Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2018/00282

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 182/ШШ2017/01810 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2285 дугаар магадлалтай

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“А” ХХК-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэг, хохиролд нийт 2 707 337 920 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Бат-Амгалангийн гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Амартүвшин, Н.Баатарцогт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Бат-Амгалан, хариуцагчийн өмгөөлөгч К.Бауиржан,  В.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “А” ХХК нь 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 0016020215 дугаартай зээлийн гэрээ байгуулан 1 800 000 000 төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, сарын 3 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн гэрээний хугацаа дууссан бөгөөд үндсэн зээл 1 798 200 000 төгрөг, зээлийн хүү 682 902 360 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 117 242 640 төгрөг, нотариатын төлбөр 22 000 төгрөг нийт 2 598 367 000 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс хойшхи хугацааны зээлийн хүү 89 910 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19 060 920 төгрөг, нийт 108 970 920 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

Иймд “А” ХХК-иас 2 707 337 920 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2203032689 дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11-р хороо, 7 хороолол 301 байр А хэсэг тоотод байрлалтай 26,500 м.кв талбайтай, Үйлчилгээ, орон сууцны зориулалттай, 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-2203032690 дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11-р хороо, 7 хороолол 301 байр Б хэсэг тоотод байрлалтай 26,500 м.кв талбайтай, Орон сууц, үйлчилгээний зориулалттай, 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Э” ХХК-тай байгуулсан 16020215 тоот зээлийн гэрээний дагуу 1 800 000 000 төгрөгийг зээлж авсан нь үнэн бөгөөд 2 707 337 920 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Монгол Улсын эдийн засгийн хямралт байдал барилгын салбарт нөлөөлж орон сууцны борлуулалт зогссон, гаднаас орж ирэх хөрөнгө оруулалт тодорхойгүй хугацаагаар хойшилсон зэрэг шалтгааны улмаас зээлийн эргэн төлөлт удааширч энэ тухай “Э” ХХК-д олон удаа бичгээр хандаж, зөвшилцөх санал тавьсан. Нэхэмжлэлийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 182/ШШ2017/01810 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2., 453 дугаар зүйлийн 453.1. дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “А” ХХК-иас 2 525 072 800 /хоёр тэрбум таван зуун хорин таван сая далан хоёр мянга найман зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 182 265 120 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч сайн дураар үүргээ биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж Улсын бүртгэлийн Ү-2203032689 дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх эрхийн 000465016 тоот гэрчилгээтэй, Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, 7 хороолол 301 байр, А хэсэг тоот хаягт байрлах, 26500 м.кв талбайтай, үйлчилгээ, орон сууцны зориулалттай, 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, Улсын бүртгэлийн Ү-2203032690 дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх эрхийн 000465015 тоот гэрчилгээтэй, Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, 7 хороолол 301 байр, Б хэсэг тоот хаягт байрлах, 26500 м.кв талбайтай, үйлчилгээ, орон сууцны зориулалттай, 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13 149 785 төгрөгийг Төрийн санд үлдээж, хариуцагч “А” ХХК-иас 12 783 314 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2285 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 182/ШШ2017/01810 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “2 525 072 800” гэснийг “2 675 563 920” гэж, “182 265 120” гэснийг “31 774 000” гэж 3 дахь заалтын “12 783 314” гэснийг “13 535 769” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Э” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 069 280 төгрөгийг улсын орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Бид давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцээгүй байна гэж үзэж гомдол гаргаж байна.

16020215 дугаартай Зээлийн гэрээний батлан даагчаар “Дөлтүшиг” ХХК “Э" ХХК-тай 16020215-02 дугаартай Батлан даалтын гэрээ байгуулсан бөгөөд манай компани зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ямар нэгэн байдлаар зөрчсөн тохиолдолд батлан даалтын гэрээний 2.2, 2.3.1, 2.3.2, 2.3.3, 2.3.4, 2.3.5, 2.7, 3.1, 3.2, 3.4-т заасны дагуу “Дөлтүшиг” ХХК-ийн данс болон агуулахад байгаа арматур төмрийг худалдан борлуулах замаар хохирлоо үл маргах журмаар гаргуулах бүрэн боломжтой байсан боловч энэхүү шаардах эрхээ хэрэгжүүлэлгүй. Үүнээс болж зээлийн хэтэрсэн хугацааны хүү 13 сараар хуримтлагдан зээлдэгчийг санхүүгийн хувьд хүнд байдалд оруулсан. Манай компани зээлээ төлөөгүй нь бидний буруу боловч үүрэг гүйцэтгүүлэгч ч мөн хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй нь өнөөдрийн нөхцөл байдалд ч хүргэх хүчин зүйл болсон нь нөхцөл байдлыг дүгнээгүй.

Зээлийн гэрээнээс нэг талын санаачилгаар татгалзаж гэрээг цуцалсан байдалд шүүх дүгнэлт хийгээгүй. Өөрөөр хэлбэл “Э" ХХК нь зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3, 4,3.9, 4.3.13, 4.3.14, 4.3.4, 4.3.5-д заасны дагуу зээлийн гэрээнээс татгалзаж, өөрийн нэг талын санаачилгаар цуцалж 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Бидний зүгээс ч зээлийн гэрээг цуцлан хүү, нэмэгдүүлсэн хүү тооцохыг зогсоохыг хүсч байсан тул эсэргүүцээгүй. Бид иргэний хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлэх явцад нэхэмжлэгчид эвлэрэх санал удаа дараа гаргасан бөгөөд “Э” ХХК нь нэмэгдүүлсэн хүүгээсээ татгалзан эвлэрэх тухай тохиролцсон боловч эвлэрлийн гэрээ байгуулах гэтэл тохиролцооноосоо гэнэт буцаж нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэн маргаанаа шүүхээр шийдвэрлүүлэхээр зүтгэсэн. Нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх болсон үндэслэл нь хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх хугацааг сунгаж удаашруулсан гэсэн бөгөөд бидний зүгээс анхан болон давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх хугацаанд нэг ч удаа хойшлуулах, удаашруулах үйлдэл хийгээгүйг дурдах нь зүйтэй.

Иймд гэрээг цуцлах хүртэлх буюу 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс хойшхи хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэг үүсэхгүй буюу нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Давж заалдах шатны шүүх зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний тооцооллыг буруу тооцоолж дүгнэсэн. Зээлийн гэрээний дагуу 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 54 000 000 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр 57 600 000 төгрөгийг буюу эхний 2 cap зөвхөн зээлийн хүү төлөхөөр тохиролцсон. Зээлдэгч 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацааны буюу 70 хоногийн зээлийн хүү болох 126 000 000 төгрөгийг зээлдүүлэгчид төлсөн. Гэтэл зээлдүүлэгч зээлийн хүүнд 111 600 000 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүнд 14 400 000 төгрөгийг тооцож суутгасан нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасантай нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл Иргэний хууль, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль болон зээлийн гэрээний гүйцэтгэвэл зохих үүрэг буюу төлөгдөөгүй байгаа зээлд ногдох хүүгээс нэмэгдүүлсэн хүү тооцох ёстой боловч эхний 2 cap үндсэн зээлийн төлөлтгүй зөвхөн хүү төлөхөөр тохиролцсон байхад нийт зээлээс буюу 1.8 тэрбум төгрөгт ногдох хүүгээс тооцож нэмэгдүүлсэн хүү суутган авч хууль зөрчсөнийг тайлбарласан боловч хүлээж авалгүй хуулийг буруу тайлбарлан дүгнэсэн.

Давж заалдах шатны шүүх гүйцэтгэх хугацаа нь болсон үүрэгт хамааралтай Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх заасан зохицуулалтыг хэрэглэн зээлдэгчийн нэхэмжлэгчид 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 54 000 000 төгрөгийг үндсэн зээлээс хасахаар дүгнэсэн нь зөв боловч 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн төлөлтийг уг зохицуулалтад хамруулахгүй орхигдуулсан гэж үзэж байна.

Хууль болон зээлийн гэрээний дагуу төлбөрийн зохих дүнг тооцоолбол үндсэн зээлийн үлдэгдэл 1 693 800 000 төгрөг, зээлийн хүү 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх 20 хоногийн хүү 36 000 000 төгрөг, хэтэрсэн хугацааны зээлийн хүү 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл 13 cap 2 хоног байна.

Дээрх үндэслэлээр Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2285 дугаартай магадлалыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байгаа тул магадлалд өөрчлөлт оруулж хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч “Э” ХХК нь “А” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл, хохиролд нийт 2 707 337 920 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 2 552 072 800 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч сайн дураар үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хариуцагчаас 2 675 563 920 төгрөгийг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хэтэрсэн хугацааны хүүд нэмэгдүүлсэн хүү тооцсон нь хуульд нийцээгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдүүлсэн хүүг хасч тооцсоныг давж заалдах шатны шүүхээс буруутгаж, хууль, гэрээнд заагаагүй үндэслэлээр нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгосон гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1. дэх заалтад нийцсэн байх боловч шийдвэрт өөрчлөлт оруулахдаа тооцооны алдаа гаргаж, нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүүг нэхэмжлэлийн шаардлагаас илүү хэмжээгээр тооцож шийдвэрлэсэн нь магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.-т заасан шаардлагад нийцээгүй байна. 

Мөн нэхэмжлэгч нь хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нотариатын зардалд гарсан 22 000 төгрөгийг хохиролд тооцож нэхэмжилснийг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа нэхэмжлэлийн дээрх шаардлагыг орхигдуулсан байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, алдааг зөвтгөх нь зүйтэй гэж үзлээ.

Зохигчид 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч “Э” ХХК нь зээлдэгч “А” ХХК-д 1 800 000 000 төгрөгийг сарын 3.0 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлдүүлэх, зээлдэгч нь Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийг төлж барагдуулах, зээлийг хугацаанд нь төлөөгүй бол зээлийг төлж дуустал хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тус тус үүрэг хүлээсэн байх ба, зээлдэгч үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож, өөрийн өмчлөлд бүртгэлтэй Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 7 дугаар хороолол 301 байрны А, Б хэсэг тоот тус тус 26 500 м.кв талбайтай үйлчилгээ, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, газар ашиглах эрхийг барьцаалж барьцааны гэрээ байгуулсан үйл баримт тогтоогджээ.

Зээлийн болон барьцааны гэрээ хуулийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр хэлцэл байх бөгөөд гэрээний талаар зохигчид маргаагүй, зээлдүүлэгч 1 800 000 000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлэх үүргээ биелүүлсэн байна.

Зээлдэгч нь зээлийн эргэн төлөх хуваарьт зааснаар эхний 2 сард зээлийн хүүг, 3 дахь сард үндсэн зээлийг үлдэгдэл хүүгийн хамт төлөх үүрэг хүлээжээ.

Зээлдэгч 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр зээлийн хүүд 126 000 000 төгрөг төлснийг зээлдүүлэгч эхний 2 сарын хүүд 111 600 000 төгрөгийг авч үлдэх 14 400 000 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүд тооцож авсан болох нь баримтаар тогтоогдсон байна. Гэрээний хугацаанд үндсэн зээл төлөх үүрэг хүлээгээгүй байхад нэхэмжлэгч илүү гарсан төлбөрийг нэмэгдүүлсэн хүүд тооцож авсан нь гэрээний үүргээ зөрчсөн байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлтэй байна.

Ийнхүү зээлдэгчээс төлсөн төлбөрийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4.-т заасан дарааллын дагуу тооцоход үндсэн зээлийн үлдэгдэл 1 731 182 400 төгрөг, зээлийн хүү 770 372 803 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 154 073 960 төгрөг болж байх бөгөөд нэхэмжлэгч нэмэгдүүлсэн хүүд 136 303 560 төгрөгийг нэхэмжилсэн тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хязгаарлаж, зээлийн гэрээний үүрэгт нийт 2 637 858 763 төгрөгийг хариуцагчаас гаргаж нэхэмжлэгчид олгохоор байна. 

Хариуцагч сайн дураар үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1. дэх заалтад нийцжээ.

Нэхэмжлэгчээс нотариатын зардалд нэхэмжилсэн 22 000 төгрөгийн шаардлагыг нотлосон, хэргийн 3, 4 дүгээр талд авагдсан Нотариатын танхимын мөнгөний тасалбарт мөнгө тушаагчийн гарын үсэг зурагдаагүй, тасалбарын дугаар бичигдээгүй байх тул дээрх баримтыг үндэслэж нэхэмжлэлийг хангах боломжгүй тул нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн энэ шаардлагаа нотлоогүй гэж үзнэ.

Хоёр шатны шүүх дээрх шаардлагыг шийдвэрлэхдээ холбогдох хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2285 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 182/ШШ2017/01810 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “453.1.” гэсний дараа “, 227 дугаар зүйлийн 227.1.” гэж нэмж, “2 525 072 800 /хоёр тэрбум таван зуун хорин таван сая далан хоёр мянга найман зуу/ төгрөгийг” гэснийг “2 637 858 763 төгрөгийг” гэж, “182 265 120 төгрөгт” гэснийг “69 479 157 төгрөгт” гэж өөрчлөн, 3 дахь заалтын “12 783 314 төгрөгийг” гэснийг “13 347 244 төгрөгийг” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч “А” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 566 925 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.УНДРАХ

          ШҮҮГЧ                                                  Х.ЭРДЭНЭСУВД