Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 462

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Б даргалж, шүүгч Н.Д, шүүгч Б.М нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “ЭДОУ” ХХК

Хариуцагч: ОӨГ 

Нэхэмжлэлийн шаардлага: “ОӨГ ... өдрийн “Тасалбар түгээх машин” бүтээлд бүтээгдэхүүний загварын гэрчилгээ олгохоос татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулж, “ЭДОУ” ХХК-ийн ... өдрийн анхдагч огноотой... дугаартай “Тасалбар түгээх машин” (ТТМ) нэртэйгээр өгсөн бүтээгдэхүүний загварын мэдүүлгийг хүлээн авч, бүтээгдэхүүний загварын патент олгохыг даалгуулах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О, иргэдийн төлөөлөгч Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “ЭДОУ” ХХК-ийн захирал А.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай байгууллага нь төрийн үйлчилгээг иргэдэд түргэн, шуурхай, чирэгдэлгүй хүргэх санааг анх олж, тасалбар борлуулах иж бурэн автомат системийг бүтээлгэж, зохиогчийн эрхээр хамгаалуулан, энэхүү санаагаа хэрэгжүүлэх зорилгоор “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-тай харилцан ашигтай хамтран ажиллахаар яриа хэлэлцээ хийсэн анхдагч компани юм.

Энэхүү ажлаа амжилттай хэрэгжүүлэхийн тулд тасалбар түгээх машины загварыг А.А миний бие “ЭДОУ” ХХК-ийг төлөөлөн Бүгд найрамдах Хятад ард улсын Шинжин хотод очиж, киоск машиныг захиалагчийн хүссэн загвараар үйлдвэрлэдэг “Shenzhen Lean Kiosk Systems So.Ltd” ХХК-д ... өдөр очиж уулзан, хэрэгцээ шаардлага хангах киоск машиныхаа талаар ярилцахад “Та нар загвараа өг, тэгвэл та нарын хүссэн загварыг гаргаж өгч болно” гэсэн.

Ийнхүү миний бие өөрсдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн, дотроо төсөөлөн бодсон шинэлэг загварынхаа дагуу иргэдийн нүдэнд гоё, сайхан харагдуулах, таашаагдах зорилгоор гоо зүйн талаас нь өвөрмөц загвартайгаар зохион бүтээхээр, киоск машины загвараа А.Анхзаяа миний бие өөрөө гаргаж байгууллагатай зөвшилцөхөд “Таны энэ загвараар Киоск машиныг үйлдвэрлэж болно” гэснээр ... өдрөө өөрийн хүссэн өнгө загвараар Киоск машиныг захиалгын гэрээ хийж, төлбөрөө бурэн төлсөн. Ингээд миний зохиосон загвараар 35 ширхэг Киоск машин үйдвэрлэгдэж Монголд ирсэн бөгөөд одоогийн байдлаар Орон нутгийн нийтийн тээврийн тасалбар түгээж, үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байна.

Би өөрөө загвараа зохион бүтээсэн учраас өөрийн компанийн нэр дээр бүтээгдэхүүний загварын патент авахаар ... өдөр ОӨУ бүртгэлийн ерөнхий газар /хуучин нэрээр/-т хүсэли гаргахад ... өдөр патент олгохоос татгалзсан.

Иймд ... өдрийн Оюуны өмчийн газраас ирүүлсэн “ЭДОУ” ХХК-ийн загварыг бүртгэж, патент олгохоос татгалзсан 18 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, Г.Б нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... “ЭДОУ” ХХК нь Тасалбар түгээх машин нэртэй бүтээгдэхүүний загварыг бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан байдаг ба ... дугаартай мэдүүлэгт хавсаргагдсан загвар Патентийн тухай хуульд заасан шалгуур хангаж байгаа эсэхэд дүгнэлт гаргаснаар ... -ний өдөр хуульд заасан шаардлагыг хангаагүй нь тогтоогдсоны учир бүртгэхээс татгалзах тухай шийдвэрийг гаргасан байна.

            Үүний дараа ... өдөр маргаан шийдвэрлэх комисст бүртгэхээс татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай гомдлыг гаргасан бөгөөд ... өдөр хуралдаж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Патентийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт “бүтээгдэхүүний гадаад хэлбэр, хийцэд хамаарах гоёл чимэглэл, өнгө, өнгөний хослол агуулсан, шинээр зохион бүтээсэн, өвөрмөц шийдлийг” хэлнэ гэж тодорхойлсон байдаг. 

Гэтэл шинжээчийн хайлтын тайланд Бүгд найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэгдсэн уг тасалбар түгээх машинтай гадаад хэлбэр хийцийн хувьд төсөөтэй бүтээлүүд илэрсэн нотлох баримт байна. Энэхүү хайлтаар илэрсэн прототип нь тухайн төсөөлж буй, шинээр зохион бүтээсэн гэх бүтээгдэхүүний загвар нь шинэ, өвөрмөц шийдлийг агуулсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэлд дурдсан пос машин, 3 ширхэг антенн, өндрийн хэмжээ, машин дотор байрлуулсан программ хангамж, үүрэг зориулалт, үйл ажиллагаа зэрэг нь тасалбар түгээх машины техникийн үндсэн шийдэл болно, харин бүтээгдэхүүний загварт дээр дурдсан онцлогууд гадаад хэлбэр болоод гоёл чимэглэлд хамаарах өвөрмөц шийдэл болохгүй юм.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О шүүхэд гаргасан хариу  тайлбартаа: “Нэхэмжлэгч нь .... өдөр Тасалбар түгээх машин нэртэй бүтээгдэхүүний загварыг бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан байдаг бөгөөд Патентийн тухай хуулийн дагуу хайлт, шүүлт явуулсны үр дүнд ижил төсөөтэй бүтээл илэрсэн тул ... өдөр бүртгэхээс татгалзах шүүлтийн дүгнэлт гаргасан болно. 

Үүний дараагаар ... өдөр Оюуны өмчийн газрын дэргэдэх Маргаан шийдвэрлэх комисст бүртгэхээс татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай гомдлыг гаргасан бөгөөд .... өдөр хуралдаж хэрэгсэхгүй болгосон.

Патентийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт “бүтээгдэхүүний гадаад хэлбэр, хийцэд хамаарах гоёл чимэглэл, өнгө, өнгөний хослол агуулсан, шинээр зохион бүтээсэн, өвөрмөц шийдлийг” хэлнэ гэж тодорхойлсон байдаг. Шижээчийн хайлтын тайланд Бүгд найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэгдсэн уг тасалбар түгээх машинтай гадаад хэлбэр хийцийн хувьд төсөөтэй бүтээлүүд илэрсэн нотлох баримт байна. Энэхүү хайлтаар илэрсэн прототип нь тухайн төсөөлж буй, шинээр зохион бүтээсэн гэх бүтээгдэхүүний загвар нь шинэ, өвөрмөц шийдлийг агуулсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэлд дурдсан пос машин, 3 ширхэг антенн, өндрийн хэмжээ, машин дотор байрлуулсан программ хангамжийн хэлбэр, дүрс, үүрэг, үйл ажиллагаа зэрэг нь тасалбар түгээх машины техникийн үндсэн шийдэл болохоос бүтээгдэхүүний загварт хамаарах обьект биш болно” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

“ЭДОУ” ХХК-иас ОӨГ холбогдуулан гаргасан “ОӨГ... өдрийн “Тасалбар түгээх машин” бүтээлд бүтээгдэхүүний загварын гэрчилгээ олгохоос татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулж, “ЭДОУ” ХХК-ийн ... өдрийн анхдагч огноотой, ... дугаартай “Тасалбар түгээх машин” (ТТМ) нэртэйгээр өгсөн бүтээгдэхүүний загварын мэдүүлгийг хүлээн авч, бүтээгдэхүүний загварын патент олгохыг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.

“ЭДОУ” ХХК нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Аж үйлдвэрийн өмчийн эрхийн газарт ... өдөр “Тасалбар түгээх машин” (ТТМ) нэртэй ... дугаартай бүтээгдэхүүний загварын мэдүүлэг гаргажээ.

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын (тухайн үеийн нэрээр) Аж үйлдвэрийн өмчийн эрхийн газрын ... өдрийн Бүтээгдэхүүний загварын шүүлтийн дүгнэлтээр тус бүтээгдэхүүний загвар нь Патентийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1-т “Бүтээгдэхүүний загварын шинж чанарууд нь мэдүүлгийн анхдагч огноо хүртэл нийтэд илэрхий болоогүй бол түүнийг “шинэ” гэж үзнэ”, 5.4-д ”Дараахь шийдлийг бүтээгдэхүүний загварт тооцохгүй: … 5.4.3.бусад этгээдийн бизнесийн үйл ажиллагаанд хохирол учруулахаар бол.” гэж заасан шалгуурыг хангаагүй байна хэмээн үзэж, Патентийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.9-д “Оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага мэдүүлгийн анхдагч огнооноос хойш 9 сарын дотор шүүлтийн дүгнэлтийг үндэслэн патент олгох эсэх талаар шийдвэр гаргана” гэж заасны дагуу патент олгохоос татгалзах шийдвэр гаргасан нь хуульд нийцсэн байна. 

Нэхэмжлэгч “ЭДОУ” ХХК нь “...киоск машины загвараа өөрөө гаргаж, ...өөрийн хүссэн өнгө загвараар киоск машиныг захиалгын гэрээ хийж, … киоск машин үйлдвэрлэгдэж Монголд ирсэн бөгөөд одоогийн байдлаар орон нутгийн нийтийн тээврийн тасалбар түгээж, үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. … БНХАУ-ын киоск машины үйлдвэрийн зургаар манай бүтээгдэхүүнийг бүртгэхээс татгалзаж буй нь хууль зөрчсөн үйлдэл… Манай бүтээгдэхүүн Монголдоо анхдагч бөгөөд … “шинэ” гэсэн шаардлагыг хангаж байгаа. ...” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж байна. 

Гэвч Патентийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт зааснаар бүтээгдэхүүний гадаад хэлбэр, хийцэд хамаарах гоёл чимэглэл, өнгө, өнгөний хослол агуулсан, шинээр зохион бүтээсэн, өвөрмөц шийдлийг “бүтээгдэхүүний загвар” гэж үзэх бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан “Тасалбар түгээх машин” (ТТМ)-ы бүтээгдэхүүний загварын шүүлтийг хийхэд төсөөтэй загвар илэрсэн нь хуулийн дээрх заалтад заасан шинээр зохион бүтээсэн байх, өвөрмөц байх, мэдүүлгийн анхдагч огноо хүртэл нийтэд илэрхий болоогүй байх шинжийг хангахгүй байна. 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Захиргааны   хэрэг   шүүхэд   хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Патентийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 5 дугаар зүйлийн 5.2.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ЭДОУ” ХХК-иас ОӨГ  холбогдуулан гаргасан “Оюуны өмчийн газрын ... өдрийн “Тасалбар түгээх машин” бүтээлд бүтээгдэхүүний загварын гэрчилгээ олгохоос татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулж, “ЭДОУ” ХХК-ийн ... өдрийн анхдагч огноотой, … дугаартай “Тасалбар түгээх машин” (ТТМ) нэртэйгээр өгсөн бүтээгдэхүүний загварын мэдүүлгийг хүлээн авч, бүтээгдэхүүний загварын патент олгохыг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан “ЭДОУ” ХХК-иас  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

           ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ц.БАТСҮРЭН

                                                             ШҮҮГЧ                                         Н.ДАМДИНСҮРЭН

                                                              ШҮҮГЧ                                          Б.МӨНХ-ЭРДЭНЭ