Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2020/00400

 

С.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2019/01547 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 1672 дугаар магадлалтай,

С.М-ын нэхэмжлэлтэй,

АБХХК-д холбогдох

Ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 38.300.556 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.М-, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.М-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие АБХХК-ийн 40 мянгат дахь салбарт Манлай халамжлагч буюу салбарын захирлаар ажиллаж байгаад ажлаас үндэслэлгүйгээр халагдсан бөгөөд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 15.360.900 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг АБХХК нь эс хүлээн зөвшөөрч давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан ба хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Гэтэл хариуцагч АБХХК нь 3 шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсан тул шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад хандан ажиллагаа хийлгэж 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр намайг ажилд эгүүлэн томилох шийдвэр гаргасан боловч энэ тушаалаа биелүүлэхгүй байсан. Би аргагүйн эрхэнд 3 сарын тэтгэмж өгвөл ажлаасаа гаръя, эсвэл намайг ажиллах боломжоор хангаж, дуудсан цагт ажилдаа очно гэсэн. Үүний дагуу 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, ажлаас халагдсаны тэтгэмжид 3 сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмж олгох тушаал гаргаж, канондсан хуулбарыг надад өгсөн. Иймд 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилгүй байсан хугацааны цалин 38.300.556 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг АБХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч АБХХК-ийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...С.М- нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 972 дугаар шийдвэрээр эгүүлэн ажилдаа томилогдсон ч АБХХК, С.М- нар харилцан тохиролцож хөдөлмөрийн маргаантай холбоотой асуудлаар эвлэрсэн. С.М-ын хүсэлтийн дагуу 3 сарын цалинтай тэнцэх тэтгэмж өгч ажлаас чөлөөлж хөдөлмөрийн маргаанаа бүрэн дуусгавар болгосон юм. Энэ нь ч С.М-ын АБХХК-д хандаж гаргасан өргөдлөөр бүрэн нотлогдоно. Иймд харилцан тохиролцож хөдөлмөрийн маргаантай холбоотой асуудлаа дуусгавар болгосон тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2019/01547 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч АБХХК-иас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговорт 38 300 556 төгрөгийг гаргуулж, С.М-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг даатгуулагчийн төлбөл зохих Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тогтоон суутгаж, нийгмийн даатгалын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлж, энэ талаар нэхэмжлэгч С.М-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч АБХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 349 453 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 349 453 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 1672 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2019/01547 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 349 453 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Шийдвэр, магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт “...Нэхэмжлэгч С.М-ыг ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулан шийдвэрлэсэн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 01749 тоот Дээд шүүхийн тоггоолыг” дурьдсан атлаа дээрх хүчин төгөлдөр шийдвэр, тогтоолыг хэрхэн биелүүлсэн гэдгийг огт анхаарч үзээгүй байна. Мөн дээрх Дээд шүүхийн тогтоолын дагуу ажилд эгүүлэн томилсон /2019.03.14-ний өдрийн 68 тоот тушаал/, ажилгүй байсан хугацааны цалинг талууд буюу ажилтан ажил олгогч нар харилцан тохиролцож эвлэрсэн зэрэг хангалттай нотлох баримт байсаар байтал хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь алдаатай болжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д талууд харилцан тохирсон бол хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэл болдог. Гэтэл Дээд шүүхийн 01749 тогтоолыг хариуцагч АБнь биелүүлсэн гэх хангалттай нотлох баримт болох ажилд эгүүлэн тогтоосон тушаал, ажилгүй байх хугацааны цалинг эвлэрч дуусгасан хүсэлт, ажил олгогчтой харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тушаал, цалин хүлээн авсан дансны хуулга, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийсэн баримт зэрэг байсаар байтал нотлох баримтыг огт судлалгүйгээр хариуцагчийг буруутгаж шийдвэрлэсэн нь алдаатай болжээ. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дхаь заалтыг ноцтой зөрчиж хэтэрхий нэг талыг барин шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэрээс тод харагдаж байна. Мөн “С.М-ын хүсэлт болон талуудын тайлбараас дүгнэхэд хүсэлтийг гаргах болсон шалтгаан нь ажил олгогчийн зүгээс ажилтанд ажил, үүрэг гүйцэтгүүлэх боломж олгоогүй зүй бус нөлөөллийн улмаас гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдож байна. Хариуцагч дээрх үйл баримтыг няцаагаагүй болно.” гэж огт яригдаагүй, баримтгүй зүйлийг тулган бичсэн нь алдаа болсон. Эцэст нь анхан шатны шүүхийн шийдвэрийн маш том алдаа бол тогтоох нь хэсгийн 1, 2 дахь хэсэгт 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 001/ХТ2018/01749 тоот Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолыг дахин шийдвэрлэж бичсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна. Өмнө нь шийдвэрлэсэн маргааны агуулга давхардсан, хүчин төгөлдөр шүүхийн тогтоолыг хариуцагч АБХХК биелүүлсэн, харилцан тохиролцож эвлэрэн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон, Нийгмийн болон Эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийсэн, ажилгүй байх хугацааны цалинг тохиролцож авсан гэх зэрэг хангалттай нотлох баримт байсаар байтал ийнхүү шийдвэр гаргаж байгаа нь хууль эрх зүйн хувьд ноцтой алдаатай болжээ хэмээн хариуцагч талаас үзэж байна. Давж заалдах шатны шүүх ч үүнийг огт хянаж үзээгүйд гомдолтой байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

С.М-, АБХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 38.300.556 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх хянаад, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчийн хооронд үүссэн маргаантай харилцаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2018/00972 дугаар шийдвэрээр С.М-ыг урьд эрхэлж байсан АБХХК-ийн Дөчин мянгат харилцагчийн өргөөний манлай халамжлагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан үеийн цалинтай тэнцэх олговор гаргуулж шийдвэрлэсэн, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна.

Ажил олгогч нь шүүхийн шийдвэрийг биелүүлж, ажилтанг ажилд нь эгүүлэн авах, түүнийг ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг өгөх үүрэгтэй. Ажил олгогч 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 68 дугаар тушаалаар С.М-ыг ажилд нь эгүүлэн томилсон хэдий ч “...шийдвэрийг бодитоор биелүүлээгүй, ажил үүргийг гүйцэтгүүлэхгүй” гэх шалтгаанаар нэхэмжлэгч 3 сарын тэтгэмж авч өөрийн санаачилгаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасны дагуу Ариг банкны манлай дэмжигчийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 88 дугаар тушаалаар харилцан тохиролцож шүүхийн шийдвэр биелэсэнд тооцож хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгожээ.

Ажилтан ажлаас халагдсан үеэс цалин хөлс авах эрх нь нэгэн адил зөрчигдөж эхлэх боловч ажлаас халсан ажил олгогчийн тушаалыг хууль зөрчснийг шүүх дүгнэж, ажилтанг ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн бол шүүхийн шийдвэр бодитоор биелэгдэх хүртэл уг эрх зөрчигдсөн хэвээр үргэлжлэх тул энэ хугацааны цалинг нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар шаардах эрхтэй.

Иймд С.М-ыг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс ажилтны санаачлагаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

С.М- 3 сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмж авч хөдөлмөрийн маргаантай харилцааг дуусгавар болгосон гэх боловч, нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гаргаснаас хойшхи ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор шаардахгүйгээр харилцан тохиролцсон байдал тогтоогдоогүй байна. Түүнчлэн хариуцагч АБХХК нь Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2018/00972 дугаар шийдвэрийг биелүүлж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорыг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийсэн байх бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу дээрх шийдвэр гарснаас хойшхи хугацааны цалинг гаргуулж шийдвэрлэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-т заасныг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.  

Хэргийн баримт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын үндэслэлийг хянаад хяналтын шатны шүүхээс шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2019/01547 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 1672 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хэрлэнгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч АБХХК нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 349.453 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ