Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 1948

 

 

Б.Н-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2017/01664 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Н-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ё.М, Ё.М нарт холбогдох

 

2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр болон 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр тус тус байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч Б.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А,

Хариуцагч Ё.М, Ё.М,

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Э,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Х.Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Н-ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 120 мянгат, 22 дугаар байр, 5а орц, 0 тоот хаягт байршилтай 20 м.кв талбайтай орон сууцыг Ё.М болон Ё.М нар гуйж “чиний байрыг бид 2 худалдан авч байгаа болж, банкнаас мөнгө зээлж авъя" гэсний дагуу 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр миний бие Ё.М-тэй худалдах-худалдан авах гэрээ байгуулж, дээрх орон сууцыг 45,0 сая төгрөгөөр худалдаж, урьдчилгаа 9,0 сая төгрөгийг банкинд байршуулж, үлдэгдэл 36,0 сая төгрөгийг Хаан банкнаас зээлж авсан. Банкнаас зээлж авсан 36,0 сая төгрөгийг Хаан банк дахь миний дансанд шилжүүлсэн боловч энэхүү мөнгийг миний дансаар дамжуулан Ё.М болон Ё.М нар авсан. Хариуцагч нар банкнаас зээлж авсан мөнгөө төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн бөгөөд Б.Н-ийн өмчлөлийн орон сууцыг банкинд хураалгах дээрээ тулсан бөгөөд Б.Н нь орон сууц ч үгүй, мөнгө ч үгүй болох нөхцөл байдал үүсч байна. Иймд 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр болон 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр тус тус байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Н нь миний дүү болох Ё.М-ийн 10 жилийн найз бөгөөд 2015 оны 01 сард байрны ордероо барьж ирээд байрны урьдчилгаа 9,0 сая төгрөг хэрэгтэй байна гээд 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 3 жилийн хугацаатай нотариатаар итгэмжлэл хийлгэж өгсөн. Энэ итгэмжлэлээр Ё.М миний бие барьцаанд тавьж мөнгө гаргуулах гэж байгаад зальдуулсан. 2015 оны 4 сард Хаан банкнаас 36,0 сая төгрөг зээлсэн болохоос нэхэмжлэгч Б.Н-аас зээлээгүй болно. Худалдаж авахаас өөр арга байхгүй тул худалдаж авсан. Худалдах-худалдан авах гэрээнд заасны дагуу төлбөрийг бүтнээр нь төлсөн гэдгийг нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрсөн учир үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна. Хэрэв нэхэмжлэгч нь худалдах-худалдан авах гэрээг хүчингүй болговол Ё.М, Ё.М нараас гарсан бодит зардал болон банкнаас авсан зээл 45,0 сая төгрөгийг хохиролгүй болгуулахаар сөрөг нэхэмжлэл гаргах болно. Байрны урьдчилгаа болох 9,0 сая төгрөгийг шилжүүлсэн, үлдэгдэл 36,0 сая төгрөгийг Хаан банкнаас зээл авч шилжүүлсэнээр уг орон сууцны өмчлөх эзэмших эрх нь Ё.М-ийн нэр дээр шилжсэн. Одоо ч энэ эрх нь хүчин төгөлдөр байгаа учир Б.Н-ийн нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ё.М, Ё.М нар Хаан банкны Баянзүрх тооцооны төвтэй 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр ЗГ201542279559 тоот "Орон сууцны зээлийн гэрээ" болон БГҮ201542279559 тоот "Барьцааны гэрээ"-г тус тус байгуулан орон сууц худалдан авах зориулалтаар 36,0 сая төгрөгийг 120 сарын хугацаатай зээлж авсан. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Ё.М-ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 120 мянгат, 22 дугаар байрны 5а орцны 0 тоот хаягт байршилтай 20 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг манай банкинд барьцаалуулсан. Зээлдэгч 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар зээлийн төлбөрт нийтдээ 7 086 329 төгрөгийг төлсөн. Дүр үзүүлж хийсэн хэлцэл нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг бол нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээнд Иргэний хуулийн 189, 243 дугаар зүйлийг үндэслэл болгож гэрээг хийсэн талаар дурджээ. Уг гэрээгээр нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн орон сууцыг 45,0 сая төгрөгөөр худалдах хүсэл зоригоо илэрхийлснийг хариуцагч тал хүлээн авч талууд уг тохиролцоогоо баталгаажуулж худалдах-худалдан авах гэрээг байгуулж, нотариатаар гэрчлүүлж, уг гэрээг бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, өмчлөх эрхийг хуульд заасны дагуу шилжүүлсэн байна.

Түүнчлэн, нэхэмжлэгч нь зээлийн эдийн засагч Х.Ууганбаяртай уулзаж орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлсэн тул 36,0 төгрөгийг миний дансанд яаралтай шилжүүлж өг хэмээн шаардсан байдаг. Нэхэмжлэгч нь хариуцагч нар зээлээ төлөхгүй тохиолдолд банк үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулахыг анхнаасаа мэдэж байсан. Гэтэл нэхэмжлэгч энэхүү байдлаас зайлсхийхийн тулд өөрийн урьд нь илэрхийлсэн хүчин төгөлдөр хүсэл зоригийн илэрхийллийг үгүйсгэж нэхэмжлэл гаргаж буй нь шударга ёсонд нийцэхгүй үйлдэл юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2, 56.1.3-т зааснаар Ё.М, Ё.М нарт холбогдох, Б.Н болон Ё.М нарын хооронд байгуулагдсан 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн болон 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн "Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ"-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай, Б.Н-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 432 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 124 950 төгрөгийг нэхэмжлэгч Б.Н-с нөхөн гаргуулан улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Б.Н би найз болох Ё.М-тэй 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулж өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгатын 22-5-А-О тоот хаягт байрлах 20 м.кв байраа түр түүний нэр дээр шилжүүлж Хаан банкнаас 45 сая төгрөгийн зээл авсан. Ийнхүү шилжүүлэх болсон шалтгаан нь тухайн үед миний найз Ё.М, Ё.М нарт бизнесээ үргэлжлүүлэх шаардлага байсан бол надад байрны урьдчилгаа олох шаардлага байсан бөгөөд би тодорхой эрхэлсэн ажилгүй, харин Ё.М, Ё.М нар нь махны лангуу ажиллуулдаг байсан тул би байраа Ё.М-ийн нэр дээр шилжүүлж тэд үйл ажиллагаа явуулдаг гэдгээрээ банкнаас зээл авахаар тохирч Хаан банкнаас зээл авсан. Хаан банкнаас зээл авахад миний дансанд 36 сая төгрөг орж ирсэн бөгөөд би тэдэнд 33 сая төгрөгөө бэлнээр зээлүүлж 3 сая төгрөгийн зээл гаргаж өгсны шагналд авч үлдсэн. Гэтэл эдгээр хүмүүс зээлээ төлж чадахгүйд хүрч миний байрыг банканд хураалгах хэмжээнд хүрсэн. Хэрэгт тухайн "Үл хөдлөх эд хөрөнгийг худалдах-худалдан авах гэрээ"-г бид жинхнээсээ хийж байрыг би үнэхээр худалдаагүй болохыг нотолсон нотлох баримт хэрэгт хангалттай цугларсан. Тухайлбал, Ё.М-ийн гараар бичиж өгсөн "....Нараа надад байраа бүр мөсөн зарсан гээд 3 жилийн хугацаанд хүү алдангигүй төлмөөр байна ..." гэсэн бичиг /хх-6 хуудас/ хариуцагч шүүх хуралдаанд өөрөө бичиж өгснөө хүлээн зөвшөөрсөн, мөн байрны үнэлгээ хийлгэхэд 0 тоот байрны тухайн үеийн ханш 45 сая бус 23 сая байсныг тогтоосон үйл баримт болон шүүхийн шийдвэрт дурдагдсан бусад баримтуудаар бид байрыг бодитоор худалдаж аваагүй болох нь тогтоогдож байхад гэрээг дүр үзүүлэн хийсэн гэрээ биш хүчин төгөлдөр гэрээ үзэж байгаа нь нотлох баримтуудыг хангалттай үнэлээгүй гэж үзэж байна.

Мөн шүүхийн шийдвэрт "Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл нь эрх, үүрэг хүлээх хүсэл зориг, эрмэлзлэлгүй, хууль зүйн ямарваа нэгэн үр дагавар гаргахыг хүсдэггүй, гадна талдаа хэлцлийн дүр үзүүлэхийг урьдал болгодог шинжтэй байдаг" хэмээн дүр үзүүлж хийсэн хэлцэл болон өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцлийг тайлбарлаж нэхэмжлэлийг бүхэлд нь хангахгүй орхисныг хууль буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь хэлцэл хийгч этгээдүүд анх харилцан тохиролцохдоо хууль зүйн сөрөг үр дагаварт хүрэхгүй гэдэгтээ харилцан итгэж өөрсдийн жинхэнэ хүсэл зоригоо биелүүлэх зорилгоор дүр үзүүлэн энэхүү хэлцлийг хийж анхныхаа зорилгод хүрсэн байхад шүүх анхнаасаа ямар нэгэн эрх, үүрэг хүлээх хүсэл эрмэлзлэлгүй, хууль зүйн үр дагавар гаргахыг хүсээгүй байх ёстой гэж үзэж байгаа нь буруу байна.

Шүүх улсын тэмдэгтийн хураамжид Б.Н-с 124 950 төгрөгийг нөхөн гаргуулахаар шийдсэн нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасан хувь хэмжээнээс илүү гарсан хувь хэмжээгээр бодсон байгаа тул дээрх мөнгийг нөхөн төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Ийнхүү анхан шатны шүүх нь маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг хангалттай үнэлэлгүй, хууль буруу тайлбарлан хэрэглэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

            Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч Ё.М, Ё.М нарт холбогдуулан 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр болон 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

            Нэхэмжлэгч Б.Н хариуцагч Ё.М нарын хооронд 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгат 22-5-А-О тоот, 20 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг хариуцагчид 45 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон бөгөөд энэхүү гэрээг байгуулсны дараа зохигчид 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг дахин байгуулахдаа орон сууцны үнийг 10 000 000 төгрөгөөр тохиролцсон болох нь хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар тогтоогджээ.                                       /хх-4, 15 дугаар тал/

 

            Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ банкнаас зээл авах зорилгоор үл хөдлөх эд хөрөнгөө худалдсан тул эхний гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж, татвар бага төлөх зорилгоор байгуулсан тул 2 дахь гэрээг мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж тайлбарласан байна.

 

Хариуцагч нар татгалзлаа орон сууцыг худалдан авах зорилготой байсан, урьдчилгаанд 9 000 000 төгрөг, банкнаас зээл авч 36 000 000 төгрөг төлсөн гэж тайлбарлажээ.

 

Талууд гадна талдаа тодорхой хэлцлийг хийсэн мэт харагдуулах боловч тухайн хэлцэлтэй холбогдон үүсэх эрх зүйн үр дагаврыг нь бий болгохыг хүсэхгүй байгаа  хэлцлийг дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэх бөгөөд уг хэлцэл нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус харин хэлцэл хийсэн гадаад илрэлийг бий болгохын тулд хийгддэг байна.

 

Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл нь тухайн хэлцлийг хийх хүсэл зориг эрмэлзлэлгүйгээр уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийлэлийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог байна.

 

Гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргасан тохиолдолд хэн аль нь тайлбараа нотлох үүрэгтэй юм. Нэхэмжлэгч нь 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр болон 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй гэж анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Б.Н, Ё.М нар нь орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээний үндсэн дээр банкнаас зээлийг Ё.М авсан, Ё.М-ийн авсан зээлээс нэг хэсгийг Б.Н, үлдсэн хэсгийг Ё.М, Ё.М  авч, зээл буцаан төлөх үүргийг Ё.М, Ё.М нар хариуцсан байдал болон үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны татвар бага төлөх зорилгоор дээрх худалдах худалдан авах гэрээнүүдийг байгуулсан уг зорилгоо хэрэгжүүлсэн талаар шүүх зөв дүгнэсэн байна.

 

            Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж дээрх 2 худалдах, худалдан авах гэрээг талууд хүсэл зоригоо бүрэн илэрхийлж хийсэн, хүчин төгөлдөр хэлцэл байгуулсан болох нь гэрч Н.Алтанзул, Х.Ууганбаяр нарын мэдүүлэгээр нотлогдсон гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.

 

Дээрх гэрээнүүдийг байгуулах үед нэхэмжлэгч Б.Н үл хөдлөх эд хөрөнгийг худалдах хүсэл зоригийг илэрхийлээгүй, төөрөгдсөн, хууран мэхлэгдсэн, дарамт шахалтад орсон гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

 

Талууд хэлцлийн үр дагавар болон зорилгыг ойлгож байгуулсан, уг хэлцлүүд нь хэлцлийн хүчин төгөлдөр байх хуулийн шаардлагыг хангасан тул Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах энэхүү 2 гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй гэсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Нэхэмжлэгчээс хэлцлийн үндсэн дээр хариуцагчид маргаж буй орон сууцны өмчлөх эрх шилжсэн тул уг өмчлөлийн зүйлийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлэхдээ тухайн орон сууцыг хэний эзэмшилд байлгах нь өмчлөгчийн эрх учраас нэхэмжлэгчийн тухайн орон сууцанд амьдарч байгаа болон ашиглалтын зардлыг төлж байгаа байдал нь хэлцлийг хүчин төгөлдөр бус байх үндэслэлийг нотолсон гэж дүгнэхгүй юм.

 

Харин шүүх Хаан банк болон хариуцагч нарын хооронд байгуулагдсан 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн орон сууцны зээлийн гэрээ болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хийсэн дүгнэлт энэ маргаанд хамааралгүй болно.

 

            Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2017/01664 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 432 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

 

                                         ШҮҮГЧИД                                      Г.ДАВААДОРЖ

 

                                                                                              Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ