Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
Хэргийн индекс | 153/2018/00604/И |
Дугаар | 001/ХТ2020/00353 |
Огноо | 2020-07-07 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2020 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 001/ХТ2020/00353
С.Г-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 153/ШШ2019/00263 дугаар шийдвэртэй,
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 38 дугаар магадлалтай,
С.Г-гийн нэхэмжлэлтэй,
Ховд их сургуульд холбогдох
Ховд их сургуулийн захирлын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Б/124 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, тус сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, захирлын болон ахлах багшийн цалингийн зөрүүг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Г-, түүний өмгөөлөгч Д.Э /онлайнаар/, хариуцагчийн өмгөөлөгч Н.О /онлайнаар/, нарийн бичгийн дарга А.Энхжаргал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Г-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие Ховд их сургуулийн захирлын 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/138 дугаартай тушаалаар Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбарын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаад Ховд их сургуулийн захирлын 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Б/74 дугаар тушаалаар салбарын захирлаар жинхлэн томилогдсон юм. Тус сургуулийн захирлаар ажиллах хугацаандаа хариуцсан ажилдаа эзний ёсоор хандаж, зөрчил дутагдал гаргалгүй удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь чанартай гүйцэтгэн ажиллаж байсан. Миний бие ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байтал Ховд их сургуулийн захирлын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Б/124 дугаартай тушаалаар албан тушаал бууруулж 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөр тасалбар болгон Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлж, тус сургуулийн Боловсрол судлал, арга зүйн танхимд ахлах багшийн зэрэглэлд ажиллуулах тушаал гаргаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ингээд тус тушаалыг хүчингүй болгуулахаар 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч миний нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Миний ажиллаж байсан албан тушаалыг бууруулж байгаа үндэслэлээ гаргасан тушаалдаа дурдахдаа Байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг хангалтгүй удирдаж, урьд хяналт шалгалтаар тогтоогдсон зөрчил дутагдлыг арилгаагүй, ажлын байрны тодорхойлолтод заасан шалгуур, шаардлагыг хангаагүй, менежерийн үр дүнгийн гэрээгээр D буюу дутагдалтай дүгнэгдсэн гэжээ. Миний бие тухайн албан тушаалд 3 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд ажлын байрны тодорхойлолтод заасан шалгуур, шаардлагыг бүрэн хангасан. Тухайн ажлын байранд ажиллахдаа менежерийн үр дүнгийн гэрээ болон хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй учир D үнэлгээ авсан гэдэг нь үндэслэлгүй юм. Надтай холбогдуулан гарсан санхүүгийн акт, шийдвэр, ажлаа сайжруулах тухай заавар, зөвлөмж ирүүлээгүй. Би Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн захирлаар ажиллаж байхдаа сарын 1,116,820 төгрөгийн цалинтай ажиллаж байсан бөгөөд 2018 оны 6, 7 дугаар сард амралтын мөнгө авсан, харин 2018 оны 8, 10 дугаар сард цалин огт аваагүй. Би 2018 оны 9 дүгээр сард Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуульд ахлах багшийн цалингаар, 2018 оны 10 дугаар сараас 2019 оны 5 дугаар сарыг дуустал Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёл урлагийн газарт мэргэжилтнээр ажилласан тул мэргэжилтний цалингаар цалинжсан. Иймд би ахлах багш болон мэргэжилтнээр ажиллаж байхдаа цалин авч байсан учир сургуулийн захирлын цалингийн зөрүүг гаргуулахаар нэхэмжилсэн. Үүнд 2018 оны 8 дугаар сарын захирлын ажлын байр дахь цалин 1,116,820 төгрөг, 9 дүгээр сард ахлах багш, захирлын цалингийн зөрүү 70,885 төгрөг, 10 дугаар сард цалин огт аваагүй тул захирлын цалин 1,116,820 төгрөг, 11 дүгээр сар, 12 дугаар сард мэргэжилтний цалин захирлын цалингийн зөрүү 316,364 төгрөг, 2019 оны 1 дүгээр сараас 5 дугаар сарыг дуустал мэргэжилтний ажлын байрны цалин захирлын ажлын байрны цалингийн зөрүү 285,578 төгрөг, нийт 4,365,143 төгрөгийг Ховд их сургуулиас гаргуулах хүсэлтэй байна. Мөн миний 2018 оны 8, 10 дугаар сард нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй учир энэ хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх хүсэлтэй байна. Харин шүүхэд гаргасан Ховд их сургуулийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/191 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд миний гомдлыг хянан үзэж, Ховд их сургуулийн захирлын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Б/124 дугаартай тушаалыг хүчингүй болгож, С.Г- намайг Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, албан тушаалын цалингийн зөрүүг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн захирлаар ажиллаж байсан С.Г-г 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр албан тушаал бууруулж, багшийн зэрэглэлд ажиллуулах тушаал гарсан. Уг тушаал гарах болсон үндэслэл нь С.Г-гийн ажил сургалт, эрдэм шинжилгээ, гадаад харилцаа, элсэлт, эдийн засаг болон сургуулийн санхүү зэрэг нь ажлууд доголдолтой байсан. Шаардлагын хэмжээнд хүрэхгүй байсан. Ажлын байранд заасан тодорхойлолтыг бүрэн хэрэгжүүлж чадаагүй, эдгээр байдлуудыг үндэслэж албан тушаал буруулсан. Энэ талаар 2017 онд захирлын тушаал гарч С.Г-гийн ажлыг шалгаад, үүрэгт ажлаа сайжруулах үүрэг чиглэл өгсөн. Үүний дагуу 2018 оны 5 дугаар сард шалгалтын мөрөөр дахин очиж шалгахад ажил сайжраагүй байдалтай байсан. Иймд С.Г-г захирлын албан тушаал бууруулсан. С.Г- нь Баян-Өлгий аймаг дахь сургуулийн сургалт, элсэлт хангалтгүй хэмжээнд байсан. Дээд боловсролын тухай хуульд зааснаар дээд боловсрол болон дунд сургуулийн урт хугацааны боловсролд чиглэн төлөвлөгөө боловсруулж ажиллах ёстой. Гэтэл С.Г- эдгээр төлөвлөгөөг боловсруулж ажиллаагүй. Сургуулийн мастер төлөвлөгөөг хамт олондоо танилцуулж хэрэгжүүлж, төлөвлөгөөг боловсруулж ажиллагаагүй. Бага ангийн багш, сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрийг магадлан итгэмжлүүлэхээр сургалтын үнэлгээний зөвлөлтэй гэрээ хийсэн боловч гэрээнд заасан хугацаанд тайланг бичиж хүргүүлээгүй байсан. Сургалтдаа хөндлөнгийн үнэлгээг тогтворжуулах болон оюутны сэтгэл ханамжийн судалгаа авдаггүй. Энэ нь Ховд их сургуулийн дотоод ажлын тогтолцооны журамд энэ талаар зааж өгсөн байгаа. Түүнчлэн 2017-2018 оны хичээлийн жилд оюутан элсүүлэх тоо 199 байхад салбар сургууль 69 оюутан элсүүлсэн. Элсэлт 31,5 хувьтай байсан бөгөөд хангалтгүй үзүүлэлттэй байсан. Салбар сургуулийн элсэлтийг нэмэгдүүлэх бодлого хөтөлбөртөө хүрч ажиллаагүй ямар нэг санаачилгатай ажил хийгээгүй. Багшийг хөгжүүлэх, багш нарын эрдмийн цол зэргийг ахиулах талаар сургалт бодлого төлөвлөж ажилладаггүй. Төв сургуулийн оюутан хөгжлийн зээлд хамруулах тоо 190 байхад салбар сургууль 9 оюутан хамруулсан. Ийм хангалтгүй үзүүлэлтүүд байсан. Баян-Өлгий аймгийн салбар сургууль нь эрдэм шинжилгээ, гадаад харилцаа хамтын ажиллагааны чиглэлээр идэвх санаачилгатай ажилладаггүй. Казахстаны их сургуультай казах хэл, уран зохиолын багшийн 2+2 хамтарсан хөтөлбөр, Казахстан улсын Алмата охидын сургуультай 1+3 хамтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төв сургуульд мэдэгдэхгүйгээр хамтын гэрээнд гарын үсэг зурсан. Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6 дугаар зүйлд зааснаар салбар төлөөлөгчийн газар нь хуулийн этгээдийн эрхгүй байхад салбар төлөөлж гарын үсэг зурсан байсан. Шалгалтаар үзэхэд сургуулийн данснаас нягтлан Жанболат 1,500,000 төгрөг бэлнээр гаргаад няравын данс руу шилжүүлсэн. Энэ нь мөнгөн кассын журмын 2.2 дугаар зүйлийг зөрчсөн. Мөн хандив туслалцаа авахын өмнө удирдлага аль эвсэл удирдлагаас зөвшөөрөл авахгүйгээр 1 оюутнаас 25,000 төгрөг хандив авсан бөгөөд нийт 1,375,000 төгрөг бүртгэл тэмдэглэлгүй хадгалж байсан нь шалгалтын явцад илэрсэн. Энэ нь нийтийн албанд хувийн ашиг сонирхлоор хандсан гээд Ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийг ноцтой зөрчсөн. Мөн Боловсролын тухай хуулийн 36 дүгээр зүйлийн 12.3 дугаар зүйл, 39 дүгээр зүйл болон Дээд боловсролын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1.15 дугаар зүйлийг зөрчсөн. Мөн Баян-Өлгий аймгийн салбар сургууль нь хуулийн эрхгүй этгээд юм. Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль нь дулааны эрчим хүчнээс ирсэн нэхэмжлэлийг төв сургуульдаа мэдэгдэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэр гаргах ажиллагаанд хариуцагчаар оролцсон. Мэргэжлийн салбаруудын хүрээнд тусгай зөвшөөрөл авсан мэргэжлүүдээр бакалавр, магистр, докторын зэргийн сургалт зохион байгуулах хяналт тавих, сургалт сурталчилгааны ажлын нэгдлийг хангах, сургалт судалгааны чиглэлээр гадаад дотоодын байгууллагуудтай хамтран ажиллах үндсэн чиг үүрэгтэй. Гэтэл энэ үндсэн чиг үүргүүдээ огт хэрэгжүүлээгүй талаар тодорхой ярьсан. Ажлын байрны гол үйл ажиллагаа нь Ховд их сургуулийн дүрэм журмын хүрээнд факультетын дүрэм журмыг удирдах ажиллагааг байнга хийж байх ёстой. Сургуулийг хөгжүүлэх хэтийн бодлого төлөвлөлтөд байнга хяналт тавьж түүнд шаардагдах төсвийн хөрөнгийг бүрдүүлж зориулалтын дагуу зарцуулж хяналт тавих ёстой байтал төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж, орлого бүрдүүлэлтэд анхаарч ажилладаггүй. С.Г-г Ховд их сургуулийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 2.7, Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу албан тушаал бууруулсан. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн. Баян-Өлгий аймгийн салбар сургуулийн монгол хэлний багшийн орон тоо болон цагийн тооцоог хийж үзэхээр монгол хэлний багш 36,36 кредит цаг гүйцэтгэх цагийн нөөцтэй байгаа. Ховд их сургуулийн 1 багшийн хичээл заах цагийн тооцоо нь 17 кредит байдаг учраас тухайн 36,36 кредит цагийн хичээлийг 2 багш заах учраас нэг багшийг чөлөөлж орон тоог цөөрүүлэх шаардлага гарсан. Иймд С.Г-д мэдэгдэх хуудас өгөөд 2018 оны 10 дугаар сарын 6-ны өдрөөс ажлаас чөлөөлөхөөр гаргасан тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тушаал шийдвэр гарсан. Иймд С.Г-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 153/ШШ2019/00263 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан Ховд их сургуулийн захирлын 2018.6.20-ны өдрийн Б/124 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Г-г Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Ховд их сургуулиас нэхэмжлэгч С.Г-гийн ажилгүй байсан хугацааны цалин, цалингийн зөрүү нийт 4,423,145 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Г-д олгож, нэхэмжлэгч С.Г- нь Ховд их сургуулийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/191 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 46.1, 46.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Г-гийн 2018 оны 8, 10 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр тооцож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Ховд их сургуульд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч С.Г- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Ховд их сургуулиас улсын тэмдэгтийн хураамж нийт 155,920 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 13 дугаар магадлалаар Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 153/ШШ2018/00263 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бадамцэцэг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.Хиналган нарын давж заалдах гомдлыг давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тал давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг тус тус баримтлан бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.Хиналганы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, өмгөөлөгч Н.О нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Анхан шатны шүүх “ажил олгогчийн ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэл болсон Менежерийн үр дүнгийн гэрээгээр D үнэлгээтэй дүгнэгдсэн гэдгийг нотлохоор гаргаж өгсөн үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх илтгэх хуудсыг хэрхэн дүгнэсэн талаар бичигдээгүй байна” гэж дүгнээд, маргаан бүхий Ховд их сургуулийн захирлын Б/124 дүгээр тушаалд Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолыг үндэслэснийг үгүйсгэсэн байгаад давж заалдах шатны шүүх дүгнэлт хийгээгүй. Хариуцагч байгууллагаас нотлох баримтаар үнэлүүлэхээр гаргаж өгсөн С.Г-гийн “Үр дүнгийн гэрээг дүгнэсэн илтгэх хуудас”-т гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийг дүгнэж D үнэлгээ тавьсныг С.Г- өөрөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан бөгөөд шүүх хуралдаан дээрч үүнийгээ хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан. Зохигчдын маргаагүй, хүлээн зөвшөөрч байгаа нотлох баримтыг шүүх үгүйсгэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан “нотлох баримтыг үнэлэх журам”-ыг зөрчсөн. Нэхэмжлэгч С.Г- нь Ховд их сургуулийн захирлаас олгосон эрхийн хүрээнд тус сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн өдөр тутмын үйл ажиллагаа, төсвийг шууд захиран зарцуулж байсны хувьд Монгол улсын төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан хэм хэмжээ тогтоосон актын хүрээнд хариуцлага хүлээлгэсэн нь хууль зөрчсөн гэх үндэслэл болохгүй. Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль нь Ховд их сургуулийн үндсэн нэгж бөгөөд Ховд их сургуулийн захирлаас олгогдсон эрхийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Нэхэмжлэгч С.Г- нь салбар сургуулийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын зэрэглэлийн хувьд Дээд боловсролын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13 3-д заасан “ахлах багш”-ийн албан тушаалын зэрэглэлд ажиллаж байсан. Ховд их сургуулийн захирлын Б/124 дүгээр тушаалаар С.Г-г “Салбар сургуулийн захирлын үүргээс чөлөөлж, ахлах багшийн зэрэглэлд ажиллуулахаар” шийдвэрлэсэн нь албан тушаалын зэрэглэл буураагүй бөгөөд Дээд боловсролын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан эрхийг хөндөөгүйд анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Хэрэгт хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримтуудыг үнэлээгүй бөгөөд энэ талаараа шийдвэртээ дүгнэлт хийж тусгаж өгөөгүй нь “мэтгэлцэх зарчим”-ыг зөрчсөн байна. Нэхэмжлэгч С.Г- нь шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоход гарсан зардлаа хариуцагчаас гаргуулах тухай” гэж нэмэгдүүлсэн бөгөөд шүүх хуралдааны явцад нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзаж “зардлаа жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрт тусгаж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргасан. Гэтэл энэ талаар анхан шатны шүүхийн шийдвэрт тусгаж, дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан хүсэлтийг шийдвэрлэх, шийдвэрийн агуулгад тусгагдвал зохих үндэслэл журмыг зөрчсөн байгаад давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
С.Г-, Ховд их сургуульд холбогдуулан тус сургуулийн захирлын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Б/124 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, захирлын болон ахлах багшийн цалингийн зөрүүг гаргуулж, нийгмийн, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
С.Г-, Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн захирлаар ажиллаж байгаад төв сургуулийн захирлын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Б/124 дугаар тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлөгдөж, улмаар салбар сургуулийнхаа Боловсрол судлал, арга зүйн танхимд ахлах багшаар томилогджээ.
Б/124 дугаартай тушаалд, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоол, сургуулийн дүрмийн 3.15, хөдөлмөрийн дотоод журмын 4.2.7-г баримталж, байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг хангалтгүй удирдаж, урьд хяналт шалгалтаар тогтоогдсон зөрчил дутагдлуудыг арилгаагүй, ажлын байрны тодорхойлолтод заасан шалгуур, шаардлагыг хангаагүй, менежерийн үр дүнгийн гэрээгээр D буюу дутагдалтай дүгнэгдсэн гэсэн үндэслэл заасан байна.
Тушаалд заасан хууль зүйн болоод бодит үндэслэл тогтоогдоогүй талаархи хоёр шатны шүүхийн дүгнэлт нотлох баримтыг үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчөөгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Ажил олгогч, санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах шийдвэр гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлийг шийдвэртээ тодорхой заах шаардлагатай бөгөөд Б/124 тоот тушаалд хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болсон ажил олгогчийн санаачилсан тухай Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т заасан ерөнхий зохицуулалтыг баримталсан боловч С.Г-г мөн хуулийн 40 дүгээр зүйлд заасан аль шалтгаанаар ажлаас халснаа хариуцагч тодорхой заагаагүй байна.
Тушаалд баримталсан Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж, дүгнэх журам”, “Менежерийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”, “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-уудыг баталсан, эдгээр журмын ямар заалтыг С.Г- зөрчснийг хариуцагч тайлбарлаагүй байна.
Ажил олгогч... иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэйг Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заажээ. Ажил олгогч С.Г-тай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүйг зохигч маргаагүй байна. Түүнчлэн менежерийн үр дүнгийн гэх гэрээ зохигчийн хооронд байгуулагдаагүй байв.
Байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг хангалтгүй удирдаж, урьд хяналт шалгалтаар тогтоогдсон зөрчил дутагдлуудыг арилгаагүй гэсэн боловч хэзээ, ямар зөрчлийг хэрхэн гаргасныг шалгаж тогтоон, уг зөрчлийг арилгах талаар үүрэг даалгавар өгсөн гэх баримт хэрэгт авагдаагүй тул хариуцагч татгалзлаа нотлоогүй гэж үзнэ.
Ажлын байрны тодорхойлолтод заасан шалгуур шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээ хариуцагч тайлбарлахдаа салбар удирдах хүн 5 жил ажилласан байхыг шаарддаг гэсэн боловч анх ажилд томилохдоо энэ шаардлагыг хэрэгжүүлээгүй нь ажилтанг ажлаас халах үндэслэл болохгүй.
Үр дүнгийн гэрээ байгуулаагүй тул С.Г-г ажлаас халах үндэслэлд “менежерийн үр дүнгийн гэрээгээр D буюу дутагдалтай дүгнэгдсэн” гэж үзэх нь хуульд нийцэхгүй байна.
Дээрх байдлаар ажил олгогч С.Г-г сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн гэрээнд заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор ноцтой зөрчил гаргасан, эсхүл ажил олгогчийн итгэлийг алдсан гэх хуульд заасан аль үндэслэлээр ажлаас халсан нь тодорхойгүй, ажилтанг зөрчил гаргасныг баримтаар нотолж чадаагүйг хоёр шатны шүүх хуульд нийцүүлэн дүгнэжээ.
Тушаалд мөн Ховд их сургуулийн дүрмийн 3.15, хөдөлмөрийн дотоод журмын 4.2.7-г баримталсан, эдгээр заалт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан “ажлын зайлшгүй шаардлагаар ажилтанг өөр ажилд түр шилжүүлэх” зохицуулалтын агуулгатай байна. Энэхүү зохицуулалт нь ажил олгогч ажилтнаас хөдөлмөрийн гэрээнд заагдаагүй өөр ажлыг гүйцэтгүүлэхийг шаардах, тухайлбал, байгалийн гамшиг, үйлдвэрлэлийн осол гэх зэргээс шалтгаалсан байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан сөрөг үр дагавараас урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах зэрэгтэй холбоотой байж болох нөхцөл бөгөөд ийм үндэслэл тогтоогдоогүй байна. Түүнчлэн хариуцагч тайлбартаа, зөрчил гаргаж ажлаа хангалтгүй гүйцэтгэснээс тушаал бууруулж өөр ажилд шилжүүлсэн гэх агуулгаар тайлбар гаргажээ. Хөдөлмөрийн тухай хуульд тушаал бууруулах гэсэн сахилгын шийтгэл байхгүй тул тушаалд Ховд их сургуулийн дүрмийн 3.15, хөдөлмөрийн дотоод журмын 4.2.7-г баримталсан нь үндэслэлгүй болсон гэж үзнэ.
Дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан хоёр шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т заасантай нийцжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч С.Г- ахлах багшийн ажлаас халсан Ховд их сургуулийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/191 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлага гаргаж, дараа нь уг нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзсаныг шүүх шийдвэртээ дурдаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан гэж шүүх үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох учиртай. Харин С.Г- ...салбар сургуулийн болон ахлах багшийн ажилд зэрэгцэн тогтоолгох боломжгүй тул Б/191 тоот тушаалыг хүчингүй болгох шаардлагаасаа татгалзсан нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан гэж үзнэ. Иймд шийдвэрийн 3 дах заалтыг хүчингүй болгож энэ талаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 38 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад, Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 153/ШШ2019/00263 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дах заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн 4, 5, 6 дахь заалтыг 3, 4, 5 гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, өмгөөлөгч Н.О нарын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.АЛТАНЧИМЭГ