Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2017/02246

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн

яамны нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2017/01751 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны нэхэмжлэлтэй

Хариуцагч: “М н” ХК-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 132 578 051.50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.М, С.Р, Н.Н, хариуцагчийн өмгөөлөгч Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нар оролцов.

 

Нэхэмжлэгч Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам дамжуулан зээлдүүлэх гэрээг Хөдөлмөрийн яамтай 2013 оны 7 дугаар сарын 16-ны өдөр байгуулж, салбаруудад тодорхой хэмжээний төсвийг батлан гаргаж өгсөн  байдаг. Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан "Оёдол, нэхмэл, сүлжмэлийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэхэд зээлийн бодлогоор дэмжиж, борлуулалтад нь дэмжлэг үзүүлэх" бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд "Монголын оёдлын нэгдсэн холбоо", "Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооноос” санаачлан "Сурагчийн дүрэмт хувцсыг кластераар үйлдвэрлэх", "Монгол ноосон даавуу" үйлдвэрлэх төслүүдийг дэмжихийг хүсч төслөө ирүүлсэн. Үүний дагуу эдгээр төсөл нь хэрэгжих боломжтой, дотоодын захиалагч, зах зээл нь баталгаатай гэж үзэн дэмжих зорилгоор Монгол Улсын Засгийн газар 2013 оны 7 дугаар сарын 06-ны өдөр "Сурагчийн дүрэмт хувцасны үндэсний үйлдвэрлэлийг дэмжих тухай" 250 дугаар тогтоол гарсан. Дээрх тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2013 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам /хуучнаар/, Хөдөлмөрийн яамны хооронд байгуулсан ҮХААЯ-20130716-001, ХЯ-9/2013/02" тоот "Дамжуулан зээлдэх гэрээ"-ний нөхцлийн дагуу 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас “Монгол нэхмэл” ХК-д оёдлын үйлдвэрүүдэд нийлүүлэх сурагчийн дүрэмт хувцасны нэмэлт иж бүрдэл болох сүлжмэл майк, кардиган үйлдвэрлэх зориулалттай хонины ноосон ээрмэл утсанд шаардагдах санхүүжилтэд  зориулж 99 000 000 төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг аливаа хөрөнгийн барьцаагүйгээр 2013 оны 7 дугаар сарын 24-нөөс 11 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл хугацаатай, жилийн 7 хувийн хүүтэй олгох үндсэн нөхцөлтэй ХҮГСДХ-1/13 тоот зээлийн гэрээг байгуулжээ. Зээлийн гэрээний дагуу Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас /хуучнаар/ 2013 оны 7 дугаар сарын 31-ний өдөр тус компанийн ХААН БАНК-ны 5022036264 дансанд зээлийн төлбөрийг бүрэн шилжүүлсэн байна. Ингэснээр зээлдэгч нь тус зээлийн гэрээний 2.2.2-д "зээлийг гэрээний хавсралт 2-т заасан хуваарийн дагуу эргэн төлөх", 2.2.11-д "үндсэн зээл, зээлийн хүүг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн өдөр тутамд нийт зээлийн үлдэгдлээс 0,01 хувиар тооцож алданги төлөх", 3.3-д "зээлдэгч тал өөрийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан үүссэн аливаа зардлыг бүрэн хариуцах" гэсэн үндсэн үүргийг тус тус хүлээсэн боловч өнөөг хүртэл зээлдэгч нь авсан зээл, хүү, алдангийг төлөхгүй, үүргээ биелүүлэхгүй, улсыг хохироосоор байна. Иймд  “Монгол нэхмэл” ХК-аас зээл 99 000 000 төгрөг,  хүү 22 235 676.50 төгрөг, алданги 11 342 375 төгрөг, нийт 132 578 051.50 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М Н ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Зээлийн гэрээний хариуцагч биш. Хэдийгээр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамтай гэрээ байгуулсан боловч мөнгийг “Оёдлын нэгдсэн холбоо”-оос авсан. Оёдлын нэгдсэн холбооны өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн. Авсан зээлийн мөнгөөр утас үйлдвэрлээд сүлжмэлийн үйлдвэрт нийлүүлсэн. 99 000 000 төгрөгөөс илүү утас нийлүүлсэн байгаа. Манай утсаар майк, кардегианаа хийгээд оёдлын нэгдсэн холбооны үйлдвэрт нийлүүлсэн. Бүх 21 аймаг 9 дүүргийн сургуулиудтай гэрээ байгуулсан. Тэр гэрээний дагуу бүтээгдэхүүнээ нийлүүлээд Монгол улсын сурагчдыг дүрэмт хувцсаар хангаад тэр дүрэмт хувцасныхаа мөнгийг оёдлын нэгдсэн холбооны 509 999 9690 гэсэн дансандаа төвлөрүүлж байгаа. Бодлогын хувьд бол сарын 7%-ийн хүүтэй. Энэ үйл ажиллагааг удирдахын тулд төсвийн нэгж байгуулаад 1%-иар цалинжуулсан. Энэ бол 2-3 тэрбум төгрөгийн зээлийн асуудал яригдаж байгаа. Хамтран ажиллах гэрээ хийж, батлан даалт гаргуулж, оёдлын нэгдсэн холбооны дэргэд данс нээсэн. Гэрээгээр  зээлийг бид нар Оёдлын нэгдсэн холбоо хариуцна гээд заасан, батлан даалт гаргасан байгаа. Оёдлын нэгдсэн холбооноос 99 000 000 төгрөг авсан нь үнэн. Гэхдээ оронд нь бараа өгчихсөн. Иймд бид хариуцагч биш учраас хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хоёр дахь үндэслэл, Оёдлын нэгдсэн холбооны бүх үйлдвэрүүд, Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны төслийн нэгж болон төрийн нарийн бичгийн дарга нар хурал хийсэн. Оёдлын нэгдсэн холбооны үйлдвэрүүд төвлөрсөн дансанд мөнгөө хийхээ болъё, өөрсдөө зохицуулъя гэсэн санал тавьсан. 9 сард бүх бүтээгдэхүүнээ борлуулаад тэр дамжуулан зээлдэх данс руу мөнгөө хийхээр гэрээгээр тохирсон байсан. Гэтэл 2.1.5 дахь заалтыг зөрчсөн. Хурал дээр нэг ч сүлжмэлийн үйлдвэр, утасны үйлдвэрийн төлөөлөгч байхгүй, зөвхөн Оёдлын нэгдсэн холбооны төлөөлөгч нарыг оролцуулаад төрийн нарийн бичгийн дарга, төслийн нэгжүүд оролцож байгаад энэ мөнгийг энэ дансаар авахгүй гээд шийдчихсэн. Бид нар бараагаа нийлүүлчихсэн, Оёдлынхон борлуулаад мөнгийг нь төлж байгаа гэж бодож байсан. Үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө үүргээ зөрчсөн.  2013 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 30-ны  өдөр хүртэл 96 хоногийн хугацаатай зээлдүүлсэн. Хүү нь 1 078 407 төгрөг байх ёстой. Хугацаандаа төлөгдөөгүй шалтгаан нь өөрсдөө бүх дансаа хаасантай холбоотой. 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн байдлын 22 235 676 төгрөг нэхэж байна. 1 078 407 төгрөгийг хасахаар 21 157 269 төгрөгийн  хүү илүү  нэхэж байна. Үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө  “Оёдлын нэгдсэн холбоо”-оор дамжуулаад бид нар мөнгөө авна гэж үүрэг хүлээсэн. Иймд хүү, анз шаардах эрхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар “М н” ХК-иас зээлийн төлбөрт нийт 113 221 146.50 төгрөг гаргуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд олгож, нэхэмжлэлээс үлдэж буй 19 356 905 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч “М н” ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 724 056 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Р.Э болон өмгөөлөгч Л.Б нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх холимог гэрээг зээлийн гэрээ гэж буруу дүгнэсэн.  Шүүх сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэх, борлуулах, зээл олгох, зээлийг буцаан төлүүлэх гэрээнүүдийн уялдаа холбооны учрыг олоогүй. Цогцоор нь дүгнэлт өгч чадаагүй, хэнээс хэнд зээл олгосон, хэн хэнээс зээлээ нэхэх эрхтэй талаар зөв дүгнээгүй.  ҮХААЯ нь ээрэх, сүлжих, оёх үйлдвэрлэгч нарын үйлдвэрлэсэн сурагчийн дүрэмт хувцсыг дангаар борлуулах эрхийг Оёдлын Нэгдсэн Холбоо /ОНХ/, түүний үйлдвэрүүдэд "Батлан даалт", "Хамтран ажиллах гэрээ", "Ажил гүйцэтгэх 3 талт гэрээ" -ээр олгоод, энэ үндсэн дээр тэдний ХААН банкны дансанд зээлийн мөнгийг шилжүүлсэн. Оёдлын нэгдсэн холбоо нь зээлийг ээрэх үйлдвэр Монгол нэхмэл ХК-д олгосон, ээрсэн утсаа сүлжмэлийн үйлдвэр болох "Ашид нэхмэл" ХХК-д нийлүүл, гэрээ байгуул, ээрсэн утсаар сүлжмэл хувцас үйлдвэрлэсэн "Ашид нэхмэл" ХХК-ийг бүтээгдэхүүнээ ОНХ-ын оёдлын үйлдвэр болох "Торгон хийц" ХХК, "Бүтээлч үйлс" ХХК-д нийлүүл, гэрээ байгуул. ОНХ-ны харъяа оёдлын үйлдвэрүүдийг "Ажил гүйцэтгэх 3 талт гэрээ"-г байгуул. Гэрээний дагуу нийлүүлсэн буюу борлуулсан сурагчийн дүрэмт хувцасны борлуулалтын орлогыг зөвхөн Оёдлын нэгдсэн холбооны ХААН банкны 5099999690 тоот дансанд төвлөрүүл гэсэн. Энэхүү Оёдлын нэгдсэн холбооны дансанд төвлөрсөн борлуулалтын орлогын мөнгөнөөс ҮХААЯ өөрөө зээлээ суутгаж авна, хүүгээ авна, үлдсэнийг нь үйлдвэрлэгч нарт олгоно гэж гэрээ хийсэн.  Нэхэмжлэгч ҮХААЯ нь зээлийг Оёдлын нэгдсэн холбооны дансанд шилжүүлсэн баримт, ҮХААЯ ба Оёдлын нэгдсэн холбооны хооронд байгуулсан "Хамтран ажиллах гэрээ", Оёдлын нэгдсэн холбооны батлан даалт" зэрэг баримтуудыг хариуцагч татгалзалын үндэслэлээ болгосон байтал үнэлсэнгүй. Ингэснээр жинхэнэ хариуцагч хэн бэ гэдгийг зөв тодорхойлж чадаагүй.

 Оёдлын нэгдсэн холбооны удирдлагууд болон харъяа оёдлын үйлдвэрүүдийн захирлууд ҮХААЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал, хэлтсийн дарга нар болон мэргэжилтнүүд, төслийн багийн гишүүд оролцон ҮХААЯ дээр 2013 оны 08 сарын 28-ны өдөр хуралдан "Борлуулалт асуудалгүй явна, зээлээ тохирсон графикийн дагуу төлөхөд асуудалгүй" гэсэн ОНХ-ны Буянбаатар захирлын үүрэг авсан яриаг үндэслэн ҮХААЯ-ны удирдлагууд болон ОНХ-ны төлөөлөл дангаараа шийдвэр гарган сурагчийн дүрэмт хувцасны борлуулалтын орлогыг төвлөрүүлэх ХААН банкны 5099999690 тоот дансыг устгасан, энэ тухай ээрмэл болон сүлжих үйлдвэрүүдийн захирлуудад мэдэгдээгүй, Оёдлын Нэгдсэн Холбооны үүргийг 3.1-д заахдаа "ХААН банкны 5099999690 дугаартай дансаар гүйлгээ хийх ажиллагааг саадгүй зохион байгуулах гэсэн нь худал болсон. Сурагчийн дүрэмт хувцсыг борлуулахаар "ажил гүйцэтгэх 3 талт гэрээ"-г монополь эрхээр байгуулсан оёдлын үйлдвэрүүд нийлүүлсэн ээрсэн утсаар үйлдвэрлэсэн, сүлжмэл хувцасны борлуулалтын орлогыг яасан нь тодорхойгүй байна. Ийнхүү ҮХААЯ болон Оёдлын Нэгдсэн Холбоо нарын  борлуулах монополь эрхийг дан ганц оёдлынхонд өгсөн, орлого төвлөрөх дансыг хэнд ч мэдэгдэлгүй дангаараа өөрчилсөн, гэрээгээ зөрчсөн буруутай үйл ажиллагааны улмаас зээл, хүү хугацаандаа төлөгдөөгүй. Богино хугацаанд олон зуун сая төгрөгний бүтээгдэхүүн үйлдвэрлүүлж, хүлээн авчихаад дараа нь өөрсдөө байгуулсан гэрээгээ зөрчөөд эцэст нь ээрэх үйлдвэр болох "Монгол нэхмэл" ХК, сүлжмэлийн үйлдвэр болох "Ашид нэхмэл" ХХК-иудыг өр зээлэнд оруулж, мөнгө хүүлэн зээлийн хүү, алданги гэж их хэмжээний мөнгө нэхэмжилснийг анхан шатны шүүх зөв гэж үзэн, ханган шийдвэрлэж байгаад гомдолтой байна. Иймд  хүү 2 430 246,5 төгрөг, алданги 10 800 900 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй боловч хуулийг буруу тайлбарлан хэрэглэснийг залруулан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

Нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам нь хариуцагч “М н” ХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 132 578 051.50 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч 3 талт гэрээний дагуу 99 000 000 төгрөгийн ноосон утас үйлдвэрлэж, Ашид нэхмэл ХХК-д шилжүүлсэн, эцсийн төлбөр тооцоог “Оёдлын нэгдсэн холбоо” гэх газар зээлдүүлэгчтэй хийхээр гэрээгээр үүрэг хүлээсэн тул энэ хэргийн хариуцагч биш гэж маргасан ба давж заалдах журмаар гаргасан гомдолдоо “үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө хугацаа хэтрүүлсэн тул хүү, анз төлөхгүй“ гэжээ.

 

Зохигчдын хооронд 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдөр ХҮГСДХ-1/13 дугаар зээлийн гэрээ байгуулагдаж, хонины ноосон ээрмэл утас үйлдвэрлэх санхүүжилтэд зориулж 99 000 000 төгрөгийг 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл жилийн 7 хувийн хүүтэй, хяналтын зардалд 1 хувийг нэмж төлөх нөхцөлтэйгээр байгуулжээ. /хх-ийн 17-23/ Уг гэрээгээр талууд 99 000 000 төгрөг шилжүүлэх, буцаан төлөх, тодорхой хүү төлөх зэрэг нөхцлийг тохиролцсон байх тул хариуцагчид Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар зээлсэн мөнгийг, гэрээгээр тохиролцсон хүүний хамт буцаан төлөх үүрэг үүссэн байна.

 

Зээлдэгчийн “..,зээлийн 99 000 000 төгрөгөөр ноосон утас үйлдвэрлэж Ашид нэхмэл  ХХК-ийн сүлжмэлийн үйлдвэрт нийлүүлсэн” гэх тайлбарыг хариуцагч няцаагаагүйгээс гадна хариуцагч нь зээлийн гэрээний төлбөр 99 000 000 төгрөгийг хүүгийн хамт төлөөгүй байгаа үйл баримтын талаар талууд маргаангүй болно.

 

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг гэрээнд заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэн өгөх боломжтой бөгөөд талуудын гэрээний 2.1.5-д “дүрэмт хувцасны борлуулалтын орлогыг зөвхөн “Оёдлын нэгдсэн холбоо”-ны дэргэдэх Сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэл төслийн Хаан банкны 5099999690 тоот дансанд төвлөрүүлэхээр, түүнээс үндсэн зээл, зээлийн хүүг холбогдох сангуудын дансанд шилжүүлэх” үүргийг зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч тал өөртөө хүлээсэн.  Өөрөөр хэлбэл үүргийн  гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх арга журмыг гэрээгээр тодорхойлсон бөгөөд зээлийн буцаан төлөлт Хаан банкны 5099999690 тоот дансаар хийгдэх ёстой байжээ.

 

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ. Гэрээгээр талууд гэрээний хэрэгжих ерөнхий хугацааг 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл тогтоосон боловч гэрээний хавсралт 2-т завсрын буюу тусгай хугацаануудыг тохиролцож 2013 оны 7 сарын 25, 8 сарын 25, 9 сарын 15, 9 сарын 30, 10 сарын 30-нд зээл, хүүг хэсэгчлэн  буцаан төлөх төлбөрийн хэмжээ, хугацааг тохиролцсон. Гэрээний талуудын хэн аль нь  гэрээнд заасан ерөнхий болон завсрын хугацааг баримтлах үүрэгтэй юм.

 

Үүрэг гүйцэтгүүлэгч буюу нэхэмжлэгч 2013 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Оёдлын нэгдсэн холбооны төлөөллийг оролцуулан хийсэн хуралдаанаар “компаниуд өөр өөрийн дансаар төлбөр тооцоог хийх” агуулгатай шийдвэр гаргажээ. /хх-ийн 127-130/

 

Нэгдсэн нэг 5099999690 тоот дансаар төлбөр тооцоо явагдах журмыг бичгийн гэрээгээр тохиролцсон бөгөөд бичгийн хэлбэрээр талуудтай бүгдтэй нь дахин тохиролцохгүйгээр дээрх журмыг өөрчилсөн нь гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгэхэд нөлөөлсөн байна.

 

Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дах хэсэгт заасан үүрэг гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлээгүйгээс хугацаа хэтэрсэн гэж үзэхээр байна. Талуудын гэрээний 1 дэх хэсэгт зээлийг “Дамжуулан зээлдүүлэх гэрээний” нөхцлийн дагуу олгож байгаагаа тодорхойлсон бөгөөд дамжуулан зээлдүүлэх гэрээний заалтууд, хариуцагчийн тайлбараас үзэхэд зээл буцаан төлөх нь “сурагчийн дүрэмт хувцасны борлуулалтын орлогыг төвлөрүүлэх данс нээж, түүнээс үндсэн зээл, зээлийн хүүг холбогдох сангуудад төлөх, түүнд хяналт тавих” зэрэг зээлдүүлэгчийн үйлдлээс хамааралтай байжээ.

 

Иймд Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т заасан мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор анз авах эрхээ алдах үр дагавар зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч талд үүссэн тул 10 800 900 төгрөгийн алданги шаардах эрхгүй гэж үзнэ.

 

Харин Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар талууд  зээлийн хүүгийн талаарх тохиролцоог бичгээр хийсэн, зээлийг хариуцагч хүлээн авсан байх тул зээлийн хариу төлбөр буюу хүүг төлөх үүрэгтэй. Хүүгийн хэмжээг талууд жилийн 7 хувь байхаар тохиролцсон байх тул 4 сар 5 хоногийн 2 406 250 төгрөгийн хүү төлөх үүрэг хариуцагчид үүссэн.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхээс анз гаргуулахаар шийдвэрлэснийг өөрчлөн, зээл 99 000 000 төгрөг, гэрээний хугацаанд төлөх хүү 2 406 250 төгрөг, нийт 101 406 250 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар өөрчлөлт оруулж, хариуцагчийн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэсэгчлэн хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2017/01751 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “113 221 146.50” гэснийг “101 406 250” гэж, “19 356 905” гэснийг “31 171 801” гэж, 2 дахь заалтын “724 056” гэснийг “664 981” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “М Н” ХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224 110 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж. ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД                                                   А.МӨНХЗУЛ

                                                                                           Ш.ОЮУНХАНД