Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 2018/ШЦТ/350

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2018/0308/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Э-,

Хохирогч Т.О,

Шүүгдэгч Ц.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны тахимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д холбогдох эрүүгийн 1818000750278 дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

 

Шүүгдэгч Ц.Д нь “*****” сүү, сүүн бүтээгдэхүүний цехэд 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүртэл борлуулагчаар ажиллах хугацаандаа өөрийн итгэмжлэн хариуцсан эд хөрөнгө болох тус цехийн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулсан мөнгийг хувьдаа завшиж 1 168 500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Гэм буруугийн талаар:

 

 Шүүгдэгч Ц.Д нь “****” сүү, сүүн бүтээгдэхүүний цехэд 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүртэл борлуулагчаар ажиллах хугацаандаа өөрийн итгэмжлэн хариуцсан эд хөрөнгө болох тус цехийн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулсан мөнгийг хувьдаа завшиж 1 038 500 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч Ц.Д шүүх хуралдаанд өгсөн: 2016 оны 6 дугаар сарын 05-нд "****" сүү, сүүн бүтээгдэхүүний цехэд борлуулагчаар ажилд орсон. 2016 оны 7 дугаар сарын 23-нд гэрээ хийсэн. Борлуулагчийн ажил эрхэлж байхад 11 сар хүртэл цалин өгөөд 11 сараас хойш цалин өгөөгүй. 2017 оны 02 дугаар сарын 07-нд ажлаасаа гарсан. Цалин өгөхгүй байсан учраас арга буюу бүтээгдэхүүнээсээ барьж авсан. Орлогын 2,5 хувиар цалинждаг байсан. Энэ цехийн орлого өдөрт 1 сая төгрөгөөс буудаггүй байсан бөгөөд зээлээр өгсөн бараанд 2,5 хувь ордоггүй бэлнээр өгсөн бараанд 2,5 хувь боддог байсан. Тэгэхээр 2,5 хувьдаа хүрдэггүй байсан. Нэхэмжлэлийн шаардлагаас "*******" гээд дэлгүүрийн 28 000 төгрөгийг надтай ажиллаж байсан жолооч зээлсэн байсан тул зөвшөөрөхгүй. "Хан өндөр" дэлгүүрийн 16 000 төгрөгийг би будаа зээлж авсан  өгч чадалгүй ажлаасаа гарсан. Би энэ мөнгийг энэ цехэд өгөх өгөхгүйгээ мэдэхгүй байна. Худалдагчаас зээлж авсан тул тэр хүнд өгөх байх гэж бодож байна. "***" хүнсний дэлгүүрийн эзэн нь манай эцэг, эхээс хашаа 2 500 000 төгрөгөөр худалдаж аваад 500 000 төгрөгийг төлөөгүй бөгөөд "***" дэлгүүрээс 86 000 төгрөгийн гоо сайхны бараа авсан. Эдний цехэд хамаагүй. Хохирогч тал "***" дэлгүүрийн хооронд 2015 оны 500 000 төгрөгийн өр авлага байдаг юм шиг байна лээ. Түүнийгээ надаас нэхээд байгаа юм шиг байна лээ. Ингээд би нэхэмжлэлийн шаардлагаас 130 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд үлдэх мөнгийг авснаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

 

            Хохирогч Т.О өгсөн: Анх 2016.6.07-ны өдөр Ц.Дгэх эмэгтэйг борлуулагчаар ажилд авсан. Тухайн үед манай цехэд борлуулагч, жолоочоор ажиллаж байсан эхнэр, нөхөр 2 ар гэрийн гачигдлын улмаас ажлаас гарч Ц.Д ганцаараа 2016 оны 9 дүгээр сарын эхэн үеэс бүх борлуулалтаа хариуцан ажиллах болсон. Тэгээд 2016 оны 9, 10 дугаар сард дэлгүүрүүдэд зээлээр өгсөн барааны мөнгө буцаж орж ирэхээ болихоор нь 2016 оны 11 дүгээр сард Ц.Д хамт харилцдаг дэлгүүрүүдээр дагуулан шалгалтын ажил хийхэд 313 600 төгрөгийг дэлгүүрүүдээс авчихаад хувьдаа хэрэглэсэн талаар өөрөө надад хэлэхэд нь дахин ийм асуудал гаргахгүй байх талаар болон ажлаа сайжруулах талаар бичгээр үүрэг өгсөн. Үүний дараагаар зээлээр гарсан барааны мөнгө орж ирэхээ больсон. Мөн дээрээс нь өдөр тутмын тооцоо байнга их бага хэмжээгээр дутдаг болж, орж ирэх мөнгө багасаж, жолоочийн цалин багасаж эхэлсэн. Тэр үед би Ц.Д яагаад зээлийн барааны мөнгө орж ирэхгүй байгаа талаар асуухад дэлгүүрүүд зээлсэн барааныхаа мөнгийг өгөхгүй байна гэж хэлсэн. Тэгээд 2017 оны 2 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн зээлээр өгсөн дэлгүүрүүдээс зээлийн баримтаа авч Ц.Д хамт явахад нэр бүхий 20 хүнсний дэлгүүрт зээлээр олгосон бүтээгдэхүүний мөнгөнөөс 1 192 500 төгрөгийн хувьдаа авч дутаасан асуудал гаргасан. Сэлэнгэ аймгийн Алтабулаг сумын Номин дэлгүүрийн 24 000 төгрөгийн авлагыг тооцохгүй. Яагаад гэвэл тухайн дэлгүүрийн эзнийх нь ээж нь бүтээгдэхүүн аваад дансаар шилжүүлнэ гээд мартсан юм шиг байна лээ. Харин ******* дэлгүүрээс 28 000 төгрөг, Угалз дэлгүүрээс 19 000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн зарж борлуулчихаад цехийн орлогод ямар нэг байдлаар мөнгө төлөөгүй учир нэхэмжилнэ. Мөн Д нь Хан-Өндөр дэлгүүрээс 16 000 төгрөгийн будаа зээлж авсан, *** дэлгүүр 86 000 төгрөгийн гоо сайхны бараа зээлж авсан бөгөөд манай цехэд өгөх өрнөөс суутгаж тооцоод мөнгө өгөхгүй байгаа тул уг мөнгөө Д нэхэмжилнэ. Ингээд би Д 1 168 500 төгрөг нэхэмжилнэ. Ц.Д сарын борлуулалтын 2.5 хувиар буюу 400 000-500 000 төгрөгийн цалин авдаг байсан гэх мэдүүлэг /хх 63-64/,

 

            Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:  

 

      Гэрч Ч.П өгсөн: Би 46 500, 37 000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг тухайн үед бэлэн мөнгөөр авсан. Зээлээр ямар нэгэн бараа аваагүй. Манай дэлгүүр "****" сүү, сүүн бүтээгдэхүүний цехэд ямар нэгэн өр төлбөргүй гэх мэдүүлэг /хх 76/,

 

      Гэрч Д.С өгсөн: Би 2017.01.27-ны өдөр **** сүү, сүүн бүтээгдэхүүний бэлэн мөнгөөр бараа авсан гэх мэдүүлэг /хх 77/,

Гэрч Ц.М өгсөн: 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр би **** сүү, сүүн бүтээгдэхүүний цехээс зээлээр бүтээгдэхүүн авч зарлагын баримт дээр гарын үсэг зурсан. Үүний дараагаар манай нөгөө худалдагч О 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр зээлээр авсан барааны үнэ болох 59 000 төгрөгийг Д өгсөн гэж хэлж байсан. Надад ямар нэгэн байдлаар утсаар холбогдож зээлийн асуудалтай гэж хэлж, яриад өг гэж хэлсэн зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх 78/,

Гэрч Ө.О өгсөн: Манай дэлгүүр хамгийн сүүлд 2017.01.03-ны өдөр 45 500 төгрөгийн бараа аваад тэр дор нь 15 500 төгрөгийг бэлнээр өгөөд 30 000 төгрөгийг зээлийн үлдэгдэлтэй үлдээд 2017.02.01-ний өдөр үлдсэн 30 000 төгрөгийг төлж барагдуулсан. Д 2017 оны 3 дугаар сард байх надтай ирж уулзаад одоо манай захирал танай дэлгүүрээр явна та ирэхэд нь өр зээлтэй гэж хэлээрэй гэж хэлэхэд нь би юу яриад байгаа юм. Манай дэлгүүр зээлийн төлбөр байхгүй төлөөд дуусчихсан гэхэд манай цалин 2-3 хоногоос бууна би тэр үед өрийг нь дараад барагдуулчихна гэж гуйсан. Тэгээд орой нь **** сүү, сүүн бүтээгдэхүүний цехийн захирал Охүрч ирээд танай дэлгүүр 20 000 төгрөгийн өртэй байна гэж хэлэхэд Дулмаагийн гуйснаар өртэй байгаа гэж хэлсэн. Тухайн үед О ах надад хандаж чи яг өртэй юу, яг үнэнийг хэлнэ шүү гэж хэлэхэд өртэй гэж худлаа хэлээд баримтанд гарын үсэг зураад явуулсан юм. Дараа нь О ах хүрч ирээд нөгөө өрөө авах гэсэн юм гэхээр нь Д хаачсан юм бэ гэхэд ажлаасаа гарчихсан гэж хэлэхээр нь цалин нь буусан юм уу гэхэд Дулмаа намайг өрөнд оруулсан гэж хэлсэн юм. Тэгээд би 20 000 төгрөг гаргаж О ахад өгсөн гэх мэдүүлэг /хх 79/,

Гэрч Д.О өгсөн: Манай дэлгүүр зээлээр бараа бүтээгдэхүүн авч байгаагүй байнга бэлэн мөнгөөр бараагаа авдаг. 2017 оны 3-4 дүгээр сарын орчим гэсэн байх **** сүү, сүүн бүтээгдэхүүний түгээгч эмэгтэй ирж уулзахдаа би танай дэлгүүр дээр өр зээл үүсгэчихсэн шүү би бараа дутаагаад өрөнд ороод танай дэлгүүрийг зээл авсан гээд хэлчихсэн, та захирлыг асуувал өртэй гээд хэлээд өгөөч гэж гуйсан байсан. Тэр үед манай нөхөр **** сүү, сүүн бүтээгдэхүүний цехийн захирлыг ирэхэд манай дэлгүүр өртэй гэж хэлээд явуулчихсан байж байгаад сүүлд нь бүх үнэнийг хэлсэн гэх мэдүүлэг /хх 80/,

Гэрч Ч.Ч өгсөн: Манай дэлгүүр 2017.02.09-ний өдөр **** сүү, сүүн бүтээгдэхүүний цехээс зээлээр авсан бүтээгдэхүүний 36 000 төгрөгийн тооцоог хийсэн. Өөр ямар нэг өр төлбөр байхгүй гэх мэдүүлэг /хх 81/,

Гэрч М.Х өгсөн: Манай дэлгүүр **** сүү, сүүн бүтээгдэхүүний цехээс 2016 онд бараа бүтээгдэхүүн зээлээр авдаг байсан. Миний мэдэж байгаагаар 154 600 төгрөгийн бараа бүтээгдэхүүн аваад 54 600 төгрөгийг 2016.10.06-ны өдөр, үлдсэн 100 000 төгрөгийг 2016.10.10-ны өдөр борлуулагч эмэгтэйд нь өгсөн. Одоо манай дэлгүүр ямар нэгэн төлбөрийн асуудал байхгүй гэх мэдүүлэг /хх 84/,

Гэрч Б.О өгсөн: 2016.10.31-ний өдөр манай дэлгүүр 159 000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн зээлээр аваад удалгүй зээлийг манай нягтлан бодогч төлж барагдуулсан. 2017 онд байх сарыг нь санахгүй байна Д манай ажил дээр ирээд манай захирал танайхаас зээлийн үлдэгдэл байгаа талаар асуувал байгаа гэж хэлээрэй. Би удахгүй өрөө төлж барагдуулна гэхээр нь **** сүү, сүүн бүтээгдэхүүний цехийн дарга нь ирээд зээл байгаа эсэх талаар асуухад нь өртэй байгаа гэж хэлээд явуулсан. Түүнээс биш манай дэлгүүр ямар нэг өр төлбөргүй гэх мэдүүлэг /хх 85/,

Гэрч А.Э өгсөн: Манай дэлгүүр өр зээлээр бараа бүтээгдэхүүн авдаггүй. Ялангуяа жижиг цехээс 49 000 төгрөгийн бараа зээлээр аван гэж байхгүй гэх мэдүүлэг /хх 86/,

Гэрч Ц.М өгсөн: Манай дэлгүүр зээлээр бараа авдаг байсан. Харин өр төлбөрийг тухай бүрт нь төлж барагдуулдаг байсан. Одоо ямар нэг өр төлбөр байхгүй. Одоо оныг нь сайн санахгүй байна борлуулагч Дулмаа гэж хүн манай ээж рүү утсаар яриад бараа бүтээгдэхүүн зээлээр авсан одоо өртэй байгаа гэж манай захиралд хэлээд өг гэхэд нь манай ээж уурлаад загнасан гэж хэлж байсан. Одоо өр төлбөр байхгүй гэх мэдүүлэг /хх 126/,

Гэрч Б.Б өгсөн: Одоо ямар нэг өр төлбөрийн асуудал байхгүй. Бүгдийг төлж барагдуулсан гэх мэдүүлэг /хх 128/,

Гэрч Д.Ц өгсөн: Би ******* хүнсний дэлгүүр ажиллуулж байхдаа **** сүү, сүүн бүтээгдэхүүний цехээс бараа бүтээгдэхүүн зээлээр аваад тухай бүрт нь төлж барагдуулдаг байсан. Ямар нэг өр төлбөргүй гэх мэдүүлэг /хх 129/,

Гэрч Т.Л өгсөн: Гоо сайхны бараа зээлж авсан мөнгөө өгөөгүй. Энэ мөнгийг Д өрөө цалингаасаа өгнө гэж хэлсэн. Сүүлд Дулмаа захирлынхаа хамт дэлгүүр дээр хүрч ирээд цехэд учирсан 86 000 төгрөгийг өөрөө төлж барагдуулна гэж хэлээд явсан гэх мэдүүлэг /хх 131/,

Гэрч Д.М өгсөн: Манай дэлгүүр **** сүү, сүүн бүтээгдэхүүний цехэд өр төлбөрийн асуудал байхгүй. Өр төлбөрийг тухай бүрт нь төлж барагдуулж байсан гэх мэдүүлэг /хх 132/,

Гэрч Н.Б өгсөн: Зээлээр бараа бүтээгдэхүүн авч байсан нь үнэн. Гэхдээ өр төлбөрийг тухай бүрт нь барагдуулж байсан. Ямар нэг өр төлбөрийн асуудал байхгүй гэх мэдүүлэг /хх 134/,

     Эд мөрийн баримтаар **** сүү, сүүн бүтээгдэхүүний цехээс хүнсний дэлгүүрүүдэд бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн гэх зарлагын 22 ширхэг баримт хураан авсан тухай мөрдөгчийн тогтоол, 22 ширхэг зарлагын гэх баримт /хх 11, 13-34/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул, 

            Шүүгдэгч Ц.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т заасан "Бусдын итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг завшсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

            Хохирогч Т.О нь нэр бүхий 19 дэлгүүрт /хх 67/ нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний үнэ 1 168 500 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Ц.Д "*******" дэлгүүрийн 28 000 төгрөгийг тухайн үед хамт ажиллаж байсан жолооч зээлж авсан надад хамааралгүй, "Хан өндөр" дэлгүүрийн 16 000 төгрөгийг тухайн дэлгүүрээс будаа худалдаж аваад үнийг нь төлөөгүй , "***" дэлгүүрийн 86 000 төгрөгийг мөн гоо сайхны бүтээгдэхүүн худалдаж авсан бөгөөд тухайн дэлгүүрээс авлагатай тул өрөндөө суутгана "****" сүү, сүүн бүтээгдэхүүний цехэд хамааралгүй үндэслэлээр хүлээн зөвшөөрөөгүй байна.

 

             Шүүгдэгчийн хүлээн зөвшөөрөөгүй нийт 130 000 төгрөгийн хохирол нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтаар бүрэн дүүрэн хангалттай нотлогдон тогтоогдоогүй тул хэрэгсэхгүй болгож, үлдэх 1 038 500 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, хохирогчид олгох нь зүйтэй гэж үзлээ.     

 

            2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд шүүгдэгч Ц.Д нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Ц.Д нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хавтаст хэргийн 102 дугаар хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Д ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар 480  цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 22 ширхэг зарлагын баримтыг хэргийн хугацаа дуустал хэрэгт үлдээж,

Прокурорын 2018.7.16-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх" тогтоол /хх 58/-оор шүүгдэгч Ц.Д эзэмшлийн байрлах улсын бүртгэлийн Г-2004001134 дугаарт бүртгэгдсэн 725 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг хохирол нөхөн төлүүлэхээр Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.  

 

Хохирогч Т.О нь Б, А, Э нарыг гэрчээр асуулгах, шүүгдэгч Ц.Д тооцооны дэвтрийг цагдаагийн байгууллагаас гаргуулан хэрэгт хавсаргах, дэвтэр дээрх гарын үсэг болон хавтаст хэрэгт авагдсан баримт дахь гарын үсгэнд шинжээч томилуулах үндэслэлээр хэргийг мөрдөн байцаалтад буцаалгах хүсэлт шүүх хуралдаанд гаргасан бөгөөд хохирогч Т.О нь дээрх үндэслэлээр мөрдөн байцаалтын шатанд болон шүүхэд хэрэг ирснээс хойш яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хүртэл хугацаанд гаргаагүй байх тул хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.    

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдав.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 1 038 500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ц.Д 480 /дөрвөн зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.   

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Ц.Д оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагийн хугацаагаар тогтоосугай.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ц.Д нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлсүгэй.

 

            5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хохирогч Т.О нэхэмжлэлийн шаардлагаас 130 000 /нэг зуун гучин мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ц.Д 1 038 500 /нэг сая гучин найман мянга таван зуу/ төгрөг гаргуулж, хохирогч О-д  олгосугай.   

 

             6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2018.7.16-ны өдрийн 25 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн шүүгдэгч Ц.Д эзэмшлийн 725 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирол нөхөн төлүүлэхээр Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

 

            7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 22 ширхэг зарлагын баримтыг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдсугай. 

 

            8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.БАТЖАРГАЛ