зориулалттай үйл ажиллагаа явуулж нийтийн эзэмшлийн шугам хоолойд холбогдсон тохиолдолд харьяа орон сууц ашиглалтын конторт зардлыг төлдөг байна. Иймд “С”ХХК нь эдгээр газруудтай гэрээгүй тул зардлыг төлөх үүрэгтэй гэж үзэж байна. 2. “С”ХХК нь тоног төхөөрөмж борлуулдаг тул сав баглаа боодол, хөөсөнцөр, кардон цаас гэх мэт овор ихтэй хог хаягдал маш их гаргаж хогийн савыг дүүргэдэг. Үүнийг бид хогийн машин дуудаж сард 4-5 удаа ачуулж хогийн пүнкерийн ёроолыг ариутгалын уусмалаар угааж цэвэрлэдэг, гэвч хариуцагч “С”ХХК нь хог хаягдал гаргадаггүй, ажил үйлчилгээ авдаггүй мэтээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь зүйд нийцэхгүй юм. 3. “С”ХХК-ний нэр дээр авто машины 2 зогсоолтой. Захирал Эрдэнэбилэг өөрийн оршин суудаг 54 тоот орон сууцны төлбөрөөс уг зогсоолын төлбөрийг хасаж тооцуулна хэмээж ААН-н дээр төлнө гэсэн тайлбар хавтаст хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт авагдсан. Энэхүү шийдвэр давж заалдах болон хяналтын шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэгчийн зүгээс 2 гражийн дулааны төлбөр 462 000 /дөрвөн зуун жаран хоёр мянга/ төгрөгийг нэхэмжилсэн. 4. “С”ХХК нь тусдаа 3 гарц хаалга гаргасан боловч үүнийгээ ашигладаггүй өдийг хүрсэн. Хаалгыг түгжиж хөөс шахаж хүйтэн ороод байгаа гэж хааж түгжсэн байдаг зургийг авч хавтас хэрэгт өгсөн. Мөн өмнө Улсын Дээд шүүхийн шүүх хуралдаанд өмгөөлөгч Болд нь хэд хэдэн удаа очиход орцын хаалгаар орсон гэдгээ ч хэлж байсан, одоо ч очиход орцын хаалгаар орж гарч байгаа. Өмнөх давж заалдах шатны шүүх хуралд “Танай ТШЕ гэсэн нэртэй төлбөр төлсөн банкны баримт байхгүй байна” гэж хэлж байсан. Бид анхан шатны шүүхэд хэргийг буцаан шийдвэрлэхэд үдээстэй тайлангаас сар бүр банканд төлбөр төлсөн баримтыг нотариатаар баталгаажуулж хавтас хэрэгт шинээр гаргаж өгсөн. Одоо байгаа бодит нөхцөл байдлыг дүгнэж хэлэхэд энэ том ААН бүтэн жил гаруй хугацаанд ажиллахдаа нэг ч төгрөгийн зардал гаргахгүй ашигтай ажиллаад хог, цахилгаан гэрэлтэй дулаахан гражид харуул хамгаалалттай хоёр машинаа бүтэн жил гаруй төлбөргүй тавьж завшиж байна. Энэ зардлыг хэнд хаана төлөх гэдэг нь тодорхойгүй, илт худал хэлж ашиглалтын зардал төлөхгүй арга саам хийж байгаад маш их гомдолтой байна. Хууль зүйн үүднээс Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4-р зүйлийн 4.1.3-т “Сууц өмчлөгчдийн холбоо гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин /цаашид орон сууцны байшин гэх/-гийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоог хэлнэ” гэж, Иргэний хуулийн 147-р зүйлийн 147.1-т “Орон сууц өмчлөгч нь ...дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө” гэж тус тус заасан байна. Иргэний хуулийн 148.2.3-т заасан “Орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй” гэж заасан үүргээ хэрхэн биелүүлэх вэ. Энэ хэсэгт заасан үүргийг хариуцагч хэрхэн хариуцах, хаана төлөх зэрэг асуудлыг тодорхойгүй байдлаар орхигдуулсан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна гэж үзэж байна. Мөн түүнчлэн Иргэний хуулийн 148.3-т “Өмчлөгч дангаар өмчлөх болон дундын өмчлөлийн зүйлийг ашиглаагүй буюу ашиглахаас татгалзсан нь түүнийг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, завсар, үйлчилгээтэй холбогдсон зардлаас бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан зохицуулалтыг огт дурдалгүйгээр энэхүү үүргийг хариуцагчид огт даалгалгүй хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иргэний хуулийн дээрх заалтуудтай нийцэхгүй гэж үзэхэд орон сууцны зориулалт бүхий барилга байгууламжид үйл ажиллагаа эрхэлж буй хариуцагч “С”ХХК нь өнөөдрийг хүртэлх хугацаанд Иргэний хуулийн 493 дугаар зүйлд заасан “Бусдын зардлаар болон өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар хөрөнгөжсөн” гэж үзэж байна. Гэвч шүүх эдгээр хуулийн зохицуулалтыг харгалзан үзэхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэхгүй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх буюу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Т Ш Е”ХХК нь хариуцагч “С”ХХК-д холбогдуулан 2015 оны 5 сарын 1-ний өдрөөс 2016 оны 10 сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал 4 275 384 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагчаас 4 095 384 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосон бол давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх хэрэгт байгаа баримтын хүрээнд, Иргэний хуулийн холбогдох хэм хэмжээг хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох талаар хийвэл зохих хууль зүйн дүгнэлтийг хийсэн байх тул магадлалыг хэвээр үлдээх үндэслэлтэй байна.  Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхив.

Хэрэгт авагдсан баримтын хүрээнд “Т Ш Е”ХХК нь 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Сэлбэ хотхоны 97/3, 97/4 дүгээр байруудын СӨХ болон ОСНААК-ын үйлчилгээг хариуцан ажиллаж байгаад  2016 оны 11  дүгээр сарын 01-ний өдөр тухайн байрны СӨХ байгуулагдсан тул Сэлбэ-180 СӨХ-д нийтийн эзэмшлийн эд хөрөнгө, эрхээ шилжүүлсэн, “С”ХХК нь СӨХ-ийн харьяа 97/3 байрны 1 давхарын 272,3м2 талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, тус байрны зоорийн давхрын 24, 25 тоот, 2 авто зогсоолын өмчлөгч нь болох нь тогтоогдсон, энэ талаар зохигч маргаагүй байна.

“Т Ш Е”ХХК сууц өмчлөгчдийн холбооны эрхийг хэрэгжүүлж байх үеийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг “С”ХХК төлөх эсэх, нэхэмжлэгч шаардах эрхтэй эсэх асуудал зохигчийн хоорондох маргааны зүйл болжээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 147 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдааг давж заалдах шатны шүүх залруулсан нь үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 143,147 дугаар зүйлд зааснаар нийтийн зориулалттай байшингийн орон сууцны өмчлөгч нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалттай холбоотой зардлыг төлөх үүрэгтэй бөгөөд хуулиар үүсэх уг үүрэг нь орон сууцны өмчлөгч бус этгээдэд хамаарахгүй болохыг анхан шатны шүүх анхаараагүй, хуулийг зөв тайлбарлаж хэрэглэж чадаагүй байна. Сууц өмчлөгчдийн холбоог дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх ашиг, сонирхлыг хамгаалах зорилгоор сууц өмчлөгч нар байгуулж, орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бүр заавал тухайн холбооны гишүүн байхыг хуулиар тогтоосон байна.

Иймд Сууц өмчлөгчдийн холбоо нь гишүүн, сууц өмчлөгч этгээдээс дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалттай холбоотой зардлыг шаардах эрхтэй бөгөөд харин нийтийн зориулалттай байранд сууцны бус зориулалттай талбайн хэсгийг дангаар өмчилдөг  этгээдийн хувьд дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамааралтай бол гэрээ байгуулж, гэрээгээр тогтоосон зардлыг шаардах эрх үүсэх боломжтой байна.

“С”ХХК нь үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болохоос гадна нийтийн зориулалттай байшингийн дундын эд хөрөнгийг ашиглаж байгаа тохиолдолд зохих зардлыг төлөх нь зүй ёсны боловч гэрээний үндсэн дээр үүрэг үүсэх боломжтой юм. Өөрөөр хэлбэл, орон сууц өмчлөгч бус этгээд дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалттай холбоотой зардлыг хариуцах үндэслэл байгаа бол Сууц өмчлөгчдийн холбоо гэрээ байгуулахыг шаардах эрхтэй байна. Хариуцагч нь орон сууцны өмчлөгч биш тул хуулиар үүрэг үүсэхгүй. Иргэний хуулийн 147 дугаар зүйлд заасан үүрэг бүхий этгээдэд хамаарахгүй болно.

Нөгөө талаар “Т Ш Е”ХХК нь хариуцагчийн өр төлбөрийг сайн дураар төлсөн бол Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар нөхөн төлүүлэхээр шаардаж болох хуулийн зохицуулалтыг давж заалдах шатны шүүх хэрэглэсэн нь хууль зөрчөөгүй боловч нэхэмжлэгч нь өөрөөсөө төлбөрийг төлсөн гэдгээ нотлоогүй, нэхэмжлэлийг хангах үндэслэл тогтоогдоогүй байв.

Иймд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1007 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Отгонбаярын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т  зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                 П.ЗОЛЗАЯА