Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2019/01547

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 00 дугаар хороолол, 00 дугаар байрны 00 тоот хаягт оршин суух,М /РД:0000000/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө /0000/, өөрийн байранд байрлах, А , ХХК /РД:000000 /-д холбогдох,

 

Ажилгүй байсан хугацааны цалин 38 300 556 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М, түүний өмгөөлөгч Ц.Байгалмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хэрлэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б - оролцов.                                     

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие А ,инд 40 мянгат дахь салбарт Манлай халамжлагч буюу салбарын захирлаар ажиллаж байгаад ажлаас үндэслэлгүйгээр халагдсан бөгөөд ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг 2017 оны 12 дугаар сард гаргасныг шүүхээр хэлэлцэж, намайг ажлаас үндэслэлгүй халсан тул ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 15 360 900 төгрөг гаргуулахаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 972 тоот шийдвэрээр шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг А , ХХК нь эс хүлээн зөвшөөрч давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан ба хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Гэтэл хариуцагч А , нь 3 шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсан тул би арга буюу шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад хандан, шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагаа явуулж 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр намайг ажилд эгүүлэн томилох шийдвэр гаргасан боловч энэ тушаалаа биелүүлэхгүй, намайг ажиллах гээд очихоор миний оронд орсон хүн ажлаа хийгээд сууж байсан бөгөөд тэр надад таны талаар хэлээгүй гэж хэлсэн. Би аргагүйн эрхэнд 3 сарын тэтгэмж өгвөл ажлаасаа гарья, эсвэл намайг ажиллах боломжоор хангаж, дуудсан цагт ажилдаа очье гэсэн. Ийнхүү миний аргагүйн эрхэнд 3 сарын тэтгэмжээ авч ажлаас гарах өргөдөл өгсний дагуу 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, ажлаас халагдсаны тэтгэмжид 3 сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмж олгох тушаал гаргаж, канондсан хуулбарыг надад өгсөн. Иймд 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилгүй байсан хугацааны цалин 38 300 556 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг А , ХХК-д даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч А , ХХК нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: М нь А , ХХК-ийн 40 мянгат дахь салбарын Манлай халамжлагч салбарын захирлын албан тушаалд ажиллаж байгаад ажлаас халагдсан. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 972 дугаар шийдвэрээр эгүүлэн ажилдаа томилогдсон ч А , ХХК, М нар харилцан тохиролцож хөдөлмөрийн маргаантай холбоотой асуудлаар эвлэрсэн..М хүсэлтийн дагуу 3 сарын цалинтай тэнцэх тэтгэмж өгч ажлаас чөлөөлж хөдөлмөрийн маргаанаа бүрэн дуусгавар болгосон юм. Энэ нь  А ,анд хандаж гаргасан өргөдлөөр бүрэн нотлогдоно. Иймд харилцан тохиролцож хөдөлмөрийн маргаантай холбоотой асуудлаа дуусгавар болгосон тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

 

Зохигчийн тайлбар болон шаардлага, татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч М нь хариуцагч А , ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны олговорт 38 300 556 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “... ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байхад хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, ажилд эгүүлэн авахгүйгээр хохироосон тул ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулж,  нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгүүлнэ” гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч  нь хөдөлмөрийн маргаантай холбоотой асуудлаа дуусгавар болгосон, шүүхийн шийдвэрийг биелүүлж,  А ,, М нар харилцан тохиролцож, түүний хүсэлтээр 3 сарын цалинтай тэнцэх тэтгэмж өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Нэхэмжлэгч .М Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШЗ2018/00972 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар А , ХХК-ийн Дөчин мянгат харилцагчийн өргөөний манлай халамжлагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 15 360 900 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн байна.

 

Талуудын тайлбар хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд нэхэмжлэгч С.Мөнхтамгыг ажилд эгүүлэн тогтоосон Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 19-ний өдрийн 972 дугаар шийдвэр давж заалдах болон хяналтын шатны журмаар хянагдаж, 2018 оны 12 сарын 04-ний өдрийн 001/ХТ2018/01749 дүгээр тогтоол гарч хуулийн хүчин төгөлдөр болжээ. /хх 6-19/

 

Хариуцагч А , ХХК нь нэхэмжлэгч .Мг ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш буюу 2019 оны 03 сарын 14-ний өдрийн 68 дугаар манлай дэмжигчийн тушаалаар ажилд нь эгүүлэн томилсон байх боловч ажилтны ажил, үүргийг гүйцэтгүүлэхгүй байсны улмаас М өөрийн хүсэлтээр 2019 оны 04 сарын 08-ны өдөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байна. /хх 33, 46-48/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ гэж заасан ба хариуцагч А , ХХК энэхүү үүргийг зохих ёсоор биелүүлээгүй, хөдөлмөрийн гэрээг цуцлах агуулга бүхий .М хүсэлт болон талуудын тайлбараас дүгнэхэд хүсэлтийг гаргах болсон шалтгаан нь ажил олгогчийн зүгээс ажилтанд ажил, үүрэг гүйцэтгүүлэх боломж олгоогүй зүй бус нөлөөллийн улмаас гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдож байна. Хариуцагч дээрх үйл баримтыг няцаагаагүй болно. /хх 33, 40-41/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгодог. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч М урьд эрхэлж байсан ажил албан тушаалаас үндэслэлгүй халагдсан болох нь тогтоогдож, түүнийг ажилд нь эгүүлэн тогтоохоор шүүхийн шийдвэр гарсан ба уг шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч түүнийг ажилд нь эгүүлэн авах үүрэгтэйгээс гадна түүний ажилгүй байсан бүхий л хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговрыг төлөх үүрэгтэй болно.

 

Иймд нэхэмжлэгч дахин шүүхэд мэдүүлэх эрхээ эдлэж, нэхэмжлэл гаргасныг буруутгах үндэслэлгүй, шаардах эрхтэй байх ба нэхэмжлэгчийг хариуцагч нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажилд эгүүлэн томилоогүй, 2019 оны 03 сарын     14-ний өдөр ажилд нь эгүүлэн томилсон тушаал гаргасан боловч ажил, үүрэг гүйцэтгүүлээгүйгээс 2019 оны 04 сарын 08-ны өдөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон  болох нь хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбараар тогтоогдож байх тул ажилгүй байсан хугацааны олговрыг 2018 оны 04 дугаар сарын 19-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон 2019 оны 04 сарын 08-ны өдөр хүртэл хугацаагаар тооцож гаргуулах нь зүйтэй гэж дүгнэв.  

 

Нэхэмжлэгчийн дундаж цалинг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 19-ний өдрийн 183/ШШ2018/00972 дугаар шийдвэрээр нэг сарын дундаж цалин 3 300 449 төгрөгөөр тооцсон шийдвэр хүчин төгөлдөр болсон тул түүний ажилгүй байсан хугацааны цалинг 3 300 449 төгрөгөөр тооцох нь зүйтэй гэж үзэв.

 

Хариуцагч А , ХХК-иас нэхэмжлэгч .М ажилгүй байсан 11 сар 13 хоногийн цалинд 38 300 556 төгрөгийг /3 300 449 төгрөг х 11 сар = 36 304 939+153 509 х 13 хоног=38 300 556/ гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй, ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж заасан тул нэхэмжлэгч С.Мөнхтамгын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

            Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч А , ХХК-иас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговорт 38 300 556 төгрөгийг гаргуулж, Мд олгосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг даатгуулагчийн төлбөл зохих Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тогтоон суутгаж, нийгмийн даатгалын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлж, энэ талаар нэхэмжлэгч .М нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч А , ХХК-д даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 349 453 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 349 453 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хэрэв эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                  Д.МӨНХЦЭЦЭГ