Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 46

 

                                                                     Н.Ат холбогдох эрүүгийн

                                                                            хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Оюунчулуун, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

          прокурор Ж.Энхжаргал,

          хохирогч Смородникова Е, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан,

          нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нарыг оролцуулан,

          Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр  даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 504 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Смородникова Егийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Н.Ат холбогдох 1803 0028 00201 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Соён овгийн Норжингийн А, 1962 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Ховд аймгийн Ховд суманд төрсөн, 55 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ачийн хамт Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Нэхмэл 10 дугаар байры 27 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ХВ62102709/;

Н.А нь 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 16-17 цагийн орчим Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Үйлчилгээний төвийн урд замд “Тоёота Приус” загварын 51-93 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон яваад Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Смородникова Ег мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Н.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Соён овгийн Норжингийн Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Н.Ат холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн 1803 0028 00201 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, Н.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 1.259.690 төгрөг төлснийг дурдаж, хохирогч Смородникова Е гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролтой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эртэйг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Смородникова Е давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Учир нь миний бие шүүгдэгч Аийн буруутай үйл ажиллагааны улмаас 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр зам тээврийн осолд орж “...баруун шагайн дотор гадна хавчаар яснуудын далд хугарал...” бүхий гэмтэл авсан. Тухайн үед шүүгдэгч А намайг дайрч унагаачихаад цагдаа, түргэнд дуудлага өгсөн гэж хэлсэн. Тэгээд хүлээсэн боловч цагдаа түргэний аль нь ч ирээгүй аргаа бараад Аийн машинд суугаад гэмтлийн эмнэлэг дээр очсон. Тухайн үед А хэлэхдээ “та юунд ч битгий санаа зов, миний буруу, би таныг хөл дээр чинь босгож өгнө, бүх төлбөрийг чинь барагдуулна” гэж хэлсэн. Би гэртээ ганцаараа амьдардаг, тэтгэврийн хүн учраас надад гэмтэл авснаас хойш эм тариа авч өгөх хүн байхгүй, туслах хүн байхгүй надад үнэхээр хэцүү байсан. Би Аийг их харж хүлээсэн боловч 2017 оны 11 сараас эхлэн над руу утсаар ярихаар больж, утасдахаар утсаа авахгүй надаас зугтах болсон.

Би уг гэмтлийг авснаас хойш хөл дээрээ босч чадахгүй их удсан. А нь тухайн зам тээврийн осол болох үед “цагдаа, түргэн дуудсан” гэж надад хэлсэн боловч цагдаа, түргэнд дуудлага өгөөгүй байсан. А нь намайг хуурч мэхлэн “таны хохирлыг гаргаж өгнө, хөл дээр нь босгож өгнө” гэж хэлчихээд зугтаагаад алга болсон. Би өөрөө хууль зүйн мэдлэггүй, дээр нь ганцаараа амьдардаг тэтгэврийн хүн тул гарч орж чадахгүй, дээр нь Аийн намайг “хөл дээр нь босгож өгнө, хохирол төлбөрийг минь барагдуулна” гэснийг хүлээгээд хугацаа алдаж 2018 оны 3 сард замын цагдаад гомдол гаргасан. Энэ бүхнээс үзэхэд А нь анхнаасаа цагдаад дуудлага өгөлгүй уг хэргийг нуун далдалж хугацаа авах гэсэн зальжин арга байсан гэдгийг би сүүлд ойлгосон.

Уг зам тээврийн ослоос болж миний бие эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэл санаагаар хохироод байна. Эмчилгээний зардалд хавтаст хэрэгт авагдсан баримтаар 4.659.778 төгрөгийн зардал гарсан. Үүнээс А нь 1.259.690 төгрөгийн эмчилгээний зардлыг төлсөн. Үлдсэн 3.400.088 төгрөгийн зардлыг төлж барагдуулаагүй ба шүүхээс уг эмчилгээний зардлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна.

Эрүүгийн хуулийн гол зорилго нь хохирсон этгээдийн хохирлыг барагдуулж, хохирогчийн эрх ашгийг хамгаалж, гэм буруутай этгээдэд тохирсон ял шийтгэл оногдуулахад чиглэдэг гэж иргэн хүний хувьд ойлгодог.

Гэтэл анхан шатны шүүхээс уг Аийн хэргийг үндэслэлгүйгээр прокурорт буцаах шийдвэр гаргаж цаг хугацаа алдаж шүүгдэгч Аийг ял завшуулах боломж олгосонд маш их гомдолтой байна. Мөн А нь шүүх дээр хохирогч намайг доромжилж хохирогчийн буруугаас болж уг осол болсон. Уг хэрэгт миний буруу байхгүй гэж хэлсэнд гомдолтой байна. Миний бие Аийн буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осолд орж хүндэвтэр гэмтэл авч уг гэмтлээс болж өнөөдрийг хүртэл суга таягтай явж, насан туршдаа эрүүл мэндээрээ хохирчихоод явж байна. Гэтэл шүүхээс Аийг ялаас чөлөөлж, миний эмчилгээний зардал болох 3.400.088 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд хохирогч миний бие маш их гомдолтой байна.

Миний гэмтсэн хөл эдгэхгүй байсан тул Монголд албан ёсоор эмийн бэлдмэл, нэмэлт тэжээл оруулж ирдэг байгууллагаас эмчид нь үзүүлж өөрт учирсан гэмтэлтэй холбоотойгоор уураг, омега, алое, кальци зэрэг бүтээгдэхүүн нэмэлтээр авч хэрэглэж байсан. Уг эм бэлдмэлийг авч хэрэглэснээр миний хөл дээрдэж би хөл дээрээ босч явж чаддаг болсон. Энэ нь хуульд харшлаагүй гэж миний бие бодож байна. Иргэн хүний хувьд тухайн гэмтэлтэй холбоотойгоор эм тариа, нэмэлт бэлдмэлийг хаанаас ч авах эрхтэй. Энэ талаарх нотлох баримтыг анхан шатны шүүхэд гаргаж өгсөн боловч эмчийн заавар байхгүй гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгосонд маш их гомдолтой байна.

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “...Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй...” гэж заасан байдаг.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж хохирогч надад эмчилгээний зардал болох 3.400.088 төгрөгийг шүүгдэгч Аээс гаргуулж надад олгохоор шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Смородникова Егийн өмгөөлөгч О.Баярбаясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Миний үйлчлүүлэгч Смородникова Е нь энэ гэмтлийг авснаас хойш 6 сарын дараа гомдол гаргасан байдаг. Миний үйлчлүүлэгчийн хууль эрх зүйн мэдлэггүйг ашиглан анхнаасаа Н.А нь энэ гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг дуусгах санаа зорилготой байсан нь тодорхой байдаг. Гэмт хэрэг үйлдсэн этгээд бусдад учруулсан гэм хорыг заавал арилгах үүрэгтэй байдаг. Тиймээс шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж өгнө үү. ...” гэв.

Прокурор Ж.Энхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...хохирогч Смородникова Егийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Дээрх нэмэлт бүтээгдэхүүнүүдийг өөрт учирсан гэмтлээ хурдан эдгээхийн тулд авч хэрэглэсэн байдаг. Хохирогчийн нэхэмжилсэн үнийн дүн баримтаар тогтоогдож байгаа тул шүүгдэгч Н.Аээс гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй болно.

Н.А нь 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 16-17 цагийн орчим Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Үйлчилгээний төвийн урд замд “Тоёота Приус” загварын 51-93 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон яваад Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Смородникова Ег мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Смородникова Е /хх 15/, гэрч Т.Батбаяр /хх 26-27/, гэрч П.Эрдэнэ-Очир /хх 28-29/ нарын мэдүүлгүүд, “явган зорчигч Смородникова Е нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн байх үндэслэлгүй байна” /хх 36-37/ гэх магадлагаа, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-10/, осол гэмтлийн тохиолдол бүртгэх хуудас /хх 35/, хохирлын баримтууд /хх 18-19, 78, 117/, Смородникова Егийн өвчний түүхийн хуулбар /хх 20-25/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Смородникова Егийн биед баруун шагайн дотор гадна хавчаар яснуудын далд хугарал үүсчээ. ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” гэх 4219 дугаартай дүгнэлт /хх 33/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Н.Аийн үйлдсэн гэмт хэрэгт хорих ял оногдуулахаар заагаагүй нь хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч, хуульд заасан нэг жилийн хөөн хэлэлцэх хугацаа 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр дууссан байх тул Н.Аийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Харин анхан шатны шүүх хэрэгт авагдсан хохирлын баримтууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүйн дээр уг бүтээгдэхүүнийг хэрэглэх талаар эмчийн заавар, мөн ямар хугацаанд нэмэлтээр хэрэглэх талаарх баримтууд хэрэгт авагдаагүй гэсэн үндэслэлээр хохирлыг хэлэлцэхгүй орхисон нь үндэслэлгүй байна.

Учир нь, хохирогч Смородникова Е шүүгдэгч Н.Аийн үйлдсэн гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтлээ эмчлэх зорилгоор нэмэлт бүтээгдэхүүн болох уураг, омега, алое, кальци зэргийг хэрэглэсэн тухай баримтаа хуульд заасны дагуу гаргаж өгсөн байх бөгөөд дээрх бүтээгдэхүүнийг заавал эмчийн заавар, жороор хэрэглэснээр хохиролд тооцох нь өрөөсгөл юм.

 

Нөгөөтэйгүүр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно...”, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно...” гэж тодорхой зааснаас үзэхэд хохирогч Смородникова Ед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9 дэх хэсэгт “...гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх...” хохирогчийн эрхийн дагуу гэмтсэн хөлөндөө хэрэглэсэн нэмэлт бүтээгдэхүүний төлбөрөө шүүгдэгчээс гаргуулах эрхтэй байна.

Иймд дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, хохирогч Смородникова Егийн гаргасан “шүүгдэгч Н.Аээс 3.400.088 төгрөгийн хохирлыг гаргуулж өгнө үү” гэсэн утга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 504 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Аээс 3.400.088 төгрөгийг гаргуулж, хохирогч Смородникова Е ЮД59051624 /Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Нэхмэлийн 8-16 тоотод оршин суух/-д олгосугай.” гэсэн нэмэлт заалт оруулж, хохирогч Смородникова Егийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.  

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         М.ПҮРЭВСҮРЭН

                                ШҮҮГЧ                                                Д.ОЮУНЧУЛУУН

                                ШҮҮГЧ                                                М.АЛДАР