Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 187

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Алтан даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Б.Баярмагнай,

Хохирогч Д.Бийн өмгөөлөгч: Б.Лхагважав,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Дамдинсүрэн,

Хохирогч: Д.Б,

Шүүгдэгч: Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Я.Дина Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Б ургийн овогтой Дийн Гт холбогдох 1735002180022 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, ээж, хоёр дүүгийн хамт Увс аймгийн Зүүнговь сумын 1-р багт оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, РД:ОД85111711, Б ургийн овогтой Дийн Г.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Г нь 2017 оны 11 дүгээр сарын 9- 10-ны өдрүүдийн хооронд Зүүнговь сумын "Бөөрөг" гэх газраас хохирогч П.Нгийн 1 тооны үхэр хулгайлсан, 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Увс аймгийн Зүүнговь сумын 5 дугаар багт оршин суух хохирогч Д.Дийн 1 тооны үхэр хулгайлсан, 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Увс аймгийн Зүүнговь сумын Суварга багийн нутгаас хохирогч Д.Бийн 6 тооны үхэр хулгайлсан гэх гэмт хэргүүдэд тус тус холбогдож, Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Д.Гийг бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

1. Шүүгдэгч Д.Г нь 2017 оны 11 дүгээр сарын 09-өөс 10-ны өдрүүдийн хооронд Увс аймгийн Зүүнговь сумын "Бөөрөг" гэх газраас хохирогч П.Нгийн 1 тооны эх үхэр хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

-хохирогч П.Нгийн хэрэг бүртгэлтэд өгсөн: “Би 2017 оны 11 дүгээр сарын 08 ны өдөр “урд бөөрөг” гэх газарт очиж үхрээ бүртгэж үзэхэд бүрэн байсан бөгөөд түүнээс хойш гурав хоноод очиж үзэхэд миний нийт 8 тооны үхрээс хоёр үхэр дутсан, би үхрийнхээ бэлчээрээр хайгаад олоогүй. Харин үхэр туусан бүдэг мөр Шар бураа тийш гарсан байсан тул би тухайн мөрийг дагаад явж байтал бүдгэрээд алга болсон, яг хэдэн үхэр туусан нь тодорхой мөр гараагүй, үхэр туусан морьтой хүний мөр явж байгаад бүдгэрч алга болсон. Би үхрийнхээ бэлчээрээр явж хайгаад олдохгүй болохоор цагдаад өргөдөл гаргасан юм. Манай үхэр гэрийн дэргэдүүр явж усанд ордог байсан, байнгын хариулгагүй, нэг хоёр хоноод очиж бүртгэж үздэг байсан юм. Алга болсон 2 үхэр нь улаан галзан зүсмийн, урд хоёр хөлөндөө цагаан толботой 6 настай эм үхэр, хүрэн галзан гунан үхэр /им тамгагүй/ юм. Би Баяннуур багийн сахиул ажилтай Д.Г гэх залууг сэжиглэж байна, би хулгайд алдагдсан хоёр үхрээ хайгаад явж байхад миний үхэр байсан газарт зөвхөн Д.Гийн гэр байсан, ойр хавьд ямар ч айл байхгүй юм. Д.Гийг манай сумынхан “хулгай хийж байна” гэж ярьдаг. Миний үхэр алга болсон газраас Д.Гийн гэрийн зүг явсан бүдэг мөр байсан тул би Д.Гийн ээж Мтай утсаар ярьж, танай хүү Г миний хоёр үхэр хулгайлж авсан байна, төлж өг гэж хэлэхэд” эгч нь сайн мэдэхгүй байна”гэж хэлсэн. 10 гаруй хоноод сумын төв дээр М эгч надтай тааралдаад “чиний улаан галзан эх үхрийг чинь миний хүү Д.Г хулгайлж авсан байна, би хүүгээсээ асуухад тэгж хэлж байна, уучлаарай би төлж өгнө, харин хүрэн гунан үхрийг чинь аваагүй юм байна” гэж хэлсэн. Би тухайн үед сумын бүх арьс, мах авдаг ченж нартай уулзахад ямарч арьс өгөөгүй гэж хэлсэн тул би Хяргас сум руу сураглаж асуухад Д.Г улаан өнгийн үхрийн арьс авч ирж Б гэдэг ченжид өгсөн гэж сонссоод Хяргас сум уруу явж очиж үзэхэд миний алдсан хоёр үхрийн нэг болох улаан галзан эх үхрийн арьс мөн байсан. Тэгээд би Д.Гтэй утсаар ярьж энэ талаар хэлэхэд “би чиний улаан галзан эх үхрийг чинь хулгайлж идсэн нь үнэн. Хүрэн үхрийг чинь аваагүй, гэхдээ би төлж өгнө, улаан галзан үхрийн толгой, шийрийг нь Сумын төвын доод талын хогийн цэг дээр хаясан байгаа, цагдаад битгий хэлээрэй, би чиний хохирлыг барагдуулж өгнө” гэж хэлсэн. Би сумын төвийн доод талын хогийн цэг орж үзэхэд хогийн цэгийн баруун дээд талд миний улаан галзан үхрийн толгой шийрийг хаясан байсныг олж үзсэн, миний үхэр мөн байсан. Надтай хамт Зүүнговь сумын Баяннуур багийн иргэн Д.Бь ах хамт үхэр хайлцсан, тэр хүн сайн мэдэж байгаа. Зун, намарт манай хоёр айл хамт байдаг, манайхыг хэдэн үхэртэй талаар маш сайн мэдэж байгаа. Надад 1.600.000 төгрөгийн хохирол учирсан. Би 3 настай үхрээ 600,000 мянга төгрөг, 6 настай эх үхрээ 800,000 мянган төгрөгөөр тус тус үнэлж байна, мөн мал эрж хайсан зардалд 200,000 мянган төгрөг зарцуулсан” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 95-96х/,

-гэрч П.Бын хэрэг бүртгэлтэд өгсөн: “Би 2017 оны 11 дүгээр сард малын арьс шир бага хэмжээгээр худалдаж авсан. Надад арьс шир худалдсан хүмүүсийг би бүгдийг нь танина. 2017 оны 11 дүгээр сарын дунд үеэр байх, би яг сайн өдрийг нь мэдэхгүй байна, Зүүнговь сумын харьяат Д.Г гэж залуу улаан зүсмийн үхрийн арьс авчирж надад өгсөн. Би 25.000 /хорин таван мянган/ төгрөгөөр худалдаж авсан. Би ямар унаатай, хэнтэй ирснийг сайн анзаараагүй. Намайг хүнсний дэлгүүр дотор байтал Г нь уутанд хийчихсэн улаан өнгийн үхрийн шир авчирж өгсөн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 98х/,

-гэрч Д.Гийн хэрэг бүртгэлтэд өгсөн: “2017 оны 11-р сарын 09-ний өдөр манай төрсөн ах Д.Г хул морьтойгоо хүнээс мал авч ирнэ гэж хэлж яваад орой 17 цагийн үед улаан галзан, нүүр, шийр хэсэг нь цагаантай эх үхэр авч ирээд хүнсэнд нядалж хэрэглэсэн. Ах Д.Г бид хоёр уг үхрийг нядалж төхөөрөөд манай ээж М гэдэс дотрыг цэвэрлэж янзалсан. Уг үхрийнхээ махыг манай гэр бүлийнхэн чанаж идээд, ах Г зарим нэг махыг нь хүнд өгөөд, одоо бараг мах үлдээгүй байх. Д.Г ах бид хоёр толгой, шийр арьсыг нь Зүүнговь сум руу явахдаа мотоцикльтой ганзагалж авч яваад ах Г толгой шийрийг нь Зүүнговь сумын хогон дээр хаясан. Арьсыг нь Хяргас сум руу гаргаж хүнд худалдана гэж хэлээд явсан. Ямар хүнд арьсыг нь худалдсаныг би мэдэхгүй байна. Ахын авч ирж хүнсэнд хэрэглэсэн үхрийг хаанаас хэнээс авсныг нь би асуугаагүй. Ах Д.Г хэнээс авснаа надад хэлээгүй. Би хүнээс өрөндөө авсан юм байх гэж бодсон юм. Тухайн үхрийг нядалж байх үед манайд ямар нэгэн хүн ирээгүй, манай гэрт ээж, ах бид гурав байсан юм. Манай гэрийн ойролцоо ямар нэгэн айл байгаагүй. Ойролцоо байсан айлууд бүгдээрээ өвөлжөө рүүгээ нүүсэн байсан юм” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 99-100х/,

-гэрч М.Мын хэрэг бүртгэлтэд өгсөн: “2017 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр байх, миний хүү Д.Г орой 18 цагийн үед улаан галзан, нүүр шийр хэсэгтээ цагаантай, эх үхэр тууж ирсэн, би түүнээс хаанаас ямар үхэр авч ирсэн юм бэ гэж асуухад “нэг тэмээ зараад мөнгөөр нь үхэр худалдаж авлаа” гэж хэлсэн тул би үгэнд нь итгэсэн. Тэгээд үхрийг манай хүү Г, Г бид 3 төхөөрч янзалсан. Арьсыг нь худалдана гээд сумын төв рүү авч явсан. Гэтэл сүүлд Н гэх залуу над уруу утсаар ярьж “миний 1 тооны үхрийг танай хүү Г хулгайлж авсан байна” гэх хэлсэн, би тухайн үед эгч нь мэдэхгүй байна, хүүтэйгээ яриад эргээд холбогдоё гэж хэлээд утсаа тасалсан. Би хүү Гөөс энэ талаар асуухад тэр “манай хүнсэнд хэрэглэсэн улаан галзан эх үхэр Н гэх залуугийн үхэр байсан юм. Би худалдаж авсан гэж таньд худлаа хэлсэн, Н надаас 2 үхэр нэхээд байна, харин би нэг үхэр авсан” гэж хэлсэн юм” гэх мэдүүлэг / 1-р ххийн 103-104х/,

-гэрч Д.Бийн хэрэг бүртгэлтэд өгсөн: “2017 оны 11 сарын 13-нд Зүүнговь сумын иргэн Н гэх залуу манайд ирээд “хоёр үхэр хулгайд алдсан, хайж явна” гэж хэлсэн. Би ямар үхэр хайж яваа талаар асуухад улаан галзан эм үхэр, хүрэн галзан гунан үхэр хайж явна. Шар бураа тал руу үхэр туусан морьтой хүний мөр гарсан байсан гэж хэлсэн. Бид хоёр мотоцикльтой явж уг малын мөр гарсан гэх газарт очиход цас орж, шуураад мөр балартсан байсан тул “Шар бураа” орж хайж яваад сумын төв ороод буцаж манайд ирж хоносон. Н хүний мал малладаг, зунй улиралд манай хоёр айл хамт зусдаг. Н нийт 8 тооны үхэртэй, тэднийд улаан галзан эм үхэр, хүрэн галзан гунан үхэр байдаг. Би маш сайн мэдэж байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 102х/,

-Увс аймгийн Зүүнговь сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хогийн цэг дээр үхрийн толгой, шийр хаясан гэх мэдээллийн дагуу уг газарт үзлэг хийсэн байх ба үзлэгийн тэмдэглэлд: Уг хогийн баруун хойд хэсэгт улаан галзан үхрийн толгой байх бөгөөд толгойны баруун дух хэсэгт 22:8 см хэмжээтэй цагаан толботой, зүүн хэсэгт 21:12 см хэмжээтэй цагаан өнгийн толботой, улаан галзан зүсмийн үхрийн толгой байв, уг толгойны баруун талд шийр байх бөгөөд гурван шийрний урд хэсэгт 5:10 см хэмжээтэй цагаан өнгийн толботой, нэг шийр нь улаан өнгийн, ямар нэгэн толбогүй, үхрийн шийр байв. Үзлэгээр өөр хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй, цас ихтэй, цасны зузаан 15 см байх бөгөөд ямар нэгэн ул мөр илрээгүй гэж бичсэн, хэргийн газарт үзлэг хийх ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 64-67х/,

-хэргийн газраас илрүүлсэн 1 ширхэг үхрийн толгой, 1 ширхэг үхрийн арьс, 4 ширхэг үхрийн шийрийг эд мөрийн баримтаар хураан авах тухай тогтоол, тэмдэглэл /1-р хх-ийн 68-74х/,

-шүүгдэгч Д.Гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Зүүнговь сумын нутаг "Өвдөг" гэх газраас Дууяа гэх айлыг “Урд бөөрөг” гэх газар луу тэмээгээр нүүлгэж хүргээд 16 цаг өнгөрч байхад гэрийг нь барьж дуусаад би 17 цаг өнгөрч байхад өөрийн эзэмшлийн хул зүсмийн мориороо гэрлүү явж байтал Бөөрөг гэх нэртэй газар 20 гаруй үхэр таарсан. Тэндээс би улаан зүсмийн 1 тооны үхэр салгаж туугаад гэрийн доод талын харганад уяж орхиод гэртээ орж хоносон. Тэгээд маргааш нь буюу 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр би тууж авч ирсэн үхрээ ганцаараа төхөөрсөн /нядалсан/ ба үхэр туранхай байсан тул гэдэс дотрыг өөрийн гэрийн тэжээвэр нохойд хаяж өгсөн. Ойролцоогоор 23 цаг өнгөрч байхад толгой, шийрийг нь сумын төв оруулаад хогийн цэг дээр хаячихаад буцаад гэртээ ирсэн. Гэрт ирэхэд 2017 оны 11 дүгээр сарын 10-ны 02 цаг болж байсан. Би тухайн хулгайлж идсэн улаан зүсмийн үхрийн арьсыг Хяргас суманд аваачиж ченжид 25000 төгрөгөөр зараад буцаад гэртээ ирсэн. Би төрсөн дүү Д.Гт уг үхрийг хүнсэндээ хэрэглэхээр тэмээгээр сольж авсан гэж худлаа хэлсэн. Нгийн хохирлыг төлж барагдуулаагүй. Би гэм буруугаа ойлгож байгаа, ээж хохирлыг барагдуулна гэж ярьсан. Надад миний эзэмшлийн нэг хул морь байдаг, насыг нь сайн мэдэхгүй байна. Би өөрийн хул мориор Н, Д нарын тус бүр нэг тооны үхрийг хулгайлсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 122-125х/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

2. Шүүгдэгч Д.Г нь 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Увс аймгийн Зүүнговь сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрээс хохирогч Д.Дийн улаан хүрэн зүсмийн 5 настай эр үхэр хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

-хохирогч Д.Дийн хэрэг бүртгэлтэд өгсөн: “Би 2017 оны 11 сарын 10-ны өдөр өөрийн үхрээ бүртгэж үзэхэд бүгд байсан, харин маргааш нь очиж үзэхэд миний өөрийн 5настай улаан хүрэн эр үхэр алга байсан. Тухайн үед би үхрийн бэлчээрээр хайгаад олдохгүй болохоор цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм. Би үхрээ хайгаад Баяннуур багийн сахиул /урьд өмнө хулгай хийгээд байна гэж манай сумын хүмүүс ярьдаг байсан/ Д.Гийн гэрийн ойролцоо харгана дотор явж байтал битүү харгана дотор шувуу суугаад байхаар нь очиж үзэхэд миний хулгайд алдсан улаан хүрэн эр үхэр уяатай байж байгаад үхсэн байсныг олж харсан. Үхэр уяатай байгаад үхсэн газарт Д.Гийн гэрээс өөр айл байхгүй. Би үхрийнхээ зүс, содон шинжийг маш сайн ажиглаж үзэхэд баруун талын дух хэсэг нь цагаан, зүүн нүдний дээд талд гурвалжин гэмээр цагаан үстэй, миний үхэр яг мөн байсан тул би Д.Гийн гэрт очиж Гийн ээж М.М гэх хүнтэй уулзаж, миний хулгайд алдсан үхэр танай гэрийн арын харгана дотор уяатай байж байгаад үхсэн байна, хүүхдээсээ асууж учрыг нь олж өг гэж хэлээд явсан. Тэгтэл хоёр гурав хоногийн дараа М.М манай гэрт ирээд “би хүүхдээсээ асуулаа, манай хүү Д.Г хулгайлж авчраад надаас нуугаад харгана дотор уяачихсан байж байгаад алсан байна, та уучлаарай, таны хохирол барагдуулж байна гээд надад 6 хонь өгсөн. 6 хонийг нийт 450000 төгрөгөнд тооцож авсан. Би одоо надад 300.000 мянган төгрөг өг гэж хэлэхэд за гэж хэлээд явсан, одоо хүртэл ирээгүй байна. Би одоо 300.000 төгрөг авбал миний хохирол арилна” гэх мэдүүлэг /1-р ххийн 12-14х/,

-гэрч М.Мын хэрэг бүртгэлтэд өгсөн: “2017 оны 12 дугаар сарын эхээр манай гэрт Б.Д гэх хүн ирээд танай хүү Д.Г нь миний 5 настай улаан эр үхрийг гэрийнхээ арын харгана дотор уяж байгаад алсан байна, миний үхрийн хохирол арилгаж өг гэж хэлсэн. Тэгээд би хүү Д.Гөөс асуухад “би ганцаараа нэг эр үхэр хулгайлж авч ирээд гэрийн арын харгана дотор уячихсан байсан чинь үхчихсэн байсан” гэж хэлсэн. Яг хэдэн сарын хэдний өдөр авч ирж уясан талаар асуухад 2017 оны 11 сарын 10 -ны үед авч ирж уясан гэж хэлсэн тул би Б.Д ахаас уучлалт гуйж нэг эр үхрийн үнэд тооцож 6 тооны хонь хүргэж өгсөн, нэмж 300,000 мянган төгрөг өг гэж хэлсэн, би өгөөгүй байгаа. Энэ хүүхэд яагаад хулгай хийгээд байгааг би ойлгохгүй байна, Манай гэрийн ойролцоо айлууд байж байгаад 11-р сарын эхээр бүгд нүүгээд Бөөрөг гэх газар өвөлжөөндөө буусан. Манай хүү Баяннуур багийн төвийн манаачийн ажил хийдэг тул бог малтайгаа багийн төвийн хажууд ганц гэрээрээ үлдсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 15-16х/,

- гэрч Д.Гийн хэрэг бүртгэлтэд өгсөн: “2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хонио хариулж яваад гэрийн ойролцоо байдаг их харгана дотор нэг үхэр уяатай байхаар нь би Г ахаас “энд харгана дотор үхэр уяатай байна, ямар учиртай юм бол гэж асуухад “би хүнээс өрөндөө авсан юм, өчигдөр авчирж уясан юм, чамд хамаагүй” гэж хэлсэн. Түүний маргааш нь би хонь хариулж яваад нөгөө үхэр байгаа эсэхийг очиж харахад үхэр үхчихсэн байсан. Ахын харганад уясан үхэр нь улаан хүрэн өнгийн, нүүр хэсэгтээ цагаан толботой, гэдэс хэсгээрээ цагаантай эр үхэр байсан. Уг үхрийг толгойг нь урд хоёр хөл завсраар оруулж доошоо дарж гануулдаад уясан байсан. Дараа нь манай багийн иргэн Д гэдэг хүн ирээд “та нар манай үхэр хулгайлж авсан байна” гэж хэлэхэд ах Г хулгайлж авснаа хүлээж, хохиролд 6 тооны хонь өгсөн” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 17-18-р х/,

- Увс аймгийн Зүүнговь сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Шар бураа” гэх газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: Зүүнговь сумын төвөөс 31 км зайд цасны зузаан 15 см цастай, битүү харгана дотор улаан өнгийн үхэр үхсэн байна. Үхрийн урд хоёр хөлийг нь цэнхэр өнгийн олсоор уясныг тасалсан байсан ба олсны тасархайг хэмжиж үзэхэд 22 см байв. Гэдэс, цавь хэсгээрээ цагаан өнгийн судалтай, толгойны дух хэсэгт 4см:1,2см харьцаатай цагаан өнгийн толботой, зүүн нүдний хажуу талд 1:5 см хэмжээний цагаан өнгийн толботой үхсэн үхэр байв. Уг үхэр байсан газарт өөр ямар нэгэн ач холбогдол бүхий зүйл илрээгүй, эргэн тойрон битүү цастай, ямар нэгэн ул мөр илрээгүй гэж бичсэн ба хэргийн газарт үзлэг хийх ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 3- 6-рх/,

-хэргийн газраас илрүүлсэн 22 см урттай цэнхэр өнгийн олсны тасархайг эд мөрийн баримтаар хураан авах тухай тэмдэглэл, олсонд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, олс хураан авсан мөрдөгчийн ажиллагааг хүчинтэйд тооцох тухай Прокурорын тогтоол / 1-р хх-ийн 7- 10х/,

- шүүгдэгч Д.Гийн яллагдагчаар өгсөн: “2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр үхрээ авахаар ойролцоогоор 14 цагийн үед тус сумын Баяннуур багийн төвд байрлах гэрээс Зүүнговь сумын нутаг Бөөрөг гэх нэртэй газар очиход Бөөргөөс манай үхэрнүүдтэй хамт улаан зүсмийн тарлан эвэртэй 1 тооны эр үхэр гарч ирсэн. Би тухайн үхрийг өөрийн үхрийн хамтаар Зүүнговь сумын Баяннуур багийн төвд байрлах гэртээ ойролцоогоор 16 цаг өнгөрч, нар орж байхад тууж ирсэн. Би гэртээ ирчихээд тухайн улаан зүсмийн, тарлан эвэртэй үхрийг гэрийн баруун талд байрлах харгана дотор бөөрөнхий цэнхэр өнгийн уяагаар гануулдаж уясан. Манай төрсөн дүү Д.Г нь ганцаараа зурагт үзээд сууж байсан. Маргааш нь буюу 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр манай төрсөн дүү Г надад гэрийн баруун талын харгана дотор уяатай үхэр үхчихсэн байна. Та авчирсан юмуу гэхэд би Гт хандаж “чамд хамаагүй” гэж хэлсэн. Тэгэхэд Д.Г нь юм дугараагүй. Би ойролцоогоор 12 цаг өнгөрч байхад гэрийн баруун талын харганад уясан үхрээ очиж үзэхэд үхчихсэн байсан. Тухайн үхрийг гануулдаж буюу хоёр хөлийг үхрийн толгой руу татаж уясан байсан. Тухайн үхрийг уясан уяаг хутгаар хэрчиж авсан. Д болон тэдний ах дүү бид нарын хооронд өш хонзон, өр авлагын зүйл байхгүй. Тухайн үхрийг зараад мөнгө олох гэж бодсон юм” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 30-31х/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

3. Шүүгдэгч Д.Г нь 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Увс аймгийн Зүүнговь сумын Суварга багийн нутгаас хохирогч Д.Бийн 6 тооны үхэр хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

-хохирогч Д.Бийн хэрэг бүртгэлтэд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр би өөрийн үхрээ бүгдийг цуглуулж Улаантолгой гэх газарт өвөлжөөнийхөө хажууд орхиод сумын төв рүү яваад хоноод 11 сарын 14-ний өдрийн орой гэртээ ирсэн. Тэр шөнө манай үхэрнүүд бэлчээрээс ирэхэд 6 тооны үхэр дутуу ирсэн байсан ба би маргаашнаас нь эхэлж ойролцоох айлуудаас асууж, байж болох газруудаар 3 хоног эрж хайсан боловч олдоогүй. Манай үхэр өвөлжөөнөөсөө өөр тийшээ явах боломж байхгүй, тийм учраас би хулгай авсан гэж цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм. Миний алдагдсан үхрүүд бол улаан дөнөн үхэр, хоо улаан гунжин үхэр/хоёр чих нь цуулбар имтэй/, улаан дөнөн үхэр /имгүй/, хүрэн үхэр/ оодон жижиг сүүлтэй/, бүслүүрээрээ цагаантай улаан дөнөн үхэр имгүй, улаан дөнжин үхэр имгүй, нийт 6 тооны үхэр байсан. Манай хотонд 60 гаруй тооны үхэр байдаг ба тэр үхэрнүүд дундаас сувай тарган үхэрнүүд нь алга болсон байсан. 2017.11.17-ны өдөр ул мөр хайж яваад морьтой хүн үхэр тууж явсан ул мөрийг бэлчээрээс олоод тэр мөрийг дагаад явахад Гийн гэрийн урд талаар баруун тийш яваад арилсан юм. Ул мөр хаашаа явсан нь тодорхойгүй болсон. Тэгээд л Г холбоотой гэж бодоод цагдаад дуудлага өгсөн. Би нэг үхрийг 900.000 төгрөгөөр үнэлж байгаа бөгөөд нийт 5.400.000 төгрөгний хохирол учирсан. Д.Г 2017 оны 11сарын 20-нд манай ирээд “намайг битгий шоронд явуулаач, би танай 6 тооны үхрийг хулгайлж авсан, хохирлыг тань барагдуулж өгнө” гээд уйлаад надад 700.000 төгрөг бэлнээр өгсөн. Уг мөнгийг манай дүү Оюуны дэргэд өгсөн. Дараа нь ээж Мтайгаа хамт ирсэн. Дараа нь 1.900.000 мянган төгрөг өгнө гэхээр нь би төрсөн дүү Тийн хамт Мын гэрт очиж мөнгийг бэлнээр тоолж авсан, мөн нэг бүрийг 120.000 төгрөгөөр бодож 3 хонь өгсөн. Ингээд нийт 2.960.000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан, үлдэгдэл 2.440.000 төгрөгийн хохирлыг удахгүй төлж барагдуулна гэж хэлсэн. Д.Г надад танай малыг хулгайлж авсан нь үнэн гэж хэлсэн боловч хаашаа, хэнд зарж борлуулсан талаараа хэлээгүй. Д.Г нь манайд 3 удаа ирсэн. Ээж Мын хамт ирж “намайг битгий шоронд явуулаач, би бие муутай шоронгийн дэглэмийг даахгүй байх. Би таны хохирлыг барагдуулж өгнө” гэж хэлсэн. Би үхрийн үнийн үлдэгдэл 2440000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн нэмж өмгөөлөгчийн хөлс 500000 төгрөг, шүүх хуралд ирэхэд гарсан зардал 93000 төгрөг, мөн манай үхэр алга болсныг сонсоод миний дүү Т Зүүнговьд машинаар ирсэн ба үүний зардал 260240 төгрөгийг тус тус нэхэмжилж байна” гэх мэдүүлэг,

-гэрч Д.Оюуны хэрэг бүртгэлтэд өгсөн: “2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр манай төрсөн ах Бь үхрээ хурааж ирчихээд сумын төв рүү яваад хоноод ирсэн. 2017.11.14-ний өдрийн орой манай үхэрнүүд бэлчээрээс ирэхэд 6 тооны үхэр дутуу байсан. Манай алдагдсан үхэр улаан дөнжин үхэр 2 /имгүй/, хоо улаан гунан үхэр хоёр чих цуулбар имтэй, улаан дөнөн үхэр 2 /имгүй/, хүрэн үхэр оодон сүүлтэй, бүслүүрээрээ цагаан толботой, ийм 6 тооны үхэр байсан. Манай үхэрнүүд өвөлжөөнөөсөө хол яваад байдаггүй. Манай хотны 60 тооны үхэрнээс сувай /тарган/ голдуу нь алга болсон байгаа. Миний төрсөн ахын 6 тооны үхрийг Д.Г хулгайлж авсан байсан. Г нь өөрийн ээж Мтай хамт ирж ахтай уулзсан. Тэрний дараа удалгүй ах Бь бид хоёр хамт байтал 700.000 төгрөг бэлнээр авчирж өгсөн. Миний төрсөн ах Т, Бь нарыг Гийн гэрт очиход үхрийнхээ хохиролд 1.900.000 төгрөг өгсөн байсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 77-79х/,

 -гэрч Д.Гийн хэрэг бүртгэлтэд өгсөн: “Манай ах Г 2017оны 11дүгээр сарын 14-ний өдөр Бөөрөг гэх газраас 6 тооны үхэр тууж ирээд манай гэрийн зүүн талын харганад хадгалж байсан чинь манай ах Гийн гар утас дуугарч Н залгасан байна гэж хэлээд өөрийнхөө утсыг авч Н гэх хүнтэй утсаар ярихаар гараад явсан. Уг үхрийг миний төрсөн ах Г тууж гаргаж ирээд тэр шөнө хээр морьтой хүн ирж Г ахтай уулзаад их удалгүй машины гэрэл гарч машинд уг үхрүүдээ ачиж явуулсан. Тэр шөнө сартай гадна орчин ер нь сайн харагдаж байсан. Тухайн өдөр манай гэрт төрсөн ээж М, төрсөн ах Г бид 3 байсан. Г ах ээжид мэдэгдэхгүйгээр уг үхрийг машинд ачуулаад явуулсан. Намхан биетэй хээр морьтой хүн ирсэн байсан. Машины гэрлийг нь харснаас биш очиж ямар маркийн авто машин болохыг нь хараагүй. Маргааш өглөө нь уг машин байсан газар очиход машины мөр байсан, үхэр ачсан бололтой мөрнүүд байсан ба ачаад явуулчихсан гэж бодоод орхисон. Бид хоёр тухайн хулгайлж ирсэн үхэрний талаар ямар нэгэн зүйл яриагүй. Урьд өмнө нь хулгай хийхээр нь “та боль, хулгай хийж болохгүй” гэдэг талаар ярихад хариу ямар нэгэн зүйл ярьдаггүй хүн юм. Г ахын тууж ирсэн үхэр ер нь их бараан голдуу үхэр байсан. Тэр үхэр дотор алаг үхэр их тодорхой зүстэй байсан. Мөн улаан үхэр бас байсан. Би тэр Н гэх хүний талаар мэдэхгүй. Ер нь бол байнга Нтай утсаар яриад байдаг юм. Аль сумын ямар Нтай яриад байгааг би мэдэхгүй байгаа. Г ах Бөөргөөс үхэр тууж ирэхдээ хул зүсмийн өөрийнхөө морьтой ганцаараа явсан. Ямар нэгэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би уг үхрүүдийг 100 метр орчим зайнаас харсан. Манай гэрээс ойролцоогоор 1км орчим хол зайд байсан юм” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 80-82х/,

-гэрч М.Мын хэрэг бүртгэлтэд өгсөн: “2017 оны 11-р сарын дундуур манай хүү Д.Г “ би манай багийн иргэн Д.Бийн 6 тооны үхрийг хулгайлж авсан, би төлж барагдуулмаар байна” гэж хэлэхээр нь өөрийнхөө үхэрнээс 3 настай үхэр, 8 ямаа нядалж махыг зарж борлуулаад 700.000 төгрөг өгсөн. Миний хүү Д.Г 700.000 төгрөгөө аваад Бь ахад аваачиж өгсөн, дараа нь би өөрийнхөө худ ургийн Тоотойл гэж хүнээр хоёр сая төгрөгийн малчны зээл авахуулаад 1.900.000 төгрөгийг нь өгсөн. Бь ах, Т гэж дүүтэйгээ манайд ирж 1.900.000 төгрөг бэлнээр, мөн нэг бүрийг 120.000 төгрөгөөр бодож 360.000 төгрөгт бодож, гурван эр хонь авсан, нийт 2.960.000 төгрөгийн хохирол барагдуулсан. Дахин хохирол гарвал нөхөн төлөхөөр би ярилцсан байгаа юм” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 86-87х/,

-гэрч Д.Гын хэрэг бүртгэлтэд өгсөн: “2017 оны 12 дугаар сард өдрийн сайн санахгүй байна, миний төрсөн ээж Мын гэрт Зүүнговь сумын 1-р багийн иргэн Д.Б, Д.Т нар ирж ээж хулгайд алдсан 6 тооны үхрийн үнэ 1.900.000 төгрөг өгсөн, мөн ээж 6 тооны хонь өгсөн. Би ээжээс “та ямар учиртай үхрийн мөнгө төлөөд байгаа юм бэ?, энэ хүний үхрийг та нар хулгайлсан болоод төлж байгаа юм уу?, аваагүй бол төлж болохгүй шүү дээ” гэхэд ээж “чамд хамаагүй, би төлж өгөөд учраа олно” гэж хэлсэн тул би дахиж юм хэлээгүй. Би дүү Д.Гтэй уулзаж “чи юу хийгээд, хаагуур яваад байна, ямар учиртай үхрийн мөнгө төлөөд байгаа юм бэ, чи үнэхээр авчихсан юмуу, хулгайлсан үхрээ хаана хэнд хүргэж өгсөн юм бэ? гэж асуухад би Д.Бын 6 тооны үхрийг хулгайлж аваад манай хамаатан С.Н, болон Тэс сумын иргэн Чинбат нарт 2017 оны 11 дүгээр сарын 14-нд ачуулсан юм, одоо хүртэл ямарч мөнгө төгрөг өгөхгүй байна” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 88-89х/,

-гэрч Д.Тийн хэрэг бүртгэлтэд өгсөн: “Миний төрсөн ах Д.Бь нь Зүүнговь сумын 1-р багт мал маллаж амьдардаг. 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Зүүнговь сумын нутаг Урд бөөрөг гэх газраас 6 тооны үхэр хулгайд алдсан гэж Цагдаагийн газарт дуудлага өгсөн. Тухайн үед манай ах Д.Б Зүүнговь сумын Урд бөөрөг гэх газарт үхрээ хайж явтал Шар бураа тийш үхэр туусан бүдэг мөр гарсан байсан гэж хэлж байсан. Шар бураа гэх газарт багийн төвийн сахиул ажилтай Д.Г буюу Ш гэх залуу ээж дүүгийнхээ хамт байдаг, ойр орчинд нь ямар нэгэн айл байхгүй, ганц гэрээрээ багийн төвийн сахиул хийдэг юм. Би 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Зүүнговь сум орж Д.Б ах бид хоёр Мын гэрт машинтай очиж уулзахад М, Г, Ш буюу Г нар байсан. Тухайн үед Гийн ээж М “миний хүү Г танай 6 тооны үхрийг хулгайлсан байна, одоо малынхаа үнийг тохиръя, би барагдуулж өгнө гэж хэлээд бид нар нэг үхрийг 750.000 төгрөгөөр үнэлж, нийт 4.500.000 төгрөг өгч хохирол барагдуулна гэж хэлсэн. М би Баруунтуруун сум явж 1.900.000 мянган төгрөг олж ирлээ гээд 1.900.000 төгрөгийг манай ах Д.Бд бэлнээр, 3 хонийг 360.000 мянган төгрөгт тооцож өгсөн, нийт манай ахад 2.960.000 төгрөг өгсөн. Үлдэгдэл мөнгийг нь удахгүй өгнө гэж хэлж байсан. 6 тооны үхрээ хаана хэнд өгсөн талаараа надад юм яриагүй” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 90-91х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.Г мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ болон шүүхийн хэлэлцүүлэгт: Хохирогч Д.Д, Б.Н нарын 2 тооны үхрийг хулгайлснаа хүлээн зөвшөөрч байна, харин хохирогч Д.Бийн 6 тооны үхрийг хулгайлаагүй” гэж мэдүүлсэн, түүнчлэн шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт “миний үйлчлүүлэгч Д.Г нь Д.Дийн 1тооны, Б.Нгийн 1 тооны үхэр хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа, харин хохирогч Д.Бийн 6 тооны үхэр хулгайлаагүй” гэж мэдүүлдэг, хэрэгт цугларсан баримтуудаар Д.Бийн 6 тооны үхэр хулгайлсан нь тогтоогдоогүй байх тул энэ үйлдлийг хэрэгсэхгүй болгуулах саналтай байна” гэх дүгнэлт гаргаж мэтгэлцсэн нь үндэслэлгүй гэж дүгнэв.

Хохирогч Д.Б 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 6 тооны үхэр алдсан талаараа Увс аймгийн Цагдаагийн Газарт 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр мэдээлсний дагуу гомдол мэдээллийг шалгах ажиллагаа явуулж, 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр шүүгдэгч Д.Гийн төрсөн дүү Д.Гаас, 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төрүүлсэн эх М.Маас, 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр төрсөн ах Д.Г Нс тус тус гэрчийн мэдүүлэг авсан байна. Ингэхдээ тэдэнд Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “өөрийн болон гэр бүлийн гишүүнийхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрх”-ийг тайлбарлан өгч, мэдүүлэг өгөхийг зөвшөөрсний үндсэн дээр мэдүүлэг авсан, түүнчлэн Д.Г нь монгол бичиг, үсэг мэдэхгүй гэсний дагуу мэдүүлэг авах ажиллагаанд Зүүнговь сумын Засаг даргын Тамгын газрын нийгмийн ажилтан Д.Аг байлцуулсан нь нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх үндэслэл, журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй болно. Мөн түүнчлэн дээрх гэрчүүдээс мэдүүлэг авахдаа эрүү шүүлт тулгасан, айлган сүрдүүлсэн, хүнлэг бус, хэрцгий харьцсан гэх нөхцөл байдал, мөн хохирогчийн зүгээс шүүгдэгч болон тэдний гэр бүлийн гишүүдийг дарамталсан, айлган сүрдүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд эдгээр гэрчийн мэдүүлгийг хуульд заасан шаардлага хангасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримт гэж дүгнэсэн болно.

Шүүгдэгч Д.Г хохирогч Д.Бийн 6 тооны үхэр хулгайлан авснаа хүлээн зөвшөөрч хохиролд 2960000 төгрөг төлсөн, тэрээр хохирогчийн гэрт ганцаараа, мөн ээж М.Мын хамт очиж уучлалт гуйсан, түүнчлэн Д.Бийн 6 тооны үхэр хулгайлсан талаараа өөрийн ээж М.М, төрсөн ах Д.Г нарт хэлсэн зэрэг үйл баримт хэрэгт авагдсан хохирогч Д.Бь, гэрч Д.Оюун, М.М, Д.Г, Д.Т нарын мэдүүлгээр нотлогдсон байна.

Шүүгдэгч Д.Гийг хохирогч Д.Бийн 6 тооны үхэр хулгайлаагүйг нотлох буюу түүнийг яллах үндэслэл болгож буй дээрхи нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт нотолгоо хэрэгт авагдаагүй, өөрөөр хэлбэл шүүгдэгчийн гэм буруугүйг нотлох, цагаатгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Г нь 2017 оны 11 дүгээр сарын 9-14-ний өдрийн хооронд хохирогч П.Нгийн зургаан настай эм үхэр 1, хохирогч Д.Дийн таван настай эр үхэр 1, хохирогч Д.Бийн 6 тооны үхэр /дөрвөн настай эм үхэр 2, гурван настай эм үхэр 1, дөрвөн настай эр үхэр 3/ тус тус хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож тогтоогдсон, мал хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Бийн 6 тооны үхрийг шүүгдэгч Д.Г нь С.Н, Д.Ш нарын хамт хулгайлсан гэж сэжиглэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Увс аймгийн Прокурорын газрын 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 5/05 дугаар Прокурорын тогтоолоор яллагдагч Д.Гийг мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд яллагдагч С.Н, Д.Ш нар хамтран оролцсон нь тогтоогдоогүй гэх үндэслэлээр тэдэнд холбогдох үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр Д.Гт холбогдох хэргийг хянан хэлэлцээд хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн талаар дүгнэлт хийж, хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр Прокурорт буцаасны дагуу нэмэлт ажиллагаа явуулж, Прокуророос Д.Гт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Хохирогч П.Нгийн 6 настай эх үхэр 650.000 төгрөгөөр, хохирогч Д.Дийн 5 настай эр үхэр 550.000 төгрөгөөр, хохирогч Д.Бийн 6 тооны үхэр нийт 2.750.000 төгрөгөөр тус тус үнэлэгдсэн нь хэрэгт авагдсан Увс Финанс-Аудит ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар үнэлгээний тайлан/ 1-р хх-ийн 109х/, Увс Финанс-Аудит ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 386 дугаар үнэлгээний тайлан / 1-р хх-ийн 21х/, Увс Финанс-Аудит ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 376 дугаар үнэлгээний тайлан / 2-р хх-ийн 122х/-аар нотлогдсон бөгөөд шүүгдэгч Д.Гийн үйлдсэн 3 удаагийн мал хулгайлах гэмт хэргийн улмаас нийт 3.950.000 төгрөгийн хохирол учирсан байна.

2. Шүүгдэгч Д.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Д.Г нь бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Д.Г урьд өмнө гэмт хэрэгт холбогдож, ял шийтгүүлж байгаагүй нь хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / 1-р хх-ийн 37-р х /- аар нотлогдсон.

Мал хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч П.Нд учирсан 650000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй тул шүүгдэгчээс гаргуулж олгох, хохирогч Д.Дд 550000 төгрөгийн хохирол учирснаас 450000 төгрөг төлөгдсөн тул үлдэх 100000 төгрөгийг гаргуулж олгох зэрэг үндэслэлтэй байна. Хохирогч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол 5400000 төгрөг, шүүхийн хэлэлцүүлэгт нэмж 853240 төгрөг тус тус нэхэмжилснийг хохирол тус бүрээр задалж тооцоолвол: хохирогч үхэр нэг бүрээ 900000 төгрөгөөр үнэлж, нийт 6 тооны үхэр 5400000 төгрөгөөр, өмгөөллийн хөлс 500000 төгрөг, хохирогчоор шүүх хуралдаанд оролцохоор ирсэн зардал 93000 төгрөг, үхэр хулгайлагдсаны дараа төрсөн дүү Д.Т Зүүнговь суманд очсон бензиний зардал 260240 төгрөг нэхэмжилсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн хохирогч Д.Бийн нэхэмжлэлийг дараах байдлаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв. Шүүгдэгч Д.Гийн хулгайлсан хохирогч Д.Бийн 6 тооны үхрийг нас хүйсээр ялгавал: дөрвөн настай эм үхэр 2, гурван настай эм үхэр 1, дөрвөн настай эр үхэр 3 байх бөгөөд малын зах зээлийн үнэлгээ тогтоосон Увс Финанс-Аудит ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 376 дугаар үнэлгээний тайланд дөрвөн настай эм үхрийг 450000 төгрөгөөр, гурван настай эм үхрийг 350000 төгрөгөөр, дөрвөн настай эр үхрийг 500000 төгрөгөөр тус тус үнэлж, 6 тооны үхрийг нийт 2750000 төгрөгөөр үнэлсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тусгай мэдлэг зайлшгүй шаардагдсан, эсхүл эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохооор шинжилгээ хийлгэнэ” гэж заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаан явцад хохирогчийн үхрийн үнэлгээг тогтоолгохоор эд зүйл, хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий этгээд болох Увс Финанс-Аудит ХХК-ийг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулсан нь хуулинд нийцсэн, үндэслэл бүхий байх тул шүүх нотлох баримтаар үнэлсэн болно.

Шүүгдэгч Д.Г хохирогч Д.Бт хохиролд тооцон нийт 2960000 төгрөг өгсөн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон тул мал хулгайлах гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол буюу 6 тооны үхрийн үнэ 2750000 төгрөг төлөгдсөн гэж үзэж, илүү нэхэмжилсэн үхрийн үнэ 2440000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Мал хулгайлах гэмт хэрэг гарсантай холбогдож гарсан гэж нэхэмжилсэн бусад зардлуудаас хохирогчийн шүүх хуралдаанд ирсэн унааны зардал 93000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй, харин өмгөөллийн хөлс 500000 төгрөг, хохирогчийн дүү Д.Тийн Зүүнговь суманд очсон бензиний зардал 260240 төгрөгийг тус тус гаргуулах үндэслэлгүй гэж дүгнэв. Учир нь хохирогч шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлүүлэх, хуульзүйн туслалцаа авах эрхийнхээ дагуу өмгөөлөгч сонгон авсан нь нотлогдож байх боловч энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй болно. Мөн хохирогчийн дүү Д.Т ах Бийн 6 тооны үхэр хулгайлагдсаныг сонсоод Зүүнговь суманд очсон гэх боловч алдагдсан малыг эрж хайсан талаар баримт авагдаагүй тул түүний бензинд зарцуулсан гэх 260240 төгрөгийг энэ гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй юм. Иймд дээрх үндэслэлүүдээр хохирогчийн нэхэмжлэлээс нийт 3200240 төгрөг /илүү нэхэмжилсэн үхрийн үнэ 2440000 төгрөг, өмгөөллийн хөлс 500000 төгрөг, бензиний зардал 260240 төгрөг/-ийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох хохиролгүй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Д.Гийн мал хулгайлах гэмт хэргийг 3 удаагийн үйлдлээр үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа ухамсарласан гэх байдал тогтоогдохгүй байгаа зэрэг хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр жил дөрвөн сар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Хохирогч Д.Дийн үхрийг хулгайлан авчирж уяж орхисон байсан газарт үзлэг хийх явцад илрүүлсэн 22 см урттай олсны тасархай 1 ширхэг, хохирогч П.Нгийн хулгайлагдсан үхрийн толгой 1 ширхэг, шийр 4 ширхэг, арьс 1 ширхэг, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан моринд тохож явсан гэх эмээл 1 ширхэгийг тус тус хэрэгт эд мөрийн баримтаар тооцож шүүхэд ирүүлсэн байх бөгөөд тухайн арьс, толгой, шийр нь өмхийрч муудсан, арьсыг зарж борлуулах боломжгүй болсон нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлах явцад тогтоогдсон тул эдгээрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа устгах нь зүйтэй байна.

Мөн эмээл нь элэгдэж хуучирсан, ашиглах боломжгүй болсон нь шинжлэн судлах явцад тогтоогдсон тул зарж борлуулах зорилгоор улсын орлогод оруулах боломжгүй гэж дүгнэж эзэмшигчид нь буцаан олгохоор шийдвэрлэв. Шүүгдэгч Д.Г мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн өмчлөлийн нас гүйцсэн хул зүсмийн 1 тооны морь ашигласан нь тогтоогдсон, уг морийг 700.000 /Долоон зуун мянга/ төгрөгөөр үнэлсэн нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн мөн зүйлийн 4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж заасныг баримтлан шүүгдэгч Д.Гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 700.000 төгрөгийн үнэлгээ бүхий хул зүсмийн нас гүйцсэн морийг албадан гаргуулж, хохирогч П.Н, Д.Д нарын хохирлыг нөхөн төлөхөд зарцуулах үндэслэлтэй.

Шүүгдэгч Д.Г нь хохирогч П.Нгийн 1 тооны үхрийг нядалж, арьсыг ченжид 25000 төгрөгөөр зарж борлуулан ашиг олсон нь нотлогдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг албадан гаргуулна”, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3-д “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна.

Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон 25000 төгрөгийг хохирогч нарын хохирлыг нөхөн төлөхөд зарцуулсанд тооцож, шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулах хөрөнгө, орлого байхгүй гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.Г энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид хорих ял оногдуулсан тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б ургийн овогтой Дийн Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гт хоёр жил дөрвөн сар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гт оногдуулсан хоёр жил дөрвөн сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч Д.Г энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.Гөөс 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөг гаргуулж хохирогч П.Нд, 100.000 /нэг зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч Д.Дд тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Д.Бийн нэхэмжлэлээс 3.200.240 /гурван сая хоёр зуун мянга хоёр зуун дөчин/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Гийн гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан хул зүсмийн нас гүйцсэн, 700.000 төгрөгийн үнэлгээ бүхий морийг хурааж, хохирол нөхөн төлөхөд зарцуулахыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 22 см урттай олс 1 ширхэг, үхрийн толгой 1 ширхэг, үхрийн шийр 4 ширхэг, үхрийн арьс 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, эмээл 1 ширхэгийг эзэмшигч Д.Гт буцаан олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Л.АЛТАН