Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 2082

 

    “ХБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

   иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,        

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2017/01427 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “ХБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч О.Б, Р.Ж нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 67 927 711 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй,

“ХБ" ХХК болон О.Б нарын хооронд байгуулагдсан 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 1500009149-02 дугаар “Баталгаат ипотекийн гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Хариуцагч Р.Ж-ын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, Х.Б

Хариуцагч Р.Ж-ын өмгөөлөгч Ж.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Б нь “ХБ” ХХК-тай 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 1500009149 дугаар зээлийн гэрээ, 1500009149-01 дугаар барьцааны гэрээ, 1500009149-02 дугаар баталгаат ипотекийн гэрээ, 05-739 дугаартай баталгаат ипотекийн гэрээ, 2012 оны 05-739 дугаар баталгаат ипотекийн гэрээний нэмэлт нөхцөлөөр гэрээ байгуулж 50 000 000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 27.6 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээл авч, гэрээнд Р.Ж хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон.

Зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1500009149 дугаар зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж зээлийн төлбөр 54 208 424 төгрөгөөр 1500016807 тоот дансанд шилжүүлж, гэрээний хугацааг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр дуусгавар болгохоор нөхцөл өөрчлөлт хийсэн. Зээлийн барьцаанд Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Зээлийн 4 дүгээр гудамж 306В тоотод байрлах Ү-2201016091 тоот улсын бүртгэлийн дугаартай, 61,75 м.кв талбайтай хувийн сууц, Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Зээлийн 4 дүгээр гудамж 306В тоот, Г-2201002261 тоот улсын бүртгэлийн дугаартай, 18638315469434 нэгж талбарын дугаартай, 400,47 м.кв талбайтай газар, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эх 36 дугаар гудамж 1917 тоотод байрлах Ү-2204064043 тоот улсын бүртгэлийн дугаартай, 54 м.кв талбайтай хувийн сууц, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эх 36 дугаар гудамж 1917 тоот хаягтай, Г-2204022432 тоот улсын бүртгэлийн дугаартай, 18644313633474 нэгж талбарын дугаартай, 435 м.кв талбайтай өмчлөлийн газар, 83-61 УНМ улсын дугаартай, 2001 онд үйлдвэрлэгдсэн, 2011 онд Монгол улсад орж ирсэн, RZN1859039089 арлын дугаартай, Тоёото Хайлюкссюрф /Тоуоtа Hiluxsurf/ маркийн автомашин барьцаалсан.

Зээлдэгч О.Б 1500009149 дугаар гэрээний төлбөрийг 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш төлөөгүй бөгөөд зээл төлөх талаар арга хэмжээ авахгүй,  гэрээний 3.2.1-т заасан үүргээ биелүүлэхгүй, гэрээний үүргээ ноцтой зөрчсөн. 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар зээлдэгч О.Б зээлийн үндсэн төлбөр 54 208 424 төгрөг, хүү 13 520 129 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 199 158 төгрөг нийт 67 927 711 төгрөг байна. Иймд зээлийн гэрээний 3.1.5, 5.1.1, баталгаат ипотекийн гэрээний 4.1.2, 4.12-д заасны дагуу зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 67 927 711 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч О.Б, Р.Ж нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зах зээлийн борлуулалт муутайгаас банктай байгуулсан зээлийн гэрээний дагуу төлбөрөө төлж чадаагүй. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нэхэмжлэлд заасан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллын талаар маргахгүй. Барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын тухайд сөрөг нэхэмжлэл гаргасан гэжээ.

          Хариуцагч Р.Ж шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний 1.9-д “Эргэн төлөлтийн хуваарьт заасан зээлийн төлбөр төлөх үүрэг нь гэрээний хэсэгчилсэн үүрэг гэж, уг үүргийг гүйцэтгэхээр заасан хугацаа нь хэсэгчилсэн үүргийг гүйцэтгэвэл зохих гэрээний хэсэгчилсэн хугацаа гэж тус тус тооцогдоно” гэж мөн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасан журмыг зөрчсөн гэрээг улсын бүртгэл бүртгэхийг хориглоно” гэж тус тус заасан. Талуудын байгуулсан 1500009149-02 тоот баталгаат ипотекийн гэрээнд Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.5-д заасан мэдээллийг тусгаагүй. Иймд 1500009149-02 тоот “Баталгаат ипотекийн гэрээ”-г Улсын бүртгэлд бүртгэсэн нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.5, 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн болохыг тогтоон, уг гэрээг Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү.

 “ХБ" ХХК болон Р.Жр нарын хооронд 2012 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр байгуулагдсан №05-739 дугаар “Баталгаат ипотекийн гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээний 1.8, Иргэний хуулийн 167 дугаар зүйлд зааснаар ипотекийн гэрээг байгуулсан. Иргэний хуулийн 165 дугаар зүйл, 166 дугаар зүйлийн 166.1, 167 дугаар зүйлд зааснаар Улсын бүртгэлд бүртгүүлсэн. Зээлийн хүү, төлөх хугацаа зэргийг зээлийн гэрээнд тусгасан. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.5-д заасан барьцаа хөрөнгөөр хангагдах үед энэ заалт үйлчилнэ. Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн үүргийг ярьвал энэ нөлөөлөхгүй. Барьцааны гэрээний салшгүй хэсэг нь зээлийн гэрээ тул энэ 2 гэрээ 1 гэрээ болох юм. Хуульд заасан байдлаар гэрээнд тусгасан гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Ц, Ц.М, Ц.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С, гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээд Ц.М-н хууль ёсны төлөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзах зүйл байхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч О.Б, Р.Ж нараас үндсэн зээл 54 208 424 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 13 520 129 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 199 158 төгрөг, нийт 67 927 711 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “ХБ” ХХК-д олгож,

         Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хариуцагч Р.Ж-ын нэхэмжлэгч “ХБ" ХХК-д холбогдуулан гаргасан “ХБ” болон О.Б нарын хооронд 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр байгуулагдсан 1500009149-02 дугаар Баталгаат ипотекийн гэрээ, “ХБ” болон Р.Ж нарын хооронд 2012 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр байгуулагдсан 05-739 дугаар “Баталгаат ипотекийн гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Р.Ж, О.Б нар нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцааны зүйл болох Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 11 дүгээр хороо, Зээлийн 4 дүгээр гудамжны 306В тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2201016091 дугаарт бүртгэлтэй 61,75 м.кв талбай бүхий хувийн сууц, мөн хаягт байрлах улсын бүртгэлийн Г-2201002261 дугаарт бүртгэлтэй нэгж талбарын 18638315469434 дугаар бүхий 400,47 м.кв талбайтай өмчлөлийн газар, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, Дунд дарь эхийн 36 дугаар гудамжны 1917 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2204064043 дугаарт бүртгэлтэй 54 м.кв талбай бүхий хувийн сууц, мөн хаягт байрлах улсын бүртгэлийн Г-2204022432 дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 18644313633474 дугаартай, 435 м.кв талбай бүхий өмчлөлийн газрын үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “ХБ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 497 589 төгрөг, хариуцагч Р.Ж-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Ж, О.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид 497 589 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “ХБ” ХХК-д олгож  шийдвэрлэжээ.

Хариуцагч Р.Ж давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “ХБ” ХХК болон хариуцагч О.Б нарын хооронд 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний 1.9-т "Эргэн төлөлтийн хуваарьт заасан зээлийн төлбөр төлөх үүрэг нь гэрээний хэсэгчилсэн үүрэг гэж, уг үүргийг гүйцэтгэхээр заасан хугацаа нь хэсэгчилсэн үүргийг гүйцэтгэвэл зохих гэрээний хэсэгчилсэн хугацаа гэж тус тус тооцогдоно" гэж заасан. Гэтэл уг баталгаат ипотекийн гэрээнд Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.5-д заасан мэдээллийг тусгаагүй.

Нэхэмжлэгч шүүхэд тайлбарлахдаа "...Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11.1.5-д заасан нь барьцаа хөрөнгөөр хангагдах үед энэ заалт үйлчилнэ. Гэрээний эргэн төлөлтийн хуваарийн үүргийг ярьж байвал энэ нь нөлөөлөхгүй" гэснээс үзвэл холбогдох мэдээллийг тусгаагүйгээ хүлээн зөвшөөрсөн байна. Харин шүүх дүгнэхдээ "...Барьцааны гэрээнд зээлийн үүргийг хэсэгчлэн гүйцэтгэх талаар тохиролцоогүй тул барьцааны гэрээнд барьцаагаар хангагдах үүргийг хэсэгчлэн гүйцэтгэх талаар талууд харилцан тохиролцоогүй тул гэрээнд Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11.1.5-д заасан нөхцлийг тусгах шаардлагагүй" гэсэн нь хоорондоо зөрчилтэй бөгөөд ойлгомжгүй. Харин зээлийн гэрээнд төлбөр, гүйцэтгэх хугацаа, давтамж, хэмжээ зэрэг нь тусгагдсан тул энэ асуудлаар маргаагүй. 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан 1500009149-02 дугаар “Баталгаат ипотекийн гэрээ”-гээр барьцаалсан гэх Ү-2204064043 бүртгэлийн дугаартай хувиин сууц, Г-2204022432 бүртгэлийн дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар нь О.Б, Н.Ц, Ц.М, Ц.М, Ц.Б, Ц.Б нарын  дундын өмчлөлийн хөрөнгө байна. Иймд эдгээр иргэн барьцааны гэрээний нэг тал буюу барьцаалуулагч байх ёстой. Гэтэл тэдний өмчлөлийн хөрөнгийг барьцаалсан баталгаат ипотекийн гэрээг ХБ, О.Б нар байгуулж, гэрээний хавсралт “Барьцаа хөрөнгө хамтран өмчлөгчдийн зөвшөөрөл" гэх баримтыг хавсаргасан. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар зөвхөн барьцааны гэрээний хавсралт гэх дээрх баримтыг үйлдэж, өмчлөгч нараар гарын үсэг зуруулснаар хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.

Хамтран өмчлөгч нар гэрээний нэг тал буюу барьцаалуулагч байх ёстой этгээдүүд тул өөрсдийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбогдох гэрээ байгуулах, захиран зарцуулах, барьцаалуулах эрхийг бичгээр олгосон итгэмжлэлийн үндсэн дээр бусдад олгох ёстой. Мөн Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт зааснаар шаардсан бөгөөд энэхүү нийтлэг журам нь үл хөдлөх эд хөрөнгө хамтран өмчлөгч нар нь аль нэг өмчлөгчид тухайн хөрөнгийг барьцаалуулах эрх олгоход хамааралтай гэж үзнэ. Ингэснээр нотариатын зүгээс хамтран өмчлөгч нарт хөрөнгөө бусдад барьцаалуулах зөвшөөрөл олгохын эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарласнаар тэдний эрх ашгийг хамгаалах нөхцөл болох ёстой. Гэтэл “ХБ" ХХК, О.Б нарын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ дээрх шаардлагыг хангаагүй бөгөөд зөвхөн зээлдэгч, зээлдүүлэгч нарын эрх ашгийн үүднээс барьцааны гэрээ байгуулагдсан.

Иймд 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан “Баталгаат ипотекийн гэрээ” Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, анхан шантны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй боловч нэхэмжлэлээс автомашиныг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг шийдвэрлээгүй орхигдуулсныг залруулах боломжтой гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч “ХБ” ХХК нь хариуцагч О.Б, Р.Ж нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 67 927 711 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Р.Ж эс зөвшөөрч “ХБ” ХХК болон О.Б нарын хооронд байгуулагдсан 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 1500009149-02 дугаар “Баталгаат ипотекийн гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргасан.

Нэхэмжлэгч “ХБ” ХХК болон хариуцагч О.Б, Р.Ж нарын хооронд 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр  50 000 000 төгрөгийг 365 хоногт 27,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлэхээр зээлийн гэрээ /хх 7-9/ байгуулагджээ. 

Мөн өдөр уг зээлийн гэрээний дагуу “ХБ” ХХК нь 1500009149-01 дугаартай барьцааны гэрээг /хх 10-13/ хариуцагч Р.Ж-тай, 1500009149-02 дугаартай баталгаат ипотекийн гэрээ /хх 14-17/-г хариуцагч О.Б-той байгуулж, О.Б-ийн өмчлөлийн газар, хувийн сууц, Р.Ж-ын өмчлөлийн газар, УНМ 83-61 улсын дугаартай Тоёото Хайлюкссюрф маркийн автомашиныг тус тус барьцаалсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон.

Зээлдэгч О.Б-йн хүсэлтээр талууд 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 1500009149 дугаартай зээлийн гэрээ болон түүний эргэн төлөлтийн хуваарьт 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулж /хх 5-6/ үндсэн зээлийн гэрээний дагуу олгосон зээлийн хэмжээг 54 208 424 төгрөгт шилжүүлж гэрээний хугацааг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл сунгасан бөгөөд дээрх зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

          Талуудын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт заасантай нийцсэн буюу Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй гэж үзнэ.

 Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт “энэ хуулийн 11 дүгээр зүйл болон улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасан журмыг зөрчсөн гэрээг улсын бүртгэлд бүртгэхийг хориглоно” гэж заасныг нэхэмжлэгч зөрчсөн гэх агуулгаар хариуцагч Р.Ж сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан. Гэрээний агуулгыг талууд өөрсдөө тодорхойлох бөгөөд гэрээний агуулгатай холбоотойгоор гэрээг хүчин төгөлдөр бус байхыг Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулиар зохицуулахгүй юм.

Дээрхи үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй  байх тул барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ.

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт “Улсын бүртгэлд бүртгүүлэх журмыг зөрчиж бүртгүүлсэн гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж заасан үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангасан анхан шатны шүүхийн шийдвэр зөв болжээ.

Нэхэмжлэгч нь барьцааны зүйл болох хөдлөх эд хөрөнгө буюу автомашиныг албадан дуудлага худалдааны журмаар худалдан борлуулахаар сонголт хийж нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх шийдвэрлээгүй орхигдуулсан байна.

Иймд Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт заасныг баримтлан хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах бусад арга буюу шийдвэр гүйцэтгэлийн журмаар худалдан борлуулахыг шаардсан гэж үзэн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтад 83-61 УНМ улсын дугаартай, RZN1859039089 арлын дугаартай, Тоёото Хайлюкссюрф маркийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэмж өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Хариуцагч Р.Ж-ын гаргасан сөрөг нэхэмжлэлээс баталгаат ипотекийн гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бусд тооцуулах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул гомдол үндэслэлгүй.

Мөн 1500009149-02 дугаар “Баталгаат ипотекийн гэрээ”-ний дагуу барьцаалсан хувийн сууц, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар нь зээлдэгч О.Б болон Н.Ц, Ц.М, Ц.М, Ц.Б, Ц.Б нарын дундын эд хөрөнгө байхад “Барьцаа хөрөнгө хамтран өмчлөгчдийн зөвшөөрөл" гэх баримтыг үйлдэж, өмчлөгч нараар гарын үсэг зуруулснаар гэрээг хэрэгжүүлсэн гэж үзэхгүй гэх давж заалдах гомдол гаргасан бөгөөд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүд нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй, “Барьцаа хөрөнгө хамтран өмчлөгчдийн зөвшөөрөл” гэх баримт нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан байх тул уг гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

      Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Р.Ж-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2017/01427 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтад “газрын” гэснийг “газар, 83-61 УНМ улсын дугаартай, RZN1859039089 арлын дугаартай, Тоёото Хайлюкссюрф /Тоуоtа Hiluxsurf/ маркийн автомашины” гэж нэмж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШЗ2017/08285 дугаар захирамжаар хариуцагч Р.Ж давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 637 989 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

                                                          ШҮҮГЧИД                                       Ч.ЦЭНД

                                                                                                                 Д.БАЙГАЛМАА