Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 00918

 

 

 

 

 

 

 

 

 

     2019 оны 04 сарын 17 өдөр

              Дугаар 183/ШШ2019/00918

                         Улаанбаатар хот

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ө-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “М” ТӨХК-д холбогдох,

 

Тушаал хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ө, түүний өмгөөлөгч ... , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... , гэрч ... , нарийн бичгийн дарга ... нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би “М” ТӨХК-д 1997 оноос хойш 20 гаруй жил ажиллаж байна. “М” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б/400 тоот тушаалаар Ө намайг Бүхээгийн үйл ажиллагааны хэлтсийн дарга, агаарын хөлгийн ахлах үйлчлэгчээр томилж, хөдөлмөрийн гэрээг байгуулсан. Миний бие ажиллаж байх хугацаандаа эрхэлсэн ажил үүрэгтээ ямар нэгэн алдаа, дутагдал гаргаагүй байхад намайг гэнэт 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр гүйцэтгэх захирлын Б/645 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Компанийн дүрмийн 8.8.11, Хөдөлмөрийн гэрээний 9.4.12, Хөдөлмөрийн дотоод журмын 10.1.1в, 11.9.4, 11.9.15, Нислэгийн үйл ажиллагааны зааврын 7.12.1, Сахилгын шийтгэл ногдуулах тухай гүйцэтгэх захирлын 2018 оны 4 дүгээр сарын 26-ны Б/337 тоот тушаалыг тус тус үндэслэн “нислэгийн хэлтсийн даргын баталсан 2018.08.03-ны нислэгийн томилолтыг дур мэдэн өөрчилсөн, албан ажлын шаардлага тавихдаа хэлтсийн ажилтнуудтайгаа зүй бусаар харьцаж, харилцааны доголдол гаргасан, гүйцэтгэх захирлын 2018.05.23-ны өдрийн Б/400 тоот тушаалын 3 дахь заалтаар өгсөн хэлтсийн ажлыг сайжруулах төлөвлөгөөт ажлыг зохион байгуулж захирлын зөвлөлийн хуралд танилцуулах үүргийг биелүүлээгүй, улмаар хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан” гэж ажлаас халсан нь үндэслэлгүй юм.

Нэг. Би 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Улаанбаатар-Берлин-Улаанбаатар чиглэлийн нислэгийн хуваарийг огт дур мэдэн солиогүй ба нислэгийн хуваарийг солих эрх зөвхөн төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн н.Ч-т байдаг тул тэрээр өөрийн гараар 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн нислэгийн хуваарийг сольсон, энэ хуваарь өөрчлөх програм руу орох эрх н.Ч-т л байдаг. Энэ тухай би тухайн үед үйлдвэрлэл эрхэлсэн тэргүүн дэд захирал Н.Г-д хэлсэн. Харин төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн н.Гц, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн н.Ч нар нь дээрх хуваарь өөрчилсөн асуудлын тухай мэдсээр байсан хирнээ хоорондоо үгсэн хуйвалдаж, намайг хэнд ч хэлэлгүй өөрийн програм руу ордог эрхээрээ нэвтэрч өөрчлөлт хийсэн, тухайн нислэг өглөө ахлах үйлчлэгчгүй байсан хэмээн гүтгэсэн юм. Үүнийг хэн өөрчлөлт хийснийг тодруулах нь их амархан асуудал боловч үүнийг нягтлахыг огт хүсэлгүйгээр Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга Т.М халах тушаалыг төлөвлөн, гүйцэтгэх захиралд танилцуулсанд туйлын гомдолтой байна. Миний бие ажлын байрны тодорхойлолтонд дурдсан үүргийнхээ дагуу хариуцсан ажилтнуудад ажлын шаардлага тавьж, хэлтсийнхээ ажилтнуудтайгаа зүй бусаар харьцаж, харилцааны доголдол гаргаж байгаагүй. Гүйцэтгэх захирлын 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б/400 тоот тушаалын 3 дахь заалтаар өгсөн хэлтсийн ажлыг сайжруулах төлөвлөгөөт ажлыг зохион байгуулж, захирлын зөвлөлийн хуралд танилцуулах үүргийг биелүүлээгүй гэж ажлаас халах үндэслэл болгожээ. Гэтэл уг тушаалд уг ажлыг хэзээ танилцуулах хугацааг заагаагүй. Хэлтсийн даргын албан тушаалд намайг томилогдсоноос хойш нэг удаа захирлын зөвлөлийн хурал болсон бөгөөд тухайн хурлын хэлэлцэх асуудлын жагсаалтад бүхээгийн үйл ажиллагааны хэлтсийн асуудал, хэлтсийн ажлыг сайжруулах төлөвлөгөөт ажлыг танилцуулах асуудал орсон уу гэж захирлын туслах н.Мөнхжингөөс асуухад ороогүй гэж хэлсэн. Хэлтсийн ажлын хагас жилийн төлөвлөгөөний хэлтсийн ажлыг сайжруулах төлөвлөгөө болон биелэлтийг Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргад би 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн орчимд танилцуулсан. Миний бие улмаар хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргаагүй. Ө миний бие компанийн дүрэм, хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журмыг зөрчөөгүй, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг нэр төртэй биелүүлж, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг гаргаагүй болно. Иймд Ө намайг үндэслэлгүй ажлаас халсан тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар М ТӨХК-иас гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулалт хийлгүүлэхийг “М” ТӨХК-д даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Гүйцэтгэх захирлын 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Б/267 тоот тушаалаар Ө-ыг ажилд дэвшүүлэн томилж, бүхээгийн үйл ажиллагааны хэлтсийн дарга, агаарын хөлгийн ахлах үйлчлэгчээр түр хугацаагаар томилж, 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б/400 тоот тушаалаар жинхлэн томилж, тус тушаалын 3 дахь заалтад бүхээгийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр төлөвлөгөөт ажил зохион байгуулж, үр дүнг нь захирлын зөвлөлийн хуралд танилцуулахыг үүрэг болгосон. Гэтэл 2018 оны 6, 7, 8, 9 дүгээр саруудад захирлын зөвлөлийн ээлжит хурал хуралдахад Хөдөлмөрийн дотоод журмын 2.3.10 дахь заалтын дагуу Ө нь холбогдох материалыг захирлын зөвлөлийн нарийн бичгийн даргад өгөөгүй нь Хөдөлмөрийн дотоод журмын 11.9.4-т зааснаар “Удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажлыг удаа дараа биелүүлээгүй бол” хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болно. 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Б/337 тоот тушаалаар Ө-д сахилгын шийтгэл оногдуулсан байх бөгөөд гүйцэтгэх захирлын 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Б/645 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэсэн нь Хөдөлмөрийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, 131.4-т нийцэж байна. Ө- нь нэхэмжлэлд дурдахдаа 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Улаанбаатар-Берлин-Улаанбаатар чиглэлийн нислэгийн хуваарийг огт дур мэдэн солиогүй, хуваарийг солих эрх зөвхөн төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн н.Ч-т байдаг тул надад нислэгийн хуваарь солих боломжгүй гэжээ. Компанийн үндсэн зааврын нислэгийн үйл ажиллагааны зааврын 7.12.1-д нисэх багийн ажлын наряд өмнөх сарын 25-ны дотор батлагддаг бөгөөд энэхүү ажлын наряд буюу нисэх бүрэлдэхүүнийг өөрчлөх эрх нислэгийн хэлтсийн ахлах мэргэжилтэнд байдаг болно. Учир нь энэхүү нисэх бүрэлдэхүүний хувийн мэдээллүүд нь нислэг үйлдэж буй нисэх буудлуудын гааль болох хилийн шалган нэвтрүүлэх албанд хүргэгддэг бөгөөд мэдээллийг өөрчлөх тохиолдолд энэхүү журамд заасны дагуу тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хийгддэг шат дамжлага бүхий үйл явц юм. Гэтэл Ө нь дур мэдэн 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн ... дугаарын аялалд ахлах үйлчлэгчээр өөрөө явахаар батлагдсан ажлын нарядыг өөрчилж, Б.У-г сольж бичсэн нь тогтоогдсон бөгөөд ... дугаарын аялал ахлах үйлчлэгчгүй нислэгт гарсан болно. Иймд Хөдөлмөрийн дотоод журмын 11.9.15-т “Компанийн үндсэн зааварт тусгагдсан үйл ажиллагаа, заавар, дүрэм журмын холбогдох заалтыг зөрчсөн нь ажлын байр албан тушаал гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой нь холбогдуулан Ө-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 9.4.12-т заасан хөдөлмөрийн ноцтой зөрчилд тооцогдох юм. Ө нь хариуцсан ажилтнуудтай зүй бус харьцаж, харилцааны доголдол гаргаж байгаагүй, ажлын шаардлага тавьж ажиллаж байсан хэмээн дурджээ. Бүхээгийн хэлтсийн агаарын хөлгийн үйлчлэгч Г, Д болон төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн Гц нарын гүйцэтгэх захиралд хандан гаргасан өргөдлийн дагуу Захиргаа хүний нөөцийн хэлтэс асуудлыг шалгаад хариуцсан ажилтнуудтай зүй бус харьцаж, харилцааны доголдол гаргаж байсан болохыг гүйцэтгэх захиралд танилцуулсан байна гэв.

 

            Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Ө-ын нэхэмжлэлтэй, “М” ТӨХК-д холбогдох, тушаал хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

М хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б/400 дүгээр тушаалаар “...Ө-ыг 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн Бүхээгийн үйл ажиллагааны хэлтсийн дарга, агаарын хөлгийн ахлах үйлчлэгчээр томилсугай” гэсэн байх бөгөөд талууд 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулжээ.

 

М хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Б/645 дугаар тушаалаар “Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Компанийн дүрмийн 8.8.11, Хөдөлмөрийн гэрээний 9.4.12, Хөдөлмөрийн дотоод журмын 10.1.1в, 11.9.4, 11.9.15, Нислэгийн үйл ажиллагааны зааврын 7.12.1, Сахилгын шийтгэл ногдуулах тухай гүйцэтгэх захирлын 2018 оны 4 дүгээр сарын 26-ны Б/337 тоот тушаалыг тус тус үндэслэн Ө- нь Нислэгийн хэлтсийн даргын баталсан 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн нислэгийн томилолтыг дур мэдэн өөрчилсөн, албан ажлын шаардлага тавихдаа хэлтсийн ажилтнуудтайгаа зүй бусаар харьцаж харилцааны доголдол гаргасан, Гүйцэтгэх захирлын 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б/400 тоот тушаалын 3 дахь заалтаар өгсөн хэлтсийн ажлыг сайжруулах төлөвлөгөөт ажлыг зохион байгуулж Захирлын зөвлөлийн хуралд танилцуулах үүргийг биелүүлээгүй, улмаар хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан тул 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсугай” гэжээ.

 

            1. Ө-ын ажиллаж байсан Бүхээгийн үйл ажиллагааны хэлтсийн дарга, агаарын хөлгийн ахлах үйлчлэгчийн ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн хуваарьт “нислэгийн томилолт”-ыг /наряд/ өөрчлөх, батлах эрх олгогдоогүй бөгөөд Ө нь өөрөө дур мэдэн, байгууллагын дотоод дүрэм, журам, заавар болон хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодохойлолтод заасныг зөрчин, 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн ... дугаарын аялалд ахлах үйлчлэгчээр явахаар батлагдсан Ө-ыг Б.У-ээр сольсон гэх үйл баримт хавтаст хэрэгт авагдсан гэрч Р.Ч, Гц нарын мэдүүлэг, AIMS програм болон e-office програмд үзлэг хийсэн баримт, 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн ... дугаар Улаанбаатар-Москва-Берлин чиглэлийн нислэгийн томилолт баталсан, түүнд өөрчлөлт оруулсан тухай баримт зэрэг нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.

 

            2. М хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн А/306 дугаар “Ёс зүйн хорооны бүрэлдэхүүн, дүрмийг шинэчлэн батлах тухай” тушаал болон “М” компанийн үндсэн зааврын Хавсралт 3.2-т заасан “Компанийн ажилтны ёс зүйн дүрэм”, “М” компанийн үндсэн зааврын Хавсралт 3.51-т заасан “Ёс зүйн хорооны ажиллах журам”-д зааснаар ажилтан Ө-ыг “албан ажлын шаардлага тавихдаа хэлтсийн ажилтнуудтайгаа зүй бусаар харьцаж, харилцааны доголдол” гаргасан эсэхийг Ёс зүйн хорооны хуралдаанаар хянан хэлэлцэж, шийдвэрлэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй болно.

 

            3. М хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б/400 дүгээр тушаалын 3 дахь заалтад “Бүхээгийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр төлөвлөгөөт ажил зохион байгуулж, үр дүнг Захирлын зөвлөлийн хуралд танилцуулах Бүхээгийн үйл ажиллагааны хэлтсийн дарга Ө-д үүрэг болгосугай” гэсэн байх боловч ямар хугацаанд уг төлөвлөгөөт ажил зохион байгуулж, үр дүнг Захирлын зөвлөлийн хуралд танилцуулах талаар дурдаагүй бөгөөд талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод дүрэм, журам, зааварт энэ талаар тусгасан болох нь нотлогдоогүй тул Ө-ыг “...ажилд томилсон Б/400 тоот тушаалын 3 дахь заалтаар өгсөн хэлтсийн ажлыг сайжруулах төлөвлөгөөт ажлыг зохион байгуулж Захирлын зөвлөлийн хуралд танилцуулах үүргийг биелүүлээгүй” гэж үзэх боломжгүй юм.

 

            4. М хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Б/337 дугаар тушаалаар “...2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, урьдчилан мэдэгдэлгүй, ажилдаа цагтаа ирээгүй Бүхээгийн үйл ажиллагааны хэлтсийн дарга Ө-д сануулах сахилгын шийтгэл ногдуулсан” байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3-т зааснаар ажилтан Ө нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй болно.

 

            Дээр дурдсан үндэслэлээр Ө нь Хөдөлмөрийн дотоод журмын 10.1.1.В, 11.9.4, 11.9.15, Нислэгийн үйл ажиллагааны зааврын 7.12.1, талуудын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 9.4.12-т тухайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан болох нь нотлогдохгүй байх тул М хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Б/645 дугаар тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасныг зөрчсөн байна гэж дүгнэн, Ө-ыг Бүхээгийн үйл ажиллагааны хэлтсийн дарга, агаарын хөлгийн ахлах үйлчлэгчийн ажилд нь эгүүлэн тогтоож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл, хураамж төлөхийг хариуцагч байгууллагад даалгах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасантай нийцэж байна.

 

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалыг үндэслэн Ө-ын ... дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн бичилтийн 2018 оны 5, 6, 7 дугаар саруудын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дундаж цалин хөлсийн 1 хоногт ногдох ... төгрөгийг /2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх хугацааны/ 163 хоногоор тооцож ... төгрөгийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагч байгууллагаас гаргуулан нэхэмжлэгчид олгов.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч Ө-ын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь М хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Б/645 дугаар тушаалын эрх зүйн үр дагаврыг хянан шийдвэрлүүлэхээр байх тул уг тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дүгээр зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ө-ыг “М” ТӨХК-ийн Бүхээгийн үйл ажиллагааны хэлтсийн дарга, агаарын хөлгийн ахлах үйлчлэгчийн ажилд нь эгүүлэн тогтоож, М хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Б/645 дугаар тушаалыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч “М” ТӨХК-иас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт ... төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ө-д олгосугай.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан Ө-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл, хураамж төлөхийг хариуцагч “М” ТӨХК-д даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ө нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлийн хувьд улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “М” ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 330.269 төгрөгийг гаргуулан төрийн сангийн дансанд оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                Ж.СЭМЖИД