Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 45

 

                                                          Б.Бт холбогдох эрүүгийн

                                                                  хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Оюунчулуун, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

          прокурор Н.Нарангэрэл,

          шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Ж.Батмөнх,

          нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нарыг оролцуулан,

          Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батболор даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 545 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Ж.Батмөнхийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Бт холбогдох 1810 0055 50267 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Хувьд овгийн Бямбасүрэнгийн Б, 1978 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах сургуулийн барилгын манаач ажилтай, ам бүл 1, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива Сити Н-20-5-1 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ВИ78051910/;

Б.Б нь 2018 оны 2 дугаар сарын 2-ны 22 цагийн үед Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Биокомбинатад хамтран амьдрагч Х.Дг хардан утсаар ярьлаа гэж хэрүүл, маргаан үүсгэн улмаар мод, төмрөөр зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хувьд овгийн Бямбасүрэнгийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Б.Быг 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Бын эдлэх 6 сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Бын энэ хэрэгт цагдан хоригдсон 8 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцож, Б.Бт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Ж.Батмөнх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар:

Анхан шатны шүүх “хохирогч Х.Д, шүүгдэгч Б.Б нар нь хамтран амьдарч байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн Б.Бын “Х.Д бид хоёр эр, эмийн харилцаатай байсан. ...Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд Х.Дтэй хамт амьдарч байсан” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Х.Дгийн “би Дорнод аймагт амьдардаг, Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Биокомбинатад Б.Бтай хамтран амьдарч байсан” гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна” гэж үзсэн.

Гэтэл хохирогч Х.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт “Би Дорнод аймагт амьдардаг. 2018 оны 1 дүгээр сарын 27-нд хотод орж ирээд Б.Бтай уулзаад Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд Б.Бын гэрт хамт амьдарч байгаад 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдөр 16 цагийн үед хотын төв рүү ээж Хоролсүрэнд хоол ундны юм дөхүүлж өгөөд буцаад 21 цагийн үед гэртээ харьсан” гэсэн байдаг. Үүнээс үзэхэд хохирогч Х.Д, шүүгдэгч Б.Б нар нь 2018 оны 1 дүгээр сарын 27-ноос 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдөр хүртэл нийт 6 хоног хамт байсан байдаг. Мөн Х.Д нь Дорнод аймагт амьдардаг.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл гэж энэ хуулийн 3 дугаар зүйл /хамтран амьдрагч/-д заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ...бие махбодод халдсан үйлдлийг”, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6-д “хамтран амьдрагч гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг” тус тус ойлгоно гэж зааснаас үзэхэд хамтран амьдрагч гэдэг нь харьцангуй урт хугацааны туршид, эсхүл тодорхой давтамжтайгаар цугтаа нэг гэрт амьдрахыг ойлгохоор байна. Гэтэл шүүгдэгч Б.Б нь хохирогч Х.Дтэй танилцаад 6 хоног хамт байсныг хамтран амьдарч байсан гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хэргийн бодит нөхцөл байдалтай нийцээгүй гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл “хамтран амьдрагч” гэж тодорхойлуулснаас болж гэмт хэргийн зүйлчлэл хүндрүүлэх бүрэлдэхүүнд хамаарч оногдуулах ял нь хүндэрсэн. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн дээрх ойлголтыг шууд авч хэрэглэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэсэн хууль ёсны зарчимтай нийцэж байгаа эсэх нь эргэлзээтэй байна.

Шүүгдэгч Б.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна гэж үзсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “шүүх ...шүүгдэгчээс гэм буруугүй болохыг өөрөөр нь нотлуулахаар шаардахыг хориглоно” гэж заасан. Гэтэл шүүх шүүгдэгч Б.Баас удаа дараа “хохирогч Х.Дтэй ямар харилцаатай байсан” эсэх талаар асуухад шүүгдэгч хариулахаас өөр аргагүй болсон. Улмаар шүүгдэгч эр, эмийн харилцаатай байсан гэснийг хамтран амьдарч байсан гэж үзсэн нь өрөөсгөл юм. Учир нь эр, эмийн харилцаа нь харьцангуй ойлголт бөгөөд хэн ч тийм харилцаанд байх боломжтой. Өөрөөр хэлбэл хохирогч Х.Д, шүүгдэгч Б.Б нар нь хамтран амьдрагч бус найз нөхдийн харилцаатай байсан. Тиймээс анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн ойлголтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 545 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-т “шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, 1.2-т “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Прокурор Н.Нарангэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...өмгөөлөгч Ж.Батмөнх шүүгдэгч Б.Б, хохирогч Х.Д нарыг хамтран амьдрагч биш гэж гомдол гаргасан байна. Хуульд хамтран амьдрагч гэдгийг яг хэд хоног хамт амьдарснаар тодорхойлох талаар хуульчлаагүй. Эдгээр хүмүүсийг гэр бүлийн харилцаа үүсгэж хамт амьдарч байсан гэж үзэж байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Б.Б нь 2018 оны 2 дугаар сарын 2-ны 22 цагийн үед Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Биокомбинатад амьдардаг гэртээ найз Х.Дг хардаж зодон эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Х.Дгийн “...Болдбаатар намайг гурилын ганжингаар зодож, гэрийн гаднаас түгжиж гараад буцаад орж ирэхдээ турба барьж ирээд намайг зодсон. ...турбагаар цохиход нь миний хөл хугарсан байх...” /хх 9/ гэх мэдүүлэг, гэрч Б.Батзоригийн “...би хөдөө явж ирээд барилгын хашаан дээрээ очих үед Д хөлөө хугалсан байхаар нь гэмтлийн эмнэлэг рүү хүргэж өгөөд явсан. ...” /хх 19-22/ гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Дгийн биед зүүн шаант ясны хоёрлосон далд хугарал гэмтэл тогтоогдлоо. ... Дээрх гэмтэл нь нэг болон хэд хэдэн удаагийн үйлдлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” гэх 3285 дугаартай дүгнэлт /хх 24/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг нотлох баримтад тулгуурлан бодитой тогтоосон байх боловч гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг Эрүүгийн хуульд заасан агуулгаас зөрүүтэй тайлбарлан хэрэглэжээ.

Учир нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл ямар тохиолдолд гэмт хэрэг болох талаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан” ...үйлдэл нь байнгын шинжтэй байхаар хуульчилсан бөгөөд дээрх үйлдлийн улмаас ямар нэг хохирол, гэмтэл учирсан байхыг шаардаагүй байна.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн шинжээр хүндрүүлэн зүйлчлэхэд хамтран амьдрагчдын харилцаа, хамт амьдарсан хугацаа, гэр бүлийн гишүүдийн тэгш байдал, гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг анхаарвал зохино.

Энэ хэргийн хувьд Б.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас нэг удаагийн үйлдлээр Х.Дд хүндэвтэр гэмтэл учруулсныг “гэр бүлийн хүчирхийлэл” үйлдсэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Нөгөөтэйгүүр, хохирогч Х.Д, шүүгдэгч Б.Б нар нь тодорхой хугацаанд дотно харилцаа үүсгэсэн нь нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн үйлдэл бөгөөд харин тэдгээрийн хооронд Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан “гэр бүл”-ийн харилцаа үүсээгүй байсан гэж үзэв.

Иймд давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Бт холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж …болно.” гэж заасан эрх хэмжээний хүрээнд, анхан шатны шүүхээс Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцож шийдвэрлэснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, түүнийг “хохирогч Х.Дг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон, түүний гэм буруу, хувийн байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг харгалзан, тухайн зүйлд зааснаар 2000 нэгж буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Дээрх торгох ялаас Б.Бын нийт цагдан хоригдсон 69 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, нийт торгох ялаас 1035 нэгж буюу 1.035.000 төгрөгийг хасч тооцон, торгох ялын нийт хэмжээг 965.000 /есөн зуун жаран таван мянга/ төгрөгөөр тогтоов.

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх талаар хугацаа тогтоох шаардлагагүй гэж үзсэн бөгөөд энэхүү хугацааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “...Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй...” гэж зааснаар ойлговол зохино.

Иймд дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Ж.Батмөнхийн гаргасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүндэвтэр гэмтэл учруулсан” гэсэн утга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 545 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хувьд овгийн Бямбасүрэнгийн Быг хүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй” гэсэн, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй” гэсэн, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бын цагдан хоригдсон 69 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон 1.035.000 төгрөгийг торгох ялаас хасч тооцож, торгуулийн ялын хэмжээг 9.65.000 төгрөгөөр тогтоосугай” гэсэн нэмэлт заалтуудыг тус тус оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, 4 дэх заалтуудыг тус тус хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Ж.Батмөнхийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүгдэгч Б.Быг нэн даруй сулласугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         М.ПҮРЭВСҮРЭН

                                ШҮҮГЧ                                                Д.ОЮУНЧУЛУУН

                                ШҮҮГЧ                                                М.АЛДАР