Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 12

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                     Хэргийн индекс: 114/2020/0012/3/

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Энхтуяа даргалж, нарийн бичгийн дарга Б.Чойномыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Засаг даргын нэхэмжлэлтэй

Хариуцагч Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох

Нэхэмжлэлийн “Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 46 тоот тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох”  тухай шаардлагатай захиргааны хэргийг  хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                            Л.Алтанчимэг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                              Р.Тунгалаг-Эрдэнэ  нар оролцов.

 

                                                   ТОДОРХОЙЛОХ  нь:

 

Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Засаг даргаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтанчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:- Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 46 дугаар тогтоолоор Дархан-Уул аймгийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг 1 дүгээр хавсралтаар, өмчлүүлэх газрын хаягийн жагсаалтыг 2 дугаар хавсралтаар тус тус тодотгон баталсан нь тухайн захиргааны акт илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага дэмжиж оролцож байна.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэр түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2ын “з”, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь заалт, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө батлах тухай 10, Дархан-Уул аймгийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах 32 дугаар тогтоолуудыг үндэслэн. Дархан-Уул аймгийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг 1 дүгээр хавсралтаар, өмчлүүлэх газрын хаягийн жагсаалтыг 2 дугаар хавсралтаар тус тус тодотгон баталсан байдаг.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2- дахь хэсэгт “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн жилд аймаг, нийслэлийн хэмжээнд иргэдэд өмчлүүлэх газрын зориулалт, байршил, хэмжээний талаар аймаг, нийслэлийн Засаг даргаас ирүүлсэн саналыг сум, дүүрэг тус бүрээр хэлэлцэх” гэж заасан заалтын дагуу Орхон сум 6.9 га, Шарын гол сум 0.91 га, Хонгор сум 127.1 га газрыг тухайн сумын иргэнд өмчлүүлэхээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хурлаар 2015 оны 12 дугаар сард тус тус батлуулан аймгийн ИТХ-д өргөн мэдүүлж, дээрх сумын иргэдэд нийт 134.91 га газрыг өмчлүүлэхээр баталсан. Дээрх саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн “Иргэнд 2016 онд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай” 173 дугаар тогтоолоор Орхон, Шарын гол, Хонгор сумдуудад нийт 134.91 га газрыг иргэдэд өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Харин Дархан сум иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэг уда аүнэ төлбөргүй өмчлүүлэх газрын байршил, зориулалт хэмжээг гаргаж сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар батлуулаагүй байна.

Гэтэл 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид тодотгол хийж 46 тоот тогтоолыг гарсан нь илт хууль бус шийдвэр болсон. Тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсэгт зааснаар тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан тохиолдолд илт хуулт бус акт болно гэж заасан. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө түүнд нийцүүлэн боловсруулсан сум дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар хэлэлцэнэ гэсэн хуулыг зөрчиж АИТХ-ын Тэргүүлэгчид хэлэлцсэн нь илт хууль бус акт болсон. Иймд  Дархан-Уул  аймгийн ИТХ-ийн Тэргүүлэгчдийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 46 тоот тогтоолыг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэв.

 

Хариуцагч Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаас шүүхэд гаргасан болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Тунгалаг-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:- Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 46 дугаар тогтоол нь Монгол Улсын Засгийн газрын 2016 оны “иргэнд 2016 онд газар өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай” 173 дугаар тогтоолыг зөрчсөн байсан, өөрийн үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа.

Энэхүү тогтоолыг Засгийн газрын тогтооль хууль зөрчсөн шийдвэр болсон байна гээд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 108 дугаар тогтоолоор хүчингүй болгосон. Уг тогтоолд иргэд гомдол гаргаж 108 дугаар тогтоол хүчингүй болсон. Дээрх асуудлыг Тэргүүлэгчид хянаж үзэхэд хурлаар хэлэлцэх асуудлыг Тэргүүлэгчид хэлэлцсэн, мөн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол хийнэ гэсэн заалт хуулинд байхгүй байгаа тул өөрийн үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.

                                                  ҮНДЭСЛЭХ  нь:

 

Шүүх нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Засаг даргаас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бусад холбогдох бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Үүнд:

Нэхэмжлэлийн “Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 46 тоот тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох”  тухай шаардлагын тухайд:

Хариуцагч Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар Дархан-Уул аймгийн 2016 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт тодотгол хийж, Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багт 42000м2, 15 дугаар багт 33600 м2  газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар  өмчлүүлэхээр, Дархан сумын 14 дүгээр багт Онгот дүгээр гудамжны 1-59 тоот хүртэл, 15 дугаар багт Хүрээлэнгийн 6 дугаар гудамж 1-25 тоот хүртэл, Хүрээлэнгийн 7 дугаар гудамж 1-24 тоот хүртэл өмчлүүлэх газрын хаягийн жагсаалтыг баталж,  46 дугаар тогтоолыг гаргажээ.

Уг тогтоолыг гаргахдаа Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын “3”-д “нутаг дэвгэрийнхээ газрыг зүй зохистой ашиглах, үршил шимийг нь дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалах бусад арга хэмжээний цогцолбор хөтөлбөрийг батлах”, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах”, Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны “Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө”-г баталсан 10 дугаар тогтоол, “2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-г баталсан 32 дугаар тогтоолуудыг үндэслэн шийдвэрлэсэн байна.

 

Захиргааны акт илт хууль болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагадаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэсэн үндэслэлиийг гаргажээ.  Захиргааны ерөнхий хууль 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжсэн бөгөөд  тухайн акт нь 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр үйлдэгдсэн тул маргааныг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 он/ 9 дүгээр зүйлийн 9.1.3-т “захиргааны акт гаргах эрх хэмжээгүй захиргааны байгууллага, албан тушаалтнаас гаргасан” зааснаар хянах бөгөөд дээрх хуулиар захиргааны акт илт хууль бус болохыг тогтоох аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 46 дугаар тогтоол нь  илт алдаатай,  ямар нэгэн эрх зүйн үр дагаварт хүргээгүй, гарсан үеэсээ хүчин төгөлдөр бус байхыг  хуулиар шаардаж байна.

Гэтэл дээрх тогтоолыг үндэслэн Дархан-Уул аймгийн Засаг дарга 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/175, 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/237 дугаар захирамжуудаар 106 иргэнд газар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, мөн 2016 олны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/246 дугаар захирамжаар дээрх газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн 106 иргэнээс 102 иргэнд газар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Газар эзэмшүүлж, өмчлүүлэхээр  шийдвэрлэсэн 2016 оны  А/175, А/237, А/246 дугаар захирамжуудыг Засаг дарга 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/437, А/438 дугаар захирамжаар хүчингүй болгосон боловч, газар өмчлөгч 42 иргэд шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Засаг даргын захирамж хянагдаж, хариуцагч аймгийн Засаг дарга нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөөр тус шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 21, 02 дугаар сарын 24-ний өдрийн 27,28, 03 дугаар сарын 03-ны өдрийн 30,33, 03 дугаар сарын 07-ны өдрийн 34,35 дугаар шүүгчийн захирамж, 2018 оны 12  дугаар сарын 24-ний өдрийн 02 дугаар шийдвэр зэргээр 42 иргэний газар өмчлөх эрх нь сэргээгдэж, шүүхийн шийдвэрүүд хүчин төгөлдөр байна.

Улмаар Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн газар өмчлөгч нарт олгосон газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд, улсын бүртгэлийн дугаар олгосон судалгаа, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 430 тоот албан бичиг,  газар өмчилсөн иргэдийн  кадастрын тойм зураг, байршлын жагсаалт зэргээр дээрх 42 иргэнээс  37 иргэн газраа өмчлөн авч, улсын бүртгэлд бүртгүүлэн хууль ёсны газар өмчлөгч болсон байна.

 

Дээрх байдлуудаас дүгнэхэд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга ...газар өмчлүүлэх тухай захирамж гаргана”, 22 дугаар зүйлийн 22.1-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг даргын гаргасан шийдвэр болон газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон нэгж талбарын дугаарыг үндэслэн иргэнд өмчлүүлсэн газрыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хууль тогтоомжид заасны дагуу улсын бүртгэлд бүртгэж тухайн иргэн уг газрын хууль ёсны өмчлөгч өмн болохыг баталгаажуулсан Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллагаас олгоно” гэж зааснаар  аймгийн Засаг дарга захирамж гаргаж, иргэдэд газар өмчлөх эрхийг үүсгэж, иргэд газрынхаа хууль ёсны өмчлөгч болж улсын бүртгэлд бүртгүүлж, газар өмчлөх гэрчилгээ авч эрх зүйн үр дагаварыг үүсгэсэн, тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байх тул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 46 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн нэхэмжлэгч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид өөрийн чиг үүрэгт хамаарахгүй асуудлаар шийдвэр гаргасан гэж байгаа боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “ өмнө нь ийм асуудлыг Хурлын Тэргүүлэгчид шийдвэрлэж байсан, Захиргааны ерөнхий хууль гарснаар хуралдаанаар шийдвэрлэх ёстойг мэдсэн” гэх тайлбар,  аймгийн 2016 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөө баталсан 32 дугаар тогтоол зэргээс үзэхэд өмнө нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хуралдаанаар хэлэлцүүлж баталж байсан болох нь нотлогдож байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж зааснаас үзэхэд маргаан бүхий захиргааны актын улмаас бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөхөөргүй байхыг журамласан байх бөгөөд тогтоолыг үндэслэн гаргасан аймгийн Засаг даргын хүчин төгөлдөр захирамжууд, шүүхийн шийдвэрүүдээс хууль ёсны газар өмчлөгчөөр тогтоогдсон иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй байх тул шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно.

 

Иймд  Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 46 тоот тогтоолыг илт хууль бус болохыг тогтоох хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Засаг даргаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т “төсвийн байгууллагын нэхэмжлэл” гэж зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106,3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

 

 

                                                                ТОГТООХ нь:

 

 1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 он/ 9 дүгээр зүйлийн 9.1.3, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Засаг даргаас  аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдуулан гаргасан “Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 46 тоот тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох”  шааардлагатай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг тус шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүрэгтэйг танилцуулсугай.

 

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

                                                                                                                                                           

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  З.ЭНХТУЯА