Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 2149

 

 “Г” СӨХ-ны нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч, С.Энхтөр, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2017/01481 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Г” СӨХ-ны нэхэмжлэлтэй

Хариуцагч Ж.Б-д холбогдох

45 881 050 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Э-ийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А

Хариуцагч Ж.Б

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч “Г” СӨХ-оос шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбартаа: Хариуцагч Ж.Б 2009 оноос 2014 оны хооронд “Г” СӨХ-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. 2014 онд оршин суугчид гүйцэтгэх захирал болон удирдах зөвлөл ажил үүргээ гүйцэтгэхгүй байна гэж гомдол гаргаснаар СӨХ-ны 2010 оноос 2014 оны 6 дугаар сар хүртэлх үйл ажиллагаанд Монголын Сууц өмчлөгчдийн холбооны Дээд зөвлөлийн хяналтын зөвлөлөөс хийсэн шалгалтаар 46 087 100 төгрөгийн дутагдал илэрч, санхүүгийн үйл ажиллагаанд аудит оруулахад 48 881 000 төгрөгийн дутагдал илэрсэн. Энэ мөнгийг подвол түрээслэгч нар гүйцэтгэх захирал Ж.Б-д бэлнээр тушааж байсан.

Манай зүгээс эрүүгийн журмаар гомдол гаргаад цагдаад шалгуулсан боловч гүйцэтгэх захирал, нягтлан нарын хэн нь хэдэн төгрөг ашигласан нь тогтоогдохгүй гээд хэрэгсэхгүй болсон. Энэ мөнгө 4 жил 6 сарын хугацаанд сууц өмчлөгчдийн дундын хөрөнгийн засвар үйлчилгээнд зарцуулагдах ёстой байсан. Иймд 45 881 050 төгрөгийг гүйцэтгэх захирал Ж.Б нь ажил үүргээ хангалттай хийгээгүй тул холбоонд хохирол учруулсан үндэслэлээр шаардаж байна. Холбооны үйл ажиллагааг өдөр тутам зохион байгуулалтаар хангаж, хяналт тавих үүргээ гүйцэтгээгүй тул дээрх хохирол учирсан байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Намайг түрээсийн мөнгө хурааж байсан гэж ярьж байна. Би нэг ч бэлэн мөнгө хурааж байгаагүй. Энэ сууц өмчлөгчдийн холбоог хүлээж авахад сарын орлого 800 000 төгрөг байсан. 10 000 000 гаруй төгрөгийн өртэй сууц өмчлөгчдийн холбоог хүлээж авсан. 2014 онд нэхэмжлэгч талд сууц өмчлөгчдийн холбоог хүлээлгэж өгөхдөө дансандаа 4 000 000 төгрөгийн орлоготой, ямар ч өр төлбөргүй, бүх байранд гадна, дотор засвар, сантехник, дээврийн бүх засварыг хийсэн, гадна орчныг тохижуулсан сууц өмчлөгчдийн холбоог хүлээлгэж өгсөн. Оршин суугчид ямар нэгэн гомдол гаргаагүй. 2014 онд сууц өмчлөгчдийн холбоог өгөхөд сарын орлого 4 000 000 төгрөг байсан. Түрээсээс 1 800 000 төгрөг, оршин суугчдаас 2 200 000 төгрөг цугладаг байсан. Бодит зарлага сардаа цалин 2 160 000 төгрөг, цахилгаан эрчим хүчинд 800 000 төгрөг, нийгмийн даатгал, татварт 580 000 төгрөг, засвар үйлчилгээ 500 000, цэвэр ус 80 000 төгрөг, цэвэрлэгээний материал 60 000 төгрөг гарч байсан. Эндээс ямар нэгэн хүн идэж, уух ямар ч төсөв хөрөнгө байхгүй. Сууц өмчлөгчдийн холбооны засвар үйлчилгээг бид хийж байсан. Мөнгө дутсан байвал нягтлан бодогч хариуцах ёстой гэжээ.

Шүүх: Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Б-аас 44 617 050 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Г” СӨХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 264 000 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгож,

          Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж.Б-аас 381 035 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Г” СӨХ-д олгон, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 387 360 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой үнэлж дүгнэлгүйгээр хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хуралдаанд хариуцагчаас өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцох хүсэлтэй байгаа талаараа илэрхийлсэн байхад шүүх гаргасан хүсэлтийг хангахаас татгалзаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасныг зөрчсөн.  Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгийг тал бүрээс нь бодитойгоор харьцуулж үзэлгүй үнэлсэн. Холбооны өдөр дутамын үйл ажилагааг эрхлэн зохион байгуулах эрх бүхий этгээдийнхээ хувьд нягтлан бодогчийн үйл ажиллагаанд хяналт тавилгүй, дээрх санхүүгийн анхан шатны бүртгэлийг хөтлөөгүй, холбооны мөнгөн хөрөнгийг холбооны дансанд хуримтлуулаагүйн буруу гэж дүгнэж хариуцагч Ж.Б-аас 44 617 050 төгрөг гаргуулан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т заасан хяналт тавих үүрэгтэй мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-т гүйцэтгэх захиралын эрх, үүргийг зохицуулсан байх бөгөөд нягтлан бодох бүртгэлд хяналт тавих үүргийг хүлээлгэсэн зохицуулалт байхгүй байхад анхан шатны шүүх хариуцагч Ж.Б-г "Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон Сууц өмчлөгчпийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно. Түүнчлэн “Г" СӨХ нь удирдах зөвлөлөөс сонгогдсон санхүү хариуцсан нягтлан бодогчтой, нягтлан бодогч нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан үүрэг хүлээсэн С.Ж гэх хүн өөрийн хариуцсан ажилдаа хариуцлагагүй хандсаны улмаас санхүүгийн анхан шатны тайлан, нягтлан бодох бүртгэл зэрэг баримтуудыг устгасан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон байхад хэрэгт ач холбогдолтой үйл баримтанд хууль зүйн дүгнэлт хийлгүй шийдвэрлэсэн. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй байна.

          Нэхэмжлэгч “Г” СӨХ хариуцагч Ж.Б-д холбогдуулан ажил үүргээ гүйцэтгэж байхдаа 45 881 050 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсныг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч Ж.Б Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу холбооны дүрэмд заасан эрх хэмжээ, удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээний үндсэн дээр 2004 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд “Г” СӨХ-ны гүйцэтгэх захирлаар ажилласан үйл баримтын талаар талууд маргаагүй.

Нэхэмжлэгч Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн хяналтын зөвлөлөөс хийсэн шалгалтын 2014/09 тоот актыг үндэслэн, хариуцагч нь ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс СӨХ-д гэм хорын хохирол учруулсан үндэслэлээр шаардлага гаргасан байхад шүүх хэргийг дангаар хянан шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийг тодруулаагүйгээс хэргийг хууль бус бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзнэ.

           Давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, уг ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүйгээс хэрэгт цугларсан нотлох баримтад эрх зүйн дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1, 168 дугаар зүйлийн 168.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2017/01481 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 381 100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Н.БАТЗОРИГ

                                                        ШҮҮГЧИД                                          С.ЭНХТӨР  

                                                                                                                  Д.БАЙГАЛМАА