Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 44

 

                                                          И.Эт холбогдох эрүүгийн

                                                                   хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Оюунчулуун, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор П.Нямцэцэг,

шүүгдэгч И.Э, түүний өмгөөлөгч Д.Оюунбаатар,

нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 786 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч И.Э, түүний өмгөөлөгч Д.Оюунбаатар нарын гаргасан давж заалдах гомдлоор И.Эт холбогдох эрүүгийн 1811019770762 дугаартай хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овогт Идэрхүүгийн Э, 1994 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “Спейшл Майнинг” ХХК-д туслах ажилтан ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 18 дугаар гудамжны 1355 тоотод оршин суух бүртгэлтэй /РД:МД94092717/;

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 238 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

И.Э нь 2018 оны 6 дугаар сарын 9, 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 49-3-30 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай А.Ог зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: И.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овогт Идэрхүүгийн Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар Идэрхүүгийн Эыг 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар И.Эыг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, 50 хоногийн хорих ялаар сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 50 хоногийн хорих ял дээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 238 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 2 жил 7 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Идэрхүүгийн Эт оногдуулсан 2 жил 7 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, И.Эт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол И.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдрөөс эхлэн тооцож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч И.Э гаргасан давж заалдах гомдолдоо: “...Намайг 2018 оны 6 дугаар сарын 9, 2018 оны 6 дугаар  сарын 22-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 49-3-20 тоотод хамтран амьдрагч А.Ог зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан ял оногдуулсан. Миний бие эхнэр А.Отай 2018 оны дугаар сарын 9, 2018 оны 6 дугаар  сарын 22-ны өдрүүдэд хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдаж байсан нь үнэн боловч 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр бид маргалдахад би А.Ог биед нь гэмтэл учруулахаар зодсон зүйл огт байхгүй. А.О нь худал мэдүүлэг өгсөн, мөрдөгч нь “намайг зодсон гэж гэм буруугаа хүлээвэл хэргийг хурдан шийдвэрлэж, хөнгөн хариуцлага хүлээлгэнэ” гэж хэлсэн учраас би А.Ог зодсон, хөнгөн гэмтэл учруулсан гэж мэдүүлсэн болно.

2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг 2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр оногдуулсан ялтай нэмж нэгтгэн 2 жил 7 сар 20 хоногийн хорих ялаар шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, миний эрхийг зөрчиж байна..

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 786 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч И.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...гаргасан давж заалдах гомдлоо дэмжиж байна. Би эхнэртэйгээ маргалдаад түүнийг зодсон нь үнэн боловч гэмтэл учруулах хэмжээнд зодоогүй. Би Отай 3 жил орчим хамт амьдарч байгаа, түүнийг өмнө нь зодож байгаагүй. ...” гэв.

Шүүгдэгч И.Эын өмгөөлөгч Д.Оюунбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар И.Эыг 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 238 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан ялын хугацаа 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр дуусах байсан гэж үзэж ялыг нэмж, нэгтгэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өмнөх шийтгэх тогтоолын огноог 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр гэж буруу дурдсан байх бөгөөд тус шүүхийн 238 дугаар шийтгэх тогтоол нь 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр гарсан байх тул И.Эын гэмт хэрэг үйлдэх цаг хугацаанд буюу 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан хугацаа дууссан гэж үзэж байна.

2015 оны Эрүүгийн хуулиар “Тэнсэх” гэсэн ойлголтыг нь ял гэж үзэхгүй болсон байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг 1 жил гарны хугацаа өнгөрсний дараа биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хүний эрхийг зөрчиж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Мөн 2018 оны 6 дугаар сарын 9-нд Ог зодсон үйлдэл нь хохирогчид гэмтлийн зэрэг тогтоогдоогүй тул зөрчлийн шинжтэй үйлдэл юм. Гэтэл энэ зөрчлийн хэргийг гэмт хэрэг болгоод ял оногдуулсан. 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр зодож хөнгөн гэмтэл учруулсан гэдэг боловч хэрэг болсон цаг хугацааг нарийвчлан тогтоогоогүй. Өөрсдийнх нь яриагаар 2018 оны 6 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө болсон гэдэг. Тиймээс тэнсэн харгалзах хугацаа дууссан байсан гэж үзээд ял нэмж нэгтгэсэн заалтыг хүчингүй болгож шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.

          Прокурор П.Нямцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...И.Эын үйлдсэн хэрэг тогтоогдсон, хэргийн зүйлчлэл зөв, шийтгэх тогтоол үндэслэлтэй зөв гарсан гэж үзэж байна. 2018 оны 6 дугаар сарын 9-нд Ог зодсон үйлдэлд гэмтлийн зэрэг тогтоогдоогүй. Гэхдээ И.Эын хэрхэн яаж зодсон талаараа мэдүүлсэн нь шинжээчийн дүгнэлтээр батлагдсан. 2018 оны 6 дугаар сарын                          9-ний өдөр зодчихоод 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр дахиж зодсон нь Эрүүгийн хуульд заасан хүндрүүлэх шинжид хамаарч байна гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.1 дүгээр зүйлд хугацаа тоолох зарчмыг тодорхой заасан байгаа. И.Э нь тэнсэн харгалзах хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

И.Э нь 2018 оны 6 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 49-3-30 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай А.Ог зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь:

Хохирогч А.Огийн “...утас руу нь нэг эмэгтэй залгаад тэр эмэгтэй нь уулзъя гээд байсан. Тэгэхээр нь би “хэн бэ” гээд асуусан чинь “чамд хамаагүй” гээд намайг газар унагаагаад алгадаад чихнээс хазаад гадаа чирч гаргаж зодчихоод өглөө нь гараад явсан...” гэх мэдүүлэг /хх 20/, гэрч Л.Золбоогийн “...манай 8 настай дүү Уянгаа орж ирээд “Эрка ах, Оюука эгч эгч хоёр зодолдоод байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэр рүү нь орсон чинь Оюука сандал барьчихсан нөхөр Э нь цааш түлхсэн байдалтай байсан. ...” /хх 21/ гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн: “Огийн биед баруун чихний зөөлөн эдийн няцрал, хазагдсан шарх, хүзүү, баруун бугалга, баруун гуя, зүүн шилбэний цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон мохоо ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх 7981 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 28/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна.

Харин прокуророос И.Эыг 2018 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 49-3-30 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай А.Ог зодсон гэх үйлдэлд яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно...” гэж заасан бөгөөд шүүгдэгч И.Эын 2018 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн үйлдлийн улмаас хохирогчид гэмтэл учраагүй болох нь шинжээчийн 7496 тоот дүгнэлтээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж үгүйсгэгдэж байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж болох “хөнгөн хохирол” хохирогч А.Огийн биед учирсан гэж дүгнэх үндэслэлгүй бөгөөд энэ нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн: “...А.Огийн биед зүүн бугалга, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ...” гэх 7496 дугаартай /хх 26/ дүгнэлтээр тогтоогдсон байхад анхан шатны шүүх дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийлгүй шүүгдэгчийг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг дүгнэхэд мөрдөн шалгах ажиллагааны явцад И.Эыг Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 49-3-30 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай А.Ог зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн талаарх үйл баримтыг зөв тогтоосон боловч 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн чухам хэдэн цагт буюу гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг нарийвчлан, хөдөлбөргүй тогтоож чадаагүй байна. Энэ талаар давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор нотолж санал, дүгнэлт хэлээгүй болно.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч И.Эыг тэнсэж, хянан харгалзсан хугацаа дууссаны дараа 2018 оны 6 дугаар сарын 22-23-нд шинжих шөнө гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай А.Ог зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж дүгнэх нь гэмт хэрэг үйлдсэн хүнд шударгаар ял оногдуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилтод нийцнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.1 дүгээр зүйлийн  6 дахь хэсэгт “... хугацааг жилээр тоолоход дараа оны тухайн сарын тухайн өдөр уг хугацаа дуусна...” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч И.Эыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 238 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, уг ялыг 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан хугацаа нь 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр дуусгавар болсон гэж үзнэ.

Мөн анхан шатны шүүх И.Эын урьд ял шийтгүүлсэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 238 дугаартай шийтгэх тогтоолыг 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн гэж буруу бичиж дүгнэснийг зөвтгөх нь зүйтэй.

И.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон нийт               69 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцов.

Иймд дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгч И.Э, түүний өмгөөлөгч Д.Оюунбаатар нарын гаргасан “2018 оны 6 дугаар сарын 9-ний үйлдэл гэмт хэрэг биш, гэмт хэрэг гарсан цаг хугацааг нарийвчлан тогтоогоогүй”  гэсэн утга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтууд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 786 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “И.Эыг 2018 оны 6 дугаар сарын 9-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай А.Ог зодсон гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн нэмэлт заалт оруулж,

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4, 4 дэх заалтуудыг тус тус хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч И.Э, түүний өмгөөлөгч Д.Оюунбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч, шүүгдэгч И.Эыг нэн даруй сулласугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         М.ПҮРЭВСҮРЭН

                                     ШҮҮГЧ                                                Д.ОЮУНЧУЛУУН

                                     ШҮҮГЧ                                                М.АЛДАР