Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 00366

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, хийсэн шүүх хуралдаанаар,

 Нэхэмжлэгч. 1978 онд төрсөн, дээд боловсролтой, Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн 20 дугаар байрны 20 тоотод оршин суух, Борлууд овогт Далайгийн Пүрэвсүрэн /РД:ОЮ78122150/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймаг дахь Хөдөө аж ахуйн мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах тухай 132/2017/00374/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Пүрэвсүрэн,

Хариуцагч байгууллагын төлөөлөгч: 1960 онд төрсөн, дээд боловсролтой, Булган аймаг дахь Хөдөө аж ахуйн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал ажилтай, Булган аймгийн Булган сумын 4 дүгээр баг, Зүүнтүрүүний Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 1-1 тоотод оршин суух, Билсэд овогт Санжаагийн Оюутбат /РД:УХ60042806/, нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Пүрэвсүрэн нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Пүрэвсүрэн би Хүний нөөц, гадаад харилцаа хариуцсан ажилтнаы албан тушаалд ажиллаж байсан бөгөөд Булган аймаг дахь Хөдөө аж ахуйн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал С.Оюунбат нь 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б/35 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ цуцлах” тухай тушаал гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж дараах нэхэмжлэлийг гаргаж байна. Булган аймаг дахь Хөдөө аж ахуйн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/19 дугаартай захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Пүрэвсайханы гаргасан тушаалаар уг албан тушаалд орж ажилласан ба 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/26 дугаартай тушаалаар уг албан тушаалд жинхэлсэн болно. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын харъяа Удирдлагын академид Төрийн удирдлагын менежмент чиглэлээр улирлын ангид 2016 оны 11 дүгээр сараас эхлэн суралцаж эхэлсэн ба хаврын улирлын хичээл нь 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр эхэлсэн тул 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/29 дугаартай тушаалаар цалинтай чөлөө авсан билээ. Захирал С.Оюунбатын гаргасан 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б/35 дугаартай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 43 дугаар зүйлийн 43.1-д заасныг үндэслэсэн нь ажлаас чөлөөлөх үндэслэл биш байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасныг үндэслэсэн нь ямар нэгэн хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаагүй байхад үндэслэсэн нь буруу, мөн тушаалд Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1-д заасан заалт нь хөдөлмөрийн гэрээг цуцлахтай ямар нэгэн холбоогүй байна. Мөн тушаалд Хөдөө аж ахуйн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн дүрмийн 3.1, 5.4-т заасныг үндэслэсэн нь уг дүрмийг сургуулийн Удирдах зөвлөлийн 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 02/2015 дугаартай тогтоолын 5 дахь заалтаар хүчингүй болгосон. Мөн тушаалд Хөдөлмөрийн дотоод журмын 7.1-д заасныг үндэслэсэн нь сахилгын зөрчил гаргаагүй байхад үндэслэсэн нь буруу байна, мөн тушаалд Хөдөлмөрийн гэрээний 5.1-д заасныг үндэслэсэн нь хөдөлмөрийн гэрээг цуцлахтай ямар нэгэн холбоогүй байна. Мөн тушаалын бичвэр хэсэгт “Улаанбаатар хотод суралцах нэрээр бүтэн 2 сарын туршид ХАА-н МСҮТ-ийн захиралтай ямран нэгэн харилцаа холбоогүй тус байгууллага болон ажил олгогчийг үл ойшоон төрийн албан хаагчийн хувьд ёс зүйн болон хүн ёсны томоохон алдаа дутагдал гаргасаар ирсэн” гэсэн нь Монгол улсад мөрдөгдөж байгаа хууль, эрх зүйн зүйл заалтад харилцаа холбоо бариагүй, ажил олгогчийг үл ойшоох нь төрийн албан хаагчийн ёс зүйн болон хүн ёсны алдаа дутагдал гэж байхгүй байна. Миний хувьд ажил олгогчийг үл ойшоосон зүйл байхгүй. Мөн суралцаж байх хугацаандаа ажлын байрны үндсэн чиг үүрэгтэй холбоотойгоор сургуулийн зүгээс дуудсан тохиолдол гараагүй билээ. Иймд намайг ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Булган аймаг дахь Хөдөө аж ахуйн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлаар миний бие 2010 оны 10-р сард тус сургуулийг үүд хаалгаа нээхэд анхны захирлаар нь томилогдон ирж ажилласан билээ. Тэр үеэс "Булган хангай " МСҮТийн сургалтын албанд ажиллаж байсан Д.Пүрэвсүрэнг мэдэх болсон юм. Гэтэл нэг их удалгүй захирал Ч.Оюунтуяа нь Д.Пүрэвсүрэнг ажлаас нь халсан сураг байсан ба улмаар Д.Пүрэвсүрэн өөрөө над дээр ирж "Оюунтуяа захирал намайг гэнэт халаад би ажилгүй болчихлоо. Та надад туслаач гэсэн. Тухайн үедээ би ажил орлогогүй залуу хүнийг өрөвдөж сайн ярьвал дэмжиж тусалсан, муугаар бол ХАА-н МСҮТ-ийн захирлын тамга, гарын үсгээ ашиглуулсан. Үүний хүчинд Д.Пүрэвсүрэн манай сургуулийн нэр дээр аймгийн төвийн албан газруудаар компьютерийн төлбөртэй сургалтыг нэг хэсэгтээ явуулж, амь амьдралаа залгуулж байсан нь үнэн юм. Хожим нь Д.Пүрэвсүрэн Булган аймгийн Мэргэжлийн Хяналтын газарт Хөдөлмөрмийн харилцаа эрхэлсэн ажилтнаар орсон гэх бөгөөд тус албыг хашиж байхдаа өөрийн чиг үүрэгт огт хамааралгүй санхүүгийн ээлжит бус шалгалтыг ХАА-н МСҮТөв дээр хийсэн байдаг. Уг шалгалтын явцад сургуулийн дотоод үйл ажиллагаатай холбоотой жижиг зүйлсээр захирал намайг болон тухайн үед нягтлан бодогчоор ажиллаж байсан Чойсүрэнгийн Гантулга, Аж ахуйн албаны даргаар байсан Төрмөнхийн Бямбажав, нарийн бичиг Самдангийн Бадралмаа нарыг хилс хэрэгт гүтгэж улмаар нэр бүхий хүмүүсээр төлөх ёсгүй байсан мөнгө төгрөгийг албадан гаргуулж байсан. Тухайлбал ня-бо Ч.Гантулга нь Хөдөлмөрийн яамны Сайдын тушаалаар ТҮ-8 шатлалаар цалинжаж байсныг буруу хэмээн төлбөр тавьж Ч.Гантулгаар төлүүлсэн бөгөөд нярав А.Ганцоожийг Дотуур байрны оюутны хоолонд зориулж бэлтгэсэн 2 үхрийн махаар шалтаглан цагдаад өгч байсан удаатай. Д.Пүрэвсүрэн нь захирал миний нэр төрд зориудаар халдаж, гүжир гүтгэлгийн шинжтэй элдэв цуурхал тарааж байсан нь ач санах чадваргүй, ах заххүнийг хүлээж хүндлэх тал дээр  чанаргүй нэгэн болохыг нь харуулсан бөгөөд энэ бүхэн намайг хожим 2015 онд ажлаас гэнэт халагдахад хүргэсэн юм. Ийнхүү намайг 1 жил 6 сар ажилгүй байх хугацаанд МХГ-аас ажил албан тушаалдаа тэнцэхгүйн улмаас ажлаасаа халагдсаны дараа сиймхий харж ХАА-н МСҮТөвд шургасан нөхөр юм. ХАА-н МСҮТөвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Намчингийн Пүрэвсайхантай сургуулийн орчимд архидан согтуурч өөрсдийгөө хянах чадваргүй болтлоо ухаан мэдрэлээ алдаж, хамт олныг доромжлон гутааж байж ажилд орсон гэлцдэг. Ямар нэгэн сонгон шалгаруулалт, ажлын ярилцлага албан ёсоор явагдаагүй бөгөөд чухамхүү танил тал, архины нөхдийн араншингаар ар хударгаар ажилласан бусармаг үйлдэл байсан гэж үздэг. Н.Пүрэвсайхан сургуулийн анхны багш, ажилчид болох 15 хүнийг ямар ч үндэслэлгүйгээр ажлаас халсан бөгөөд оронд нь орж ирсэн 15 хүний нэг нь Д.Пүрэвсүрэн мөнөөсөө мөн.Учир иймд өөрийн гаргасан тушаалын үндэслэл болгосон хүн чанар, мөн чанар, өөрийн үнэт зүйлс, сургуулийнхаа нэр хүндийг өнөөдөр энэхүү Д.Пүрэвсүрэнгээс нэхэх эрхтэй гэж би үзэж байна. Хэрэв Д.Пүрэвсүрэн нь чадамжтай, ёс зүйтэй, хүн чанартай сайн ажилтан байсан бол "Булган хангай" МСҮТөв болон Булган аймгийн МХГазар шилдэг ажилтнаа юу юугүй ажлаас халахгүй байсан нь лавтай. Миний хувьд 2010 оноос өнөөг хүртэл ХАА-н МСҮТ-ийн захирлаар ажиллахдаа тус төвийн хаалгаар орж ирсэн залуу хүн нэг бүрийг тосон угтаж туслаж дэмжсээр ирсэн нь бас үнэн юм. Ийм хүнтэй хамтарч ажиллахгүй гэдгээ би хамт олныхоо хурал дээр хариуцлагатай мэдэгдсэн шигээ өнөөдөр бас мэдэгдэж байна гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Пүрэвсүрэн нь Булган аймаг дахь Хөдөө аж ахуйн мэргэжлийн сургалтын төвд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх талуудын гаргаж өгсөн нотлох баримт, тайлбарын хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь “ажил олгогч үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргаж хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн” гэж шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллагын төлөөлөгч эс зөвшөөрчээ.

Нэхэмжлэгч Д.Пүрэвсүрэн нь 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн Булган аймаг дахь Хөдөө аж ахуйн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн хүний нөөц, гадаад харилцаа хариуцсан ажилтнаар ажиллаж байсан ба түүнийг 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ажлаас нь чөлөөлсөн байна.

Нэхэмжлэгч Д.Пүрэвсүрэн, хариуцагч Булган аймаг дахь Хөдөө аж ахуйн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн хооронд 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр хөдөлмөрийн гэрээ бичгээр хийгдэж талууд гарын үсэг зурсан байна. Дээрх гэрээнээс харвал талууд хөдөлмөрийн гэрээний гол нөхцлийн талаар буюу ажил, албан тушаалын нэр, гүйцэтгэх ажил, үүрэг, үндсэн цалингийн хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл зэргийг тохиролцож,нэг бичиг баримт үйлдэн гарын үсэг зурсан байх тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 24 дүгээр зүйлийн 24.1-дзааснаар хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцно. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7-д зааснаар дээрх хөдөлмөрийн гэрээ нь талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болсон байна.Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т зааснаар талууд хөдөлмөрийн гэрээг 3 сарын хугацаатай байгуулж гэрээний хугацаа 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр дууссан, дахин хөдөлмөрийн гэрээг бичгээр хийгээгүй боловч талуудын хэн аль нь гэрээгээ цуцлах талаар санал тавиагүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Иймд Д.Пүрэвсүрнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т зааснаар анхны гэрээний хугацаагаар сунгагдсан гэж үзнэ. Мөн тус төвийн захирлын 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Б/26 тоот тушаалаар Д.Пүрэвсүрэнг тухайн ажил албан тушаалд нь жинхлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн байна.

 Дээрх хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б/35  тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцласан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2- т зааснаар Д.Пүрэвсүрэн нь шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар ажилтан ажлаас буруу халсан гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах ба нэхэмжлэгч нэхэмжлэлээ 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр гаргасан нь гомдол гаргах хуульд заасан хугацаа хэтрээгүй байна.

Ажил олгогч нь ажилтныг ажлаас халах тохиолдолд шийдвэр гаргах ба уг шийдвэр нь эрх зүйн үр дагаврыг үүсгэдэг тул ямар үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаагаа энэхүү шийдвэртээ тодорхой тусгаж Хөдөлмөрийн тухай хуулийн зохих зүйл, заалтыг баримтлах шаардлагатай. Д.Пүрэвсүрэнг ажлаас чөлөөлөхдөө “Захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 02 сарын 22-ны өдрийн Б/19 тоот тушаалын дагуу 3 сарын туршилтын хугацаагаар ажилд орсон гэх боловч цалинтай чөлөө 3 сарын хугацаагаар авч Улаанбаатар хотод суралцах нэрийдлээр бүтэн 2 сарын туршид Хөдөө аж ахуйн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захиралтай ямар нэгэн харилцаа холбоо барилгүй тус байгууллага болон ажил олгогчийг үл ойшоон төрийн албан хаагчийн хувьд ёс зүйн болон хүн ёсны томоохон алдаа дутагдал гаргасан” гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 43 дугаар зүйлийн 43.1, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1, Хөдөө аж ахуйн мэргэжлийн сургал үйлдвэрлэлийн төвийн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1, Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.1, Хөдөлмөрийн гэрээний 5 дуугаар зүйлийн 5.1-д заасныг баримталжээ. /хх-4/

Нэхэмжлэгч нь ажил олгогчийн 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн А/29 тоот тушаалаар 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн 3 сарын хугацаатай цалинтай чөлөө авсан байна. /хх-7/

Ажил олгогчийн “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалын үндэслэл болж буй Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 43 дугаарр зүйлийн 43.1, 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасан  үндэслэл тогтоогдоогүй.

Өөрөөр хэлбэл ажилтан сахилгын ямар зөрчлил гаргасан учраас хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон нь тодорхойгүй байхад ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргасан нь хуульд нийцээгүй байна.

Дээрх байдлаас дүгнэвэл үүрэгт ажлаас чөлөөлөх тухай ажил олгогчийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг зөрчсөн, ажлаас чөлөөлөх үндэслэл нь баримтаар нотлогдоогүй байх тул  ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилтныг ажилд

нь эгүүлэн тогтоосон бол түүний ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг олгох бөгөөд дундаж цалин хөлсийг Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д зааснаар тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно. Иймд нэхэмжлэгч Д.Пүрэвсүрэнгийн ажилгүй байсан хугацааны ажлын 49 өдрийн /2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх/ дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт /1651107 : 3 сар = 550369 төгрөг, 550369 төгрөг : 21.5 ажлын өдөр= 25598 төгрөг, 25598 төгрөг х 49 өдөр = 1254302 төгрөг/ 1254302 төгрөгийг хариуцагчаас гаргуулан олгохоор байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажил олгогч нь ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл төлсөн тухай бичилтийг хийх үүрэгтэй тул нэхэмжлэгчийн дээрх дэвтрүүдэд ажилгүй байсан хугацааны бичилтийг нөхөн бичихийг даалгах нь зүйтэй байна.

Хөдөлмөрийн харилцаанаас үүссэн маргаан нь гомдлоор авч хэлэлцэх хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарч байгаа тул нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Булган аймаг дахь Хөдөө аж ахуйн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс улсын тэмдэгтийн хураамжид 34653 төгрөг гаргуулж Төрийн санд олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Борлууд овогт Далайгийн Пүрэвсүрэнг Булган аймаг дахь Хөдөө аж ахуйн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хүний нөөц, гадаад харилцаа хариуцсан ажилтаны ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Д.Пүрэвсүрэнгийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор 1254302 /нэг сая хоёр зуун тавин дөрвөн мянга гурван зуун хоёр/ төгрөгийг хариуцагч Булган аймаг дахь Хөдөө аж ахуйн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс гаргуулж нэхэмжлэгч олгож, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Булган аймаг дахь Хөдөө аж ахуйн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс 34653 /гучин дөрвөн мянга зургаан зуун тавин гурав/ төгрөгийг гаргуулан Төрийн санд оруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             О.ОДОНЧИМЭГ