Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 0016

 

 

Д.П нэхэмжлэлтэй

                                                                      иргэний хэргийн тухай                                                                               

Хэргийн индекс 132/2017/00374/И

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч С.Уранчимэг, М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 366 дугаартай шийдвэртэй,

Д.П нэхэмжлэлтэй, Булган аймаг дахь Хөдөө аж ахуйн мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:   

Нэхэмжлэгч Д.П

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О

Нарийн бичгийн дарга Ц.Мичидмаа нар оролцов.

        Нэхэмжлэгч Д.П шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.П би Хүний нөөц, гадаад харилцаа хариуцсан ажилтны албан тушаалд ажиллаж байсан бөгөөд Булган аймаг дахь Хөдөө аж ахуйн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал С.О нь 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б/35 дугаартай "Хөдөлмөрийн гэрээ цуцлах" тухай тушаал гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж дараах нэхэмжлэлийг гаргаж байна. Булган аймаг дахь Хөдөө аж ахуйн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/19 дугаартай захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.П-ы гаргасан тушаалаар уг албан тушаалд орж ажилласан ба 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/26 дугаартай тушаалаар уг албан тушаалд жинхэлсэн болно. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын харъяа Удирдлагын академид Төрийн удирдлагын менежмент чиглэлээр улирлын ангид 2016 оны 11 дүгээр сараас эхлэн суралцаж эхэлсэн ба хаврын улирлын хичээл нь 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр эхэлсэн тул 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/29 дугаартай тушаалаар цалинтай чөлөө авсан билээ. Захирал С.О-ын гаргасан 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б/35 дугаартай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 43 дугаар зүйлийн 43.1-д заасныг үндэслэсэн нь ажлаас чөлөөлөх үндэслэл биш байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасныг үндэслэсэн нь ямар нэгэн хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаагүй байхад үндэслэсэн нь буруу, мөн тушаалд Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1-д заасан заалт нь хөдөлмөрийн гэрээг цуцлахтай ямар нэгэн холбоогүй байна. Мөн тушаалд Хөдөө аж ахуйн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн дүрмийн 3.1, 5.4-т заасныг үндэслэсэн нь уг дүрмийг сургуулийн Удирдах зөвлөлийн 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 02/2015 дугаартай тогтоолын 5 дахь заалтаар хүчингүй болгосон. Мөн тушаалд Хөдөлмөрийн дотоод журмын 7.1-д заасныг үндэслэсэн нь сахилгын зөрчил гаргаагүй байхад үндэслэсэн нь буруу байна, мөн тушаалд Хөдөлмөрийн гэрээний 5.1-д заасныг үндэслэсэн нь хөдөлмөрийн гэрээг цуцлахтай ямар нэгэн холбоогүй байна. Мөн тушаалын бичвэр хэсэгт "Улаанбаатар хотод суралцах нэрээр бүтэн 2 сарын туршид ХАА-н МСҮТ-ийн захиралтай ямар нэгэн харилцаа холбоогүй тус байгууллага болон ажил олгогчийг үл ойшоон төрийн албан хаагчийн хувьд ёс зүйн болон хүн ёсны томоохон алдаа дутагдал гаргасаар ирсэн" гэсэн нь Монгол улсад мөрдөгдөж байгаа хууль, эрх зүйн зүйл заалтад харилцаа холбоо бариагүй, ажил олгогчийг үл ойшоох нь төрийн албан хаагчийн ёс зүйн болон хүн ёсны алдаа дутагдал гэж байхгүй байна. Миний хувьд ажил олгогчийг үл ойшоосон зүйл байхгүй. Мөн суралцаж байх хугацаандаа ажлын байрны үндсэн чиг үүрэгтэй холбоотойгоор сургуулийн зүгээс дуудсан тохиолдол гараагүй билээ. Иймд намайг ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Булган аймаг дахь Хөдөө аж ахуйн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлаар миний бие 2010 оны 10-р сард тус сургуулийг үүд хаалгаа нээхэд анхны захирлаар нь томилогдон ирж ажилласан билээ. Тэр үеэс "Булган хангай " МСҮТийн сургалтын албанд ажиллаж байсан Д.П-г мэдэх болсон юм. Гэтэл нэг их удалгүй захирал Ч.О нь Д.П-г ажлаас нь халсан сураг байсан ба улмаар Д.П өөрөө над дээр ирж "О захирал намайг гэнэт халаад би ажилгүй болчихлоо. Та надад туслаач гэсэн. Тухайн үедээ би ажил орлогогүй залуу хүнийг өрөвдөж сайн ярьвал дэмжиж тусалсан, муугаар бол ХАА-н МСҮТ-ийн захирлын тамга, гарын үсгээ ашиглуулсан. Үүний хүчинд Д.П манай сургуулийн нэр дээр аймгийн төвийн албан газруудаар компьютерийн төлбөртэй сургалтыг нэг хэсэггээ явуулж, амь амьдралаа залгуулж байсан нь үнэн юм. Хожим нь Д.П Булган аймгийн Мэргэжлийн Хяналтын газарт Хөдөлмөрмийн харилцаа эрхэлсэн ажилтнаар орсон гэх бөгөөд тус албыг хашиж байхдаа өөрийн чиг үүрэгт огт хамааралгүй санхүүгийн ээлжит бус шалгалтыг ХАА-н МСҮТөв дээр хийсэн байдаг. Уг шалгалтын явцад сургуулийн дотоод үйл ажиллагаатай холбоотой жижиг зүйлсээр захирал намайг болон тухайн үед нягтлан бодогчоор ажиллаж байсан Ч-ийн Г, Аж ахуйн албаны даргаар байсан Т-ийн Б, нарийн бичиг С-ийн Б нарыг хилс хэрэгт гүтгэж улмаар нэр бүхий хүмүүсээр төлөх ёсгүй байсан мөнгө төгрөгийг албадан гаргуулж байсан. Тухайлбал ня-бо Ч.Г нь Хөдөлмөрийн яамны Сайдын тушаалаар ТҮ-8 шатлалаар цалинжаж байсныг буруу хэмээн төлбөр тавьж Ч.Г-аар төлүүлсэн бөгөөд нярав А.Г-ийг Дотуур байрны оюутны хоолонд зориулж бэлтгэсэн 2 үхрийн махаар шалтаглан цагдаад өгч байсан удаатай. Д.П нь захирал миний нэр төрд зориудаар халдаж, гүжир гүтгэлгийн шинжтэй элдэв цуурхал тарааж байсан нь ач санах чадваргүй, ах зах хүнийг хүлээж хүндлэх тал дээр чанаргүй нэгэн болохыг нь харуулсан бөгөөд энэ бүхэн намайг хожим 2015 онд ажлаас гэнэт халагдахад хүргэсэн юм. Ийнхүү намайг 1 жил 6 сар ажилп/й байх хугацаанд МХГ-аас ажил албан тушаалдаа тэнцэхгүйн улмаас ажлаасаа халагдсаны дараа сиймхий харж ХАА-н МСҮТөвд шургасан нөхөр юм. ХАА-н МСҮТөвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н-ийн П-тай сургуулийн орчимд архидан согтуурч өөрсдийгөө хянах чадваргүй болтлоо ухаан мэдрэлээ алдаж, хамт олныг доромжлон гутааж байж ажилд орсон гэлцдэг. Ямар нэгэн сонгон шалгаруулалт, ажлын ярилцлага албан ёсоор явагдаагүй бөгөөд чухамхүү танил тал, архины нөхдийн араншингаар ар хударгаар ажилласан бусармаг үйлдэл байсан гэж үздэг. Н.П сургуулийн анхны багш, ажилчид болох 15 хүнийг ямар ч үндэслэлгүйгээр ажлаас халсан бөгөөд оронд нь орж ирсэн 15 хүний нэг нь Д.П мөнөөсөө мөн. Учир иймд өөрийн гаргасан тушаалын үндэслэл болгосон хүн чанар, мөн чанар, өөрийн үнэт зүйлс, сургуулийнхаа нэр хүндийг өнөөдөр энэхүү Д.П-ээс нэхэх эрхтэй гэж би үзэж байна. Хэрэв Д.П нь чадамжтай, ёс зүйтэй, хүн чанартай сайн ажилтан байсан бол "Булган хангай" МСҮТөв болон Булган аймгийн МХГазар шилдэг ажилтнаа юу юугүй ажлаас халахгүй байсан нь лавтай. Миний хувьд 2010 оноос өнөөг хүртэл ХАА-н МСҮТ-ийн захирлаар ажиллахдаа тус төвийн хаалгаар орж ирсэн залуу хүн нэг бүрийг тосон угтаж туслаж дэмжсээр ирсэн нь бас үнэн юм. Ийм хүнтэй хамтарч ажиллахгүй гэдгээ би хамт олныхоо хурал дээр хариуцлагатай мэдэгдсэн шигээ өнөөдөр бас мэдэгдэж байна гэв.

              Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 366 дугаар шийдвэрээр:

              Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Борлууд овогт-Д-ийн П-г Булган аймаг дахь Хөдөө аж ахуйн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хүний нөөц, гадаад харилцаа хариуцсан ажилтаны ажилд эгүүлэн тогтоож,

              Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Д.П ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор 1254302 /нэг сая хоёр зуун тавин дөрвөн мянга гурван зуун хоёр/ төгрөгийг хариуцагч Булган аймаг дахь Хөдөө аж ахуйн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс гаргуулж нэхэмжлэгч олгож, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгаж,

              Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар   нэхэмжлэгч   нь  улсын  тэмдэгтийн  хураамжаас  чөлөөлөгдсөн  болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Булган аймаг дахь Хөдөө аж ахуйн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс 34653 /гучин дөрвөн мянга зургаан зуун тавин гурав/ төгрөгийг гаргуулан Төрийн санд оруулж,

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарлаж,

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шйидвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О давж заалдах гомдолдоо: “...2017 оны 8-р сарын 28-нд Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр / дугаар 366/ гарч Д П-г ажилд нь эгүүлэн тогтоохоор болжээ. Миний хувьд Д.П-тэй хамтарч ажиллахгүй байх хэд хэдэн үндэслэл байгаа тул дараагийн шатны шүүхэд гомдол гаргаж байна.

Үүнд:

1-рт: Д.П өмнө нь ажиллаж байсан хувийн болон төрийн өмчит олон тооны газраас мэргэжил, ур чадвар, сахилга батын шалтгаанаар халагдаж байсан тогтвор суурьшил муутай нэгэн.

2-рт: Удирдах, удирдуулах зарчим, ёс зүйд суралцаагүй, эрх бүхий хүний гаргасан тушаал шийдвэрийг ойшоож үздэггүй. Тухайлбал ХАА-н МСҮТөвийн захирлын Б/35 тоот тушаалын дагуу Ажил хүлээлцэх комисс-т ажлаа хүлээлгэж өгөлгүй алга болсон.

3-рт: Д. П нь 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/20 тоот Захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн тушаалаар "Өмч хамгаалах байнгын зөвлөл” -ийн даргаар сонгогдсон хэрнээ өөрийн хэрэглэж байсан өмч хөрөнгийг хүлээлгэж өгөлгүй, өнөөг хүртэл эзэмшсээр байгаа. Үүнд: DЕLL- зөөврийн компьютер /1,595,110/ төгрөгний өртөг бүхий нөүтбүүкийг хүлээлцээгуй бөгөөд хувьдаа ашиглаж завшсаар байгаа нь хулгай, луйврын шинжтэй үйлдэл гэж үзэж байна. Төрийн өмчит сургуулийн төрийн өмчид бүртгэлтэй байгаа үнэ бүхий шинэхэн компьютерийг ажлаас халагдсанаас хойш 4 дэхь сардаа өмчүүрхэн хулгайгаар эдлэж хэрэглэж байгаа нэр бүхий багш, ажилтануудыг очихлоор: Гэртээ байхгүй, Маргааш аваачиж өгнө гэхчлэн худал хэлж чулуу хөөлгөдөг нь сэхээтэн хүнд байж боломгүй авир юм.

          Д.П миний гаргасан тушаалын дагуу ажлаа зохих ёсоор  хүлээлцээд сургуулийн эд зүйлсийг бүрэн бүтэн хүлээлгэж өгөөд явсан бол асуудал өөрөөр эргэх ч магадлалтай байсан. Хагас жил шахам хугацаанд ажил хийгээгүй хэрнээ хангамж эдэлж, сурах нэрээр сураггүй алга болж, ажлаас чөлөөлөхөөр эд зүйлс сургалтын хэрэглэгдэхүүн авч оргон зайлдаг ийм хүнийг 35 жил Монголын боловсролд зүтгэсэн багш хүнийхээ хувьд хүлээн зөвшөөрч чадахгүй. Төрийн албанд ажиллах тэр дундаа Мэргэжлийн сургуульд ажиллахыг мөрөөддөг бол юуны өмнө өөрийн суурь хүмүүжил, ёс суртахуунаа засаж залруулах хэрэгтэй гэж боддог.

            Ажлын  оронд  архийг сонирхож,   бүхэл  бүтэн  хамт  олон  түүний  дотор сургуулийн удирдлагыг үл ойшоон, дооглон тохуурхаж улмаар хулгай луйврын шинжтэй бусармаг үйлдэл хийж явна гэдэг дэндүү увайгүй гутамшигт зан чанар бөгөөд хулгай хийсэн хүн хуулийн өмнө хариуцлага хүлээдэг бол Д.П хүлээх ёстой.

Жич: 2 долоо хоногийн өмнө Төрийн өмчийн хорооноос ХАА-н МСҮТөвд хийгдсэн өмчийн тооллогоор Д.П авч явсан нөүтбүүк дутаж шалгалтын дүнг бууруулсан байгаа.”  гэжээ.

                                                ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Д.П нь Булган аймаг дахь Хөдөө аж ахуйн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Д.П нь 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн Хөдөө аж ахуйн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд хүниий нөөц, гадаад харилцаа хариуцсан ажилтнаар ажиллаж байгаад 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.

Ажил олгогч Булан аймаг дахь Хөдөө аж ахуйн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн б/35 дугаар тушаалаар нэхэмжлэгч Д.П-г хүний нөөц, гадаад харилцаа хариуцсан ажилтны ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 43.1, 131.1.3, Төсвийн тухай хуулийн 16.5.1, ХАА-н МСҮТөвийн дүрмийн 3.1, 5.4, Хөдөлмөрийн дотоод журмын 7.1, Хөдөлмөрийн гэрээний 5.1-т заасныг тус тус үндэслэжээ. /хх-ийн 4/   

Ажил олгогчийн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн б/35 дугаар тушаалд “ ... Улаанбаатар хотод суралцах нэрээр бүтэн 2 сарын туршид ХАА-н МСҮТ-ийн захиралтай ямар нэгэн харилцаа холбоо барилгүй тус байгууллага болон ажил олгогчийг үл ойшоон төрийн албан хаагчийн хувьд ёс зүйн болон хүн ёсны томоохон алдаа дутагдал гаргасан” гэж тодорхойлжээ.

Нэхэмжлэгч Д.П нь тухайн ажлын байранд 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн б/19 дугаар тушаалаар түр орж, 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн б/26 дугаар тушаалаар жинхэнэ ажилтан болсон бөгөөд 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн б/29 дугаар тушаалаар 3 сарын хугацаатай цалинтай чөлөө авсан зэргээс үзэхэд дээр дурьдсан үндэслэлээр ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. /хх-ийн 5,6,7/

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт нь ажил олгогч буюу эрх бүхий албан тушаалтан хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд ногдуулах сахилгын шийтгэлийн хэлбэрийг тодорхойлсон бол, Хөдөө аж ахуйн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал 2017 оны 6 дугаар сарын 15-ны б/35 дугаар тушаалдаа хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэлээ тодорхой заагаагүй, нэхэмжлэгч Д.Пнь ямар зөрчил гаргасан болох нь тодорхойгүй байна.

Тушаалд үндэслэл болгосон Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн дүрэм, Хөдөлмөрийн дотоод журам хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байна.

Иймд Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон, хэрэг хянах шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.             

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 366 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурьдсугай.    

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ё.БЯМБАЦЭРЭН

 ШҮҮГЧИД                                                           С.УРАНЧИМЭГ

                                                                              М.ХҮРЭЛБААТАР