Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2020/00357

 

Я.Өын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2019/00918 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 1135 дугаар магадлалтай,

Я.Өын нэхэмжлэлтэй

МИАТ ТӨХК-д холбогдох

Тушаал хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Рэнчинболдын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Я.Ө, түүний өмгөөлөгч Г.Алтанчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Я.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би “МИАТ” ТӨХК-д 1997 оноос хойш 20 гаруй жил ажиллаж байна. “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б/400 тоот тушаалаар Я.Ө намайг Бүхээгийн үйл ажиллагааны хэлтсийн дарга, агаарын хөлгийн ахлах үйлчлэгчээр томилж, хөдөлмөрийн гэрээг байгуулсан. Миний бие ажиллаж байх хугацаандаа эрхэлсэн ажил үүрэгтээ ямар нэгэн алдаа, дутагдал гаргаагүй байхад намайг гэнэт 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр гүйцэтгэх захирлын Б/645 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Компанийн дүрмийн 8.8.11, Хөдөлмөрийн гэрээний 9.4.12, Хөдөлмөрийн дотоод журмын 10.1.1в, 11.9.4, 11.9.15, Нислэгийн үйл ажиллагааны зааврын 7.12.1, Сахилгын шийтгэл ногдуулах тухай гүйцэтгэх захирлын 2018 оны 4 дүгээр сарын 26-ны Б/337 тоот тушаалыг тус тус үндэслэн “нислэгийн хэлтсийн даргын баталсан 2018.08.03-ны нислэгийн томилолтыг дур мэдэн өөрчилсөн, албан ажлын шаардлага тавихдаа хэлтсийн ажилтнуудтайгаа зүй бусаар харьцаж, харилцааны доголдол гаргасан, гүйцэтгэх захирлын 2018.05.23-ны өдрийн Б/400 тоот тушаалын 3 дахь заалтаар өгсөн хэлтсийн ажлыг сайжруулах төлөвлөгөөт ажлыг зохион байгуулж захирлын зөвлөлийн хуралд танилцуулах үүргийг биелүүлээгүй, улмаар хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан” гэж ажлаас халсан нь үндэслэлгүй юм. Нэг. Би 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Улаанбаатар-Берлин-Улаанбаатар чиглэлийн нислэгийн хуваарийг огт дур мэдэн солиогүй ба нислэгийн хуваарийг солих эрх зөвхөн төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн н.Чанаравт байдаг тул тэрээр өөрийн гараар 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн нислэгийн хуваарийг сольсон, энэ хуваарь өөрчлөх програм руу орох эрх н.Чанаравт л байдаг. Энэ тухай би тухайн үед үйлдвэрлэл эрхэлсэн тэргүүн дэд захирал Н.Ганболдод хэлсэн. Харин төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн н.Ганцэцэг, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн н.Чанарав нар нь дээрх хуваарь өөрчилсөн асуудлын тухай мэдсээр байсан хирнээ хоорондоо үгсэн хуйвалдаж, намайг хэнд ч хэлэлгүй өөрийн програм руу ордог эрхээрээ нэвтэрч өөрчлөлт хийсэн, тухайн нислэг өглөө ахлах үйлчлэгчгүй байсан хэмээн гүтгэсэн юм. Үүнийг хэн өөрчлөлт хийснийг тодруулах нь их амархан асуудал боловч үүнийг нягтлахыг огт хүсэлгүйгээр Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга Т.Мөнгөн халах тушаалыг төлөвлөн, гүйцэтгэх захиралд танилцуулсанд туйлын гомдолтой байна. Миний бие ажлын байрны тодорхойлолтонд дурдсан үүргийнхээ дагуу хариуцсан ажилтнуудад ажлын шаардлага тавьж, хэлтсийнхээ ажилтнуудтайгаа зүй бусаар харьцаж, харилцааны доголдол гаргаж байгаагүй. Гүйцэтгэх захирлын 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б/400 тоот тушаалын 3 дахь заалтаар өгсөн хэлтсийн ажлыг сайжруулах төлөвлөгөөт ажлыг зохион байгуулж, захирлын зөвлөлийн хуралд танилцуулах үүргийг биелүүлээгүй гэж ажлаас халах үндэслэл болгожээ. Гэтэл уг тушаалд уг ажлыг хэзээ танилцуулах хугацааг заагаагүй. Хэлтсийн даргын албан тушаалд намайг томилогдсоноос хойш нэг удаа захирлын зөвлөлийн хурал болсон бөгөөд тухайн хурлын хэлэлцэх асуудлын жагсаалтад бүхээгийн үйл ажиллагааны хэлтсийн асуудал, хэлтсийн ажлыг сайжруулах төлөвлөгөөт ажлыг танилцуулах асуудал орсон уу гэж захирлын туслах н.Мөнхжингөөс асуухад ороогүй гэж хэлсэн. Хэлтсийн ажлын хагас жилийн төлөвлөгөөний хэлтсийн ажлыг сайжруулах төлөвлөгөө болон биелэлтийг Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргад би 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн орчимд танилцуулсан. Миний бие улмаар хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргаагүй. Я.Ө миний бие компанийн дүрэм, хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журмыг зөрчөөгүй, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг нэр төртэй биелүүлж, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг гаргаагүй болно. Иймд Я.Ө намайг үндэслэлгүй ажлаас халсан тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар МИАТ ТӨХК-иас гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулалт хийлгүүлэхийг “МИАТ” ТӨХК-д даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганчимэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Гүйцэтгэх захирлын 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Б/267 тоот тушаалаар Я.Өыг ажилд дэвшүүлэн томилж, бүхээгийн үйл ажиллагааны хэлтсийн дарга, агаарын хөлгийн ахлах үйлчлэгчээр түр хугацаагаар томилж, 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б/400 тоот тушаалаар жинхлэн томилж, тус тушаалын 3 дахь заалтад бүхээгийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр төлөвлөгөөт ажил зохион байгуулж, үр дүнг нь захирлын зөвлөлийн хуралд танилцуулахыг үүрэг болгосон. Гэтэл 2018 оны 6, 7, 8, 9 дүгээр саруудад захирлын зөвлөлийн ээлжит хурал хуралдахад Хөдөлмөрийн дотоод журмын 2.3.10 дахь заалтын дагуу Я.Ө нь холбогдох материалыг захирлын зөвлөлийн нарийн бичгийн даргад өгөөгүй нь Хөдөлмөрийн дотоод журмын 11.9.4-т зааснаар “Удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажлыг удаа дараа биелүүлээгүй бол” хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болно. 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Б/337 тоот тушаалаар Я.Өд сахилгын шийтгэл оногдуулсан байх бөгөөд гүйцэтгэх захирлын 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Б/645 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэсэн нь Хөдөлмөрийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, 131.4-т нийцэж байна. Я.Ө нь нэхэмжлэлд дурдахдаа 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Улаанбаатар-Берлин-Улаанбаатар чиглэлийн нислэгийн хуваарийг огт дур мэдэн солиогүй, хуваарийг солих эрх зөвхөн төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн н.Чанаравт байдаг тул надад нислэгийн хуваарь солих боломжгүй гэжээ. Компанийн үндсэн зааврын нислэгийн үйл ажиллагааны зааврын 7.12.1-д нисэх багийн ажлын наряд өмнөх сарын 25-ны дотор батлагддаг бөгөөд энэхүү ажлын наряд буюу нисэх бүрэлдэхүүнийг өөрчлөх эрх нислэгийн хэлтсийн ахлах мэргэжилтэнд байдаг болно. Учир нь энэхүү нисэх бүрэлдэхүүний хувийн мэдээллүүд нь нислэг үйлдэж буй нисэх буудлуудын гааль болох хилийн шалган нэвтрүүлэх албанд хүргэгддэг бөгөөд мэдээллийг өөрчлөх тохиолдолд энэхүү журамд заасны дагуу тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хийгддэг шат дамжлага бүхий үйл явц юм. Гэтэл Я.Ө нь дур мэдэн 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн ОМ135 дугаарын аялалд ахлах үйлчлэгчээр өөрөө явахаар батлагдсан ажлын нарядыг өөрчилж, Б.Уранбилэгийг сольж бичсэн нь тогтоогдсон бөгөөд ОМ135 дугаарын аялал ахлах үйлчлэгчгүй нислэгт гарсан болно. Иймд Хөдөлмөрийн дотоод журмын 11.9.15-т “Компанийн үндсэн зааварт тусгагдсан үйл ажиллагаа, заавар, дүрэм журмын холбогдох заалтыг зөрчсөн нь ажлын байр албан тушаал гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой нь холбогдуулан Я.Өтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 9.4.12-т заасан хөдөлмөрийн ноцтой зөрчилд тооцогдох юм. Я.Ө нь хариуцсан ажилтнуудтай зүй бус харьцаж, харилцааны доголдол гаргаж байгаагүй, ажлын шаардлага тавьж ажиллаж байсан хэмээн дурджээ. Бүхээгийн хэлтсийн агаарын хөлгийн үйлчлэгч А.Гүнж, Х.Дөлгөөн болон төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн П.Ганцэцэг нарын гүйцэтгэх захиралд хандан гаргасан өргөдлийн дагуу Захиргаа хүний нөөцийн хэлтэс асуудлыг шалгаад хариуцсан ажилтнуудтай зүй бус харьцаж, харилцааны доголдол гаргаж байсан болохыг гүйцэтгэх захиралд танилцуулсан байна гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2019/00918 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дүгээр зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Я.Өыг “МИАТ” ТӨХК-ийн Бүхээгийн үйл ажиллагааны хэлтсийн дарга, агаарын хөлгийн ахлах үйлчлэгчийн ажилд нь эгүүлэн тогтоож, Миат хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Б/645 дугаар тушаалыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч “МИАТ” ТӨХК-иас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 34.469.882 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Я.Өд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан Я.Өын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл, хураамж төлөхийг хариуцагч “МИАТ” ТӨХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Я.Ө нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлийн хувьд улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “МИАТ” ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 330.269 төгрөгийг гаргуулан төрийн сангийн дансанд оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 1135 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2019/00918 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг "Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Я.Өыг МИАТ ТӨХК-ийн бүхээгийн үйл ажиллагааны хэлтсийн дарга, агаарын хөлгийн ахлах үйлчлэгчийн ажилд нь эгүүлэн тогтоосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4- т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 330 300 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Рэнчинболд хяналтын гомдолдоо: Магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд: 1. Давж заалдах шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч Я.Өын нэхэмжлэлийн шаардлага болох “Хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халах тухай" МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2018.08.31-ний өдрийн Б/645 тоот тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй хэмээн дүгнэсэн билээ. Гэхдээ тушаалын эрх зүйн болоод бодит байдлын үндэслэлд дүгнэлт хийхдээ хэт нэг талыг барьж, Хөдөлмөрийн тухай хуулийн, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр ИХШХШТХ-ийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь заалттай нийцээгүй, хууль ёсны, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй хэмээн хариуцагчийн төлөөлөгчийн хувьд үзэж байна. Үүнд: 1.1. МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2018.08.31-ний өдрийн Б/645 тоот тушаалын эрх зүйн үндэслэл буюу уг тушаалд дурьдсан Хөдөлмөрийн хууль, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ болон компанийн үйл ажиллагааны үндсэн зааврын холбогдох зүйл заалтуудад анхан шатны шүүх хууль хэрэглээний дүгнэлт хийгээгүй боловч Б/645 тоот тушаалын тушаах нь хэсгийн 1 дэх заалтанд дурьдсан нэхэмжлэгчийн гаргасан сахилгын зөрчлүүд нотлогдоогүй гэж дүгнэлт хийж шийдвэр гаргасан нь ИХШХТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.1 болон 40.2 дахь заалтуудыг зөрчсөн. Үүнд: - “Нэхэмжлэгч нь нислэгийн хэлтсийн даргын баталсан 2018.08.03-ны өдрийн нислэгийн томилолтыг дур мэдэн өөрчилсөн үйлдэл нь нотлох баримтуудаар нотлогдоогүй” гэжээ. Гэтэл гэрч Н.Чанарав, П.Ганцэцэг нарын мэдүүлгээс харахад АIМS програмын системд хийсэн үзлэг, нэхэмжлэгчийн даалгавраар ажлын наряд солих үүрэг авсан М.Анарын нэхэмжлэгчид ирүүлсэн электрон шуудан зэрэг нотлох баримтаар 2018.08.03-ны өдрийн нислэгийн нарядыг өмнөх өдрийн 11 цаг 39 минутанд төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн 777 кодтой хэрэглэгч Чанарав баталсан байх бөгөөд Я.Ө нь захирлын зөвлөлийн хуралтай тул өөрийнхөө оронд өөр хүн олж нислэгт явуулах даалгаврыг М.Анарт өгсөн байдаг. Гэтэл Захирлын зөвлөлийн ямар ч хурал товлогдоогүй байсан болох нь Захирлын зөвлөлийн нарийн бичгийн дарга М.Мөнхжингийн гэрчийн мэдүүлэг болон Захирлын зөвлөлийн хурлын материалуудаар нотлогддог. Мөн наряд баталсны дараа өөрчлөлт хийх бол эрх бүхий хэрэглэгч өөрчлөлт оруулах цэсээр орж тус нисэх бүрэлдэхүүний гишүүнийг яагаад солигдож байгаа шалтгааныг заавал бичиж байж үйлдлийг гүйцэтгэдэг байх бөгөөд 2018.08.03-ны өдрийн 15 цагт хийгдсэн бүртгэлээр ийм үйлдэл огт хийгдээгүй, бүхээгийн үйл ажиллагааны хэлтсийн ажилтан М.Анарын хүсэлтээр наряд өөрчилсөн болох нь тогтоогдсон. Нисэх багийн ажлын наряд буюу нисэх бүрэлдэхүүнийг өөрчлөх эрх нислэгийн хэлтсийн ахлах мэргэжилтэнд байдаг болно. Учир нь энэхүү нисэх бүрэлдэхүүний хувийн мэдээллүүд нь нислэг үйлдэж буй нисэх буудлуудын гааль болон хилийн шалган нэвтрүүлэх албанд хүргэгддэг бөгөөд мэдээллийг өөрчлөх тохиолдолд Компанийн үндсэн зааврын Нислэгийн үйл ажиллагааны зааврын 7.12.1 дэх заалтын дагуу тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хийгддэг шат дамжлага бүхий үйл явц зөрчигдсөн.- “Нэхэмжлэгч нь албан ажлын шаардлага тавихдаа хэлтсийн ажилтнуудтайгаа зүй бусаар харьцаж, харилцааны доголдол гаргасан талаар компанийн ёс зүйн хорооны хуралдаанаар хэлэлцүүлээгүй байх тул тогтоогдоогүй.” гэжээ. Хэдий ёс зүйн хороогоор нэхэмжлэгчтэй холбоотой асуудлыг авч хэлэлцүүлээгүй ч удирдлаганд ажиллаж буй агаарын хөлгийн үйлчлэгч, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн нар нь бүдүүлэг, зүй бусаар харьцсан, олон нийтийн дунд гүтгэн, доромжилсон, дарамталсан талаар Гүйцэтгэх захиралд хандан өргөдөл гаргаж байсан /хавтаст хэрэгт байгаа болно/ ба гэрчээр шүүх хуралдаанд оролцсон бөгөөд гэрчийн тайлбар, мэдүүлгийг анхан болон давж заалдах шатны шүүх авч хэлэлцээгүй. - “Нэхэмжлэгч нь хэлтсийн ажлыг сайжруулах төлөвлөгөөт ажлыг ямар хугацаанд зохион байгуулж Захирлын зөвлөлийн хуралд танилцуулах талаар нэхэмжлэгчийг бүхээгийн хэлтсийн даргын ажилд томилогдсон тушаалд тодорхой заагаагүй тул ажил сайжруулах үүргийг биелүүлээгүй гэж үзэх боломжгүй.” гэжээ. Я.Ө нь нэхэмжлэлдээ “2018.05.23-ны өдрийн Б/400 тоот тушаалд уг ажлыг хэзээ танилцуулахыг заагаагүй. Хэлтсийн даргын албан тушаалд намайг томилогдсоноос хойш 1 удаа захирлын зөвлөлийн хурал болсон бөгөөд тус хурлын хэлэлцэх асуудлын жагсаалтанд Бүхээгийн үйл ажиллагааны хэлтсийн ажлыг сайжруулах төлөвлөгөөт ажил орсон уу гэж М.Мөнхжингөөс асуухад ороогүй гэж хэлсэн” хэмээн дурьджээ. Гэтэл 2018 оны 6,7,8,9 дүгээр саруудад Захирлын зөвлөлийн ээлжит хурал хуралдсан байх ба Хөдөлмөрийн дотоод журмын 2.3.10 дахь заалтын дагуу Я.Ө нь Бүхээгийн хэлтсийн ажлыг сайжруулах ажлын төлөвлөгөөг хурлаар хэлэлцүүлэхээр Захирлын зөвлөлийн нарийн бичгийн даргад ирүүлэх үүргээ биелүүлээгүй болох нь Захирлын зөвлөлийн нарийн бичгийн даргын тайлбар тодорхойлолт, гэрчийн мэдүүлэг, Захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлуудын жагсаалтыг баталсан баримтууд болон Хөдөлмөрийн дотоод журмын 2.3.5, 2.3.9, 2.3.10, 2.3.12 заалтуудаар нотлогддог. Түүнчлэн 2017 онд нийт 11 сахилгын шийтгэлийн оногдуулсан тушаал гарсан байдаг бөгөөд үүнээс 9 нь бүхээгийн үйл ажиллагаатай холбоотой байсан. Нэхэмжлэгчийг 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр түр хугацаагаар томилж, 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хэлтсийн даргаар жинхлэн хэлтсийн үйл ажиллагааг сайжруулах төлөвлөгөө боловсруулж, захирлын зөвлөлд танилцуулахыг үүрэг болгосон байдаг. Анхан болон давж заалдах шатны шүүх тус тушаалд заасан хэлтсийн үйл ажиллагааг сайжруулах төлөвлөгөөг боловсруулахад тодорхой заагаагүй гэж дүгнэсэн байдаг. Гэвч 2018 оны 3 сард томилогдсон хэлтсийн даргын хувьд 6 сарын хугацаа өнгөрч байхад хэлтсийнхээ үйл ажиллагаа сайжруулах төлөвлөгөө боловсруулах, санал танилцуулахад хангалттай хугацаа байсан гэж үзэж байна. Энэхүү тушаалын 3 дахь хэсэгт заасан төлөвлөгөө боловсруулж, танилцуулах үүрэг нь богино хугацаанд хийх ёстой үүрэгт ажил байсан. Иймд анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нь ажил олгогчоос өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй байгаа нь ажил олгогчийн зүгээс тодорхой хугацаа заагаагүй нь ажилтанд сахилгын хариуцлага тооцох үндэслэл болохгүй хэмээн дүгнэж байгааг эс зөвшөөрч байна. 2. Нэхэмжлэгч нь 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Б/337 тоот тушаалаар сахилгын “Сануулах” шийтгэл авсан бөгөөд маргаж буй 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Б/645 тоот тушаалаар хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан зөрчлүүдийг гаргасан гэж үзэж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нь сахилгын зөрчлийг давтан гаргасан болох нь нотлогдоогүй тул 2018.08.31-ний өдрийн Б/645 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасныг зөрчсөн хэмээн дүгнэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтаар ажил олгогчийг сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулсан гэж дүгнэж байгааг болон нэхэмжлэгч нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан талаархи хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь бодитоор дүгнэлгүйгээр хэрэг маргааныг шийдвэрлэж байгааг эс зөвшөөрч байгаа тул Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 1135 дугаартай магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Я.Ө, хариуцагч “МИАТ” ТӨХК-д холбогдуулан 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/645 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгуулах нэхэмжлэлийг гаргажээ.

Ажил олгогчийн тушаалыг хүчингүй болгуулах нь нэхэмжлэлийн үндэслэл болсон талаар давж заалдах шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хуульд нийцсэн тул магадлалыг хэвээр үлдээнэ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу Я.Өыг ажилд нь эгүүлэн тогтоож, олговорыг олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

“МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/645 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг баримталж, Я.Өыг Нислэгийн хэлтсийн даргын баталсан 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн нислэгийн томилолтыг дур мэдэн өөрчилсөн, албан ажлын шаардлага тавихдаа хэлтсийн ажилтнуудтай зүй бусаар харьцаж харилцааны доголдол гаргасан, хэлтсийн ажлыг сайжруулах төлөвлөгөөт ажлыг зохион байгуулж захирлын зөвлөлийн хуралд танилцуулах үүргийг биелүүлээгүй хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэлээр бүхээгийн үйл ажиллагааны хэлтсийн дарга, агаарын хөлгийн ахлах үйлчлэгчийн албан тушаалаас чөлөөлжээ. /хх7-9/

Я.Ө давтан зөрчил гаргасан болох нь нотлогдоогүй талаар хоёр шатны шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасны дагуу дүгнэлт хийж, Хөдөлмөрийн тухай хууль, “МИАТ” ТӨХК-ийн ажилтны ёс зүйн дүрэм, Хөдөлмөрийн дотоод журам, Нислэгийн үйл ажиллагааны заавар зэрэг хэм хэмжээг хэрэглэн, хийвэл зохих хууль зүйн дүгнэлтийг хийсэн байна.

Ажил олгогч тушаалын үндэслэл буюу ажилтны гаргасан давтан зөрчлийг баримтаар хөдөлбөргүй нотлоогүй тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг 40.1.4-т заасан зохицуулалтыг зөрчсөн гэж үзнэ.

Шүүх нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоон, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 34 469 882 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 555 тоот тушаалыг зөрчөөгүй байна.

Хариуцагчийн хяналтын гомдлын агуулга Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т хамаараагүй тул гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 1135 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Рэнчинболдын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т  зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 330 300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                 П.ЗОЛЗАЯА