| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ширэндэвийн Бат-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 186/2018/0571/Э |
| Дугаар | 62 |
| Огноо | 2019-01-17 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Д.Агар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 62
Д.М-ад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Агар,
шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч А.Ганзориг,
нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 816 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Д.Агарын бичсэн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 81 дугаартай эсэргүүцлээр шүүгдэгч Д.М-ад холбогдох 1811 0190 70685 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Д-ны М, 19.. оны .. дугаар сарын ...-ны өдөр Төв аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19 дүгээр гудамж, 1128Б тоотод оршин суух, /РД:............/;
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 3 дугаар сарын 14-нд суллагдсан;
Д.М нь 2018 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, 44 дүгээр байрны гадаа иргэн Г.С-гийн “Самсунг галакси эс-6” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Д.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.М-ыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-ыг 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Д.М-ын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.М-ад оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулахыг дурдаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Д.М-ад тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Д.М- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн болон хураагдсан эд хөрөнгөгүй болохыг дурдаж, Д.М-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Прокурор Д.Агар бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Д.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-ыг 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.М-ад оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйл нь “Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” зохицуулалттай байна.
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг буруу хэрэглэж, шүүгдэгч Д.М-ад хорих ял оногдуулсны дараа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэсэн байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсэгт өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
Шүүгдэгч Д.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. ...” гэв.
Шүүгдэгч Д.М-ын өмгөөлөгч А.Ганзориг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.
Анхан шатны шүүх шүүгдэгч Д.М-ад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байх бөгөөд хорих ялыг тэнсэх хууль зүйн үндэслэл байгаа талаар ямар нэг дүгнэлт хийгээгүй шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүх тухайн асуудлаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй байхад давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан анхан шатны шүүхээр хэлэлцээгүй асуудалд дүгнэлт хийх боломжгүй гэж үзэв.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8 дугаар зүйлд заасан шаардлагуудыг тус тус хангаагүй байх бөгөөд шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтэц алдагдсан, шийтгэх тогтоолын тодорхойлох, тогтоох хэсгүүд хоорондоо утга агуулгын хувьд зөрчилтэй болсноос шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн заалтыг зөрчжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй шийтгэх тогтоол нь мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрсөн нөхцөлд хамаарна.
Прокуророос шүүгдэгч Д.М-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялын санал танилцуулсан байх бөгөөд шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн тул хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүх, шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ “... шүүгдэгч Д.М нь өөрийн гэм буруу болон 8 сарын хугацаагаар ял оногдуулах талаар улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан” гэж дүгнэсэн атлаа тогтоох хэсэгтээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.М-ад оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан, улмаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэсэн нь ойлгомжгүй бөгөөд энэ талаар хууль зүйн дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байдалд хамаарна гэж үзэв.
Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлд заасан тусгай журмыг баримтлаагүй, тухайн зүйлүүдэд заасан нөхцөл байдлыг хянаж хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрлээгүй байна.
Түүнчлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх зохицуулалт нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах арга хэмжээ авах тухай зохицуулалт юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтуудад заасныг мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар ойлгож хэрэглэвэл зохино.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй.” гэж заасан байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.М-ад холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 816 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.М-ад холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл шүүгдэгч Д.М-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ