Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 01

 

Д.Г-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч М.Нямбаяр, Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Я.Дина, шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, хохирогч Д.Б өмгөөлөгч Б.Лхагважав, нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нарыг оролцуулан

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 187 дугаар шийтгэх тогтоолтой, Д.Гт холбогдох эрүүгийн 1735002180022 дугаартай хэргийг шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн болон хохирогч Д.Б өмгөөлөгч Б.Лхагважав нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 17-нд Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, ээж, 2 дүүгийн хамт Увс аймгийн Зүүнговь сумын 1-р багт оршин суух, гавъяа шагнал, ял шийтгэлгүй, регистрийн дугаар:ОД85111711, Б ургийн овогт Д-гийн Г.

Шүүгдэгч Д.Г нь 2017 оны 11 дүгээр сарын 9-10-ны өдрүүдийн хооронд Зүүнговь сумын "Бөөрөг" гэх газраас хохирогч П.Нэргүйгийн 1 тооны үхэр хулгайлсан, 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Увс аймгийн Зүүнговь сумын 5 дугаар багт оршин суух хохирогч Д.Дорждэрэмийн 1 тооны үхэр хулгайлсан, 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Увс аймгийн Зүүнговь сумын Суварга багийн нутгаас хохирогч Д.Б 6 тооны үхэр хулгайлсан гэх гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Бурдууд ургийн овогт Дашзэвэгийн Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гт хоёр жил дөрвөн сар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гт оногдуулсан хоёр жил дөрвөн сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн нар хамтран давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 187 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Д.Гийг Д.Б 6 тооны үхэр хулгайлсан гэх хэрэгт гэм буруутайд тооцож ял оногдуулсанд гомдолтой байна. Учир нь Д.Г нь Д.Б 6 тооны үхэр хулгайлаагүй болох нь гэрч Батсүхийн мэдүүлэг /2хх-110х/, гэрч Ганзоригийн мэдүүлгээр /Зхх-80-82х/ нотлогдож байгаа.

Д.Гийг Д.Б мал хулгайлсан гэж гэрчилж байгаа төрсөн дүү Д.Ганхуягийн мэдүүлэгт дурьдсан олон зүйл батлагдахгүй байхад шүүх анхаарч үзээгүй. Түүнчлэн хулгайлсан үхрээ ачсан гэх УАЗ маркын машинд 6 үхэр багтахгүй нь ойлгомжтой юм. Өөрөөр хэлбэл нэг нотлох баримт нь нөгөө нотлох баримтаараа дам нотлогдож байх ётой байтал энэ тохиолдолд нотлогдохгүй байна.

...Хавтаст хэрэгт Д.Г-ийг хохирогч Д.Б-ийн 6 тооны үхэр хулгайлсан болохыг нотлодог 2 хүний мэдүүлэг байгаа бөгөөд энэ 2 мэдүүлэг нь бусад нотлох баримтаар үгүйсгэгдэж байхын зэрэгцээ мэдүүлгүүд нь нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх журмыг ноцтой зөрчсөн.

Иймд хууль ноцтой зөрчиж өөрөөр нь өөрийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай талаар нотлуулсан. Бичиг үсэг мэддэггүй дүүгээр нь ахын эсрэг мэдүүлэг албадан өгүүлсэн, хэргийн бодит байдалтай үл нийцэх дүгнэлт хийсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийн Д.Б-ийн 6 үхэртэй холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хохирогч Д.Б өмгөөлөгч Б.Лхагважавын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн 187 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт өмгөөлөгчид төлөх зардлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гэж үзэж нөхөн төлүүлэхээр заасан байна.

Гэтэл анхан шатны шүүх хохирогч нь өөрийнхөө эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцуулсан нь шүүгдэгч Д.Гөөс гаргуулах зайлшгүй зардалд хамаарахгүй тул өмгөөлөгчийн хөлс 500.000 төгрөг гаргуулах үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх туай хуулийг зөрчсөн гэж үзэж байна.

Мөн хохиорогчийн дүү Д.Төрмөнх ахынхаа 6 тооны үхэр хулгайлагдсаныг сонсоод Зүүнговь сум явж алдагдсан малаа хайсан унааны зардалд зарцуулсан 260.240 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

Иймд дээрх зардлыг шүүгдэгч Д.Г-өөс гаргуулан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтэндээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй тул уг шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Д.Г түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, хохирогч Д.Б өмгөөлөгч Б.Лхагважав нарын давж заалдсан гомдлыг үндэслэн Д.Г-т холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Д.Г-т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Д.Г нь 2017 оны 11 дүгээр сарын 9-10-ны өдрүүдийн хооронд Увс аймгийн Зүүнговь сумын “Бөөрөг” гэх газраас хохирогч П.Нэргүйгийн 1 тооны эх үхэр, 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр мөн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрээс хохирогч Д.Дорждэрэмийн улаан хүрэн зүсмийн 5 настай эр үхэр, 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Увс аймгийн Зүүнговь сумын Суварга багийн нутгаас хохирогч Д.Б 6 тооны үхэр хулгайлсан болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Г-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн түүний үйлдлийг зөв тогтоон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

1.Шүүгдэгч Д.Г түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн нарын хамтран гаргасан “Д.Б 6 тооны үхэр хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй, гэмт хэрэг гарах үед ах Д.Ганзоригийн мал тууж 30 км яваад буцаж гэртээ ирсэн нь гэрч Н.Батсүхийн мэдүүлгээр нотлогдсон, мөн нотлох баримт бүрдүүлэхдээ хууль зөрчсөн тул Д.Гийн үйлдлээс Д.Б 6 тооны үхэр хулгайлсан үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх гомдлын хувьд:

Шүүгдэгч Д.Г нь 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Увс аймгийн Зүүнговь сумын Суварга багийн нутгаас  Д.Б 6 тооны үхэр хулгайлсан болох нь хохирогч Д.Б “өөрийн үхрээс 6 тооны үхэр хулгайд алдаж, ул мөрийг мөрдөж Гийн гэрийн урд талд хүргэсэн, уг 6 тооны үхрийг Г хулгайлж авсан болохоо хэлж хохирлыг хэрхэн яаж барагдуулсан талаараа мэдүүлсэн мэдүүлэг болон гэрч Д.Оюун, Д.Ганхуяг, М.Мягмаржав, Д.Ганболд, Д.Төрмөнх нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байх бөгөөд энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт  хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн “Д.Г-ийг өөрийнх нь үйлдсэн  гэмт хэрэгт  гэрчээр байцааж хуулийг зөрчсөн” гэх тайлбар гаргаж байгаа  боловч уг мэдүүлэг нь анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй байх бөгөөд Д.Гийн үйлдсэн гэмт хэрэг нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримт буюу хохирогч, гэрч нарын мэдүүлгээр нотлогдсон байна.

Гэрч Н.Б нь Д.Гийг 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өглөө бог мал туугаад тэдний гэрийн араар өнгөрсөн , орой 18 цагийн үед бүрэнхий болчихсон байхад гэрт нь ороод гарсан талаар буюу тухайн өдөр Д.Г нь морьтой мал туугаад явж байсныг нотолсон байх бөгөөд энэ мэдүүлэг нь Д.Г-ийг хохирогч С.Б мал хулгайлсаныг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

2. Хохирогчийн өмгөөлөгч Б.Лхагважавын “ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт өмгөөлөгчид төлөх зардлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гэж үзэж нөхөн төлүүлэхээр заасан байна. Гэтэл шүүх хохирогчийн өмгөөлөгчид төлсөн 500.000 төгрөг гаргуулахгүйгээр хуулийг зөрчсөн. Мөн хохирогчийн дүү Д.Төрмөнх ахынхаа 6 тооны үхэр хулгайлагдсаныг сонсоод Зүүнговь сум явж алдагдсан малаа хайсан унааны зардалд зарцуулсан 260.240 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлгүй тул тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэх гомдлын хувьд:

Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан гаргасан хохирогч нарын  нэхэмжлэлийн үндэслэл, нотлогдсон байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлд заасан байцаан шийтгэх ажиллагааны зарим зардлыг төр хариуцаж төлөхөөр хуульчилсан бөгөөд төрөөс уг зүйлд заасан зардлыг хариуцаж төлсөн тохиолдолд уг зардлыг гэм буруутай нь тогтоогдсон этгээдээр нөхөн төлүүлэх зардлын хэмжээ, журмыг  хуульчилжээ. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4, 11.5, 11.6 дугаар зүйлүүдэд төрөөс төлж болох зардлыг төрөөс төлсөн тохиолдолд уг зардлыг гэм буруутай этгээдээс нөхөн гаргуулж төрд олгох процессыг зохицуулсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлд заасан “ өмгөөлөгчид төлөх зардал” нь өмгөөлөгч авч эрх ашиг хамгаалуулах төлбөрийн чадваргүй иргэний өмгөөлөгчийн хөлсийг төрөөс төлсөн / улсын өмгөөлөгч авсан/ тохиолдолд уг зардлыг гэм буруутай этгээдээс нөхөн гаргуулж төрд олгох хуулийн зохицуулалт юм.

Хохирогч Д.Б нь өмгөөлөгч авах төлбөрийн чадваргүй гэсэн баримт хэрэгт авагдаагүй, мөн заавал өмгөөлөгч оролцуулах хуулинд заасан үндэслэлд хамаарахгүй тул түүний өмгөөлөгчийн хөлс 500.000 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцож хохирол дээр нэмж гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн хохирогчийн дүү Д.Төрмөнх нь алдагдсан малыг эрж хайсан баримт хэрэгт авагдаагүй тул Зүүнговь суманд очсон бензиний зардлыг гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, хохирогчийн өмгөөлөгч Б.Лхагважав нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй  гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Д.Гийн анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл цагдан хоригдсон 54 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр  сарын 21-ний өдрийн 187 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, хохирогчийн өмгөөлөгч Б.Лхагважав нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Д.Гийн анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл цагдан хоригдсон 54 /тавин дөрөв/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

Гомдол , эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Д.ЖАМБАЛСҮРЭН

 

ШҮҮГЧИД                                           М.НЯМБАЯР

 

                                                                                                Н.МӨНХЖАРГАЛ