Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 23

 

                                                                  П.В, А.О нарт холбогдох

                                                                   эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

          прокурор С.Эрдэнэтуяа,

          нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

       Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 807 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор С.Эрдэнэтуяагийн бичсэн 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 807 дугаартай эсэргүүцлээр П.В, А.О нарт холбогдох 1809 0239 40951 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

           1. Орхоодой овгийн Пүрэвдоржийн В, 1992 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, маркетингийн мэргэжилтэй, “Премиум” ХХК-д менежер ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 11 дүгээр гудамж, 279б тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ДЮ92110613/;

          2. Боржигон овгийн Амарбаясгалангийн О, 1990 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Төв аймгийн Баяндэлгэр суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, “Өгсөх анд” ХХК-д туслах тогооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 12а байрны 11 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: НЧ90110237/;

А.О нь 2018 оны 5 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Salm pub” баарны гадаа П.Втэй маргалдан харилцан зодолдож, улмаар эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, мөн 2018 оны 5 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Salm pub” баарны дотор Б.Бнийг цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

П.В нь 2018 оны 5 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Salm pub” баарны гадаа А.Отай маргалдан харилцан зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: А.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, П.Вгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: А.Оыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг, П.Вг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, А.Одгарвыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгж буюу 550.000 төгрөгийн торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгийн торгох ялаар, П.Вг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан А.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 550 нэгж буюу 550.000 төгрөгийн торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх торгох ялыг 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр тогтоож, А.О, П.В нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор С.Эрдэнэтуяа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүх шийтгэх тогтоолдоо шүүгдэгч А.О, П.В нарт оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх талаар дурдаагүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солино” гэсэн заалтыг тусгаагүй. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

А.О нь 2018 оны 5 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Salm pub” баарны гадаа П.Втэй маргалдан харилцан зодолдож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, мөн 2018 оны 5 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Salm pub” баарны дотор Б.Бнийг цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг,

П.В нь 2018 оны 5 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Salm pub” баарны гадаа А.Отай маргалдан харилцан зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

Хохирогч П.В “...А.О гээд залуу бужигнаан дунд миний нүүр рүү хэд хэдэн удаа гараараа цохисон. Баарны гадаа А.О миний нүүр рүү мөргөсөн. Дараа нь ноцолдоод намайг газар унахад миний дээрээс гараараа нүүр рүү 2-3 удаа цохисон. ...” /хх 12, 17/,

Хохирогч А.О “...П.В миний толгойруу нэг хатуу зүйлээр цохисон. Яг юугаар цохисныг нь би хараагүй. ...” /хх 19/ нарын болон хохирогч Б.Бнэ /хх 3/, гэрч С.Содгэрэл /хх 20/, Д.Лхагванавсоо /хх 23/, Ш.Батжаргал /хх 24/, Б.Ариунболд /хх 26/ , С.Алтангэрэл /хх 27 / нарын мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...П.Вгийн биед тархи доргилт, баруун гайморын хөндийн урд хана /хоншоор яс/-ны цөмөрсөн хугарал, баруун гайморын хөндийн цус хуралдалт, баруун нүдний ухархайн дотор ба доод хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, баруун нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын язарсан шарх, баруун хацар, хамар орчмын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” гэх 6315 дугаартай дүгнэлт /хх 29/,

мөн “...Б.Бнийн биед духны зүүн хэсэгт зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралттай, хүзүүний урд болон баруун, зүүн хэсгийг хамарсан цус хуралт, өвчүү, зүүн өвдөгний дээд хэсэг, зүүн далны дээд хэсэг, зүүн бугалганы гадна дээд хэсгүүдэд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх 6310 дугаартай дүгнэлт /хх-31/,

мөн “...А.Оын биед зүүн зулайн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх 6433 дугаартай дүгнэлт /хх-33/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч А.Оыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, шүүгдэгч П.Вг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүхээс шүүгдэгч П.В, А.О нарт оногдуулсан ял шийтгэл тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын төрөл, хэмжээнд нийцсэн, тэдгээрийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсон байна.

Прокурор С.Эрдэнэтуяагийн бичсэн эсэргүүцлээс “...гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр төлөх талаар дурдаагүй...” гэсэн хэсгийг хүлээн авах үндэслэлгүй.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэсэн нь шүүхэд эрх олгосон заалт бөгөөд шүүх заавал хугацаа тогтооно гэсэн ойлголт биш юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор ...биелүүлэх үүрэгтэй.” гэж нарийвчлан хуульчилсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан хугацааг дээрх “хуульд заасан хугацааны дотор биелүүлнэ” гэж ойлговол зохино.

Харин прокурорын эсэргүүцэлд дурдсан дээрх хугацаанд “ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солино” гэсэн заалтыг харин анхан шатны шүүх тогтоолдоо заагаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс энэ талаарх заалтыг нөхөн оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйл буюу зөрчлийн хэрэгт торгох шийтгэл оногдуулсан этгээдэд хамаарах хуулийн заалтыг ташаарч бичсэнийг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 807 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар П.В, А.О нар нь торгох ялыг биелүүлэхгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.           

                                       

                                       ДАРГАЛАГЧ,

                                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ӨСӨХБАЯР

                                       ШҮҮГЧ                                                        О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                       ШҮҮГЧ                                                        М.АЛДАР