Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2020/00383

 

Т.Мын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 384 дүгээр шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 64 дүгээр магадлалтай,

Т.Мын нэхэмжлэлтэй

Дархан сумын ЕБ 12-р сд холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Х.Оюунбатын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч Т.М болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболд нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэрэл цогцолбор сургуулийн захирал Ж.Маанийдаарийгийн 2018.05.08-ны өдрийн Б/21 тоот тушаалаар халсныг тус шүүхийн 2018.08.09-ний өдрийн 861 дугаар шийдвэрийн дагуу 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Ерөнхий боловсролын 12 дугаар сургуулийн Н.Сүхбаатар захирлын Б/27 тоот тушаалын дагуу ажилд эгүүлэн томилогдон ажиллаж байсан ба 2018.12.20-д Холбооны бүгд найрамдах Герман улсад явах шаардлага гарсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д заасан мөн сургуулийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.1-т заасны дагуу 2018 оны 12 дугаар сарын 18-аас 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл 1 сарын чөлөө хүсч, 2018 оны 12 дугаар сарын 15-18-ны хооронд нягтлан бодогч Б.Одсайханд ажлаа хүлээлгэн өгөөд явсан. Харин 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр иртэл захирал Ж.Маанийдаарий чамаар ажил хийлгэхгүй, өөр хүн авсан бас халах тушаал өгөхгүй, чи шүүхдээд ордог биз дээ гэж хэлсэн. Сургуулийн хүүхдийн амралт сунгагдаад ажил бага байгаа болохоор бас надад халах тушаал өгөөгүй болохоор ажилдаа эргээд орох байх гэж бодож байтал удаа дараагийн уулзалтад шүүхээр шийдүүлбэл шийдүүл гэж хэлсээр ирсэн. Цаг хугацаа явж намайг ажлаас халаагүй бас ажлын байраар хангалгүй хохироож байгаа тул намайг ажлын байраар хангаж чөлөөтэй байсан хугацаанаас бусад ажиллаж байсан хугацааны цалин хөлсийг бодож олгох ба эрүүл мэнд болон нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ж.Маанийдаарий, О.Адъяа нар шүүхэд гаргасан тайлбартаа: Төмөрбаатар овогтой Т.М нь тус шүүхэд ажлаа үргэлжлүүлэн хийх, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичүүлэх гомдол гаргасныг эс зөвшөөрч байна. Учир нь Т.М нь 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс тус сургуульд нярвын албан тушаалд томилогдон ажиллаж байсан. Энэ хугацаанд буюу 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн захирлын А/28 тоот тушаалаар томилогдсон тооллогын комисс нь сургуулийн эд хөрөнгөд тооллого хийхэд нягтлан бодох бүртгэлийн анхан шатны бичиг баримтыг хөтлөөгүй, данс бүртгэлийг шинэчлээгүй, мөн хүнсний агуулахад тооллого хийхэд нягтлан бодох бүртгэлийн цахим программын хүнсний материалын дансны үлдэгдэл мөнгөн дүнгээр 2017 оны 10 дугаар сарын 12-ны байдлаар 10.878.854 төгрөгийн хүнсний материал дутсан байсныг илрүүлэн захиралд танилцуулж, нябо нарт богино хугацаанд өр төлбөрийг барагдуулахыг сануулсан байдаг. Т.М нь 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс ажилдаа ирээгүй, ажлаа хүлээлгэн өгөөгүй, мөн албан ёсны чөлөө авалгүйгээр гадаад явж байгууллагын жилийн эцсийн тайлангийн үеэр үүрэгт ажлаа биелүүлээгүй болно. Тайлан мэдээг хоцроож зарим хүнсний болон аж ахуйн тайланг бид бүхэн өөрсдөө нөхөн хийж мэдээ тайлангаа гаргаж байсан. Ингээд ажилдаа огт ирэхгүй байж байгаад 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр ирж өөр ажилд шилжин ажиллах, ажилгүйдлийн тэтгэмж авах болсон тул ажлаас чөлөөлөгдсөн тушаал хүсч, захирлын Б/21 тоот тушаалыг авч явсан. Т.М нь Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 861 тоот шийдвэрийг үндэслэн Н.Сүхбаатар захирлын 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Б/27 тоот тушаалаар томилогдон ажиллаж байх хугацаандаа бараа материалын болон хүнсний тайлангуудыг хугацаанд нь тайлагнаж нягтлан бодогчоор хянуулаагүй байна. Т.М нь 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Герман улс руу аялах болсон тул 1 сарын чөлөө хүсч өргөдөл бичсэн өргөдлийн хариуд нь 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 179 тоот албан бичгээр нягтлан бодогч солигдож байгаа болон хүнсний 9, 10, 11, 12 дугаар сарын тайлан хийгдээгүй, хянагдаагүй байгаа ба жилийн эцсийн тооллого, мэдээ тайлан хийхэд нярав зайлшгүй байх шаардлагатай тул 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл чөлөө олгохгүйг мэдэгдсэн. Ингээд Т.М нь би чөлөө өгсөн ч явна, өгөөгүй ч явна гэдгээ чамд болон захиралд хэлсэн гээд өөрийн дутаа хийсэн хүнсний тайлангуудаа хянуулахгүйгээр нягтланд орхисон ба бараа материалын болон аж ахуйн тайланг 9, 10, 11, 12 саруудын тайланг огт өгөөгүй бөгөөд хүнээр хийлгээд 2018 оны 12 дугаар сарын 25-ны дотор өгөөд явуулна гээд санхүүгийн анхан шатны баримт болох шаардах хуудсууд, зарлага, орлогын баримтуудыг авч явсан. Мөн нягтлан Б.Одсайханд гэсэн өргөдлийг 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 20 цагт агуулахуудын түлхүүрүүдийн хамт нягтлангийн ширээн дээр орхиод нөхрийн хамт явсан. Т.М нь санхүүгийн анхан шатны баримтуудыг 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр авч яван жилийн эцсийн тайлан өгөх хугацааг хоцроож, тус сургуулийн нягтлан бодогч болон аудитын газраас удаа дараа баримт нэхсэн боловч өгөхгүй байсаар 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр өгч, нөхөн тайлан хийснийг аудитын газрын дүгнэлтэд тусгасан байна. Т.М нь өөрийн хувийн ажлыг урьтал болгож, төрийн ажлыг өөрт хамаагүй мэтээр ойлгож, бусдыг элдвээр доромжилж, бусдыг алдаатай мэтээр ойлгуулж, өөрөө алдаагүй мэтээр худал мэдээллийг өгч ёс зүйгүй авирладаг нэгэн. Иймээс Т.Мын Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 384 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Т.М нэхэмжлэлтэй Дархан сумын ЕБ 12-р сд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 64 дүгээр магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 384 дүгээр шийдвэрийн 1 дүгээр заалтыг: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Т.Мын нэхэмжлэлтэй Дархан сумын ЕБ 12-р сд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож гэснийг, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Мыг Дархан-Уул аймаг, Дархан сумын Ерөнхий боловсролын 12 дугаар сургуулийн нярвын ажилд эгүүлэн тогтоож, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Дархан-Уул аймаг, Дархан сумын ЕБ 12-р сд даалгаж, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2.232.815 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгуулах гэж, 2 дугаар заалтыг: ... 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж гэснийг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Т.Маас тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай гэсэн заалтыг шүүхийн шийдвэрт нэмж оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Х.Оюунбат хяналтын гомдолдоо: Магадлал нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 р зүйлийн 172.2.2 заалтыг үндэслэн хууль буруу тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргах нь: 1. Давж заалдах шатны шүүх нь Хөдөлмөрийн хуулийн 37-р зүйлд заасан үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлан эрхийн акт гаргах үүрэгтэй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуульд заасан эрхзүйн үр дагаврыг үүсгэх юм гэх үндэслэлийг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй. Учир нь Хөдөлмөрийн хуулийн 37-р зүйлд 8 үндэслэлийг заасан бөгөөд энэхүү 8 үндэслэл бий болсноор хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох үндэслэлийг тодорхойлсон. Маргаж буй асуудалд Хөдөлмөрийн тухай хуулийн 37-р зүйлийн 37.1.1-37.1.7р зүйл заалтад заасан үндэслэл байхгүй бөгөөд талууд энэ талаар маргаагүй. Харин талуудын маргаж буй асуудал болох хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох үндэслэл буюу хөдөлмөрийн гэрээг ажилтан болон ажил олгогчийн хэний санаачлагаар цуцалсан болохыг үнэлж дүгнэхэд Хөдөлмөрийн хуулийн 37-р зүйлийн 37.1.8 заалтыг баримтлан шийдвэрлэх хууль зүйн зохицуулалт. Гэтэл уг заалтыг үндэслэн ажил олгогч акт гаргах үүрэгтэй байсан гэж тайлбарлан хэрэглэж байгаа нь буруу. Хөдөлмөрийн хуулийн 37-р зүйл нь ажил олгогч заавал акт гаргах ёстой гэдгийг үндэслэсэн зохицуулалт биш болно. 2. 2018.12.18-ны өдөр ажилтан Т.М өөрийн санаачлагаар ажлын байраа орхин явсан бөгөөд үүнээс хойш 2019.01.20 ны өдөр байгууллага дээр ирсэн болох нь “согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх асуудлаар маргаан үүсгэсэн гэх баримтаас харагддаг ба үүнээс хойш дахин ажил дээрээ огт ирээгүй ба 2019.02.12-ны өдөр нөхөр В.Баярмагнай нь нийгмийн даатгалын дэвтрийг ирж аваад явсан баримт хэрэгт авагдсан. 2018.12.18-ны өдрөөс хойш ажилдаа ирээгүй буюу нэхэмжлэл гаргах хүртэл ажилдаа ирээгүй шалтгаанаа болон ажилдаа буцан орох хүсэлтээ гаргаагүй. Ажил олгогч нь ажилтны зүгээс ямар шалтгааны улмаас ажлын байраа орхин явсан шалтгаан нөхцөлийг тодруулж Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлд заасан 7 үндэслэлийн аль заалтыг баримтлан шийдвэр гаргах вэ гэдгээ шийдвэрлэх үүрэгтэй. Ажилтан Т.М нь өмнө буюу 2017.12.13-ны өдөр ажлын байраа орхин явсан шалтгаан тодорхойгүй байхад ажил тасалсан гэх үндэслэлээр ажлаас халахад шалтгаан нөхцөлийг тодруулаагүй, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж ажил олгогчийг буруутган ажилдаа эгүүлэн тогтоогдсон. Иймд ажилтан Т.М 2018.12.18-ны өдрөөс ажлын байраа орхисон талаар болон орхисон шалтгаан нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх талаар тодорхойгүй байхад ажил олгогч ямар нэгэн шийдвэр гаргах үүрэгтэй байсан гэж үзсэн нь үндэслэлгүй. Ажил олгогч нь ажил ган ажилдаа ирээгүй шалтгаан нөхцөлийг тогтоосныг үндэслэн Хөдөлмөрийн хуулийн 40 р заалтыг аль заалтыг баримтлан хөдөлмөрийн гэрээг цуцлах вэ гэдгээ шийдвэрлэх үүрэгтэй. Ажилтан ажилдаа буцан орох хүсэлт , хүндэтгэн үзэх шалтгаантай, шалтгаангүй байсан гэх талаар ямар ч баримт хариуцагч байгууллагад ирүүлээгүй байхад ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэр гаргах ёстой байсан гэх үндэслэлээр ажилд эгүүлэн тогтоохоор шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй. 3. Ажилтан 2018.12.18 ны өдөр ажлын байраа орхин явсан нь ажил олгогчийн гэм буруутай эсэх ялангуяа ажил олгогч нь 2018.12.18-наас ажилтныг ажлаа хийх боломж олгоогүй, ажлыг нь хийлгэхгүй байсан гэх гэм буруу байсан эсэхийг тогтоосноор ажил эгүүлэн тогтоох үндэслэл болно. Ажилтан 2018.12.18-наас-2019.01.20 хүртэл сайн дураар ажилдаа ирээгүй, 2019.01.20-ны өдөр нэг удаа ирсэн боловч ажлаа хийгээгүй, ажилдаа орох хүсэлт ч гаргаагүй ба үүнээс хойш дахин ажилдаа ирээгүй нь ажил олгогч буруутай эсэхийг анхаарч хэргийг шийдвэрлээгүй ба эдгээр хоногуудад ажил хийлгүүлээгүй гэх ажил олгогчийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байхад ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй гэж үзсэн нь буруу. Хөдөлмөрийн хуулийн 129 р зүйлийн 129.2 заалтад ажилтан ажлаас буруу халсан гэж үзвэл ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 1 сарын дотор шүүхэд гаргана. Энэ хугацааг шүүх анхаараагүй. Өөрөөр хэлбэл ажлаас хэзээ халсан гэж үзэж байгаа нь тодорхойгүй бөгөөд ажилтны ажлаа орхин явсан хугацааг өөрийн санаачлагаар ажлаас халсан өдөр гэж үзэх эсэхэд дүгнэлт хийгээгүй атлаа шийдвэр гаргаагүй нь ажлаас халсантай адилтган үзнэ гэж дүгнэсэн. Энэхүү ажил олгогч ажлаас халсан гэх дүгнэлтийг хийж байгаа бол хэзээ халсан гэж үзэх, халсан гэх өдрөөс 2019.02.13 ны өдрийн шүүхэд хандсан хугацаа хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн эсэхийг хэрхэн тооцох хууль зүйн үндэслэлийг давж заалдах шатны шүүх шийдвэрлээгүй. 4. Ажилтан ажлын байраа орхисон нь /30 хх ард чөлөө өгсөн ч явна өгөөгүй ч явна гэх...тэмдэглэл 37 хх ...яг явах болсон чөлөө өгөхгүй гэж хариу өгч намайг аргагүй байдалд оруулсан гэх нэхэмжлэгчийн тайлбар 30 хх, 37хх, 39хх нотлох баримтууд/ хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох Хөдөлмөрийн хуулийн 37-р зүйлийн 37.1.8 заасан үндэслэлийг бий болгосон. Уг үндэслэлд ажил олгогч буруугүй болох нь хэрэгт нотлогдсон баримтыг давж заалдах шатны шүүх үнэлээгүй. 5. Ажилтан Т.М нь ажил олгогчтой тохиролцсон хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргийг өөрийн санаачлагаар хийхгүйгээ илэрхийлээд /30хх/орхин явсан нь Хөдөлмөрийн хуулийн 39 р зүйлийн 39.2 т заасан үндэслэл бий болсон бөгөөд энэхүү хугацаа нь 2018.12.18-ны өдөр байсан хэрэгт нотлогдсон. Өөрөөр хэлбэл ажилтан өөрийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Иймд хэрэгт авагдсан нотлох баримтыг анхаарч үзээгүй, Хөдөлмөрийн хуулийн 37-р зүйлийг буруу тайлбарлан хэрэглэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон гэж үзэж байх тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Т.М нь Дархан-Уул аймаг, Дархан сумын ЕБ 12-р сд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг ажил олгогчид даалгахыг хүссэн нэхэмжлэлийг гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хянаад, нэхэмжлэлийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийг тухайн маргааны үйл баримтад хэрэглэхдээ хууль зөрчөөгүй, анхан шатны шүүхийн хууль хэрэглээний алдааг залруулсан нь үндэслэлтэй болсон байх тул магадлалыг хэвээр үлдээнэ.

Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Т.М нь тус сургуульд нярваар ажилладаг байх ба гадаад улсад зорчихоор  2018.12.18-2019.01.18 хүртэл хугацаагаар чөлөө олгохыг ажил олгогчоос хүссэн, 2018.12.15-наас 18-ны хооронд ажлаа хүлээлгэн өгсөн, 2019.01.18-нд ажилдаа ирэхэд өөр  хүн ажилд авсан гэсэн шалтгаанаар ажиллуулаагүй, ажлаас халах тушаал гараагүй гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон байна. Хариуцагч нэхэмжлэлийг татгалзахдаа ...чөлөө олгоогүй, ажил тасалсан зөрчил гаргасан тул өөр хүн ажилд авсан гэж маргажээ.

Хэрэгт байгаа баримтын хүрээнд ажил олгогч Дархан сумын Ерөнхий боловсролын 12 дугаар сургуулийн зүгээс чөлөө олгохгүй гэдгээ ажилтан Т.Мд мэдэгдсэн болохоо нотлоогүйгээс гадна ажлыг нь хүлээн авсан үйл баримтыг баримтаар үгүйсгээгүй,  хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоогүй атлаа ажилтныг ажиллуулахгүй байгаа байдлыг ажлаас халсантай адилтган үзэж, үр дагаврыг шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй, шүүх хийвэл зохих хууль зүйн дүгнэлтийг хийсэн байна.

Ажилтан зөрчил гаргасан болохыг нотлоогүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлд зааснаар гэрээг дуусгавар болгох талаар эрхийн акт гаргаагүй хариуцагчийн үйлдлийг хууль бус гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу Т.Мыг ажилд нь эгүүлэн тогтоож, 2019 оны 1 дүгээр сарын 19-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх буюу 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг ажил олгогчоос гаргуулан шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй болсон тул магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 64 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Х.Оюунбатын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т  зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120 885 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Х.СОНИНБАЯР

       ШҮҮГЧ                                                                 П.ЗОЛЗАЯА