Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2020/ШЦТ/91

 

2020       01        28                                       2020/ШЦТ/91

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

улсын яллагч Э.Оюунтунгалаг,

нарийн бичгийн дарга Г.Энхжин,

хохирогч Д.Чулуунбүргэд,

шүүгдэгч В.Ц нарыг оролцуулан тус шүүхийн “В” танхимд хаалттай хийсэн хуралдаанаар  

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн В.Ц-д холбогдох эрүүгийн 1909038091352 дугаартай 185/2020/0042/Э хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1959 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Увс аймгийн Хяргас суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхэд ач нарын хамт Сүхбаатар дүүргийн .......... тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, В.Ц

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч В.Ц нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 3 дугаар гудамжны 79 тоотод оршин суух гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Д.Ч-д архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ байнга хэл амаар доромжилж, амгалан тайван байдлыг нь алдагдуулж, харгис хэрцгий харьцаж, догшин авирласан үйлдэл хийж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч В.Ц мэдүүлэхдээ: “...Би эхнэртэйгээ 36 жил хамт амьдарсан. Би улсын үйлдвэрт 1984-1989 оны хооронд гүн хэвлэгч хийдэг хүнд хортой нөхцөлд ажиллаж байсан. Би сүүлийн 20 гаруй жил архи ууж эхэлсэн. Тэгээд 2016 оноос хойш архины эмчилгээ хийлгэснээс болоод архинд донтож уудаг болсон. Архи уугаад тасраад юу хийснээ мэддэггүй. Би архинаас гарна гэж боддог хэдий ч манай архины найзууд уруу татаад байдаг. Би үйлдсэн гэмт хэргээ ойлгож хүлээн зөвшөөрч байна. Энэ бүх зүйлс архинаас болж байгаа учир би гэр бүлийхэндээ архинаас гарна гээд ам тангараг өргөсөн. Би архи уухгүй байгаа. Би архины найз нартайгаа уулзахгүй хөндийрч байгаа. Мөн хэсгийн байцаагчид өдөр болгон архи уусан эсэхээ шалгуулдаг...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Ч мэдүүлэхдээ: “...Яллах дүгнэлтэд дурдсан миний бүх мэдүүлэг үнэн. Би 2019 оны 10 дугаар сарын сүүлчээр цагдаа дуудаж В.Ц-г баривчлуулсан. Үүнээс хойш 3 сар архи уухгүй хэрүүл хийхгүй байгаа. Надад дахин нөхөртэйгөө учирсан юм шиг сайхан байгаа.  Би В.Ц-тэй 37 жил хамт амьдарсан. Сүүлийн 20 гаруй жил архи ууж намайг зовоодог байсан. Зарим үед уухаараа 20-30 хоног уудаг. Намайг 10 гаруй жилийн өмнө зоддог байсан. Харин сүүлийн жилүүдэд гар хүрээгүй. Харин хэл амаар доромжилдог болсон. Бид хоёр 1983 онд Широны үйлдвэрт ажилладаг байсан. Ингээд В.Ц нь бригадын дарга, цехийн дарга болж байсан. Тухайн үед гадаад явах сонирхолтой байсан тул хэвлэх үйлдвэрт 1995 он хүртэл гүний хэвлэгч хийдэг байсан. Үүнээс хойш В.Ц нь ахынхаа алтны уурхайд ажилладаг байсан. Ингээд хүнд хортой нөхцлөөр тэтгэвэрт гарсан. Одоо бид 2 тэтгэврийн мөнгөөр амьжиргаагаа залгуулдаг. В.Ц архи уухгүй байх хугацаандаа сайн байгаа. Мөн мөрдөгч н.Идэр нь В.Цт сайнаар нөлөөлж ойлгуулсан. Урьд нь юу ч хийдэггүй байсан. Гэтэл одоо заримдаа надад аяга угааж өгдөг болсон. Одоо эрүүл үедээ ч уурлахгүй байгаа. Бидэнд одоо удаан амьд явах хугацаа их үлдээгүй тул түүнд ял шийтгэл оногдуулмааргүй байна. Би түүний ярьж байгаад нь одоо итгэж байна, гомдолгүй...” гэв.

Эрүүгийн 1909038091352 дугаартай хэргээс:

Хохирогч Д.Ч-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2019 оны 10 дугаар сарын 08-ны орой 19 цагийн үед нөхөр В.Ц гаднаас согтуу орж ирээд 2 цаг орчим унтаад босч ирээд агсам тавиад ална шүү, галдан шатаана янхан минь гээд орилоод байсан. Тэгээд гэрт байгаа эд зүйлийг авч шидээд агсарч байгаад шөнийн 00 цаг өнгөрч байхад гарч яваад 02 цаг 40 минутад орж ирээд над руу дайраад элдвээр хэлээд, орилоод айлгаад байхаар нь хөнжил доогуураа орж байгаад нууцаар цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн, ...би нөхөртэйгээ 1883 оноос хойш хамт амьдарч байгаа, гэрлэлтийн баталгаатай, ...манай нөхөр 20 жилийн өмнөөс архи уучихаад зоддог, айлган сүрдүүлдэг, агсам тавьдаг болсон. Би тэр үед цагдаагийн байгууллагад ханддаггүй байсан. Сүүлдээ тэсэхгүй 2011 оноос хойш цагдаагийн байгууллагад ханддаг болсон. Тэгээд удаа дараа цагдаад өгөөд шүүхээр баривчилгаанд 3 удаа явуулсан, баривчилгаанаас гарч ирээд архи уучихаад дахиад цагдаад өгөөрэй, өгөх юм бол би үр хүүхэд, чамайг бүгдийг нь ална гэр орныг чинь галдан шатаана гэж айлган сүрдүүлдэг. Энэ асуудлыг манай охин Мөнхсувд сайн мэднэ. Манай нөхөр өмнө нь намайг зодож гэмтэл учруулж байсан гэхдээ би цагдаад хандаж байгаагүй, би одоо нөхөртэйгээ хамт амьдрахад тайван амьдарч чадахгүй байна. Өдөр болгон айдас түгшүүртэй, хүнд дарамтлуулж байна. ...Би шөнө унтаж чадахгүй хэзээ согтуу орж ирээд намайг хатгачих бол, зодчих бол гэж бодоод шөнө оройдоо бүтэн нойртой хонож чадаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-34 тал/,

Гэрч Ц.Мөнхсувдын өгсөн: “...манай төрсөн аав В.Ц намайг 6 настай байхаас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж эхэлсэн. Намайг жаахан байхад манай аав архи уучхаад орж ирээд эд зүйлээ авч шидээд, элдвээр доромжилж, хааяа ээжийг зоддог байсан. Би жаахан байхдаа ааваасаа байнга айдастай байдаг байсан. Аав архи уугаад ирэх үед нь гэртээ байгаа хутга болон хурц ирмэгтэй зүйл, сандал гээд шидэх боломжтой зүйлүүдийг нуучихдаг байсан. Одоо хүртэл архи уухаараа ээжийг дарамталж айлган сүрдүүлж байна. Мөн сүүлийн хэдэн жил би болон манай ээж цагдаагийн байгууллагад байнга дуудлага өгч байгаа. Тэгээд 3 удаа баривчилгаанд явж байсан. ...Манай аав эрүүл байхдаа ч ааш муутай байдаг. Ихэнхдээ ална, хананд савна гэж ач зээ нарыгаа болон ээжийг айлгадаг. 2019 оны 10 дугаар сард манай ээж над руу яриад аав чинь агсам тавиад байна, ээжийнх нь бие өвдөөд байна гэхээр нь би ээж дээрээ очсон чинь аав архи уучихсан ээжийг айлган сүрдүүлж байсан. Энэ архи ууж, агсам тавьдаг асуудал огт тасрахгүй байна. Энэ асуудлыг хуулийн дагуу шийдэж өгнө үү. Манай ээж 2018 онд харваж байсан. ...Манай аав өдөр болгон архи ууж агсам тавьдаг тэр болгонд нь цагдаагийн байгууллагад ханддаггүй, бүүр болохоо байгаад ирэхээр нь цагдаад ханддаг. Ээжид минь амьд явах баталгаа байхгүй болохоор би тусдаа гарч чаддаггүй...Манай аав нэг архи уухаараа доод тал нь 20 хоног уудаг. Нэг архи уухгүй болохоороо 1 cap орчим архи уухгүй байдаг. ...Ээжийг нүүр амийг нь хөх няц болтол нь зөндөө зоддог байсан тэр болгонд нь цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

Гэрч Сайханцэцэгийн өгсөн: “...Би 2018 оны 7 дугаар сараас Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нийгмийн ажилтнаар ажиллаж байна...В.Ц, Б.Ч нарын амьдралын түвшин дунд, насанд хүрсэн хүүхдүүдтэй, хүүхдүүд нь бүгд ажил хөдөлмөр эрхэлдэг, хоёулаа тэтгэвэр авдаг, тэтгэврээрээ амжиргаагаа залгуулж, өөрийн хашаа байшинд амьдардаг. ...В.Ц нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэрээ айлган сүрдүүлж, заналхийлж доромжилдог болох нь Б.Ч-тэй хийсэн 2 удаагийн ярилцлагаар тогтоогдсон. Мөн хэсгийн ахлагч, хөрш нар нь Цогт-Очирын энэ байдлын талаар хэлж байсан. Ч, В.Ц нарт нөхцөл байдлын үнэлгээг хийхэд В.Ц-д цаашид хамтарсан багаар төлөвлөгөө гаргаж, анхаарах, архины албадан эмчилгээ, албадан ажил хийлгүүлэх шаардлагатай гэж үзэж нөхцөл байдлын үнэлгээ гаргасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 1342 дугаартай дүгнэлтэд “...хорт зуршил хэсэгт 35 наснаас архи амсаж үзсэн, 2010 оноос шунахайрч өдөр болгон уудаг болсон. Тэр үед мөнгө төгрөгний асуудал, амьдралын гачигдалтай байсан. Архигүй бол байж чадахгүй юм шиг болсон. Архи ууж байгаад юугаа ч мэдэхгүй болчихдог, наркологийн эмнэлэгт 2 удаа, мааньтийн эмчилгээнд 2016 онд 4 cap явсан. Тэрнээс хойш архи уухаараа илүү дутуу юм ярьдаг, хүнтэй хэрүүл хийж, юм эвдэж сүйтгэдэг болсон. Өлгөсөн хувцаснаас босч ирээд цочно, нохой шувуу дайрч байна гэж ярина, уухгүй тэсвэл 1 cap гайгүй явчихдаг, уухаараа биеэ татаж зогсоож чаддаггүй, өнгөтэй, өөдтэй юм аа зараад архи аваад уучихдаг. Ганцаараа заримдаа ууна, ...Толгой өвдөнө, нойронд муу, эрүүлжүүлэхэд олон удаа орж байсан. Архины даац муу, 100 грамм архинд согтоно, 150 граммд тасарчихна. ...В.Ц нь удамшлын ямар нэг сэтгэцийн өвчингүй байна. В.Ц нь F10.2 архинд донтох эмгэгтэй байна. Энэ нь олдмол сэтгэцийн эмгэг юм. ...архийг хэтрүүлэн хэрэглэснээс болж үүсдэг эмгэг юм. В.Ц нь гэмт хэрэг үйлдэх үедээ F10.2 Архинд донтох эмгэгтэй байсан байна. Өөрийнхөө хийж буй үйлдлийг зөв ойлгож мэдэж, удирдаж хэрэг хариуцах чадвартай байсан байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

Цагдаагийн ажилтны аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 33 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тухай прокурорын тогтоол, түүнд оруулсан нэмэлт өөрчлөлт /хх-ийн 39-40 дүгээр хуудас/,

В.Цын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 42-43, 113-114 дүгээр хуудас/,

В.Цт холбогдох, 2011 оноос цагдаагийн байгууллагад өгсөн дуудлага мэдээллээр эрүүлжүүлэгдсэн, гаргасан зөрчилд арга хэмжээ авагдсан цагдаагийн сангийн лавлагаа /хх-ийн 57-65 дугаар хуудас/,

В.Ц нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үндэслэлээр Зөрчлийн
тухай хуулийн
5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т зааснаар зөрчлийн арга хэмжээ авагдсан Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 2019/ЗШ/642 дугаартай шийтгэвэр, 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 2019/ЗШ/305 дугаартай шийтгэвэр, 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 205 дугаартай шийтгэвэр /хуулбар хувь/ /хх-ийн 69-75 дугаар хуудас/, 
Нийгмийн ажилтан Э.Сайханцэцэгийн "гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлыг үнэлсэн үнэлгээ" /хх-ийн 84 дүгээр хуудас/,

ЦЕГ-ын тусгай дугаарын 102 дугаарын утсанд 99773537 дугаараас ирүүлсэн гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй ирүүлсэн 12 дуудлагын лавлагаа, мэдээлэл /хх-ийн 87-89 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байх бөгөөд шүүгдэгч В.Цт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1-д заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн обьктив талын үндсэн шинж нь “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн”-ийг байнга: зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, зарцуулах эрхэд халдсан гэсэн 3 шинжийн аль нэгийг эсхүл хэд хэдэн шинжийг тус бүр байнга үйлдсэн байхыг шаардах бөгөөд шүүгдэгч            В.Ц нь эхнэр Д.Ч-г “зодсон” зөрчил гаргаж, 3 ба түүнээс дээш удаа Зөрчлийн тухай хуулиар шийтгүүлж байсан нь хавтаст хэргийн 69-74 дүгээр талд авагдсан шийтгэврээр нотлогдож байх тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга хэл амаар доромжилж, амгалан тайван байдлыг алдагдуулж, харгис хэрцгий харьцсан, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч В.Ц-н гэм буруутай үйлдэл нь түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

Шүүгдэгч В.Ц нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч В.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Д.Ч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...гомдолгүй, нэхэмжлэх хохиролгүй...” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч В.Ц нь бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс В.Ц-д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгч В.Ц нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хийсэн үйлдэлдээ гэмшиж буй байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Мөн түүний энэ хэрэгт шүүхийн зөвшөөрөлгүй 2 хоног баривчлагдсан болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч В.Ц-г гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга хэл амаар доромжилж, амгалан тайван байдлыг алдагдуулж, харгис хэрцгий харьцсан, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар шүүгдэгч В.Ц-д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч В.Ц-д тэнсэгдсэн хугацаанд зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг шүүгдэгч В.Цт анхааруулсугай.

5. Шүүгдэгч В.Ц нь шүүхийн зөвшөөрөлгүй 2 /хоёр/ хоног баривчлагдсан, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргэснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч В.Ц авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Л.ОДОНЧИМЭГ