Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 120

 

Э.Эт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Майбаяр,

цагаатгагдсан этгээд Э.Э,

нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нарыг оролцуулж,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 849 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ц.Майбаярын бичсэн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 86 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Э.Эт холбогдох эрүүгийн 18110155106014 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овгийн Э.Э, 1989 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, буддын гүн ухаанч мэргэжилтэй, хувиараа барилгын засал чимэглэл хийдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ...................../;

Э.Э нь 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бамбар инж” ХХК-ийн барилгын хашаанд Т.Хын биед халдаж, хөмсөг, зүүн нүдний дээд зовхинд няцарсан өнгөц шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний ухархайн дээд ханын зөрүүгүй хугарал, баруун сарвууны 1 дүгээр хурууны зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, зүүн тохой, зүүн өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газар: Э.Эийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.Эт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгаж, Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Майбаяр бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Эийг хохирогчийн биед болгоомжгүйгээр хохирол учруулсан гэж дүгнэхдээ гэрч Б.Ц, Т.М нарын мэдүүлгийг үндэслэл болгосон нь ойлгомжгүй байна.

Хэрэг болох үед Э.Эийн эхнэр Т.М байсан боловч түүнийг гэрээсээ гарч ирэх үед хохирогч нь газарт унасан байсан, түүнийг яагаад унасныг хараагүй талаар тодорхой мэдүүлсэн байдаг. Мөн гэрч Б.Ц нь утсаар сонссон зүйлийн талаар мэдүүлэх боловч тэрээр Э.Э нь утсаар яриагүй, бичлэг хийж байхад болсон үйл явдлын талаар тухайн үед сонссон мэтээр мэдүүлдэг. Энэ нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Эийн “би өөрийн утсаар бичлэг хийсэн” гэх мэдүүлэг болон гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, сиди-д буулгасан бичлэг зэргээр нотлогддог. Энэ 2 гэрчийн хувьд, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцлийг л гэрчилж байгаагаас бус хэргийг гэрчилж байгаа гэрч нар биш юм.

Анхан шатны шүүх шийдвэртээ, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтыг удирдлага болгосон атлаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдлын аль үндэслэлийг барьж хэрэгсэхгүй болгож байгаа талаар дүгнэлт хийгээгүй нь ойлгомжгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр бүлэгт “болгоомжгүйгээр хөнгөн хохирол учруулах” гэж заагаагүй.

Шинжээчийн 65287 дугаартай дүгнэлтээр, хохирогч Т.Хын биед учирсан зүүн хөмсөг, зүүн нүдний дээд зовхинд няцарсан өнгөц шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний ухархайн дээд ханын зөрүүгүй хугарал, баруун сарвууны 1 дүгээр хурууны зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, зүүн тохой, зүүн өвдөгт зулгаралт бүхий гэмтлүүд нь татагдаж унаснаас үүсэх боломжгүй юм.

Мөн шүүхийн шийдвэрт шүүгдэгч Э.Эийг Т.Э.Э, С.Э.Э, Э.Э гэж өөр өөрөөр бичиж техникийн шинжтэй алдаа гаргасан байна.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 849 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Э.Эийн өмгөөлөгч Л.Н тус шүүх хуралдаанд ирүүлсэн тайлбартаа: “... Хохирогч Т.Х нь “... намайг Э.Э зодож гэмтэл учруулсан” гэж мэдүүлсэн нь гэрч Б.Ц, Т.М нарын мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байгаа, нөгөө талаар Т.Хын мэдүүлгийн эх сурвалж нотлогдохгүй байна гэж анхан шатны шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөв хэрэглэж үндэслэлтэй шийдвэрлэсэн.

Гэрч Б.Ц нь “... та болиоч, яагаад айлын хашаанд орж ирээд шээгээд байгаа юм бэ, нохойд хазууллаа шүү дээ. Хүүхэд байхад наад эрхтэнээ далд хийгээч...” гэх үйл явдлаас эхлээд “... хэсэг хугацааны дараа манай хүү уучлаарай наад нүүрээ угаачих гээд байхаар нь юу болсон бэ гэхэд нохой дайраад байхаар нь татсан чинь уначихсан юм, тэгээд босготол нүүрнээс нь цус гарчихсан байна. ...” гэх үйл явдал хүртэл утсаар сонссон зүйлийнхээ талаар мэдүүлсэн байдаг бөгөөд түүний мэдүүлэг нь хуулийн дагуу нотлох баримт болж хэрэгт авагдсан, хэрэгт хамаарал, ач холбогдол бүхий учраас шүүхээс нотлох баримтын хэмжээнд үнэлэн үнэн зөв дүгнэлт өгсөн. Мөн Э.Эийн би өөрийн утсаар бичлэг хийсэн гэх мэдүүлэг болон гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, сиди-д буулгасан бичлэг зэрэг нь “санаатайгаар нүүрэн тус газар нь цохиж хөнгөн гэмтэл учруулсан” гэдгийг нотлох үндэслэл болохгүй.

Шинжээчийн дүгнэлт нь гэмтлийн ямар зэрэг учирсан болохыг тогтоож байгаа ч санаатайгаар нүүрэн тус газар нь цохисны улмаас уг гэмтэл учирсан болохыг шууд тогтоож байгаа нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх боломжгүй ба прокурорын уг үндэслэл нь нотлох баримтын нотолгооны хүрээ хязгаарыг хэт туйлшруулан тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 849 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэжээ.

Цагаатгагдсан этгээд Э.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би өөрийн өмгөөлөгч Л.Н-гийн давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн тайлбарыг дэмжиж оролцож байна. Би шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Манай эхнэр, охин бид гурав гэрээсээ гарах гээд хашааны том хаалгыг онгойлгочихсон, машин руугаа явж байхад хохирогч Т.Х гэрийн үүдэнд, манай гэр лүү харчихсан, бэлэг эрхтнээ гаргачихсан шээгээд зогсож байсан. Нохой гүйдэг уяатай байсан бөгөөд уяа нь сулрах байх гэж бодоод гүйж очоод хохирогч Т.Хыг татсан чинь уначихсан. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр Э.Эт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 849 дугаартай цагаатгах тогтоол нь хуулийн шаардлагад нийцээгүй байх ба хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх хэргийн үйл баримт, нөхцөл байдал болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судалж, зөв үнэлж дүгнэлт өгч чадаагүй байна гэж үзэв.

Өөрөөр хэлбэл, Э.Э нь 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бамбар инж” ХХК-ийн барилгын хашаанд Т.Хыг хашаанд орж ирж шээлээ гэж хэлсний улмаас хоорондоо маргалдаж, улмаар Т.Хын зүүн талын нүд рүү нь цохиж унагаснаас эрүүл мэндэд нь хөмсөг, зүүн нүдний дээд зовхинд няцарсан өнгөц шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний ухархайн дээд ханын зөрүүгүй хугарал, баруун сарвууны 1 дүгээр хурууны зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, зүүн тохой, зүүн өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.  

Шүүгдэгч Э.Э нь “Х-ыг нохой хазчих гээд байхаар нь холдуулах санаатай хувцаснаас нь татсан чинь уначихсан” гэж мэдүүлдэг боловч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 6528 дугаартай дүгнэлтэд “... Т.Хын биед учирсан гэмтлийг мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой, энэ гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн байх бөгөөд үүнийг няцаан үгүйсгэх нотлох баримт байхгүй байна.

Нөгөөтэйгүүр, шинжээч эмч Ц.Н “... энэ гэмтэл нь хохирогчийг татаж буюу түлхэж, газарт унахад үүсэх ямар ч боломжгүй, цохих, цохигдох үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...” гэж мэдүүлжээ.

Харин гэрч нар хэргийн үйл явдлыг хараагүй, мөн гэрч Т.М, Б.Ц нар нь шүүгдэгч Э.Этэй гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс байх бөгөөд шүүгдэгчийн эрх ашгийг хамгаалсан, нэг талыг барьсан мэдүүлэг өгсөн байхыг үгүйсгэхгүй бөгөөд хохирогч Т.Хын мэдүүлгийг няцаан үгүйсгэх нотлох баримт болж чадахгүй байна.

Мөн хохирогч Т.Х нь анхнаасаа тогтвортой мэдүүлэг өгсөн, мэдүүлэг нь ямар нэгэн байдлаар өөрчлөгдөөгүй байх ба түүний “Э.Э намайг цохиж унагаасан” гэх мэдүүлэг нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогдсон нөхцөл байдал тогтоогджээ.

Дээрх нотлох баримтууд болон нөхцөл байдалд үндэслэн дүгнэлт хийхэд Э.Эийг гэм буруугүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд прокурор Ц.Майбаярын бичсэн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 86 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 849 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Э.Эт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 849 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Э.Эт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл Э.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР           

ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН        

ШҮҮГЧ                                                            Д.ОЮУНЧУЛУУН