Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 24

 

                                                           Э.Чт холбогдох эрүүгийн

                                                                 хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

          прокурор Б.Батбаяр,

          шүүгдэгч Э.Ч, түүний өмгөөлөгч Д.Золзаяа, Д.Бурмаа,

          нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

          Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бавуу даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 201 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Чийн өмгөөлөгч Д.Золзаяа, Д.Бурмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Э.Чт холбогдох 1707 0006 60081 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Бодь овгийн Энхтүвшингийн Ч, 1986 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Гучин-Ус суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засгийн мэдээллийн менежер мэргэжилтэй, “Бадрал капитал” ХХК-ийн ерөнхий менежер ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 8-190 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ИЖ86011018/;

Э.Ч нь үргэлжилсэн үйлдлээр, Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Угалзан цамхаг” ХХК-ийн захирал Г.Аээс 2015 онд 11 сард 16.500.000 төгрөгийн үнэтэй 6978УНН улсын дугаартай “Тоёота Рав-4” маркийн тээврийн хэрэгсэл, 2016 оны 6 дугаар сараас 9 дүгээр сарын хооронд 36.000.000 төгрөгийн үнэтэй 200.000 ширхэг тоосго, 2016 оны 11 дүгээр сарын 28-нд бэлэн 500.000 төгрөг зэрэг нийт 53.000.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хуурч, эд зүйл, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Э.Чийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Э.Чийг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Э.Чийг 2 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.А нь “хохирлоо бүрэн барагдуулсан гэж ойлгож болно” гэсэн болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Чийн өмгөөлөгч Д.Золзаяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоол нь шүүгдэгчиин эрх ашгийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5, 39.6 дугаар зүйлд заасны дагуу анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад талууд тоосгоны үнийн зөрүү дээр маргадаг бөгөөд хэрэт ач холбогдолтой байдлыг орхигдуулсан гэх үндэслэл харагдаж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч шинжээчээс тоосгоны үнийг ямар байдлаар тогтоосон талаар асууж тодруулахад шинжээч ...цахим мэдээллийн сангаас авч өгсөн. Холбогдох байгууллагаас тодруулах шаардлагагүй. Цагдаагаас ирсэн асуултын хүрээнд дүгнэлт гаргасан гэх тайлбарыг хэлдэг. Энэ нь хэрэгт шаардлагатай нотлох баримтыг судлалгүйгээр дүгнэлт гаргасан бөгөөд зөвхөн тоосгоны үнэ 180 төгрөг гэдгийг нотлох зорилгоор хийсэн дүгнэлт гэж үзэх үндэслэлтэй байна. Хохирогч Алтаннэцэг нь шүүхэд өгсөн мэдүүлэгтээ, тоосгоны үнэ байнгын хэлбэлзэлтэй байдаг, өөрийн зүгээс тоосгоны анхны үнэ болох 120 төгрөгөөр эвлэрлийн гэрээ байгуулахад татгалзах зүйлгүй, ямар нэгэн гомдол санал байхгүй гэсэн нь тоосгоны үнэ хэд ч байж болохоор үйл баримт харагдаж байна. Энэ үйл баримтаас харахад шинжээч нь хэргийн бодит байдалд нийцсэн мэргэжлийн түвшинд дүгнэлтээ гаргаагүй. Зөвхөн цагдаагийн асуултаар хязгаарлаж тухайн тоосго ямар чанар стандартын, хэдэн төгрөгийн үнэтэй, юунд хэрэглэгдэх тоосго байсан талаарх дүгнэлтийг эргэлзээтэй гаргасан гэж үзэж байна. Гэтэл шүүх тоосгоны үнэ 180 гэх шинжээчийн дүгнэлтийг үндэслэн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2-т заасан дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан. Мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3-т дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад шүүх аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн талаарх үндэслэлээ заагаагүй гэж үзэж байна. Учир нь, шүүхийн тогтоолд тоосгоны маргаан бүхий үнийн талаарх бусад үндэслэлээ дурдаагүй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж байгаа нь үндэслэлгүй байна. Э.Ч нь 53.000.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хуурч, эд зүйл, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан үйлдэл тогтоогдохгүй байна. Э.Ч болон хохирогч нарын хооронд аман хэлцэл байсан бөгөөд талуудын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн.

Мөн Аийн нэр дээрх эд хөрөнгийг шууд өөрийн өмчлөлд шилжүүлсэн үйл баримт тогтоогдохгүй байна. Яллах дүгнэлтэд үргэлжилсэн үйлдэл гэх боловч 500.000 төгрөгийн цаг хугацааг нарийн тогтоож, хөөн хэлэлцэх хугацааг тооцоогүй байна.

Э.Ч нь хохирлыг бүрэн барагдуулсан. Хохирогч гомдолгүй гэж удаа дараа мэдүүлсэн, анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа зэргээс харахад түүний ялыг хөнгөрүулэх нөхцөл байдал бүрэн тогтоогдож байна. Гэтэл прокуророос Э.Чт Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүх 2 жилийн ял оногдуулсанд гомдолтой байна.

Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

          Шүүгдэгч Э.Чийн өмгөөлөгч Д.Бурмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх шийтгэх тогтоолоор шүүгдэгч Э.Чт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэсэн нь хуулийг буруу хэрэглэж шийдвэр гаргасан гэж үзэж байна.

          Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт: Тогтоолын 2 дугаар хуудас, шүүгдэгч Э.Ч нь ...“Угалзан цамхаг” ХХК-ийн захирал Г.Аээс тус компанийн эзэмшилийн 16.500.000 төгрөгийн үнэ бүхий 6978 УНН улсын дугаартай “Тоёота Рав-4” маркийн тээврийн хэрэгслийг хавтангаар бартер хийж авъя гэж 2015 оны 11 дүгээр сард, мөн 2016 оны 7 дугаар сарын 31-нээс 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд нэг бүр нь 120 төгрөгийн үнэ бүхий 24.000.000 төгрөгийн 200.000 ширхэг тоосгыг 7000 ширхэгээр 24 удаа, 8000 ширхэгээр 4 удаа зарлагадуулах, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр иргэн Ганзоригийн ажлын хөлсийг аваачиж өгнө гэх зэргээр авч, төлбөрийг төлөөгүй хохироосон үйл явдал болсон байна. Шийтгэх тогтоолын 5 дугаар нүүрт бичигдсэн ...нотлох баримтуудыг дүгнэхэд шүүгдэгч Э.Ч нь “Угалзан цамхаг” ХХК-ийн захирал Г.Аээс компанийн эзэмшлийн 16.500.000 төгрөгийн үнэ бүхий 6978 УНН улсын дугаартай “Тоёота Рав-4” маркийн тээврийн хэрэгслийг 2015 оны 11 дүгээр сард, 2016 оны 7 дугаар сарын 31-нээс 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд тус компанийн нэг бүр нь 120 төгрөгийн үнэ бүхий 200.000 ширхэг тоосгыг, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр иргэн Ганзоригийн ажлын хөлс 500.000 төгрөгийг залилан авч, “Угалзан цамхаг” ХХК-д 41.000.000 төгрөгийн хохирол санаатай учруулан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн тул түүнийг гэм буруутай гэж шүүх үзлээ гэж дүгнэсэн. Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэмжээг хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, гэрч, шинжээчийн мэдүүлэг зэргээр үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байна.

          Шүүх тогтоолдоо шүүгдэгч Э.Ч нь “Угалзан цамхаг” ХХК-ийн захирал Г.Аээс ...нийт 41.000.000 төгрөг буюу тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуульд заасан их хэмжээний хохиролтой гэмт хэрэгт оногдуулах ялын доод хэмжээ тав, түүнээс дээш дээд хэмжээ нь арван жил, 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр даган мөрдөгдөж байгаа шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т их хэмжээний хохирол учирсан гэмт хэрэгт оногдуулах ялын доод хэмжээ хоёр жил, дээд хэмжээ нь найман жил болж 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах ял нь хөнгөрч, шүүгдэгч Э.Чийн эрх зүйн байдал дээрдэж байна. Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Э.Чт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж байгаа нь үндэслэлтэй тул түүнд энэ зүйл, хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ гэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

          Прокурор яллах дүгнэлтдээ, яллагдагч Э.Ч нь үргэлжилсэн үйлдлээр “Угалзан цамхаг” ХХК-ийн захирал Г.Аээс ...нийт 53.000.000 төгрөгийн /тоосгыг 36.000.000 төгрөгийн үнэтэй 200.000 ширхэг тоосго гэжээ/ үнэ бүхий эд хөрөнгийг залилан авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэхээр тогтоосугай гэсэн байх ба шүүх нийт хохирлын хэмжээг 41.000.000 төгрөгөөр тогтоож прокурорын яллах дүгнэлтээс зөрүүтэй болсон талаар тайлбарлаагүй. Шийтгэх тогтоолд энэ талаар дурдаагүй.

          2015 онд батлагдсан 2017 оны 07 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр дагаж мөрдсөн Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д ...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж заасан. Энэ хэргийн нийт хохирол 41.000.000 төгрөгөөр тогтоогдсон ба одоо мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д их хэмжээний хохирол гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгоно гэсэн ба 41.000.000 төгрөгийн хохирол нь их хэмжээнд тооцогдохгүй байна. Гэтэл шүүх Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн үндсэн шинж болох их хэмжээний хохирол учирсан гэсэн нь үндэслэлгүй байна. 41.000.000 төгрөгийн хохирол нь их хэмжээний хохирлын хэмжээнд хүрэхгүй, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. Шүүх гэмт хэргийн улмаас 41.000.000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон гэж тодорхойлсон ба гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

          Шүүгдэгч Э.Ч нь хувийн байдлын хувьд дээд боловсролтой, Хятад хэлтэй, гэр бүлийн хувьд тогтвор суурьшилтай, гэр бүлийн баталгаатай, 5-7 насны хоёр хүүхэдтэй, “Бадрал капитал” ХХК-д ажилладаг, амьдралынхаа төлөө зүтгэж яваа залуу хүн юм. Түүний үйлдэл санаатай гэмт хэрэг гэхээсээ бизнес хийж байгаад хууль эрх зүйн мэдлэг дутмагаас алдаж гэмт хэрэгт холбогдсон байдаг.

          Э.Ч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, анхнаасаа энэ хэргийнхээ талаар үнэн зөвөөр мэдүүлж ирсэн, хохирлоо сайн дураараа төлсөн, үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж, гэм буруугаа ухамсарлаж байгаа зэрэг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байна.

          Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаж гараагүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. Мөн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан тохиолдолд Э.Чийн цагдан хорих таслан шийдвэрлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү. ...” гэв.

          Шүүгдэгч Э.Ч тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Надад анхнаасаа Г.А эгчид хохирол учруулах зорилго байгаагүй бөгөөд бизнесийн үйл ажиллагааны доголдлоос болж энэ асуудал үүссэн. Би Г.А эгчээс уучлалт гуйсан. ...” гэв.

          Прокурор Б.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Э.Ч нь анхнаасаа өөрт нь байхгүй зүйлийг байгаа мэтээр хэлж авсан байдаг. Мөн 200.000 ширхэг тоосгыг 1 ширхэгийг нь 180 төгрөгөөр авна гэсэн эвлэрлийн гэрээ байгуулсан байдаг. Хэргийн зүйлчлэл дээр тусгайлсан санал байхгүй. Нийт хохирлын хэмжээ 41.000.000 төгрөг болвол зүйлчлэл өөрчлөгдөх боломжтой. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Э.Ч нь үргэлжилсэн үйлдлээр, Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Угалзан цамхаг” ХХК-ийн захирал Г.Аээс 2015 онд 11 дүгээр сард 16.500.000 төгрөгийн үнэтэй 6978УНН улсын дугаартай “Тоёота Рав-4” маркийн тээврийн хэрэгсэл, 2016 оны 6 дугаар сараас 9 дүгээр сарын хооронд 24.000.000 төгрөгийн үнэтэй 200.000 ширхэг тоосго, 2016 оны 11 дүгээр сарын 28-нд бэлэн 500.000 төгрөг зэрэг нийт 41.000.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хуурч, эд зүйл, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдлоо.

Талууд хэдийгээр тоосгоны үнийн талаар харилцан маргадаг боловч хөрөнгийн үнэлгээний “Вендо” компаний нэгж тоосгоны үнийг 180 төгрөгөөр үнэлснийг анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн багасган тооцсон нь үндэслэлтэй бөгөөд энэ нь хэргийн жинхэнэ байдалтай нийцэж байна.

Өөрөөр хэлбэл, хохирогч Г.Аээс анх цагдаагийн байгууллагад гаргасан гомдолд “...Э.Ч гэгч нь ...29 удаагийн рейсээр 200.000 ширхэг буюу 24.000.000 төгрөгийн тоосгыг тээвэрлэж авсан...” /1 хх 2/, санхүүгийн анхан шатны баримтууд болох зарлагын баримтууд “...нэгжийн үнэ 120 төгрөг...” /1 хх 14-21/ зэрэг нөхцөл байдал, хохирогч Г.Аийн анх удаа хохирогчоор өгсөн “...2016 оны 6 дугаар сараас 9 дүгээр сарын хооронд 24 сая төгрөгийн 200.000 ширхэг тоосгыг өөрөө зөөж авсан...” /1 хх 36/ гэх мэдүүлгийг үндэслэн тоосго авснаас учирсан хохирлыг “24.000.000 төгрөг” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Мөн шүүдэгч Э.Ч нь хохирогч Г.Аээс 6978УНН улсын дугаартай “Тоёота Рав-4” маркийн тээврийн хэрэгсэл, 200.000 ширхэг тоосго, 500.000 төгрөг зэргийг хэрхэн авсан талаар /1 хх 46-48/ тодорхой мэдүүлсэн байх бөгөөд түүний мэдүүлэг нь хохирогч Г.А /1 хх 36-42/, гэрч А.Лхагвабаяр /1хх 169/, Н.Отгонбаяр /1 хх 43-44/, С.Энхтүвшин /1хх 45/, Д.Наранбаатар /1хх 49-50/, Н.Наранбаатар /1хх 51/, Ч.Амаржаргал /1 хх 52/, Я.Ганзориг /1 хх 53-54/, О.Ангираг /1 хх 55/ нарын мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээ /1 хх 58-66, 68/, “Залуу Монгол Оч” ХХК-ийн тодорхойлолт, автомашин барьцаалсан зээлийн гэрээ /1 хх 118-125/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Прокуророос Э.Чийг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг нотлох баримтад тулгуурлан бодитой тогтоосон байх боловч их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэргийн хүндрүүлэх шинжийн талаар буруу дүгнэлт хийжээ.

Учир нь, анхан шатны шүүхээс Э.Чийг “Угалзан цамхаг” ХХК-д 41.000.000 төгрөгийн хохирол санаатай учруулсан гэж үндэслэлтэй дүгнэлт хийсэн атлаа 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж байгаа Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Өөрөөр хэлбэл, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг тооцохоор хуульчилжээ.

Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль буцаан хэрэглэх тохиолдолд тухайн гэмт хэргийн шинжийн бүрэлдэхүүн хэсэг болох хохирлын хэмжээг харгалзан үзэж зүйлчилдэг бөгөөд шүүгдэгч Э.Чийн “Угалзан цамхаг” ХХК-д учруулсан 41.000.000 төгрөгийн хохирол нь 2015 оны Эрүүгийн хуульд заасан “их хэмжээний хохирол”-д хүрэхгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүх шүүгдэгч Э.Чт холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж …болно.” гэж заасан эрх хэмжээний хүрээнд, анхан шатны шүүхээс Э.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцож шийдвэрлэсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, түүнийг “хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон, түүний гэм буруу, хувийн байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг харгалзан, тухайн зүйлд зааснаар 5000 нэгж буюу 5.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Дээрх торгох ялаас Э.Чийн цагдан хоригдсон 56 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, нийт торгох ялаас 840 нэгж буюу 840.000 төгрөгийг хасч тооцон, торгох ялын нийт хэмжээг 4.160.000 /дөрвөн сая нэг зуун жаран мянга/ төгрөгөөр тогтоов.

Шүүх Э.Чийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Золзаяа “...тоосгоны үнийн харилцан зөрүүтэй баримт байхад аль нэгийг нь авахдаа үгүйсгэсэн үндэслэлийг заагаагүй, ...бусдыг залилсан үйлдэл тогтоогдоогүй, ...500.000 төгрөг авсан гэх үйлдлийн цаг хугацааг нарийн тогтоож, хөөн хэлэлцэх хугацааг тооцоогүй...” гэсэн агуулга бүхий гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь, хөрөнгийн үнэлгээний “Вендо” компанийн нэгж тоосгоны үнийг 180 төгрөгөөр үнэлснийг анхан шатны шүүх хохирогч Г.Аээс анх цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /1 хх 2/, санхүүгийн анхан шатны болон зарлагын баримтууд /1 хх 14-21/, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгийг үндэслэн тоосго шилжүүлэн авснаас учирсан хохирлыг “24.000.000 төгрөг” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Залилан мэхлэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгө, түүний өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд бодит байдлыг гуйвуулах, нуун дарагдуулах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч мэхлэхээс гадна энэ гэмт хэргийн хохирогч нь гэм буруутай этгээдэд итгэж, хуурч мэхлэгдэн өөрийн эд хөрөнгөө сайн дураар шилжүүлэн өгсөн байдгаараа онцлогтой.

Хэргийн үйл баримтыг судлан үзэхэд, Э.Ч нь хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн буюу хохирогч Г.Аээс 2015 оны 10 дугаар сараас 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд тээврийн хэрэгсэл, барилгын тоосго, бэлэн мөнгө зэрэг нийт 41.000.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авсан нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн байна.

Анхан шатны шүүх Э.Чт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл 138 хоногийн хугацаа зарцуулсан байх бөгөөд цаашид хуульд заасан хугацааны дотор, түргэн шуурхай хянан шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилт болохыг анхаарвал зохино.

Иймд дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгч Э.Чийн өмгөөлөгч Д.Бурмаа, Д.Золзаяа нарын гаргасан давж заалдах гомдлуудаас “хохирлын хэмжээ, хэргийн зүйлчлэлийн” талаар гаргасан хэсгийг хүлээн авч, гомдлын бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 201 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “шүүгдэгч Бодь овогт Энхтүвшингийн Чийг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэснийг “Бодь овгийн Энхтүвшингийн Чийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч Э.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй” гэсэн,

 “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Чт оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай” гэсэн,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй” гэсэн,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Чийн цагдан хоригдсон 56 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон 840.000 төгрөгийг торгох ялаас хасч тооцож, торгуулын ялын хэмжээг 4.160.000 төгрөгөөр тогтоосугай” гэсэн тус тус нэмэлт заалт оруулсугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 болон 3 дахь заалтыг тус тус хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Чийн өмгөөлөгч Д.Бурмаа, Д.Золзаяа нарын гаргасан давж заалдах гомдлуудаас “хохирлын хэмжээнд нийцүүлэн хэргийн зүйлчлэлийг зөв тогтоох” гэснийг хүлээн авч, гомдлын бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Э.Чийг нэн даруй сулласугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                                     ДАРГАЛАГЧ,

                                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

                                     ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                     ШҮҮГЧ                                                            М.АЛДАР