Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 6

 

Ц.Д-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч Ц.Туяа, Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд

Прокурор                                        О.Доржмаа

Хохирогч                                         Т.О-

Шүүгдэгчийн өмгөөлөгч                 З.Энхтуяа

Нарийн бичгийн дарга                   Ц.Туяацэцэг нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 350 дугаар шийтгэх тогтоолтой Ц-ийн Д-д холбогдох 1818000750278 дугаартай хэргийг хохирогч Т.О-, шүүгдэгчийн өмгөөлөгч З.Энхтуяа  нарын давж заалдах гомдлыг  үндэслэн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, эрхэлсэн ажилгүй, хэрэг хариуцах чадвартай, ********** регистрийн дугаартай Ц- овогт Ц-ийн Д-.

Шүүгдэгч Ц.Д- нь “Одод” сүү, сүүн бүтээгдэхүүний цехэд 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүртэл борлуулагчаар ажиллах хугацаандаа өөрийн итгэмжлэн хариуцсан эд хөрөнгө болох тус цехийн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулсан мөнгөнөөс 1.168.500 төгрөгийг  хувьдаа завшсан  гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 350 дугаар шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч Ц- Ц-ийн Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1.д заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 1.038.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Ц.Д-г 480 /дөрвөн зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2.т зааснаар шүүгдэгч Ц.Д-д оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагийн хугацаагаар тогтоож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Ц.Д- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлэхээр,

-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1.т зааснаар хохирогч Т.О-гийн нэхэмжлэлийн шаардлагаас 130 000 /нэг зуун гучин мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ц.Д-гаас 1 038 500 /нэг сая гучин найман мянга таван зуу/ төгрөг гаргуулж, Дархан-Уул аймгийн Дархан сумын 4-р баг 22-р хорооллын 5-32 тоотод оршин суух хохирогч Т-ын О- /РД:**********/-д олгох,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1.д заасныг журамлан Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2018.7.16-ны өдрийн 25 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн шүүгдэгч Ц.Д-гийн эзэмшлийн Дархан-Уул аймгийн Орхон сумын 2 дугаар багийн Энхтал хөтөл 22 дугаар гудамжны 10 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Г-2004001134 дугаартай 725 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирол нөхөн төлүүлэхээр Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр,

-Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 22 ширхэг зарлагын баримтыг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдаж,

-Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

-Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч Т.О- давж заалдах гомдолдоо:

...Шүүх 2018 оны 09 сарын 28-ны өдрийн 350 дугаартай шийтгэх тогтоолоор 130.000 төгрөгийн хохирлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Учир нь 130.000 төгрөгийн талаар гэрчүүдийн Ц.Д-гийн эсрэг мэдүүлэг болон хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан зарлагын баримтанд Ц.Д-гийн  ...Би өөрөө төлнө... гэж бичиж гарын үсэг зурж хүлээн зөвшөөрснийг хэрэгсэхгүй болгосныг эсэргүүцэж байна.

Иймд Т.О- миний бие нь шүүгдэгч Ц.Д-гаас 1.168.500 төгрөгийн хохирлоо бүрэн гүйцэд гаргуулж авах хүсэлтэй байна гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Энхтуяа давж заалдах гомдолдоо:

...Анхан шатны шүүх Ц.Д-г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1.д зааснаар Ц.Д-г 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэнд өмгөөлөгч болоод шүүгдэгчийн хувьд санал нийлэхгүй гомдолтой байгаа тул давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүгдэгч Ц.Д- нь одоогоор эрхэлсэн ажилгүй, сургуулийн насны хоёр хүүхэдтэй, хамтран амьдарч байсан хүн нь салж явсан зэрэг хувийн амьдралын хүндрэлтэй байдлаас болж гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулж чадаагүй байгаа, цаашид хохирлыг ажил хийж төлж барагдуулахаа илэрхийлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг нөхцөл байдлууд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тогтоогдсон.

Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.д заасныг журамлан Ц.Д-д гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж болно гэсэн заалтыг хэрэглэх боломжтой байсан гэж үзэж байгаа бөгөөд Ц.Д- нь тэнсэж хянан харгалзсан хугацаанд ажил хийж төлбөрөө төлөх боломжтой гэж үзэж байгаа тул шүүхийн шийтгэх тогтоолын 2 дугаар  заалтыг өөрчилж, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийг журамлан Ц.Д-д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзах албадлагын арга хэмжээ хэрэглэж өгөхийг давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүнээс хүсч байна гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор О.Доржмаа дүгнэлтдээ:

Шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаан оролцсон хохирогч Т.О- тайлбартаа:

Анхан шатны шүүх  130.000 төгрөгийг  хасаж тооцсон нь буруу гэж үзэж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаан оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч З.Энхтуяа саналдаа :

Давж заалдах гомдлоо дэмжиж байна., Ц.Д-гийн ахуй амьдралыг харгалзан үзээд  хорих ял оногдуулахгүйгэр тэнсэж өгнө үү... гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Ц-ийн Д-д холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  хуулийн 39.9 дүгээр зүйлийн  1.д заасны дагуу хэргийн бүх ажиллагааг хянаж үзлээ.

Шүүгдэгч Ц.Д- нь “Одод” сүү, сүүн бүтээгдэхүүний цехэд 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд борлуулагчаар ажиллах хугацаандаа өөрийн итгэмжлэн хариуцсан эд хөрөнгө болох тус цехийн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулсан мөнгөнөөс 1.168.500 төгрөгийг   хувьдаа завшсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь  шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шийтгэх тогтоолын үндэслэл болсон  нотлох баримт болох  хэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгийн үед өгсөн шүүгдэгчийн өөрийн мэдүүлэг, хохирогч Т.О-, гэрч Ө.О-, Д.О-, М.Х-, Д.Ц-,   Т.Л- нарын мэдүүлэг, болон тухайн үед болсон үйл баримтаар нотлогдож тогтоогдсон талаарх  шүүхийн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв,  анхан шатны шүүх шүүгдэгчид хуульд заасан ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирчээ.  

Мөн  хэрэг мөрдөн шалгах ажиллагаа болон анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаж,  хэргийг  прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн  хэргийн хэмжээний дотор хэлэлцсэн байна.

Хохирогч Т.О- нь шүүгдэгч Ц.Д-гаас гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж 1.168.500 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүх 130.000 төгрөгийн нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгож, 1.038.500 төгрөгийг шүүгдэгчээс гаргаж хохирогчид олгохоор шийдвэрлэжээ.

Нотлох баримтаас үзвэл 130.000 төгрөгийн 86.000 төгрөг нь шүүгдэгч Ц.Д- “Оюу” дэлгүүрээс гоо сайхны бүтээгдэхүүн зээлээр худалдаж авсан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэхгүй бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн., харин  үлдэх 44.000 төгрөгийг хохирогчид төлөх нь зүйтэй байна.

Иймд хохирогч Т.О-гийн гаргасан   ... анхан шатны шүүх  130.000 төгрөгийг  хасаж тооцсон нь буруу байх тул гаргаж өгнө үү... гэсэн   давж заалдах гомдлын  зарим хэсгийг хүлээн авч, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийн өмгөөлөгч З.Энхтуяагийн гаргасан  ...шүүгдэгчид оногдуулсан ялыг өөрчилж өгнө үү...  гэсэн давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож энэ үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.5., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 350 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дугаар заалтыг:

...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1.т зааснаар шүүгдэгч Ц.Д-гаас 1.082.500 төгрөг гаргаж Дархан-Уул аймгийн Дархан сумын 4-р баг 22-р хорооллын 5-32 тоотод оршин суух хохирогч Т-ын О-д олгож, 44.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай... гэж өөрчлөн, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Хохирогч Т.О-гийн  давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, зарим хэсгийг мөн шүүгдэгчийн өмгөөлөгч З.Энхтуяагийн давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3.Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.АМАРЖАРГАЛ

                                                       ШҮҮГЧИД                                   Ц.ТУЯА

                                                                                                           Б.МАНЛАЙБААТАР