Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2020/00367

 

 

А.С-, Х.Н- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

          2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 153/ШШ2019/00201 дүгээр шийдвэр,

          Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 34 дүгээр магадлалтай,

          Нэхэмжлэгч: А.С-

          Нэхэмжлэгч: Х.Н-

          Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Цэцэгхэн 15 дугаар цэцэрлэг

          Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч нарын төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Н-гийн өмгөөлөгч Б.Дима, нарийн бичгийн даргад Х.Билгүүн нар оролцов.

         Нэхэмжлэгч нар нэхэмжлэлдээ: Бид Жаргалант сумын 15-р цэцэрлэгт 2017-04-19-с эхлэн ажиллаж эхэлсэн бөгөөд Х.Н- урьд нь сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. Хөдөлмөрийн гэрээний 5.2, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 10.1.2-т заасны дагуу ноцтой зөрчил гаргавал, Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.3-т заасны дагуу ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг цуцална. Бидэнд ногдуулсан зөрчлийг ноцтой зөрчил гэж хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй байхад ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. Бидэнд холбогдох зөрчлийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад ажлаас халсан нь үндэслэлгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 131.2-т зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэжээ. Хугацаа хэтэрсэн байгааг анхаараагүй. Бидний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчлөө. Жаргалант сумын 15-р цэцэрлэгийн эрхлэгчийн 2018-11-23-ны өдрийн Б/38, Б/39 тушаалыг тус тус хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан ажилд томилж, ажилгүй байсан хугацаа буюу 2018-11-23-с хойшхи цалин, олговрыг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү. ХХША-ны явцад хариуцагчаас 2017-05-24-ний өдрийн Б/19, 2017-12-26-ны өдрийн Б/46 дугаар А.С-д “сахилгын шийтгэл ногдуулах” тухай тушаалыг нотлох баримтаар гаргаж өгчээ. А.С- би энэ тушаалууд гарсныг мэдээгүй, надад өнөөдрийг хүртэл өгөөгүй байгаа тул хүчингүй болгож өгнө үү. Тус цэцэрлэгт ажиллах хугацаандаа өөрийн цалингаар А.С- би 999,250 төгрөгийн, Х.Н- би 970,500 төгрөгийн шаардлагатай бараа материалыг авч өгсөн тул хариуцагчаас гаргуулна гэжээ.

        Хариуцагч тайлбартаа: А.С-, Х.Н- нар ажиллах хугацаандаа ёс зүйн зөрчил удаа дараа гаргаж байсан ба хүүхдүүдтэй хатуу ширүүн харьцаж, цохиж, уурлаж, загнаж байгаа талаар нь удаа дараа аман сануулга өгч байсан. Нэхэмжлэгч нар хүүхэд зодож, цохиж, айлган сүрдүүлж, сэтгэл санааны дарамт үзүүлсэн тул ноцтой зөрчилд тооцож ажлаас халсан. 2017-12-26-ны өдрийн Б/46 тушаалыг А.С- мэдсэн бөгөөд 2018-01, 02 дугаар сард сахилгын шийтгэлийн дагуу цалингаас суутгал хийгдсэн. А.С-, Х.Н- нар ажиллах хугацаандаа өөрийн цалингаас бараа материал цэцэрлэгт авсан гэх зүйлүүдийг эцэг эхчүүдтэй хамтран хийж гүйцэтгэж, байгууллагаас зохих хэмжээний улирлын ажлын үр дүнгийн урамшуулал, ур чадварын нэмэгдлийг авч байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 153/ШШ2019/00201 дүгээр шийдвэр гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2,129 дүгээр зүйлийн 129.1,69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1,46.2-т заасныг баримтлан А.С-г Ховд аймгийн Жаргалант сумын Цэцэгхэн арван тавдугаар цэцэрлэгийн бүлгийн багшийн ажилд, Х.Н-г Ховд аймгийн Жаргалант сумын Цэцэгхэн арван тавдугаар цэцэрлэгийн туслах багшийн ажилд тус тус эгүүлэн тогтоож, нэхэмжлэлээс Ховд аймгийн Жаргалант сумын Цэцэгхэн арван тавдугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2017-05-24-ний өдрийн Б/19 дугаартай тушаал, 2017-12-26-ны өдрийн Б/46 дугаартай тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах, 970,500 төгрөг болон 999,250 төгрөг гаргуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Ховд аймгийн Жаргалант сумын Цэцэгхэн арван тавдугаар цэцэрлэгээс олговорт 3,839,920 төгрөг гаргуулан А.С-д., 2,916,480 төгрөгийг гаргуулан Х.Н-д олгох, нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг ажил олгогчид даалгах, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас нийт 193,252 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах, А.С-ос төлсөн 28,600 төгрөг, Х.Н-гаас төлсөн 27,850 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нараас шинжээчийн зардалд 50,000 төгрөг гаргуулан Хөрөнгө үнэлгээний төв ХХК-ийн Ховд салбарт олгохоор шийдвэрлэжээ.

     Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 34 дүгээр магадлалаар Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 153/ШШ2019/00201 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1-6 дахь заалтуудыг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.7, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1,46.2.-т зааснаар А.С- Х.Н- нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар А.С-ос 76.388 төгрөг Х.Н-гаас 61.613 төгрөг гаргуулан улсын орлого болгож, 7 дахь заалтыг 3 гэж, 8 дахь заалтыг 4 гэж тус тус өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах гомдол гаргахдаа А.С- төлсөн 76.388 төгрөг, Х.Н- төлсөн 61.613 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн байна. 

       Нэхэмжлэгч тал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх “Нэхэмжлэгч нарын ажилд эргүүлэн тогтоолгох шаардлагын үндэслэл болсон нэхэмжлэгч А.С-, Х.Н- нарыг ажлаас чөлөөлсөн 2018-11-23-ны өдрийн Б/38, Б/39 дугаартай тушаалууд нь шүүхийн шийдвэрээр цаашид эрх зүйн үр дагавар үүсгэхгүй тул уг тушаалуудыг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзлээ” гэж дүгнэжээ. Гэтэл анхан шатны шүүх нь нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох 2018 оны 11 сарын 23-ны өдрийн Б/38, Б/39 дугаартай тушаалыг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагад хууль зүйн дүгнэлт хийсэнгүй. Нэхэмжлэгч А.С-, Х.Н- нарт ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131.2-г зөрчсөн тул 2018-11-23-ны өдрийн Б/38, Б/39 дугаартай тушаалыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй юм. Дээрх тушаалуудыг хүчингүй болгоогүйгээс нэхэмжлэгч А.С-, Х.Н- нар нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131.4-т заасан “Сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жилийн хугацаанд сахилгын шийтгэлтэйд тооцох” гэсэн эрх зүйн үр дагаварыг бий болгож байна. Анхан шатны шүүх “Нэхэмжлэгч нарын өөрсдийн мөнгөөр тус цэцэрлэгт хөрөнгө оруулалт хийсэн гэх 44 нэр төрлийн эд зүйлс тус цэцэрлэгт байгаа хэдий ч уг эд зүйлүүдийг өөрийн хөрөнгөөр худалдаж авсан хийлгэсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна” гэж дүгнээд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгч А.С- нь 999,250 төгрөгийн, Х.Н- нь 970,500 төгрөгийн эд хөрөнгүүдийг өөрийн хөрөнгөөр худалдан авч тус цэцэрлэгт хөрөнгө оруулалт хийсэн, барааны зах болон жижиг худалдаачдаас худалдаж авсан тул баримт гаргаж өгөх боломжгүй байна гэж, хариуцагч байгууллага нь 44 нэр төрлийн хөрөнгийг өөрийн төсвийн хөрөнгөөр худалдан авсан гэж тайлбарладаг. ИХШХШТХ-н 38.1-д “Хэргийн оролцогчид өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэл болж байгаа нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” байхаар хуульчилсан. Гэтэл шүүх зөвхөн нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагаа нотлохыг шаардсан нь ХХША-ны журам зөрчиж байна. Хариуцагч нь төрийн өмчит сургуулийн өмнөх байгууллага бөгөөд улсын төсвөөр үйл ажиллагаа нь санхүүждэг. Санхүүгийн үйл ажиллагаа нь Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжоор зохицуулагдана. Хариуцагч нь дээрх 44 нэр төрлийн хөрөнгийг өөрийн хөрөнгөөр худалдан авсан гэж тайлбарлах боловч, татгалзлын үндэслэл болсон Нягтлан бүртгэлийн тухай хуульд заасан эд хөрөнгө олж авсан нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй. Иймд анхан шатны шүүхийн дээрх дүгнэлт нь ХХША-ны журам зөрчсөн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлтэй байна. ..Хөдөлмөрийн тухай хууль нь Монгол улсад төрийн болон хувийн байгууллагад, иргэд хооронд Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үүсэх хөдөлмөрийн харилцааг нийтлэг зохицуулдаг. Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдах хөдөлмөрийн харилцаа нь ажил олгогч, ажилтны хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үүсдэг. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.4-т ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, мөн хуулийн 13 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл нь “сахилгын зөрчил гаргах”, “сахилгын ноцтой зөрчил гаргах” гэсэн 2 ойлголтоор илэрхийлэгдэж тайлбарлагддаг. Нэхэмжлэгч нарыг ажлаас халсан тушаалуудын агуулга нь “сахилгын ноцтой зөрчил гаргасан” гэсэн үндэслэлээр гарсан байгаа. Сахилгын ноцтой зөрчлийн тохиолдол бүрийг ажил олгогч, ажилтан нар Хөдөлмөрийн гэрээнд тухайлан зааж, тохиролцсон байхыг ойлгоно. Гэтэл нэхэмжлэгч А.С-, Х.Н- нартай ажил олгогчийн 2018-09-03-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5.2-т “Ноцтой зөрчил гэж Хөдөлмөрийн дотоод журам”-ын 10.1.2-т заасан зөрчил байхаар заажээ. Гэтэл цэцэрлэгийн эрхлэгчийн 2018-10-05-ны өдрийн №22 дугаар тушаалаар Хөдөлмөрийн дотоод журмыг баталж, мөрдөж эхэлсэн байна. Ажил олгогч, ажилтан нарын хооронд 2018-09-03-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулах үед гэрээний 5.2-т заасан Хөдөлмөрийн дотоод журам батлагдаагүй байсан тул гэрээний талуудыг “ноцтой зөрчил”-ийг харилцан тохиролцсон гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэгч нарын гаргасан зөрчилд Сахилгын шийтгэл ногдуулах Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн. Нэхэмжлэгч А.С-, Х.Н- нар нь Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээсэн нь ноцтой зөрчил болох талаар талууд Хөдөлмөрийн гэрээнд тохиролцоогүй, нэхэмжлэгч нарын ажлын байранд гаргасан үйлдлийн улмаас хүүхдийн эрх ашиг, эрүүл мэнд, амь насанд хохирол учирсан нөхцөл байдал нотлогдон тогтоогдоогүй. Иймд Шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулж, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

      А.С-, Х.Н- нар 2018-11-30-ны өдөр шүүхэд хандсан байна. А.С- нь Ховд аймгийн Жаргалант сумын Цэцэгхэн арван тавдугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны Б\19, Б\46., 2018 оны Б/38 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулах, ахлах бүлгийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулах, 999,250 төгрөг гаргуулах., Х.Н- нь Ховд аймгийн Жаргалант сумын Цэцэгхэн арван тавдугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны Б/39 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, туслах багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулах, 970,500 төгрөг гаргуулахыг тус тус шаарджээ.    

     Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...А.С-, Х.Н- нар нь цэцэрлэгийн хүүхдүүдтэй зүй бус харилцах байдлаар зөрчил гаргасан нь тогтоогдсон...ажиллах хугацаандаа өөрийн цалингаас бараа материал цэцэрлэгт авсан гэх зүйлүүдийг эцэг эхчүүдтэй хамтран хийсэн..байгууллагаас урамшуулал, нэмэгдэл өгсөн..” гэж маргасан байна.    

    Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарыг ажилд нь эгүүлэн тогтоож, ажил олгогчоос олговор гаргуулж, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосон бөгөөд ийнхүү шийдвэр гаргахдаа “... А.С-, Х.Н- нар хүүхдийн бие махбодод халдаж цохиж зодсон нь тогтоогдож байна...нэхэмжлэгч нар ноцтой зөрчил гаргасан боловч сахилгын шийтгэл ногдуулах хугацаа өнгөрсөн тул ажилд нь эгүүлэн тогтооно...” гэсэн дүгнэлт хийжээ.

    Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэл тус бүрийг    бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо “...Ховд аймгийн Цагдаагийн газраас нэхэмжлэгч нар  хүүхдийн бие махбодид халдсан нь тогтоогдсон гэж үзээд А.С-, Х.Н- нарыг тус бүр 300.000 төгрөгөөр торгох шийтгэлийг 2018-10-10-ны өдөр оногдуулсан талаар ажил олгогч 2018-10-26-ны өдөр мэдэж, 2018-11-23-ны өдөр нэхэмжлэгч нарыг ажлаас нь халсан байх тул сахилгын шийтгэл ногдуулах хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй...” гэсэн үндэслэл заасан байна.    

     Нэхэмжлэгч тал хяналтын гомдолдоо “... шүүх нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох 2018 оны Б/38, Б/39 дугаар тушаалын талаар дүгнэлт хийгээгүй... өөрсдийн мөнгөөр....хөрөнгө оруулалт хийсэн тогтоогдоогүй гэсэн нь буруу... нэхэмжлэгч нар 44 нэр төрлийн хөрөнгийг өөрийн хөрөнгөөр худалдан авсан....“сахилгын зөрчил гаргах”, “сахилгын ноцтой зөрчил гаргах” гэдэг нь хоёр өөр ойлголт...“ноцтой зөрчил” гаргаагүй...” гэж маргажээ.    

    Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгч нарын гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

    1. Ажил олгогчийн 2017 оны Б/19, Б/46 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгох үндэслэлгүй байна. 

   Хариуцагч 2017-05-24-ний өдөр Б/19 дугаартай тушаал гаргаж, сахилгын “сануулах” шийтгэл, 2017-12-26-ны өдөр Б/46 дугаар тушаал гаргаж хоёр сарын үндсэн цалинг 20 %  бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан /хх1-н 55,111/-г А.С- эс зөвшөөрч, шүүхэд ханджээ. 

    А.С- ёс зүйн зөрчил гаргасан нь, мөн ажил олгогч үүнтэй холбогдуулан арга хэмжээ авсан болохыг мэдсэн нь хэрэгт буй баримтаар тогтоогдсон, тушаалын дагуу цалингийн суутгал хийгдсэн байна.  

    Ажилтан сахилгын зөрчил гаргасан нь тогтоогдсон тул ажил олгогчийн 2017-05-24-ний өдөр Б/19., 2017-12-26-ны өдөр Б/46 дугаар тушаалыг хүчингүй болгох үндэслэлгүй юм.

   Түүнчлэн, хөдөлмөрийн гэрээний талууд “ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн”-с бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй.

    А.С- нь ажил олгогчийн 2017-05-24-ний өдрийн Б/19., 2017-12-26-ны өдрийн Б/46 дугаар тушаалтай холбоотой гомдлоо 2019-02-20-ны өдөр /хх1-н 191-195/ гаргасан бөгөөд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д нийцсэн байна. 

    А.С- нь гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн ба хөөн хэлэлцэх хугацааг сэргээх хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй болно. 

    2. Хариуцагчаас цэцэрлэгт хөрөнгө оруулсан гэсэн үндэслэлээр Х.Н- 970,500 төгрөг, А.С- 999,250 төгрөг нэхэмжилсэн боловч, шаардлагаа баримтаар нотлоогүй байна.  

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй. Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй юм.

   Анхан шатны шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд нэхэмжлэлийн энэ шаардлагын талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-6.4 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.1-40.3 дахь хэсэг, 67 дугаар зүйл, 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийг зөрчөөгүй гэж үзнэ.

   3. Ховд аймгийн Жаргалант сумын Цэцэгхэн арван тавдугаар цэцэрлэгийн эрхлэгч  2018-11-23-ны өдөр Б/38 дугаар тушаал гаргаж А.С-той байгуулсан хөдөлмөрийн гэрээг, Б/39 дугаар тушаал гаргаж Х.Н-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.3 дахь заалт, хөдөлмөрийн гэрээний 5.2 дахь заалт, дотоод журмын 10.1.2.-г баримтлан тус тус ажлаас нь халсан бөгөөд тушаалд “... хүүхдийн бие махбодид халдаж цохиж зодсон... сахилгын ноцтой зөрчил гаргасан...” гэсэн үндэслэл заасан /хх1-н 17-20/ байна. 

    Ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно.

   Талуудын хооронд 2018-09-03-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 5.1-т “...хүүхэд зодсон..” ., 5.2-т “...дотоод журмын 10.1.2-т заасны дагуу ноцтой зөрчил гаргавал...” хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар зохигч нар тохиролцсон, 2018-10-05-ны өдрийн дотоод журмын 10.1.2-н “б”-д “хүүхэд зодох,айлган сүрдүүлэх...” зэргийг “ноцтой” гэж тооцох талаар заасан байх бөгөөд эдгээр зөрчлийг А.С-, Х.Н- нар 2018-09-сард гаргасан нь тогтоогджээ. /хх1-н 51-54, 82, 130-224/

    А.С-, Х.Н- нар хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон тул ажил олгогч 2018-11-23-ны өдөр Б/38.,Б/39 дугаар тушаал гаргахдаа хууль зөрчөөгүй гэж шүүх үзсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт нийцсэн байна. 

    Иймд Ховд аймгийн Жаргалант сумын Цэцэгхэн арван тавдугаар цэцэрлэгийн ахлах бүлгийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох А.С-н, туслах багшийн ажилд эгүүлэн тогтоолгох Х.Н-гийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн нь зөв болжээ. 

     4. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсгийн зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

     Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна.

    Нэхэмжлэгч нар 2018 оны 09 дүгээр сард зөрчил гаргасан нь Ховд аймгийн Цагдаагийн газраас 2018-10-10-ны өдөр А.С-, Х.Н- нарт тус бүрт 300.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байх бөгөөд энэ талаар ажил олгогч 2018-10-26-ны өдөр мэдэж, 2018-11-23-ны өдөр нэхэмжлэгч нарыг Б/38,Б/39 дугаар тушаалаар ажлаас нь халсан нь тогтоогджээ.

    Ажилтан нар зөрчил гаргасан буюу тогтоогдсон талаар ажил олгогч 2018-10-26-ны өдөр илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан хугацааны дотор байна.

    Хариуцагч хуульд заасан хугацааг хэтрүүлсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байх тул хяналтын гомдлыг хангах боломжгүй гэж үзнэ.

    Харин, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо  шийдвэрийн зарим заалтыг тодорхой бус болгосон байх тул энэ үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулав.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 34 дүгээр магадлалын тогтоох хэсгийн

нэг дэх заалтыг “....Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 153/ШШ2019/00201 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.7, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1,46.2.-т заасныг баримтлан ажил олгогчийн 2017 оны Б\19, Б\46, 2018 оны Б/38, Б/39 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулах, А.С--г  ахлах бүлгийн багшийн, Х.Н--г туслах багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулах, 999,250 төгрөг болон 970,500 төгрөг гаргуулах тухай Ховд аймгийн Жаргалант сумын Цэцэгхэн арван тавдугаар цэцэрлэгт холбогдох А.С-, Х.Н- нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай...” гэж өөрчилж,

магадлалд “... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид А.С- төлсөн 28,600 төгрөг., Х.Н- төлсөн 27.850 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, А.С-,Х.Н- нар тус бүрээс 25,000 төгрөг нийт 50,000 төгрөг гаргуулан Хөрөнгө үнэлгээний төв ХХК-ийн Ховд салбарт олгосугай...” гэсэн 4 дэх заалтыг нэмж, магадлалын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэгч А.С-н төлсөн 28,600 төгрөг, нэхэмжлэгч Х.Н-гийн төлсөн 27,850 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ