Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 25

 

                                                                      Ц.Ц, Б.Д, Г.Э

                                                  нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

          прокурор А.Ганзориг,

          шүүгдэгч Б.Д,  

          шүүгдэгч Б.Д, Г.Э нарын өмгөөлөгч Л.Батаа,

          нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

          Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 877 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Ц, Г.Э нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ц.Ц, Б.Д, Г.Э  нарт холбогдох 1808 0028 70224 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Манал овгийн Цолмонгийн Ц, 1998 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Увс аймгийн Сагил суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Горхийн 2-8 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ОЛ98040312/;

2. Тангад овгийн Болорын Д, 2000 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Говь-Алтай аймгийн Баян-Уул суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, эгч нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун баян уулын 6-36 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ДБ00301215/;

3. Тариалан овгийн Гэрэлийн Э, 1998 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 32-69а тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: УП98020879/;

Ц.Ц, Б.Д, Г.Э нар үгсэн тохиролцож бүлэглэн 2018 оны 1 дүгээр сарын 3-наас 4-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр байрны урд иргэн С.Бд хүч хэрэглэн гар утсыг нь дээрэмдсэн, дээрэмдэх явцдаа эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ц.Ц, Г.Э, Б.Д нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц.Ц, Г.Э, өсвөр насны шүүгдэгч Б.Д нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон, Ц.Ц, Г.Э, өсвөр насны шүүгдэгч Б.Д нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цийг 2 жил 2 сар хорих ялаар, шүүгдэгч Г.Эг 2 жил хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц, Г.Э нарыг тус бүр 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Дд 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан эдлэх 2 жилийн хорих ялыг 2 дахин багасгаж 1 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Дг 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ц.Цт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 2 сарын хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцон нийт 3 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг нийт 2 жил 5 сарын хугацаагаар, шүүгдэгч Г.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцон нийт 3 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг нийт 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цийн эдлэх 2 жил 5 сар хорих ял, Г.Эгийн эдлэх 2 жил 3 сар хорих ялыг тус бүр нээлттэй хорих байгууллагад, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Дгийн эдлэх хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Б.Дд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Дд шүүхээс оногдуулсан 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цийн цагдан хоригдсон 78 хоногийг, шүүгдэгч Г.Эн цагдан хоригдсон 1 хоногийг тус бүр тэдгээрийн биечлэн эдлэх хорих ялаас, өсвөр насны шүүгдэгч Б.Дгийн цагдан хоригдсон 1 хоногийг нийтэд тусгай ажил хийлгэх ялын 8 цагтай дүйцүүлэн тооцож, эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялаас тус тус хасаж, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нар бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй болохыг тус тус дурдаж, өсвөр насны шүүгдэгч Б.Дд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Ц гаргасан давж заалдах гомдолдоо: “...Эрхэм шүүгчид ээ, миний бие залуу, гэнэн насныхаа ааг омгоор тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж туйлын их харамсаж байгааг минь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу ялыг минь хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Г.Э гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний эцэг, эх хоёр хүнд өвчтэй, хоёулаа группд байдаг бөгөөд миний бие гэрлэлтийн баталгаагүй боловч эхнэр 1 сартай хүүхэдтэй, ар гэр маш хэцүү амьдардаг тул эрхэм шүүгч та бүхэн хохирогч С.Бд учирсан 193.000 төгрөг төлөгдсөн зэргийг харгалзан үзэж, надад шүүхээс Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял болгон хөнгөрүүлж өгнө үү. Би цаашид дахин гэмт хэрэг үйлдэхгүй, нийгэмд тустай ажил хөдөлмөр эрхэлж амьдрахаа амлаж байна. ...” гэжээ.

Шүүгдэгч Б.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...мөрдөн байцаалт болон анхан шатны шүүхэд мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй гэв. ...” гэв.

Шүүгдэгч Б.Дэлгэрдайлай, Г.Э нарын өмгөөлөгч Л.Батаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Дд холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү. Г.Эгийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Г.Эгийн хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Г.Эгийн ар гэрийн байдал маш хүнд байдалтай байдаг. Эцэг нь 70 хувь, эх нь 69 хувь хөдөлмөрийн чадвар алдалттай группд байдаг. Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд зааснаар оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Прокурор А.Ганзориг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.Ц, Г.Э нар нь өмгөөлөгч нарынхаа хамт гэм буруугүй гэж маргасан тул анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэх боломжгүй гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд заасан хамгийн бага ялыг оногдуулсан. Хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн. Эдгээр хүмүүс нь анхнаасаа гэм буруугаа хүлээгээгүй, ял шийтгүүлснийхээ дараа гэмшиж, гэм буруугаа хүлээж байгаа мэтээр гомдол гаргасан байх тул давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэх боломжгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Ц.Ц, Б.Д, Г.Э нар үгсэн тохиролцож бүлэглэн 2018 оны 1 дүгээр сарын 3-наас 4-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр байрны урд иргэн С.Бд хүч хэрэглэн гар утсыг нь дээрэмдсэн, дээрэмдэх явцдаа эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

Хохирогч С.Бын “...гурван залуутай тааралдсан. Тэгтэл нөгөө залуучууд өөрсдийн сууж явсан таксинд суучих гээд татаад байсан. Тэр үед би “суухгүй, яах гэж байгаа юм” гэж асуутал ямар ч шалтгаангүйгээр намайг зодож эхэлсэн. Тэгэхээр нь би зугтсан. Миний араас хөөгөөд намайг зодож, миний гар утсыг аваад зугтаачихсан. ...” /хх 13-14/ болон гэрч Б.Алтанцэцэг /хх 17-18/, Э.Цэвэг /хх 22-23/, В.Цэдэнбал /хх 24-25/, Д.Батсүх /хх 19-20/ нарын мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...С.Бын биед баруун нүдний дээд, доод зовхи, зүүн чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд цус хуралт, зулгаралт, баруун дээд зовхинд шарх, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх 6315 дугаартай дүгнэлт /хх 29/,

Арвижих-Эстимейт ХХК-ийн гар утасны үнэлгээ хийсэн баримт /хх 60/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Ц, Б.Д, Г.Э нарыг бусдыг дээрэмдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Ц.Ц, Б.Д, Г.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” бол гэж хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тогтоожээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй.” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж “хөөн хэлэлцэх хугацааг” тогтоон хуульчилсан байх бөгөөд давж заалдах шатны шүүхээр хэрэг хянан хэлэлцэх явцад Ц.Ц, Б.Д, Г.Э нарын үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул тэдэнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Мөн шүүгдэгч нар  нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлэх нь гагцхүү анхан шатны шүүх хуралдааны үе шатаар хязгаарлагдах ажиллагаа биш юм.

 

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Ц.Ц, Г.Э нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлын агуулгаас үзэхэд “...гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байна...” гэсэн нь Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан үндэслэлээр ялыг хөнгөрүүлэх үндэслэл болж байна.

Дээрх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Ц.Ц, Г.Э нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар тухайн зүйл, хэсэгт заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу шүүгдэгч Ц.Цт 1 жил 1 сарын хорих ял, шүүгдэгч Г.Эд 1 жилийн хорих ял тус тус оногдуулах боломжтой байх тул энэ талаар гаргасан шүүгдэгч Ц.Ц, Г.Э нарын давж заалдах гомдлыг хүлээн авч, дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж, бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 877 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Шүүгдэгч Ц.Ц, Б.Д, Г.Э нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цийг 2 жил 2 сар хорих ялаар, шүүгдэгч Г.Эг 2 жил хорих ялаар,

мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц, Г.Э нарыг тус бүр 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Дд 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан эдлэх 2 жилийн хорих ялыг 2 дахин багасгаж 1 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Дг 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.” гэснийг

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цийг 1 жил 1 сар хорих ялаар, шүүгдэгч Г.Эг 1 жил хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Дд 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх 2 жилийн хорих ялыг 2 дахин багасгаж 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэж, 

          - 4 дэх заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цийн эдлэх 2 жил 5 сар хорих ял, Г.Эгийн эдлэх 2 жил 3 сар хорих ялыг тус бүр нээлттэй хорих байгууллагад, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Дгийн эдлэх хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад тус тус эдлүүлсүгэй.” гэснийг

          “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цийн эдлэх 1 жил 1 сар хорих ял, Г.Эгийн эдлэх 1 жил хорих ялыг тус бүр нээлттэй хорих байгууллагад, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Дгийн эдлэх хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад тус тус эдлүүлсүгэй.” гэж,

          - 7 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цийн цагдан хоригдсон 78 хоногийг, шүүгдэгч Г.Эн цагдан хоригдсон 1 хоногийг тус бүр тэдгээрийн биечлэн эдлэх хорих ялаас, өсвөр насны шүүгдэгч Б.Дгийн цагдан хоригдсон 1 хоногийг нийтэд тусгай ажил хийлгэх ялын 8 цагтай дүйцүүлэн тооцож, эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялаас тус тус хассугай.” гэснийг

          “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цийн цагдан хоригдсон 78 хоногийг, шүүгдэгч Г.Эн цагдан хоригдсон 1 хоногийг тус бүр тэдгээрийн биечлэн эдлэх хорих ялд оруулан тооцсугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 6 дахь заалтыг тус тус хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                                          ДАРГАЛАГЧ,

                                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ӨСӨХБАЯР

                                          ШҮҮГЧ                                                        О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                          ШҮҮГЧ                                                        М.АЛДАР