Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2019/0141

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 1 танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г.Ц

Хариуцагч: НЗД,

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/898 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болох тухай захирамж, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/443 дугаар захирамжийн Ө******* ХХК-д холбогдох хэсгийг, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/365 дугаар захирамжийн иргэн Д.У, С.А, Г.Б, С.С, Н.Охолбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 15000 м2 газрыг дуудлага худалдааны журмаар нэхэмжлэгчид эзэмшүүлэх шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А*******, гуравдагч этгээд Ө******* ХХК-ийн төлөөлөгч Ц.Э*******, түүний өмгөөлөгч Б.Э*******, гуравдагч этгээд Д.У, С.А, Г.Б, С.С, Н.Онарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М*******, түүний өмгөөлөгч Р.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ариунтамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Цшүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ...Иргэн Г.Ц миний бие Хан-Уул дүүргийн 14-р хороо Г******* нэртэй газарт анх тус дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/437 дугаар захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 700 м.кв газрыг эзэмшүүлэх шийдвэр гарсан байдаг.

Иргэн миний бие өөрийн эзэмшил газрынхаа байршил, газрын хэмжээг нэмэгдүүлэх тухай хүсэлтийг Хан-Уул дүүргийн газрын албанд 2016 онд гаргасны дагуу тус дүүргийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/41 дүгээр захирамжаар Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт аж ахуйн зориулалтаар 15000 м.кв газрыг 14 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэх шийдвэр гарсан байдаг.

Миний зүгээс гэрээ гэрчилгээгээ 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр байгуулан хүлээн авсан ба тус гэрээнд заасны дагуу газрын төлбөр, хуулиар болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ирсэн гэж үзэж байна.

Гэтэл иргэн миний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байх магадлалтай гэх мэдээллийг сонссоны дагуу 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ulaanbaatar.mn вэб сайт руу орж Нийслэлийн Засаг даргын гаргасан шийдвэр захирамж руу орж үзтэл дээрх тоот бүхий захирамжаар иргэн миний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосныг мэдсэн ба ийм байдлаар шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Тус захирамжид бусдын эзэмшил газартай давхацсан, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмыг баримтлаагүй, газрын төлбөрөө төлөөгүй, гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан газраа ашиглаагүй гэх үндэслэлийг заасан боловч эдгээр үндэслэлээр иргэн миний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзэж байна.

Учир нь ямар нэг иргэн, аж ахуй нэгж байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхцал үүсээгүй, анх газрыг Хан-Уул дүүргийн Засаг даргаас хуульд нийцсэн гэж эзэмшүүлсэн байгаа бөгөөд газар эзэмших эрх хууль ёсны дагуу үүссэн ба уг захирамжид дурдсан дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчим явагдаагүй нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй, төлбөрөө жил тутам төлж ирсэн байгаа ба тооцоо нийлсэн акт болон 2017 оны төлбөрийг төлсөн баримт байгаа болно.

Харин газраа 2 жил дараалан аж ахуйн зориулалтаар ашиглаагүй тухайд 1-

д хуульд заасан 2 жилийн хугацаа болоогүй 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 2 жил болох ёстой хуулийн дагуу тэгтэл хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахдаа хугацааг буруу тоолж гаргасан.

Газраа ашиглах талаар иргэн миний бие шаардлагатай ажлуудыг хийж гүйцэтгэсэн байгаа ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтаар бүрэн гаргаж өгөх болно.

Газрын тухай хуулийн 31, 32, 33, 34 дүгээр зүйлд заасны дагуу иргэн миний газар эзэмших эрх үүссэн байхад хууль бусаар буюу Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, 40.2, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-д заасныг тус тус баримтлан шийдвэрлэсэн нь тухайн заалтуудын агуулга зохицуулалтыг буруугаар тайлбарлан хэрэгжүүлсэн гэж үзэж байна.

Жишээлбэл хариуцагч байгууллагаас Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-д иргэн, хуулийн этгээдийн өргөдөл гомдлыг ханган шийдвэрлэж байгаа тохиолдолд сонсгох ажиллагааг хийхгүй байх гэсэн үндэслэлийг баримтласан нь тухайн хуулийн заалтыг илт буруугаар ойлгож хэрэгжүүлсэн гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл иргэн миний бие НЗДд газар эзэмших эрхийн гэрчилгээгээ хүчингүй болгуулахаар өргөдөл гаргаагүй байхад гаргасан мэтээр захирамжаа гаргахдаа хуульд заасан мэдэгдэх сонсгох ажиллагааг хийгээгүй нь хуулийг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

Түүнчлэн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэл тогтоогдоогүй иргэн миний зүгээс тийм зөрчлийг гаргаагүй байгаа тул эдгээр үндэслэлүүд нь хуульд нийцээгүй иргэн миний газар эзэмших эрхийг үндэслэлгүйгээр хязгаарласан тул Нийслэлийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/898 дугаар захирамжийг хүчингүй болгож иргэн миний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү... гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А******* нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: ...Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/437 дугаар захирамжаар иргэн Г.Ц-д тус дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Гавьжийн шандад гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 700 м.кв газрыг ззэмшүүлсэн байна. Хан-Уул дүүргийн өмч, газрын харилцааны албанд иргэн Г.Цхүсэлт гаргасныг үндэслэн Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны А/41 дүгээр захирамжаар газрын байршлыг өөрчилж, тус дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт шилжүүлэн, талбайн хэмжээг 15000 м.кв болгон нэмэгдүүлж аж ахуйн зориулалттайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Хан-Уул дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг тус тус зөрчсөн, өөр байршилд газар эзэмшүүлсэн нь хууль зүйн агуулгаараа шинээр газар эзэмшүүлэх тухай ойлголт бөгөөд энэ тохиолдолд Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасны дагуу газар эзэмших эрхийг олгох ёстой байсан боловч уг үйл ажиллагааг хийгээгүй, мөн түүнчлэн газар эзэмшигч иргэн Г.Цнь тухайн олгогдсон газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй зэрэг хууль зөрчсөн байх тул нийслэлийн Засаг даргын 2017 оны А/898 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар ззэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэж заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн болно.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 112 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн 8, 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Шинэ яармаг хорооллын эхний ээлжийн 7 дугаар хэсгийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталсан бөгөөд энэхүү тогтоолын дагуу нийслэлийн Засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Эзэмшил газрын зориулалтыг өөрчилж, барилга барих зөвшөөрөл олгох тухай А/490 дүгээр захирамж, 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/443 дугаар захирамжийг үндэслэн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ө******* ХХК-д 20.000 м.кв газрыг эзэмшүүлсэн байна.

Ө******* ХХК нь дээрх газартаа Нийслэлийн Барилга, Хот байгуулалт, төлөвлөлтийн газраар 2012 онд барилгын зөвшөөрөл, даалгавар авсны дагуу эскиз зургаа батлуулсан байх бөгөөд 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 1/53 тоот албан бичгээр архитектур төлөвлөлтийн даалгаварын дагуу тус компанийн нэр бүхий 20 ажилтанд орон сууцны зориулалтаар газар эзэмших эрхийг баталгаажуулах хүсэлт ирүүлсэний дагуу 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/365 дугаар захирамжаар Сандаг-Очир нарын 20 иргэнд газар эзэмших эрхийг баталгаажуулсан.

Нийслэлийн Засаг даргын дээрх захирамжууд нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй, иргэн Г.Ц-гийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Мөн нэхэмжлэгчийн зүгээс өөрийн эзэмшиж байсан гэх газрыг НЗДд хандан эзэмших ашиглах талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй тул Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй тогтоогдохгүй байх ба Захиргааны ерөнхий хуулийн 37.3-т Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэж заасантай нийцэхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

Гуравдагч этгээд Ө******* ХХК-ийн захирал Ц.Э******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Ө******* ХХК нь 1998 оноос эхлэн эрүүл мэндийн чиглэлээр өнөөг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. Монгол Улсын эрүүл мэндийн эмчилгээ, үйлчилгээг сайжруулах дэлхийн түвшинд хүрсэн эмч, мэргэжилтэн, ажиллах хүчин бэлтгэх зорилгоор Анагаах Ухааны их сургуулийг түүний бааз эмнэлэгтэй хамт цогцолбор сургууль байгуулахаар төсөл боловсруулж, түүнийг барих газар олгох хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/490 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2,0 га газрыг эзэмшүүлэхээр болсон.

Улаанбаатар хотын Ерөнхий архитекторын 2012 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 161 дүгээр мэдэгдлээр тухайн байршилд сургалт, үйлчилгээ, үйлдвэрийн зориулалтаар 2,0 га газрыг олгох болсныг мэдэгдсэн.

Мөн 2012 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хот байгуулалт, газар зохион байгуулалтын мэргэжлийн комиссын хурлаар хэлэлцэн экспертизийн дүгнэлт гарсан.

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/443 дугаар захирамжаар өмнө олгосон газрыг баталгаажуулсан. Энэ газрыг манай компани дуудлага худалдааны журмаар эзэмшихээр болсон ба Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/309, А/915 тоот захирамжийн дагуу дуудлага худалдааны төлбөрөөс 67 200 000/ жаран долоон сая хоёр зуун мянган/ төгрөгийг 2016 онд төлж, үлдэгдэл төлбөрийг графикийн дагуу төлөхөөр Өмч харилцааны газартай тохиролцон гэрээ хийсэн.

Нийслэлийн иргэдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 119 дүгээр тогтоолоор хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө баталсан ба энэ төлөвлөгөөний дагуу НЗД өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд хуулийн дагуу тухайн газрыг эзэмшүүлэхээр захирамж гаргасан. Тиймээс Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/490 дугаар захирамж, 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/443 дугаар захирамжууд нь хууль зөрчөөгүй, хүчин төгөлдөр эрхийн актууд болно.

Харин иргэн Г.Ц-д Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/437 дугаар захирамжаар тус дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хэрэгцээнд зориулж 700 м2 газрыг эзэмшүүлсэн ба Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны А/41 дүгээр захирамжаар газрын байршлыг өөрчилж, тус дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт шилжүүлэн талбайн хэмжээг 15000 м2 болгон 20 дахин нэмэгдүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2-т заасныг тус тус зөрчсөн байна.

Нийслэлийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 898 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/41 дүгээр захирамжийн хавсралтын 08 дахь хэсэг Г.Ц-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй.

Учир нь Хан-Уул дүүргийн Засаг дарга бусдын эзэмшил газартай давхцуулан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу Нийслэлийн Засаг Даргын эрх хэмжээний хүрээнд олгох ёстой газрыг эрх мэдлээ хэтрүүлэн олгосон, мөн иргэнд эзэмшүүлэхээр хуульд заасан хэмжээнээс үндэслэлгүйгээр их хэмжээгээр хэтрүүлэн олгосон гэх мэтээр хууль тогтоомжийг зөрчиж тухайн захирамжийг гаргасан тул НЗД уг захирамжийг хүчингүй болгосон.

Иймд дээрхи үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна... гэжээ.

Гуравдагч этгээд Г.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Га******* овогтой Баянмөнх миний бие 2010-2016 оны хооронд Тайваньд суралцаж байсан ба Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд байрлах газрын талаар мэдэхгүй. Миний өвөө Л.Смаань дээр үед газар хөөцөлдөж байсан гэдэг сураг сонсож байсан.

Иймд надад тус газрын талаар тодорхой мэдээлэл байхгүй тул хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос татгалзаж байна. Надгүйгээр шүүх хуралдааныг явуулахад татгалзах зүйлгүй болно... гэжээ.

Гуравдагч этгээд Н.Ошүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Миний бие 2016 онд БНХАУ-д суралцаж байсан бөгөөд тус газрын захирамж 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гарсныг мэдсэн. Захирамжийн дагуу тус газрын гэрчилгээг авахаар Нийслэлийн газрын албанд хандсан боловч тодорхой бус шалтгааны улмаас хойшилсоор өдийг хүрсэн.

Иймд иргэн Г.Ц-гийн нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Миний бие хөлний бэртэлийн улмаас хөдөлгөөн хязгаарласан байгаа тул шүүх хурлын үйл ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцох боломжгүй тул энэхүү тайлбар нь намайг бүрэн илэрхийлж байгаа болно... гэжээ.

Гуравдагч этгээд С.Ашүүхэд гаргасан тайлбартаа: ...Хан-Уул дүүргийн Буянт-Ухаа нисэх онгоцны буудлын баруун урд талд байрлах газрыг Л.Сөвөө хөөцөлдөж байсныг сонсож байсан.

Миний бие 2016 оны тус газрын захирамж гарсныг мэдэж байсан боловч газрын гэрчилгээ авахаар Нийслэлийн газрын албанд хандсан бөгөөд тодорхой бус шалтгааны улмаас хойшилсоор өдийг хүрсэн.

Иймд иргэн Г.Ц-гийн нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Миний бие ажлын байр хол байгаа тул шүүхийн үйл ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцох боломжгүй байгаа учир энэхүү тайлбар нь намайг бүрэн илэрхийлж байгаа болно.. гэжээ.

Гуравдагч этгээд Д.Ушүүхэд гаргасан тайлбартаа: ...Уранчимэг миний бие өөрийн нэр дээр Хан-Уул дүүрэгт 700 м.кв газар эзэмшдэггүй. Яагаад миний нэр дээр ийм газар бүртгэлтэй байгааг мэдэхгүй байна. Иймд шүүхэд гуравдагч этгээдээр оролцох шаардлага байхгүй. Намайг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү... гэжээ.

Гуравдагч этгээд нэр бүхий 5 иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М******* шүүхэд гаргасан тайлбартаа ...Д.У, Г.Б, С.А, С.С, Н.Онарын газар эзэмших эрхийг хүчин төгөлдөр болгож, иргэн Г.Ц-гийн давхцуулж олгосон газрыг хүчингүй болгож өгнө үү... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Цнь анх Нийслэлийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/898 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болох тухай захирамжийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг НЗДд холбогдуулан гаргажээ[1].

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа Нийслэлийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/898 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болох тухай захирамж, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/443 дугаар захирамжийн Ө******* ХХК-д холбогдох хэсгийг, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/365 дугаар захирамжийн иргэн Д.У, С.А, Г.Б, С.С, Н.Охолбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 15000 м2 газрыг дуудлага худалдааны журмаар нэхэмжлэгчид эзэмшүүлэх шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах гэж эцсийн байдлаар нэмэгдүүлэн тодруулсан[2] болно.

Нэг: Нийслэлийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/898 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болох тухай захирамжийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Анх иргэн Г.Ц-д Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/437 дугаар захирамжаар тус дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хэрэгцээнд зориулж 700 м2 газрыг эзэмшүүлсэн[3] ба Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны А/41 дүгээр захирамжаар газрын байршлыг өөрчилж, тус дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт шилжүүлэн талбайн хэмжээг 15000 м2 болгон 20 дахин нэмэгдүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг[4] НЗДас Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна, 33 дугаар зүйлийн 33.1.2-т энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ гэж заасныг зөрчсөн үндэслэлээр Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/41 дүгээр захирамжийн 08 дахь хэсгийг Нийслэлийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/898 дугаар захирамжаар[5] хүчингүй болгожээ.

Үүнийг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч ...Нийслэлийн Засаг даргын А/898 дугаар захирамжид дурдсан газрын төлбөр төлөөгүй, хоёр жил ашиглаагүй зэрэг үндэслэл байхгүй байхад нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг цуцалсан. Захирамжид дурдсанаас өөр дуудлага худалдаа зохион байгуулаагүй, талбайн давхцалтай байсан гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй... гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлан маргасан.

Харин хэрэг авагдсан баримтаар Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 119 дүгээр тогтоолоор Шинэ яармаг суурьшлын бүсийн 7 дугаар хэсгийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдсан, уг инженерын шугам сүлжээ бүхий нутаг дэвсгэр дээр НЗД Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ,21.2.4-тхотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон тухайн жилийн газар зохион байгуулалтын батлагдсан төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.3-д заасан газар эзэмшүүлэх, ашиглуулах ажлыг зохион байгуулах бүрэн эрхийнхээ хүрээнд Ө*******ж ХХК-д аж ахуйн зориулалтаар[6], нэр бүхий иргэдэд амины зориулалтаар газар эзэмшүүлсэн[7] байсан болох нь тогтоогдлоо.

Гэтэл Хан-Уул дүүргийн Засаг дарга өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар өөрт олгогдоогүй эрх эдэлж, иргэн Г.Ц-д Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 15000 м2 газрыг аж ахуйн зориулалтаар эзэмшүүлсэн захиргааны акт гаргасныг хариуцагч НЗДас Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, НЗД,...өөрчлөх буюу хүчингүй болгоно, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэж заасны дагуу хүчингүй болгосныг буруутгах боломжгүй.

Учир нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно, 29 дүгээр зүйлийн 29.1.Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байна заасан.

Өөрөөр хэлбэл Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны А/41 дүгээр захирамжийн Г.Ц-д холбогдох хэсэг нь дээрх хуулийн зохицуулалтаас гадна Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасныг тус тус зөрчсөн тул уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгосон Нийслэлийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/898 дугаар захирамж хуульд нийцсэн үндэслэл бүхий акт болно.

Хэдийгээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс ...Нийслэлийн Засаг даргын А/898 дугаар захирамжид дурдсан газрын төлбөр төлөөгүй, хоёр жил ашиглаагүй зэрэг үндэслэл байхгүй... гэж тайлбарлах боловч маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг хангасан, уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Нөгөөтээгүүр хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг бүрэн явуулагүй, хэлбэр төдий хийсэн[8] байх бөгөөд Нийслэлийн Газрын албаны даргын 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 03/3402 албан бичиг, 09 дүгээр сарын 18-ны өдрийн 03/3496 тоот албан бичгүүдээр Г.Ц-д мэдэгдэл хүргүүлсэн гэх боловч бодит байдал дээр уг албан бичиг хүргэгдээгүй болох нь Улаанбаатар шуудангийн бүртгэлийн дэвтэрээр тогтоогдсон болно.

Гэвч сонсох ажиллагаа бүрэн явуулснаар А/898 дугаар захирамжийг хүчингүй болгохуйц хэмжээний нөхцөлд хүрэхгүй хэдий ч хариуцагч байгуулагаас цаашид иргэн, хуулийн этгээдийн эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг бүрэн хэрэгжүүлэх нь эрх зүйт төрийг төлөвшүүлэх, хууль дээдлэх ёсыг хангах төрийн захиргааны байгууллагын үндсэн үүрэг болохыг дурьдах нь зүйтэй.

Хоёр: Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/443 дугаар захирамжийн Ө******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 119 дүгээр тогтоолоор Хан-Уул дүүргийн 8, 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 740.0 га газарт хэсэгчилсэн батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу Газрын тухай хуулийн 21 дүгээр 21.2.3-т заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/490 дугаар захирамжаар[9] Ө******* ХХК-д Сургалт, үйлчилгээ, үйлдвэрийн барилгын зориулалтаар Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Эрдэнэсийн арал хотхоны баруун талд байршуулан 20000 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 01/36 албан бичгээр газар баталгаажуулах хүсэлт гаргасны дагуу 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/443 дугаар захирамжаар[10] 20000 м.кв газрын 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрхийг баталгаажуулжээ.

Товчхондоо тус шүүх нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан иргэн, хуулийн этгээдийн нэхэмжлэл бүхий маргааныг шийдвэрлэх чиг үүргийг хэрэгжүүлдэг бөгөөд энэ тохиолдолд хариуцагч НЗДас Ө******* ХХК-д газар эзэмшүүлсэн 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/443 дугаар захирамжийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй[11] байх тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Гурав: Нийслэлийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/365 захирамжийн иргэн Д.У, С.А, Г.Б, С.С, Н.Охолбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/365 захирамжаар Ө******* ХХК-ийн ажилчид гэх нэр бүхий 18 иргэнд тус тус 700 м.кв газар эзэмшүүлжээ.[12]

Үүнээс нэхэмжлэгч Г.Ц-д 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/41 дугаар захирамжаар эзэмшүүлсэн 15000 м.кв газар нь Д.У, С.А, Г.Б, С.С, Н.Онарын газартай давхцаж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон.[13]

Дээрх нэр бүхий 5 иргэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн тайлбар болон хэрэгт нотлох баримтаар авагдсан газрын хувийн хэргийн материалиас үзэхэд иргэн аж ахуй нэгж байгууллага Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2-т заасны дагуу газар эзэмших тухай хүсэлтээ гаргаж хууль журмын дагуу эзэмшиж байгаа эсэх нь тогтоогдсонгүй.

Учир нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах; зарчмыг төрөөс газрыг эзэмшүүлэх ашиглах талаар баримтлахаар заажээ.

Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд Д.У, С.А, Г.Б, С.С, Н.Онарын газар эзэмшиж байгаа эсэх, түүнийгээ гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгаж байгаагаа огт мэдэхгүй, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах талаар явуулсан шүүхийн үйл ажиллагаа үл ойшоон цааргалаж байсан үйлдэл ажиглагдсан болно.

Мөн дээрх иргэдийн газар эзэмшихтэй холбоотой хувийн хэрэгт авагдсан зарим нэг баримтаас үзвэл Нийслэлийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/365 дугаар захирамжийн Д.У, С.А, Г.Б, С.С, Н.Охолбогдох хэсэг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 83 дугаар тушаалын хавсралтаар баталсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журамд нийцүүлэн гарсан эсэх нь эргэлзээтэй байна.

Тодруулбал, Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг; гэж заасан боловч гуравдагч этгээдүүдийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ...яагаад манай хадам аавын гэр рүү дуудах хуудас явуулж байгаа юм, манай нөхөр рүү яах гэж залгаад байгаа юм, авлигачидаа ингэж чадахгүй байж яах гээд дуудаад байгаа юм, чи намайг албадан ирүүлнэ гэж дарамтлаад байгаа юм уу новшоо[14]..., ...Хан-Уул дүүрэгт 700 м.кв газар эзэмшдэггүй, яагаад миний нэр дээр ийм газар бүртгэлтэй байгааг мэдэхгүй байна[15]..., ...Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд байрлах газрын талаар мэдэхгүй, Миний өвөө Л.Смаань дээр үед газар хөөцөлдөж байсан сураг сонссон...[16], ...Хан-Уул дүүргийн Буян-Ухаа нисэх онгоцны буудлын баруун урд байрлах газрыг хадам аав Л.Смаань хөөцөлдөж байсныг сонсож байсан[17]... тайлбар өгсөн болно.

Иймд дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнээд хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай, уг асуудлыг шүүхээс илүүтэй хариуцагчийн эрх хэмжээний хүрээнд дахин шийдвэрлэх боломжтой байх тул Нийслэлийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/365 захирамжийн иргэн Д.У, С.А, Г.Б, С.С, Н.Охолбогдох хэсгийг 3 /гурван/ сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Дөрөв: Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 15000 м2 газрыг дуудлага худалдааны журмаар нэхэмжлэгчид эзэмшүүлэх шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах шаардлагын тухайд:

Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн, харин өмчлөхөөс бусад бүх газар төрийн өмч тул хэрхэх ёстой эсэх нь хариуцагчийн эрх хэмжээний асуудал.

Уг шийдвэрийн нэг, хоёр дахь хэсэгт 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/898 дугаар захирамжийг НЗД өөрт хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд хуульд нийцүүлэн гаргасан талаар хангалттай хууль зүйн дүгнэлт өгөхийн зэрэгцээ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй талаар тайлбарласан болно.

Даалгах нэхэмжлэлийг шаардлагыг хангаж шийдвэрлэхийн тулд 1/-рт Эс үйлдэхүй байх 2/-рт уг эс үйлдэхүй хууль бус байх, 3/-рт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх ёстой.

Гэтэл энэхүү маргааны үйл баримтаар Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй тогтоогдохгүй байх тул даалгах шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

Харин Нийслэлийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/365 захирамжийн иргэн Д.У, С.А, Г.Б, С.С, Н.Охолбогдох хэсэг хүчингүй болсон тохиолдолд Газрын тухай хууль, түүнийг дагаж гарсан холбогдох журамд нийцүүлэн хэн аль нь боловч газар эзэмших хүсэлтээ захиргааны байгууллагад гаргаж шийдвэрлүүлэх боломжтой болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11, 106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Ц-гоос НЗДд холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/443 дугаар захирамжийн Ө******* ХХК холбогдох хэсгийг, 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/898 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 15000 м2 газрыг дуудлага худалдааны журмаар нэхэмжлэгчид эзэмшүүлэх шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах шаардлагын тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/365 дугаар захирамжийн иргэн Д.У, С.А, Г.Б, С.С, Н.Охолбогдох хэсгийг хариуцагчаас шинэ акт гарах хүртэл 3 /гурван/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг үндэслэн шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч шинэ акт гаргаагүй бол Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/365 дугаар захирамжийн иргэн Д.У, С.А, Г.Б, С.С, Н.Охолбогдох хэсэг хүчингүй болохыг дурдсугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.