Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Лхүндэвийн Атарцэцэг |
Хэргийн индекс | 128/2015/0610/З |
Дугаар | 28 |
Огноо | 2017-01-30 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 28
“Эс Би Эйч” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, Л.Атарцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга З.Оюунгэрэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхжаргал, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батбилэг нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 632 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 221/МА2016/0714 дүгээр магадлалтай, “Эс Би Эйч” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 632 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4, 19.5-д тус тус заасныг баримтлан “Эс Би Эйч” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж “Ашигт малтмалын Кадастрын хэлтэс /хуучин нэрээр/-ийн даргын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 538 дугаар шийдвэрийн “Эс Би Эйч” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгож, NE-025921 дугаартай өргөдлийн дагуу “Эс Би Эйч” ХХК-д ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 221/МА2016/0714 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 632 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч “Эс Би Эйч” ХХК-аас хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх Ашигт малтмалын тухай хуулийн 17.1, 17.2, 18.2, 19.3, 19.4, 19.5 гэсэн заалтуудыг анхан шатны шүүх шийдвэртээ хэрхэн яаж хэрэглэсэн талаар хянаж дүгнэлт гаргахгүй байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123.2.1-д зааснаар “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ...” гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 632 дугаар шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг, хуулийг яаж хэрэглэсэнийг хянахгүйгээр гуравдагч этгээд “Болд гянт болд” ХХК-ийн анхан шатны шүүхэд гаргаж өгөөгүй эх баримттай холбоотой тайлбарыг магадлалдаа үндэслэж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь нэхэмжлэгч “Эс Би Эйч” ХХК-ийн хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна.
Давж заалдах шатны шүүх магадлалдаа “... “Эм Эм И Жи" ХХК нь 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр өргөдөл гаргасан бөгөөд мөн аймгийн Засаг даргын “Дэмжээгүй” саналын улмаас маргаан үүсэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа ажээ” гэж дурдсан нь хавтаст хэрэгт авагдсан ямар нотлох баримтыг үндэслэж тайлбарлаж байгаа нь тодорхойгүй. Мөн магадлалдаа “...гуравдагч этгээд “Болд гянт болд” ХХК-аас 2015 оны 06 дугаар сарын тогтоолуудаас өмнө тухайн оны 02 дугаар сард тогтоол гарсан байсан гэж маргаж байхад дээрх нотлох баримтыг гаргуулан аваагүй нь буруу байна. Иймд, дээрх тогтоолуудыг нотлох баримтаар авах, хэрвээ тухайн нотлох баримт байхгүй бол тэр тухай баримтыг хэрэгт авах шаардлагатай байна. Түүнчлэн талуудын тайлбараар “Эм Эм И Жи” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэрэг үүсгэж улмаар уг талбайг “Эс Би Эйч” ХХК-ийн талбайтай давхцалтай эсэхийг тогтоох зорилгоор шинжээч томилсон байна. Иймд нэг талбайд холбогдох дээрх хэргүүдийг нэгтгэн шийдвэрлэх нь зохистой байж болохоор байна” гэж үзсэн. Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлагад огт холбоогүй, хэрэгт авагдаагүй, хаанаас гараад ирсэн нь үл мэдэх “Эм Эм И Жи” ХХК-тай холбоотой асуудлаар дүгнэлт өгч буйг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Гуравдагч этгээд “Болд Гянт Болд” ХХК нь “Эм Эм И Жи” ХХК-тай холбогдуулан гаргасан Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг одоо гаргаж ярьж байгаа нь хэрэгт ямар ч хамааралгүй тайлбар гаргаж байна. Мөн гуравдагч этгээд нь ямар байр суурьтай, хэний хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалж байгаа нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хуралдааны явцад гуравдагч этгээд “Болд гянт болд” ХХК тайлбартаа энэ талаар огт дурдаагүй, шүүхэд тус тогтоолыг /2015 оны 02 сарын/ нотлох баримтаар гаргуулах талаар ямар нэг хүсэлт гаргаагүй анхан шатны шүүх нотлох баримтыг өөрөө цуглуулах үүрэгтэй хэдий ч хэрэгт хамааралгүй тус тогтоолуудыг мэдэх, цуглуулах ямарч боломжгүй юм. Ийнхүү гуравдагч этгээд “Болд гянт болд” ХХК-ийн давж заалдах гомдол, давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.6-д “Анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримтыг давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гаргахгүй” гэж заасныг илт зөрчсөөр байхад давж заалдаж шатны шүүх энэ үйлдлийг хянаж үзэхгүй байгаа нь мөн хуулийн 123.2.2-т “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн” гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүхээс гарах шийдвэр өөрийнх нь эрх ашиг сонирхлыг хөндөж болзошгүй байтал гуравдагч этгээд өөрийнхөө эрхийг хамгаалахад бус “Эм Эм И Жи” гэх нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй хуулийн этгээдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалаад байгаа нь энэ хоёр этгээд нэгдмэл сонирхолтой байна гэж үзэхээр байна. Иймд, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.
Хэргийн үйл баримтуудаас үзвэл Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутаг Улаан нэртэй газарт нэхэмжлэгч “Эс Би Эйч” ХХК болон гуравдагч этгээд “Болд гянт болд” ХХК-аас гадна “Эм Эм И Жи” ХХК ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан, аймгийн Засаг даргын “дэмжээгүй” саналын улмаас маргаан үүсэж, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа талаар дурдагджээ.
“Эм Эм И Жи” ХХК-ийн нэхэмжлэлээр үүсгэсэн захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хэргийн гуравдагч этгээд “Болд гянт болд” ХХК мөн гуравдагч этгээдээр оролцож байгааг түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын шатны шүүх хуралдаанд тайлбарласан болно.
Үүнээс үзвэл анхан шатны шүүх тухайн маргаж буй талбайд хэд хэдэн хуулийн этгээд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч захиргааны байгууллагад гаргасан өргөдөлтэй холбоотой хэрэг маргааныг нэг ажиллагаагаар нэгтгэн хэлэлцэх боломжтой эсэхийг тодруулсны эцэст хэргийг хянан шийдвэрлэх шаардлагатай байна.
Тодруулбал, хуулийн этгээдүүдээс ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар хүсэлт болгосон талбай нь нэг байх нөхцөлд өргөдлийг шийдвэрлэсэн захиргааны байгууллагын шийдвэртэй хамааралтай хэрэг маргааныг тус тусад нь шийдвэрлэх нь шүүхийн шийдвэрүүд хоорондоо зөрчилдөх, шийдвэр бодитойгоор биелэгдэхэд хүндрэл учрах үр дагаврыг бий болгохоор юм.
Иймээс дээрх үйл баримтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д заасан “Анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримт...“ гэдэгт хамруулах үндэслэлгүй бөгөөд “...Эм Эм И Жи” ХХК...” гэх нэхэмжлэлийн шаардлагад огт хамааралгүй асуудлаар дүгнэлт хийсэн, ...анхан шатны шүүхийн шийдвэр зөв...” гэх нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
Харин шүүгч О.Номуулин өмнө нь энэ хэргийг давж заалдах шатны журмаар хянан хэлэлцэхэд оролцож байсан атлаа дахин мөн хуралдаанд оролцож, дээрх хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.6-д заасан “...шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үл оролцох, өөрөө татгалзан гарах үүрэг”–ээ биелүүлээгүй хууль зөрчсөн талаарх хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй.
Иймд шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 632 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 221/МА2016/0714 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээстэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийнорлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ