Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2015/0923/з |
Дугаар | 45 |
Огноо | 2017-02-08 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 45
Б.Ган-Эрдэнийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга З.Оюунгэрэл, нэхэмжлэгч Б.Ган-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Онон нарыг оролцуулан хийж, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 663 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2016/0772 дугаар магадлалтай, Б.Ган-Эрдэнийн нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, дэд комиссар М.Лувсандоржийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 663 дугаар шийдвэрээр: 1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 13 дугаар зүйлийн 13.1.5, 27 дугаар зүйлийн 27.2.1-т заасныг баримтлан Б.Ган-Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/504 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Б.Ган-Эрдэнийг Эрүүгийн цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн жижүүрийн цагдаагийн албан тушаалд эгүүлэн тогтоож,
2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан Б.Ган-Эрдэнийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговроор 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс энэхүү шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл хугацаагаар тооцон зохих журмын дагуу олгохыг Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгаж,
3. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн “нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2016/0772 магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 663 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “эгүүлэн тогтоосугай” гэснийг “эгүүлэн тогтоож, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасугай” гэж, 2 дахь заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан Цагдаагийн ерөнхий газраас 10.941.142 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Ган-Эрдэнэд олгосугай” гэж, 3 дахь заалтаас “болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт” гэснийг хасч өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, дэд комиссар М.Лувсандорж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Б.Ган-Эрдэнийн нэхэмжлэлтэй Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2016/0772 дугаартай магадлал, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 663 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлд зааснаар хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд:
1. Анхан шатны шүүх Б.Ган-Эрдэнийн гаргасан зөрчлийг дүгнэхдээ нэхэмжлэгчийн ёс зүйн болон сахилгын зөрчил гаргасан гэдгийг хариуцагчаас нотлоогүй атлаа зөрчил гаргасан гэж үзсэн нь үндэслэлгүй гэж дүгнэж дээрх дүгнэлтийг давж заалдах шатны шүүх үндэслэлтэй гэж үзсэн.
Ингэхдээ хэрэгт авагдсан гэрч О.Цэдэвсүрэн, Ж.Бат-Эрдэнэ, Л.Энхтуяа, Р.Батсуурь, нарын мэдүүлгийг иш татан дүгнэлт хийсэн байна.
Үүнээс үзэхэд анхан болон давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасан “шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэснийг хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.
Учир нь нэхэмжлэгч Б.Ган-Эрдэнэ удирдлагын зөвшөөрөлтэйгөөр амарч байгаа хэдий ч цагдаагийн алба хаагчийн хувьд олон нийтийн газарт төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, бусадтай зүй бус харилцахгүй байх, цагдаагийн байгууллагын нэр хүндэд харшлах аливаа зохисгүй үйлдэл гаргахгүй байж, удирдах алба хаагчаас өгсөн үүрэг, зааварчлагыг биелүүлэх учиртай.
Б.Ган-Эрдэнийн үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д заасан “төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2011 оны 598 дугаар тушаалаар батлагдсан “Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 2 дахь хэсгийн 2.3-т “...цагдаагийн алба хаагч нь биеэ авч явах байдлаараа цагдаагийн байгууллагын нэр хүндийг цэвэр байлгахыг ямагт хичээж, цагдаагийн алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж мөрдөх үүрэгтэй”, 4 дэх хэсгийн 4.1.6-д заасан “ажлын бус цагаар цагдаагийн байгууллагын нэр хүндэд харшлах аливаа зохисгүй үйлдэл гаргахгүй байх, хуулийг дээдлэн хүндэтгэж сахин биелүүлэх”, мөн газрын даргын 2014 оны 869 дүгээр тушаалаар батлагдсан “Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм”-ийн 12 дугаар зүйлийн 12.12-д заасан “алба хаагч нь ёс зүйн нийтлэг болон цагдаагийн алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөх үүрэгтэй бөгөөд бусадтай зүй бус, хүндэтгэлгүй харилцах, ... бол сануулах, уг үйлдлийн улмаас хор уршиг учирсан бол ...тухайн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах шийтгэл ногдуулна” гэж заасныг тус тус зөрчсөн нь албаны шалгалтын хүрээнд Б.Ариунаа, Д.Батзаяа, П.Төмөрболд, М.Эрдэнэцэцэг, М.Эрдэнэчимэг, Д.Мөнхбаясгалан, Д.Батсүх, Ш.Эрдэнэчулуун, А.Золхүү нарын тайлбараар тогтоогдсон байна.
Гэтэл шүүх дээрх хүмүүсийн мэдүүлэгт ач холбогдол бүхий дүгнэлт хийлгүй, нотлох баримтыг тал бүрээс нь бодитоор харьцуулан үзээгүй гэж үзэхээр байна.
Мөн “Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм”-ийн 6.3-т “сахилгын шийтгэлгүй тооцох хугацаа дуусаагүй байхад сахилга, ёс зүйн зөрчил давтан гаргасан нь хүндрүүлэх нөхцөл байдал болно” гэж заасан.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-д зааснаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/504 дүгээр тушаалаар, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасныг баримтлан Эрүүгийн цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн жижүүрийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Ган-Эрдэнийг төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулж, цагдаагийн ахлах ахлагч цолыг хураасан, нэхэмжлэгчээс “... үүрэгт ажлаа зохих ёсоор гүйцэтгэж байсан, ... үндэслэлгүйгээр ажлаас халсан, ... тушаалыг надад танилцуулаагүй, гардуулаагүй” гэж, хариуцагчаас “... хууль /болон/ ... Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрэм ... зөрчсөн, ... тушаал хуульд нийцсэн” гэж маргажээ.
-... шийдвэр гаргах үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэх талаар:
Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад баримтуудаас үзвэл, 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Эрүүгийн цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн албан хаагчид “Горхи- Мэлхий хад” нэртэй амралтын газарт амарсан, мөн өдөр уг амралтын газарт нэг албан хаагчийн амь нас хохирсон хэрэг учрал гарсан, үүний улмаас Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт, аюулгүй байдлын газраас албаны шалгалт явуулж, шалгалтаар “... амралтанд явсан албан хаагчид удирдлага зохион байгуулалт муутай, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн, нэр бүхий албан хаагчид хоорондоо хэрэлдэж, маргалдсан, ... зодолдсон, үүний улмаас нэг албан хаагчийн амь нас хохирсон” үйл баримтууд тогтоогдож, Дотоод хяналт, аюулгүй байдлын газраас Эрүүгийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Буянтөр, мөн газрын дэд дарга, цагдаагийн дэд хурандаа А.Амгалан, Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Батдэлгэр, мөн хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Д.Батзаяа, Эрүүгийн цагдаагийн газрын жижүүрийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Р.Батсуурь, мөн газрын жижүүрийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Ган-Эрдэнэ, нууцын бичээч, цагдаагийн ахлах ахлагч Б.Өлзийбуян нарын 7 албан хаагчийг “сахилгын зөрчил гаргасан” гэсэн дүгнэлт гаргаж, сахилгын арга хэмжээ авах саналыг Цагдаагийн ерөнхий газрын даргад хүргүүлсэн байна.
Энэ нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 869 дүгээр тушаалаар батлагдсан “Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм”-ийн 3 дугаар зүйлд цагдаагийн алба хаагчийн сахилгын зөрчил гаргасан эсэхийг “...албаны шалгалт явуулж, тогтоох”-оор, 5.2-т “...албаны шалгалт явуулж ... шууд нотлох баримт, үндэслэл бүхий мэдээ, мэдээлэл, бусад баримтад тулгуурлан сахилгын зөрчлийг шалган шийдвэрлэх, гаргасан зөрчилд тохирсон шийтгэл ногдуулах санал гаргах...”-аар тус тус заасантай нийцсэн гэж үзнэ.
Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын албаны шалгалт явуулсан талаарх дээр дурдсан танилцуулга, санал, дүгнэлтийг Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 18 дугаар хуралдаанаар хэлэлцүүлж, уг хурлаас дээр нэр дурдагдсан 7 алба хаагчид сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрлэсний дотор нэхэмжлэгч Б.Ган-Эрдэнийг төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрлэсэн, мөн өдөр нь Цагдаагийн ерөнхий газрын дарга уг шийдвэрийг албажуулж, маргаан бүхий Б/504 дүгээр тушаал гаргасан нь Цагдаагийн албаны тухай (2013) хуулийн 18 дугаар зүйлийн 18.5-д “цагдаагийн төв байгууллагын даргын дэргэд түүний эрх хэмжээнд хамаарах асуудлаар зөвлөх эрх бүхий орон тооны бус зөвлөл ажиллана”, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5-д “... /агентлагийн дарга нь / ... сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас ... халах /бүрэн эрхтэй/” гэснийг зөрчөөгүй, эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан шийдвэр байна.
-... шийдвэр хуульд нийцсэн эсэх талаар:
Хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг гаргасан үндэслэлээ “... Б.Ган-Эрдэнэ нь ... согтуурсан үедээ бусадтай маргалдаж, хэрүүл маргаан үүсгэсний улмаас хамт олны дунд таарамжгүй нөхцөл байдлыг бий болгосон, ... Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д заасан “төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” үүргээ биелүүлээгүй, цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм...-ийг зөрчсөн” гэжээ.
Нэхэмжлэгч Б.Ган-Эрдэнэ нь шүүхэд гаргасан тайлбартаа “... тухайн өдөр би хошууч Д.Батзаяатай хэрэлдэж, маргалдаагүй” гэх боловч Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт, аюулгүй байдлын газраас албан хаагчийн амь нас хохирсон хэргийн талаар явуулсан албаны шалгалтын хүрээнд, 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр “Горхи- Мэлхий хад” амралтын газарт амарсан тус хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ж.Бат-Эрдэнэ, ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Д.Батзаяа, аж ахуйн офицер, цагдаагийн дэслэгч Х.Ганболд, сантехникийн слесарь П.Төмөрболд, Н.Баярсайхан, үйлчлэгч М.Эрдэнэчимэг, Г.Эрдэнэчимэг, О.Цэдэвсүрэн, М.Эрдэнэцэцэг, бичиг хэргийн эрхлэгч Б.Ариунаа, бичээч цагдаагийн ахлагч Л.Энхтуяа, түүний нөхөр Д.Мөнхбаясгалан, жижүүрийн цагдаа ахлах ахлагч Д.Батсүх, ахлах ахлагч Ш.Эрдэнэчулуун, ахлах ахлагч Р.Батсуурь, ахлах ахлагч Б.Өлзийбуян, ахлах ахлагч Б.Ган-Эрдэнэ нараас тухайн өдөр болсон үйл явдлын талаар тайлбар авсан, хэрэгт цугларсан эдгээр бичгийн нотлох баримтуудаар 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр “Горхи- Мэлхий хад” амралтын газарт Эрүүгийн цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Д.Батзаяатай жижүүрийн цагдаа ахлах ахлагч Б.Ган-Эрдэнэ, ахлах ахлагч Р.Батсуурь нар хэрэлдэж, маргалдсан нь тогтоогдсон байна.
Түүнчлэн, нэхэмжлэгч Б.Ган-Эрдэнэ нь “... би архи огт уугаагүй байсан” гэх боловч 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын хяналт шалгалтын ахлах байцаагч цагдаагийн дэд хурандаа Б.Батсайханд өгсөн тайлбартаа “... архи уусан байсан” талаараа өөрөө мэдүүлсэн нь хэрэгт авагдсаны зэрэгцээ хошууч Д.Батзаяа, ахлах ахлагч Б.Ган-Эрдэнэ, ахлах ахлагч Р.Батсуурь нар нь хэрэлдэж, маргалдах үедээ “архи ууж, согтуурсан” байсан нь бусад албан хаагчдын бичгээр гаргасан тайлбар, мэдүүлгээр тогтоогджээ.
Цагдаагийн байгууллагын тухай (2013) хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т зааснаар “цагдаагийн хошууч” нь ахлах цол, “цагдаагийн ахлах ахлагч” нь бага цол бөгөөд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “цагдаагийн байгууллага нь нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай”, дээд шатны цагдаагийн алба хаагчийн үүрэг, даалгаварыг доод шатны цагдаагийн алба хаагч биелүүлэх, доод шатны цагдаагийн алба хаагч нь дээд шатны цагдаагийн алба хаагчийн өмнө ажлаа хариуцан тайлагнах үүрэгтэй, “Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм”-ийн 1.9-д “...алба хаагч нь бусадтай зүй бус, хүндэтгэлгүй харилцах ... –аас эрс татгалзах /үүрэгтэй/”, 12.5, 12.12-т “... удирдах албан тушаалтан албан хаагчидтай бүдүүлэг, зохисгүй харилцсан”, “... алба хаагч нь ... бусадтай зүй бус хүндэтгэлгүй харилцсан ...” нь тус тус цагдаагийн алба хаагчийн ёс зүйн зөрчил болохоор тусгайлан журамласан байна.
Үүнээс үзвэл, цагдаагийн хошууч Д.Батзаяатай жижүүрийн цагдаа ахлах ахлагч Б.Ган-Эрдэнэ, ахлах ахлагч Р.Батсуурь нар хэрэлдэж, маргалдсан нь цагдаагийн алба хаагчийн ёс зүйн зөрчил мөн, цагдаагийн ахлах ахлагч Б.Ган-Эрдэнэ нь өөрөөсөө ахлах цолтой алба хаагчид хүндэтгэлгүй хандаж, зүй бус, бүдүүлэг зохисгүй харилцаж “хэрэлдсэн”-ийг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл болохоор байна.
Өөрөөр хэлбэл, цагдаагийн ахлах ахлагч Б.Ган-Эрдэнэ нь архи ууж, согтуурсан үедээ цагдаагийн хошууч Д.Батзаяатай хэрэлдэж муудалцсан нь цагдаагийн алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн, цагдаагийн байгууллагын соёл дэг журмыг сахиагүй гэж үзэх үндэслэл болох тул Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д заасныг зөрчсөн гэх үндэслэлээр Б.Ган-Эрдэнэд сахилгын шийтгэл ногдуулсан нь дээрх хууль, журмын заалтуудтай нийцсэн гэж үзнэ.
Мөн, Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын албаны шалгалт явуулсан талаарх дээр дурдсан танилцуулга, санал, дүгнэлтийг үндэслэн цагдаагийн хошууч Д.Батзаяа, жижүүрийн цагдаа ахлах ахлагч Р.Батсуурьт нарт Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2-т заасан сахилгын шийтгэл ногдуулсан талаарх баримт хэрэгт авагдсныг дурдах нь зүйтэй.
Түүнчлэн, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д “төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш нэг жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно” гэж заасан, нэхэмжлэгч Б.Ган-Эрдэнэ нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 31 дүгээр тушаалаар “Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 13.1.5-д заасан үүргийг биелүүлээгүй, зөрчсөн” үндэслэлээр албан тушаалын цалингийн хэмжээг 6 сарын хугацаагаар, 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл хүлээсэн байх тул түүнийг сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа давтан зөрчил гаргасан гэх үндэслэлтэй, маргаан бүхий захиргааны актаар “төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” сахилгын шийтгэл ногдуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасан “... энэ хуулийн 13 ... дугаар зүйлд заасныг зөрчсөн ... тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан ... сахилгын шийтгэл ... ногдуулах”-аар, “Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм”-ийн 6.3-т “сахилгын шийтгэлгүй тооцох хугацаа дуусаагүй байхад сахилга, ёс зүйн зөрчил давтан гаргасан нь хүндрүүлэх нөхцөл болох”-оор заасантай нийцжээ.
Анхан болон давж заалдах шатны шүүх дээр дурдсан Төрийн албаны тухай болон Цагдаагийн албаны тухай хууль, “Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм”-ийн холбогдох заалтуудыг маргааны үйл баримтуудад холбогдуулан буруу тайлбарлан хэрэглэснээр шүүхийн шийдвэр “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” зарчмыг хангаагүй байна.
Эдгээр үндэслэлээр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитоор харьцуулан үзээгүй, ... хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэх хяналтын гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Цагдаагийн албаны тухай (2013) хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 18 дугаар зүйлийн 18.5, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасныг баримтлан нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 663 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2016/0772 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Ган-Эрдэнийн “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/504 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Эрүүгийн цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн жижүүрийн цагдаагийн албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА