Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2015/0551

 

Иргэн Л.М-, Д.Б- нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал, даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч Л.М-, Д.Б-, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э-, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М- нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 567 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М-гийн гаргасан давж заалдах гомдлоор, Л.М-, Д.Б-ийн нэхэмжлэлтэй, С- дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.М-, Д.Б- нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бид Газрын тухай хуульд нийцүүлэн газраа 2008 оноос эхлэн эзэмшиж авахаар С- дүүргийн 22 дугаар хорооны Засаг даргад хүсэлт гаргаж улмаар хорооны даргаас С- дүүрэг, 22 дугаар хороо, тахилтын 0 дугаар гудамж 104 тоот хаяг мөн 22 дугаар хороо, тахилтын 0 дугаар гудамж 000 тоот хаягуудыг авсан. Хаягаа баталгаажуулж улмаар харъяа дүүргийн Газрын харилцааны албанд дээрх хаяг бүхий 700мкв газруудаа гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилж авахын тулд дарааллын дагуу эзэмшихээр өргөдлөө гаргаж 2008 онд кадастрын зургаа хийлгүүлэн газрын албанд өгөхөд ямар нэгэн байдлаар давхацсан байдал байгаагүй болно. Бид тухайн үед хашаагаа бүрэн барьж чадаагүй байж байгаад 2010 онд хашаагаа бүрэн барьж амьдрах байшингаа барьж өнөөдрийг хүртэл амьдарч байна. Газар эзэмших асуудлаа шийдүүлэхээр шаардсан боловч 2010 оноос дээрх газар нь давхардсан байна наад хүмүүстэйгээ тохиролц гэх зэргээр асуудлыг шийдвэрлэж өгөлгүй биднийг өнөөг хүртэл чирэгдүүлж байна. Дээрх хүмүүс нь манайхыг хашаа, байшин бариад эхэлмэгц бид энэ гудамжийг авсан тиймээс танайх нүү гэх шаардлага тавьж амар, тайван амьдрах боломжийг алдагдуулж байна. Биднийг гэрчилгээний үнийг тушаа гэж 10.000 төгрөгийг 2008 оны 3 дугаар сарын 24-ний өдөр тушаалгасан. Газрын алба хариуцлагатайгаар асуудалд хандаж нэг мөр шийдээгүйгээс манай гэр бүл дарамттай байхын зэрэгцээ байнга амьдрах зорилгоор дээрх 2 газарт өөрсдийн боломжоор хөрөнгө оруулсан санхүүгээрээ хохирох болоод байна. Газрын албанаас манайхтай газар давхардсан гэх хүмүүст ч ямар нэгэн байдлаар эзэмшиж, өмчлөх эрх олгоогүй байгаа гэтэл үндэслэлгүйгээр дээрх иргэд биднийг цаг хугацаа, эдийн засгаар ихээхэн чирэгдүүлж байна. Иймд Буд овогтой Э- /ЧГ-77050604/, Батдэлгэр овогтой Т- /ЧВ-87033115/ нар хэзээ газрын албанд газар эзэмших хүсэлт гаргаж байсан талаар лавлагааг гаргуулж өгнө үү. Дүүргийн засаг дарга нь иргэдийн дээрх асуудлыг нэг мөр хуульд нийцүүлэн шийдвэрлэх үүргээ биелүүлээгүйгээс зориудаар давхардал үүсгэх нөхцлийг газрын албанд бүрдүүлсэн гэж үзэж байна. Бидний одоо эзэмшиж ашиглаж буй газрыг эзэмших эрхийг баталгаажуулж С- дүүргийн Засаг даргаар зохих шийдвэрийг гаргуулж өгнө үү. Иргэн Д.Б-, Л.М- нар нь С- дүүргийн 22 дугаар хороо тахилтын 0 дугаар гудамж 104, 000 тоот хашааны газрыг эзэмшихээр 2008 оноос С- дүүргийн газрын алба, Засаг даргад хандан хүсэлтээ гаргаж байсан боловч иргэн Оюунцэцэг нь тухайн хүсэлт гаргасан газар зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр их хэмжээний газар хашаалсан байгаагаас шалтгаалж асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй маш цаг хугацаа авсан. Газар эзэмших, өмчлөх асуудлаар нэхэмжпэгч нар хүсэлт гаргаж байх үед тухайн газарт ямар нэгэн айл, иргэн эзэмшээгүй, ашиглаж, амьдраагүй байсан боловч 2010 оны орчим иргэн Э-, Т- нар нь кадастрын зураглал хийлгэсэн гэсэн шалтгаанаар нэхэмжлэгч нарын хүсэлтэд хариу өгөөгүй байдаг. Гэтэл С- дүүргийн Засаг дарга 2014 оны 6 дугаар сарын 28-ны өдөр А/214 тоот захирамжийн хавсралтын 566-д Ц.М-д маргаан бүхий газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна. Ц.М- нь 2007 оны 5 дугаар сарын 19-ний өдөр С- дүүргийн 22 дугаар хорооны Засаг даргад хандаж газар хүссэн өргөдөл гаргасан байх хэдий ч өргөдөл гаргасан цаг хугацаанд Ц.М- нь Иргэний хуульд заасан эрх зүйн бүрэн чадамжтай болоогүй буюу 18 нас хүрээгүй байжээ. Мөн цаг хугацааны хувьд дээрх хүсэлтийг шийдвэрлэж буй захиргааны байгууллагын хугацаа нь өргөдөл, гомдлыг шийдвэрлэх хуулийн хугацаанаас ихэд хэтэрсэн байх ба 2007 онд ямар хариу өгч байсан нь мөн тогтоогдохгүй байна. Иймд дээрх хүсэлтийг нөхөн үйлдсэн байх магадлалтай байна. Ц.М-ийн хүсэлтэд С- дүүргийн тахилтад газар хүссэн байх ба өнөөдрийн маргаан бүхий С- дүүрэг, 22 дугаар хороо тахилтын 0 дугаар гудамж 000 тоот хаягийг заагаагүй, үүнд Газрын алба тухайн үед татгалзсан болон зөвшөөрсөн хариуг өгөөгүй байсан нь хариуцагч С- дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбараар нотлогдож байна. 2009 оноос хойш нэхэмжлэгч Д.Б-, Л.М- нар нь тус газарт амьдарч, хашаа, орон сууц барьж амьдарч байгаа нь гэрч Д-, Э- нарын болон хариуцагчийн хариу тайлбараар нотлогдон тогтоогдож байна. Ц.М- нь тус газарт амьдарч байгаагүй. 2014 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гаргасан захиргааны шийдвэр нь 2008 оноос хүсэлтээ өгч байсан мөн тус газарт шударгаар амьдарч байсан нэхэмжлэгч Л.М-, Д.Б- нарын эрх ашгийг ноцтой хохироосон. Л.М-ын хүсэлтэд дүүргийн Засаг дарга хариу өгөөгүй нь Газрын тухай хууль, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл, 7 дугаар зүйл 6 дахь хэсэгт заасан өргөдөл, гомдолд үндэслэл бүхий хариу өгөх, 16 дугаар зүйлд заасан хугацааг хэтрүүлсэн байна.

Газрын алба нь тухайн газарт хүсэлт гаргасан иргэдийн өргөдөл, гомдлыг нэг мөр шийдвэрлээгүй, тухайн газарт амьдарч буй иргэдийн бодит, нөхцөл байдалтай танилцаагүй, дүгнэлт өгөөгүй, өмнө өгөгдсөн материалыг хянаж нягтлаагүйгээс давхардуулан олгосон нь Газрын тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Л.М-, Д.Б- нар нь 2009 оноос өнөөдрийг хүртэл аж төрж байгаа шударга эзэмшигч мөн тул С- дүүргийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/214 тоот захирамжийн 566-д бүртгэгдсэн Ц.М-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч С- дүүргийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:С- дүүргийн 22 дугаар хороо тахилтын 6-000 тоот хашааны газар нь дүүргийн Өмч газрын харилцааны албаны мэдээллийн санд иргэн Ц-н М-ийн /РД:...../ нэрээр бүртгэлтэй, захирамжийн мэдээллээр 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/214 дүгээр захирамжаар эзэмшсэн байна. 22 дугаар хороо тахилтын 6-104 тоот хашааны газар нь иргэн Б.Э-ийн /РД:...../ нэрээр Өмч газрын харилцааны албаны мэдээллийн санд бүртгэгдсэн захирамжийн мэдээлэлгүй байна. Өмч газрын харилцааны албаны мэдээллийн санд бүртгэлтэй дээрх иргэдээс Ц.М- нь 2007 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 22 дугаар хорооны Засаг даргаар уламжлан дүүргийн Газрын албанд газар эзэмших тухай хүсэлт гаргаж байсан бөгөөд хүсэлт гаргаснаас хойш маргаан бүхий газарт амьдарч байгаагүй байна. Нэхэмжлэгч Л.М- нь 2008 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 22 дугаар хорооны Засаг даргаар уламжлан дүүргийн Газрын албанд газар эзэмших тухай хүсэлт гаргаж, хүсэлт гаргасан газартаа өнөөдрийг хүртэл амьдарч байгаа болно. Мөн иргэн Д.Б-, Л.М- нарын нэхэмжлэлтэй С- дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад хариуцагчийн зүгээс дараах тайлбарыг хүргүүлж байна. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад дүүргийн Засаг даргын 2014 оны А/214 дүгээр захирамжийн иргэн Ц.М-д холбогдох хэсгийг хүчингүйд тооцуулах тухай шаарджээ. Өмч газрын харилцааны албаны мэдээллийн санд иргэн Ц.М- нь 2007 оны 05 дугаар сарын 19-ний өдөр С- дүүргийн 22 дугаар хорооны Засаг даргаар уламжлан дүүргийн Газрын албанд газар эзэмших хүсэлт гаргаж байсан бөгөөд хүсэлт гаргаснаас хойш маргаан бүхий газарт амьдарч байгаагүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн зүгээс дараах байдлаар бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Монгол Улсын газрын тухай хуулийн 2006 оны шинэчилсэн найруулгаар газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг зааж өгсөн ба 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт Газрыг Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн /цаашид иргэн гэх/, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуульд заасны дагуу эзэмшиж ашиглана, 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт ... Газар эзэмших хүсэлт гаргагч нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байна...гэж заажээ. Хуулийн 32 дугаар зүйлд газар эзэмших хүсэлт гаргахад тусгах зүйлсийг заасан ба 32.2.1... овог, нэр, байнга оршин суугаа хаяг, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар... гэж заасан байна. Ц.М- нь хүсэлт гаргаж байх үедээ иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1...Иргэний эрх зүйн бүрэн чадамж буюу иргэн өөрийн үйлдлээр өөртөө эрх олж авах, үүрэг бий болгох чадвар насанд хүрснээр буюу 18 наснаас бий болно.... гэж заасныг зөрчин өөрөөр хэлбэл холбогдох хуулиудад заасан эрх үүсээгүй байхдаа хүсэлт гаргаж байсан нь баримтаар нотлогдож байна. Түүнчлэн маргаан бүхий газарт кадастрын мэдээллийн сангийн зураг орсноор газар эзэмших эрх үүснэ гэж ойлгож болохгүй юм. Нэхэмжлэгч нар нь 2008 оны 3 дугаар сарын 11-ний өдөр С- дүүргийн 22 дугаар хорооны Засаг даргаар уламжлан дүүргийн газрын албанд маргаан бүхий газрыг эзэмших хүсэлтээ гаргаж байсан ба хүсэлт гаргасан газартаа өнөөдрийг хүртэл амьдарч байна. Өөрөөр хэлбэл 22 дугаар хорооны Засаг даргаас иргэдийн газар эзэмших хүсэлт гаргасан өргөдлүүдийг давхцуулан цохсон байгаа нь маргаан үүсэх нөхцөлийг бүрдүүлжээ.

Иймд дүүргийн Засаг даргын зүгээс газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2 дахь заалт, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. гэжээ.

Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус шүүхэд хянан шалгагдаж буй Д.Б-, Л.М- нарын нэхэмжлэлтэй, С- дүүргийн Засаг даргад холбогдох ...газар эзэмшүүлэх шийдвэр гаргуулах гэх захиргааны маргаанд тус шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 2307 дугаартай гуравдагч этгээдээр татан оролцуулах тухай захирамжийн дагуу 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн хувийг болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авч танилцаад бүхэлд нь эс зөвшөөрөн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгчийн хувьд дараах тайлбарыг үүгээр гаргаж байна. Нэхэмжлэгч нар нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ...газар эзэмшүүлэх шийдвэр гаргуулах тухай... гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байх бөгөөд С- дүүргийн 22 дугаар хороо 6 гудамжны 104 тоот, 000 тоотод газар эзэмшүүлэх шийдвэр гаргуулах нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байжээ. Гэвч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э- 2015 оны 03 дугаар сарын 24-өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн С- дүүргийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/214 тоот захирамжийн иргэн Ц.М-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар шаардлага гаргасан нь хуулиар олгогдсон гуравдагч этгээд болох маргаантай газрын хууль ёсны эзэмшигч Ц.М-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсэгт тайлбар гаргаж байна. С- дүүргийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/214 дугаартай Газар эзэмшүүлэх эрх олгох тухай захирамжийн хавсралтаар С- дүүргийн 22 дугаар хороо, 0 дугаар гудамжны 000 тоот хаягг байрлах 700 м.кв талбай бүхий амины хашааг гэр бүлийн зориулалтаар 15 жилийн хугацаатай иргэн Ц-ийн М-д

эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ. Монгол Улсын газрын тухай хууль болоод холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу иргэн М-ийн газар эзэмших эрх нь 000517851 тоот гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмших эрхийн гэрчилгээ болон 18626312308172 нэгж талбарын дугаартай газрын кадастрын зургаар хангалттай нотлогдож, дүүргийн газрын алба болон газрын нэгдмэл санд байгаа мэдээлэл баримтаар маргаан бүхий С- дүүргийн 22 дугаар хороо 0 дугаар гудамжны 13З тоот хаягт байрлах 700м.кв талбай бүхий газрын хууль ёсны эзэмшигч нь өнөөдрийн байдлаар Ц.М- байна. Түүнчлэн хавтаст хэрэгт цугларсан баримтаас үзэхэд иргэн Л.М- нь 2008 оны 03 дугаар сарын 12-ны өдөр С- дүүргийн газрын албанд хандан өргөдөл гаргаж байсан үйл баримт тогтоогдож байна. Гэтэл иргэн Ц.М- нь тус дүүргийн газрын албанд хандан 2007 оны 5 дугаар сарын 19-ны өдөр өргөдөл гаргаж байсан бөгөөд цаг хугацааны хувьд нэхэмжлэгч Л.М-ыг газрын албанд хандахаас өмнө хандаж улмаар С- дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу дээрх газрын хууль ёсны эзэмшигч болсон нь баримтаар хангалтай нотлогдож байх бөгөөд С- дүүргийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/214 тоот захирамжийн иргэн Ц.М-д холбогдох хэсгийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Монгол Улсын Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт: ...Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно... гэж зохицуулснаас үзэхэд нэхэмжлэгч Л.М- нь бусдын эзэмшлийн /Ц.М-ийн/ газарт хууль ёсны эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр байшин барьсан, мөн түүний одоогийн оршин сууж буй албан ёсны хаяг нь маргаан бүхий газрын хаяг дээр бүртгэлтэйн дээр тэрээр хамтран нэхэмжлэгч Д.Б-ийн хаяг дээр бүртгэлтэй байгаа нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний иргэний үнэмлэхийн хуулбар зэргээр тогтоогдож байгаа зэргээс түүний эрх ашиг нь хөндөгдсөн гэж үзэхээргүй байна. Харин бусдын газар дээр хууль ёсны эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр байшин барьсан үйлдлийг нь энэхүү захиргааны хэргийг шүүх хянан шийдвэрлэсний дараа зөрчигдсөн эрхээ сэргээлгэх болон талбай албадан чөлөөлөх нэхэмжлэлийн шаардлагыг ердийн шүүхэд гарган өөрийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр хандах болно. Монгол Улсын Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дэх хэсэгт: ...Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна... гэсэн зохицуулалтаас үзвэл сүүлд буюу 2008 оны 3 дугаар сарын 12-ны өдөр гаргасан нэхэмжлэгч Л.М-ын өргөдлийг С- дүүргийн газрын алба хүлээн авах үндэслэлгүй буюу иргэн Ц.М-ийн эзэмшиж буй газартай давхцахаар байсан тул түүний газар эзэмших тухай хүсэлтийг хүлээн авч, гэрчилгээ гаргах боломжгүй нөхцөл байдал үүссэн тул түүний өргөдлийг хүлээн аваагүй нь үндэслэлтэй байна. Мөн Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт: ...газрыг Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн /цаашид иргэн гэх/, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуульд заасны дагуу эзэмшиж, ашиглана... гэж зохицуулсан байх ба 2007 оны 05 дугаар сарын 19-ний өдөр өргөдөл гаргахдаа Ц.М- нь хуульд заасан 18 насанд хүрсэн байсан болно. Хариуцагч С- дүүргийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 01/1095 дугаартай хариу тайлбараар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд хариуцагчийн зөвшөөрлийг батлахад гуравдагч этгээдийн хууль ёсны эрх нь хөндөгдөх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталгаажуулах боломжгүй юм. Иймд Д.Б-, Л.М- нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 567 дугаар шийдвэрээр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасныг баримтлан хариуцагч С- дүүргийн Засаг даргын С- дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 0 дугаар гудамж, 104 тоот хаягт байрлах газрыг нэхэмжлэгч Д.Б-өд эзэмшүүлэхийг С- дүүргийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, дээрх нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1.3, Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3, 32 дугаар зүйлийн 32.1, 32,2, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан С- дүүргийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн А/214 дүгээр захирамжийн Ц.М-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, С- дүүрэг, 22 дугаар хороо, Тахилтын 0 дугаар гудамж, 000 тоот хаягт байрлах газрыг иргэн Л.М-д эзэмшүүлэхийг С- дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа: Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон маргааны үйл баримтанд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүйгээс гадна уг хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн шүүхэд гаргасан тайлбар, С- дүүргийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/214 дугаартай газар эзэмшүүлэх эрх олгох тухай захирамж, Дүүргийн өмч, газрын харилцааны албаны техникийн зөвлөлийн 2014 оны ... дугаар сарын 20-ны өдрийн хурлаас гаргасан дүгнэлт, иргэн Ц.М-ийн 2007 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн болон 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн С- дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 0 дугаар гудамжны 000 тоот хаягт байрлах маргаан бүхий газрыг өмчилж авахаар гаргасан хүсэлтүүд, иргэний үнэмлэхний хуулбар /шинэчилсэн/ 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн С- дүүргийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/24 дүгээр шийдвэрийг үндэслэн 18626312308172 нэгж талбарын дугаартай 700 м.кв газрыг эзэмших эрхийн гэрчилгээ, 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Ц.М-ийн эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг, Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1/709 дугаартай хариу хүргүүлэх тухай албан тоот зэрэг хууль ёсны, хүчин төгөлдөр бичгийн нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлтийг өгсөнгүй. Үүнд:

Нэгдүгээрт, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: ...Гуравдагч этгээд Ц.М- газар эзэмших тухай хүсэлтээ 2007 оны 05 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгч Л.М-аас өмнө гаргасан... гэх боловч тэрээр газар хүссэн өргөдөлдөө маргаан бүхий газрын хаяг болон ямар нэгэн хаягийг тодорхой заагаагүй, мөн өргөдөл гаргах үедээ Ц.М- нь /1989 оны 07 дугаар сарын 14-ний өдөр төрсөн/ 18 насанд хүрээгүй байсан байна. Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэнд газрыг эзэмшүүлж, ашиглуулахаар заажээ. Иймд гуравдагч этгээд Ц.М-ийг маргаан бүхий тахилтын 6-000 тоот хаягт газар хүссэн гэж үзэх үндэслэлгүй, мөн Газрын тухай хуульд зааснаар Ц.М-д газар эзэмших, ашиглах эрх үүсээгүй, иргэний эрх зүйн бүрэн чадамжгүй байсан байна...гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ. Учир нь гуравдагч этгээд Ц.М- нь 2007 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн болон 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн С- дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 6 гудамжны 000 тоот хаягт байрлах маргаан бүхий газрыг өмчилж авахаар гаргасан хүсэлтээ гаргасан боловч тухайн цаг хугацаанд хүсэлтийг шийдвэрлэж газар эзэмших эрхийн гэрчилгээ олгоогүй бөгөөд 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр дахин гаргасан хүсэлтийг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосноор тухайн газрыг эзэмших эрх үүссэн болно. Гэтэл анхан шатны шүүх анх газар эзэмших хүсэлт гаргасан цаг хугацаанд Ц.М-д газар эзэмших эрх үүссэн мэтээр нотлох баримтыг үнэлж шийдвэр гаргаж буй нь мэргэжлийн хувьд ноцтой алдаа гаргасан гэж үзэхээр байгааг давж заалдах шатны шүүх анхаарч үзнэ үү. Харин сүүлд буюу 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр дахин газар эзэмших хүсэлт гаргаснаар уг хүсэлтийг Засаг дарга шийдвэрлэж газар эзэмшүүлэх захирамж гаргаж, гэрчилгээ олгосноор гуравдагч этгээд болох Ц.М- уг газрыг эзэмших эрх үүссэн бөгөөд энэ цаг хугацаанд тэрээр 18 насанд хүрсэн байсан нь бичгийн нотлох баримтаар нотлогддог болно. Нэхэмжлэгч Л.М- нь 2008 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Тахилтын 6-000 тоот хаягт байрлах газрыг эзэмшихээр хорооны Засаг даргад хүсэлтээ гаргаж байсан боловч уг хүсэлтийг мөн тухайн цаг хугацаанд Засаг даргын зүгээс шийдвэрлээгүй бөгөөд дахин газар эзэмшихийг хүссэн өргөдөл гаргаж байгаагүй нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байхад шүүх илт үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн гэж үзнэ.

Түүнчлэн нэхэмжлэгч нарын 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн үндэслэлээс үзэхэд ... газар эзэмших, өмчлөх асуудлаар нэхэмжлэгч нар хүсэлт гаргаж байх үед тухайн газарт ямар нэгэн айл, иргэн эзэмшээгүй, ашиглаж амьдраагүй байсан боловч 2010 оны орчим иргэн Э-, Т- нар нь кадастрын зураглал хийлгэсэн гэсэн шалтгаанаар нэхэмжлэгч хүсэлтэд хариу өгөөгүй байдаг... гэснээс дүгнэхэд уг маргаан бүхий газарт иргэн Э-, Т- нар нь мөн газар эзэмших хүсэлт гаргаж байсан эсэх талаарх лавлагаа баримт сэлт, мэдээллийг авалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх процессын ноцтой алдаа гаргасан гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, иргэн Э-, Т- нар нь С- дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 6-104 тоот хаяг болон 6-000 тоот хаягийн алинд газрын кадастрын зураглал хийлгэж байсан эсэх нь энэхүү хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байсан. Мөн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд ...2009 оноос хойш нэхэмжлэгч Д.Б-, Л.М- нар нь тус газарт амьдарч хашаа, орон сууц барьж амьдарч байгаа нь гэрч Д-, Э- нарын болон хариуцагчийн хариу тайлбараар нотлогдон тогтоогдож байгаа. Ц.М- тус газарт амьдарч байгаагүй... гэснээс дүгнэхэд шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад С- дүүргийн 22 дугаар хорооны иргэн Ч.Э-, Ц.Д- нараас хэргийн нөхцөл байдлыг тодруулахаар авсан гэрчийн мэдүүлэгт ...иргэн Л.М-, Ц.Б- нарыг 2010 оноос эхлэн танина, тэд 2010 оноос байшингаа барин амьдарч эхэлсэн... гэсэн дүгнэлтүүд өөр хоорондоо зөрүүтэй байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн дээрх дүгнэлтээс үзэхэд нэхэмжлэгч нар нь 2010 оноос хойш маргаан бүхий дээрх газарт амьдарч эхэлсэн байх нөхцөл тогтоогдсон байх шаардлагатай байгаагаас гадна энэ нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна. Гэвч нэхэмжлэгч нар нь 2008 оноос хойш дээрх маргаан бүхий газарт амьдарч, газар эзэмших хүсэлтээ гаргасан гэж тайлбарлаж үүнийг шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт дурьдсан нь туйлын ойлгомжгүй, тодорхойгүй байхаас гадна маргааны үйл баримтыг илт үгүйсгэсэн илт үгүйсгэсэн дүгнэлт хийсэн хууль зүйн хувьд үндэслэлгүй юм. Хэрэв шүүх нэхэмжлэгч Д.Б-, Л.М- нарыг дээрх газарт 2010 оноос амьдарч эхэлснийг дээрх хоёр гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна гэж дүгнэж байгаа тохиолдолд нэхэмжлэгч нар нь 2010 оноос хойш газар эзэмших хүсэлтээ гаргасан байх үйл баримт нотлогдсон байх шаардлагатай байхад байхад маргааны үйл баримтыг буруу ойлгож хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй гэж үзэхээр байна. Хоёрдугаарт, Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...нэхэмжлэгч Л.М- нь Ц.Б-ийн эхнэр бөгөөд охин Б.У-гийн хамт ам бүл гурвуулаа С- дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 6 гудамж, 104 тоот хаягт хүн ам, өрхийн бүртгэлтэй байгаа нь нэхэмжлэгч Л.М-ын маргаан бүхий Тахилтын 0 дугаар гудамж, 000 тоот хаягт байрлах газрыг иргэн хүний хувьд эзэмших эрхийг хязгаарлахгүй юм... гэж дүгнэсэн мөн хууль зүйн хувьд илт үндэслэл муутай болжээ. Тухайлбал, нэхэмжлэгч Л.М- нь 6-104 тоот хаягт бүртгэлтэй мөртлөө 6-000 тоот хаягт байрлах газрыг зөвшөөрөлгүйгээр эзэмших эрхтэй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, тодорхойгүй байхаас гадна шүүх мэргэжлийн хувьд алдаа гаргасан гэж үзнэ. Гуравдугаарт, анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын тайлбар, бодит нөхцөл байдлаас дүгнэхэд нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын газар эзэмших хүсэлтийг С- дүүргийн 22 дугаар хорооны Засаг дарга давхардуулан цохсон нь маргаан үүсэх нөхцөл болсон байна... гэж зөв дүгнэсэн мөртлөө шийдвэр гаргахдаа хууль бус шийдвэр гаргасан. Учир нь гуравдагч этгээд Ц.М- нь 2007 оны 05 дугаар сарын 19-ний өдөр анх хүсэлт гаргасан, нэхэмжлэгч Л.М- нь 2008 оны 03 дугаар сарын 11-ний өдөр маргаан бүхий газарт хүсэлт гаргасан, мөн нэхэмжлэгч нарын нэмэгдүүлсэн шаардлагаар иргэн н.Э-, н.Т- нар нь мөн хүсэлт гаргасан зэргээс дээрх нөхцөл байдлуудыг анхан шатны шүүх тодруулах шаардлагатай байсан. Түүнчлэн гуравдагч этгээд Ц.М- нь 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр дахин хүсэлт гаргаснаар түүнд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон нөхцөл байдал хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байгаа болно. Харин нэхэмжлэгч Л.М- нь 2008 оноос хойш дахин энэхүү маргаан бүхий газарт газар эзэмшихийг хүссэн хүсэлт гаргасан эсэх, 2010 онд н.Э-, н.Т- нар нь газрын кадастр хийлгэсэн эсэх, С- дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 6 гудамжны 104 тоот болон 000 тоотын алинд нь газрын кадастр хийлгэсэн зэрэг нөхцөл байдлуудыг тодруулах ёстой байтал тодруулаагүй нь хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагааны процессын алдаа гаргасан гэж үзнэ. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 567 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтыг хүчингүй болгож өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 31 дүгээр зүйлийн 31.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаархэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн гүйцэд цуглуулж, хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгчээс ...С- дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 0 дугаар гудамж, 104 тоот хаяг, 000 тоот хаягуудад байрлах газрыг 2008 оноос эхлэн эзэмшиж, кадастрын зургаа хийлгүүлэхэд ямар нэг байдлаар давхцаагүй байсан, 2010 онд хашаа болон амьдрах байшингаа барьж өнөөдрийг хүртэл амьдарч байна. Гэтэл 2010 оноос дээрх газрууд бусад хүмүүсийн газартай давхцсан ба газрын албанд энэ асуудлаар хандахад шийдвэрлэж өгөөгүй...мөн С- дүүргийн Засаг дарга тухайн газарт амьдарч буй иргэдийн бодит нөхцөл байдалтай танилцалгүй, өмнө өгөгдсөн материалыг хянаж нягтлалгүй 2014 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/214 тоот захирамжаараа иргэн Ц.М-д уг газрыг эзэмшүүлсэн байна... гэж, хариуцагчаас ...С- дүүргийн 22 дугаар хороо, тахилтын 0 дугаар гудамж, 000 тоот хашааны газрыг эзэмшихээр иргэн Ц.М- нь 2007 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 22 дугаар хорооны Засаг даргаар уламжлан дүүргийн Газрын албанд газар эзэмших тухай хүсэлт гаргаж улмаар тус дүүргийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/214 дүгээр захирамжаар эзэмшүүлсэн... харин тус дүүргийн 22 дугаар хороо, Тахилт 6 гудамж, 104 тоот хаягт байрлах газар нь иргэн Б.Э-ийн нэрээр Өмч, газрын харилцааны албаны мэдээллийн санд бүртгэгдсэн захирамжийн мэдээлэл байхгүй, нэхэмжлэгч Л.М- нь 2008 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 104 тоот хаягт байрлах газрыг эзэмшихээр хүсэлт гаргасан бөгөөд хүсэлт гаргасан газартаа өнөөдрийг хүртэл амьдарч байгаа тул уг газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг хуулийн хүрээнд шийдвэрлэх боломжтой... гэж тус тус маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн С- дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 0 дугаар гудамж, 104 тоот хаягт байрлах газрыг нэхэмжлэгч Д.Б-өд эзэмшүүлэхийг С- дүүргийн Засаг даргад даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж шийдвэрлэсэн нь зүйтэй байна.

Харин шүүх нэхэмжлэлийн С- дүүргийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/214 дүгээр захирамжийн Ц.М-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, С- дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 0 дугаар гудамж, 000 тоот хаягт байрлах газрыг иргэн Л.М-д эзэмшүүлэхийг С- дүүргийн Засаг даргад даалгах шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг цуглуулах, үнэлэх үүргийг бүрэн гүйцэд хэрэгжүүлэлгүйгээр хэргийг шийдвэрлэснээр шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж заасан шаардлагад нийцэхгүй байна. Учир нь,

Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 83 дугаар тушаалаар баталсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам-ын хавсралтын 9 дүгээр зүйлийн 9.2-д Аймаг, сумын Засаг даргын шийдвэрээр газар эзэмших, ашиглах эрх олгогдсон иргэн, хуулийн этгээдийн эзэмших, ашиглах газрын хил заагийг газарт шилжүүлэх, эргэлтийн цэгийг газарт бэхэлж, тэмдэгжүүлэх, солбицолжуулах ажлыг сумын Газрын даамлаас ирүүлсэн мэдэгдэл /Нэгж талбарын эргэлтийн цэгүүдийг газарт бэхлүүлэх мэдэгдэл/-ийн дагуу кадастрын зураглал үйлдэх тусгай зөвшөөрөл бүхий байгууллага болон аймгийн Газрын албаны мэргэжилтэн гүйцэтгэнэ гэж заажээ.

Нэхэмжлэгч нараас нэхэмжлэлдээ ...дүүргийн газрын албанд газар эзэмших хүсэлт гаргасны хариуд С- дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас ...хүсэлт гаргасан газар нь манай албаны мэдээллийн санд иргэн Б.Т-, Б.О- нартай давхацсан байсан тул таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна гэсэн хариу өгч байсан ...Буд овогтой Э-, Батдэлгэр овогтой Т- нар хэзээ газрын албанд газар эзэмших хүсэлт гаргаж байсан талаарх лавлагааг гаргуулж өгнө үү гэж шаардсан, түүнчлэн С- дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 0 дугаар гудамж, 104, 000 тоот хаягуудад байрлах газрын иргэн Б.Э-[1], Б.Т[2] нарын нэр дээр гарсан кадастрын зургууд хэрэгт авагдсан байхад шүүх энэ талаар буюу дээрх иргэдэд газар эзэмших эрх хууль ёсоор үүссэн эсэх талаар тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.

Өөрөөр хэлбэл, хэрэв дээрх иргэдэд хууль ёсоор газар эзэмших эрх үүссэн байсан нь тус хэргийг эцэслэн шийдвэрлэгдсэний дараа буюу хожим тодорхой болох тохиолдол гарч болзошгүй тул шүүх хэргийг нэг мөр эцэслэн шийдвэрлэх шаардлагын хүрээнд нэхэмжлэлд дурдагдсан болон мэдээллийн санд бүртгэлтэй гэх хэрэгт авагдсан кадастрын зурагт холбогдуулан дээрх иргэдэд газар эзэмших эрх хууль ёсоор үүссэн эсэхийг тодруулах нь зүйтэй юм.

Гуравдагч этгээд Ц.М- нь 2007 оны 05 дугаар сарын 19-ний өдөр, харин нэхэмжлэгч Л.М- нь 2008 оны 03 дугаар сарын 11-ний өдөр тус тус С- дүүргийн 22 дугаар хорооны Засаг даргаар уламжлуулан тус дүүргийн газрын албанд гаргасан газар эзэмших хүсэлт-д хорооны Засаг даргаас хүсэлтэд заасан газарт газар олгуулахаар давхцуулан тодорхойлолт хийсэн баримт хавтаст хэрэгт авагджээ. Шүүх тухайн үед С- дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 0 дугаар гудамж, 000 тоот хаягт байрлах газрыг дээрх хоёр иргэнд олгуулахаар давхцуулан тодорхойлолт гаргаж өгсөн талаар С- дүүргийн 22 дугаар хорооны Засаг даргаар ажиллаж байсан хүнийг гэрчээр асууж, ямар шалтгаанаар хүсэлтэд заасан газарт газар эзэмшүүлэхээр давхцуулан тодорхойлох болсон шалтгаан нөхцлийг тодруулах нь хэрэгт ач холбогдолтой байж болохоор байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нотлох баримтыг ойлгох, гаргаж өгөх, цуглуулах, үнэлэхдээ энэ хуульд өөрөөр заагаагүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37, 40-45, 47-49, 51 дүгээр зүйлд заасан журмыг баримтална, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 40.2-т Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ, 40.3-т Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэж тус тус заасан байна.

Гуравдагч этгээдээс дүүргийн газрын албанд хандаж С- дүүргийн 22-р хорооны 0 дугаар гудамжны 000 тоот газрын гэрчилгээ олгуулах талаар 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хоёр дахь удаа хүсэлт гаргасан талаарх баримт хавтаст хэрэгт авагдсан байхад шүүх энэ нотлох баримтыг үнэлээгүй, үнэлээгүй шалтгаанаа шүүхийн шийдвэрт дурдаагүйн дээр 2007 онд гаргасан газар эзэмших хүсэлтийн тухайд ... өргөдөл гаргах үедээ насанд хүрээгүй байсан ... Газрын тухай хуульд зааснаар Ц.М-д газар эзэмших, ашиглах эрх үүсээгүй, иргэний эрх зүйн бүрэн чадамжгүй байсан байна гэж дүгнэсэн атлаа, 2007 онд газар эзэмших талаар гаргасан хүсэлтэд зурагдсан гарын үсэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тайлбарт зурагдсан гарын үсгийн талаар эргэлзээгүй байдлаар эрх бүхий мэргэжлийн этгээд тогтоосон талаарх баримт хэрэгт авагдаагүй байхад ... уг хүсэлтэд зурагдсан гарын үсэг нь шүүхэд Ц.М-ийн өгсөн тайлбарт зурсан гарын үсгээс өөр зөрүүтэй байдлаас дүгнэхэд энэхүү газар эзэмших хүсэлт нь Ц.М-ийн үнэхээр өөрийнх нь газар эзэмшихийг хүссэн хүсэл зоригийн илэрхийлэл байжээ гэж үзэх үндэслэлгүй юм гэж шүүх өөрөө нотлох баримтыг үнэлж, дүгнэснийг дээрх хуулийн шаардлагад нийцсэн гэж үзэх боломжгүй байна.

Газрын тухай хуулиар газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах болон түүнтэй холбогдсон бусад харилцааг бүхэлд нь тэр дундаа эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэх газрын хэмжээ байршлын талаар Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлд, газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагын талаар 31 дүгээр зүйлд зааж зохицуулжээ.

Шүүх С- дүүргийн дүүргийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн А/214 дүгээр захирамжийн Ц.М-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, газрыг иргэн Л.М-д эзэмшүүлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэхдээ газар эзэмшүүлэх хүсэлт гаргасан этгээд тухайн газарт бодитоор амьдран суусан эсэх нь газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлага мэтээр дүгнэхдээ хууль зүйн үндэслэлийг заагаагүйн дээр гуравдагч этгээдээс итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан, хорих ангийн албан тушаалтны авч ирүүлсэн тайлбар хэрэгт авагдсан хэдий ч эрх зүйн байдлын хувьд онцгой нөхцөлд байгаа болон тус захиргааны хэргийн маргаан бүхий актын улмаас эрх, хууль ёсны ашиг, сонирхол нь хөндөгдөж болзошгүй байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүх гуравдагч этгээдээс өөрөө тайлбар авч, хэргийн нөхцөл байдлыг тодруулаагүй нь учир дутагдалтайг тэмдэглэж байна.

Давж заалдах шатны шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.3 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.     Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 567 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ