Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 182/ШШ2017/01737

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: тоот хаягт байрлах, /улсын бүртгэлийн дугаар, регистрийн дугаар /, “Ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: тоот хаягт байрлах, /улсын бүртгэлийн дугаар, регистрийн дугаар/, “Ш.Х” ХХК-д холбогдох

 

Худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 24,850,000 төгрөг, алданги 12,425,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Тэмүүлэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Ш” ХХК шүүхэд болон түүний төлөөлөгч Э.Х шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: 2016 оны 06 сарын 22-ны өдөр 30 тоот худалдах, худалдан авах гэрээ байгуулж Лорнет Форвард нэрийн 49,700,000 төгрөгийн үнэ бүхий ургамал хамгааллын бодисыг “Ш.Х” ХХК-д худалдсан бөгөөд урьдчилгаа төлбөр 50 хувь буюу 24,850,000 төгрөгийг 2016 оны 06 сарын 22-ны өдөр дотор төлж үлдэгдэл 50 хувийн төлбөрийг 2016 оны 11 сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан. Үүнээс хойш ямар нэгэн төлбөр төлөөгүй тул 24,850,000 төгрөг, гэрээний 4-р зүйлийн 4.1.б-д заасны дагуу алданги 12,425,000 төгрөг, нийт 37,275,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 10,000,000 төгрөгийг төлсөн. Иймд үлдэгдэл 14,850,000 төгрөг, алданги 7,425,000 төгрөг, нийт 22,275,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа 15,000,000 төгрөгөөр багасгаж байна гэв.

.

Хариуцагч “Ш.Х” ХХК шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Манай компани 2016 онд шинээр газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн ажлын дадлага туршлага дутмаг байснаас тариалалт, ургац хураалт муу хийгдсэнээс санхүүгийн байдал хүндэрч “Ш” ХХК-иас худалдаж авсан бодисын үлдэгдэл төлбөрийг төлөх боломжгүй болсон юм. Энэ онд тариалалтын ажил жигдэрч байгаа, мөн бусад хөрөнгийн эх үүсвэрүүд нааштайгаар шийдэгдэх боломжтой болсон тул бид “Ш” ХХК-д төлөх төлбөрөөс эхний ээлжинд 10,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэлдэл төлбөрийг 6 сарын 30-ны дотор төлж барагдуулна гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй.

 

Нэхэмжлэгч “Ш” ХХК нь хариуцагч “Ш.Х” ХХК-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 24,850,000 төгрөг, алданги 12,425,000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 10,000,000 төгрөгийг төлсөн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа 15,000,000 төгрөгөөр багасгаж, худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт 14,850,000 төгрөг, алданги 7,425,000 төгрөг, нийт 22,275,000 төгрөгийг  гаргуулахаар тайлбар гаргаж байна.

 

 Хариуцагч “Ш.Х” ХХК нь “Ш” ХХК-тай 2016 оны 06 сарын 22-ны өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулж 49,700,000 төгрөгийн бараа нийлүүлж, урьдчилгаа 50 хувийг бэлнээр төлөхөөр харилцан тохиролцож Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан нөхцөлийг тусгасан хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан байна.

 

Хариуцагч дээрх гэрээний дагуу бараа хүлээн авч 2017 оны 06 сарын 07-ны өдөр 10,000,000 төгрөгийн төлөлт хийсэн болох нь Орлогын баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар үндсэн үүрэгт тооцож төлбөрөөс хасах үндэстэй.

 

Талууд худалдах-худалдан авах гэрээний 4.1.б-д хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр заасан байх тул гүйцэтгээгүй үүрэг 14,850,000 төгрөгийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4.Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж зааснаар алданги 7,425,000 төгрөг нийт 22,275,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Ш” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 15,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

Шүүх хариуцагч талд шүүх хуралдааны товыг 2017 оны 9 сарын 15-ны өдөр “Мэдэгдэх хуудас”-аар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх ба нэхэмжлэгчийн төлөөлөгч түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар шийдвэрлэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасныг баримтлан “Ш.Х” ХХК-иас 22,275,000 /хорин хоёр сая хоёр зуун далан таван мянга/ төгрөгийг гаргуулж “Ш” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 15,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 344,320 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч  “Ш.Х” ХХК-иас 269.325 төгрөгийг гаргуулж “Ш” ХХК-нд олгосугай.

 

3.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Н.НАРАНГЭРЭЛ