Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2019/ШЦТ/49

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Адъяасүрэн даргалж

 Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч,

Хохирогчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Ж.Жаргалсайхан,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Ю.Нямсүрэн,

Шүүгдэгч О.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бүрдэнэ овогт Очирбатын Лт холбогдох эрүүгийн 1819001460077 дугаартай хэргийг 2018 оны 12 сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт: О.Л

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч О.Л нь 2018 оны 05 сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сум 1-р баг Гуа тээг дэлгүүрийн гадаа иргэн Б.Уянгыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 Шүүгдэгч О.Лийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Удаа дараа энэ асуудлаа больно уу гэж гуйж, хэлж байсан боловч харин ч чамаас өмнө бид хоёр суух гэж байсан, чи яваад өг, чамайг байхгүй бол бид хоёр сайхан амьдрах гээд байна гэж хэлсэн. Ерөнхий эмчийнх нь өрөөнд уулзах гээд дуудуулахад ирээгүй, хоёр дахь удаагаа дуудахад ирж ярилцсан. Гуа тээгийн гадаа уулзаж ярилцахад Уянгийг нэг удаа үсдэж алгадсан. Өөр газар нь хүрээгүй байхад бэртээсэн, гэмтээсэн гэж яриад байгаа. Манай нөхөртэй гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн болохоор би Уянга гэх эмэгтэйтэй муудалцаж алгадсан гэсэн мэдүүлэг,

Хохирогч Б.Уянгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 01-ний 18 цагийн орчимд Л надруу залгаад уулзъя гэхээр нь би за гээд Гуа тээг худалдааны төвийн гадаа охинтойгоо очсон чинь Л миний машинд суугаад янхан банзал минь гээд миний уруул, хамар, нүдрүү гараараа цохиод үсдээд намайг загнаад зодож байснаа намайг Улаан-Уулруу цэргийн ангийн шүүх рүү яв, эсвэл гэрлүүгээ яв гэхээр нь би гэрлүүгээ явсан чинь миний гэрлүү орж байхдаа орцон дотор нуруу руу 2 удаа гараараа цохиод тэгээд гэрт орсон. Тэгээд Лийн дүү нь гээд нэг туранхай өндөр залуу ирчихсэн байсан. Л ширээн дээр байсан эд зүйлийг шидээд Доржоо намайг ийм болтол зодсон би чамайг адилхан болгоно, би шүүхэд ажилладаг байсан, шоронд орсон ч гараад ирж чадах чадалтай хүн, нэг бол чамайг хутга шааж ална гээд намайг одоо чи миний өмнө сөгдөөд уучлалт гуй гэхээр нь би сөгдөөд уучлалт гуйсан чинь чи намайг ингэж зодсон гээд хүн амьтанд яриад яваад үзээрэй, тэгвэл би чамайг ална шүү гэсэн чинь нөгөө туранхай залуу нь эгчээ одоо болно оо гээд Лийг аваад гарсан... охин Маргад хажууд байсан... Тухайн үед Л миний машинд зүүн талын суудал дээр суугаад миний зүүн талын нүдрүү цохиод хамар уруул руу цохьсон. Мөн миний зүүн гарын бүдүүн хэсэгрүү цохьсон. Үснээс 2-3 удаа зулгаагаад өөр лүүгээ татаад байсан. Тэгэхэд үс туг тугаараа унаад байсан. Мөн гэдэсний баруун талаас чимхэж гэдэс рүү баруун гараараа 2 удаа цохиод зүүн хөхний дээд талд маажаад зүүн талын гуянаас чимхээд зүүн гарын гадна тал руу гараараа цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-27-28, 42 дугаар хуудас/,

Гэрч О.Батбямбын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Л эгч буухаар нь би буугаад очсон чинь Л эгч тэр эмэгтэйд Дорж та хоёр явалддаг газар хаана байдаг юм орж үзье гээд ярьж байгаад орц руу эхлээд нөгөө эмэгтэй хүүхэдтэйгээ араас нь Л эгч тэгээд би орсон. Тэр үед тэр эмэгтэй уйлчихсан нүүрнийх нь будаг урссан, нүд улайгаад бөлцийсөн байдалтай байсан... Тэр эмэгтэй Л эгчээс уучлаарай гэж хэлж байсан... Л эгч Дорж та хоёр энэ байранд банзалддаг юм уу гээд ширээн дээр байсан чихрийн таваг, цайны аяга байсныг авч хагалсан...Би Л эгчийн машинаас буусны дараа эхнэртэйгээ 10-аад минут яриад баруун тийшээ офицерийн тийшээ яваад хашаагүй газар байхаар нь бие засаад тамхи татчихаад буцаж байсан чинь Л над руу залгаад эгчийн дүү хүрээд ирээ, араас дагаад яв гэж хэлэхээр нь би нөгөө улаан машиныг дагаад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр хуудас/

Насанд хүрээгүй гэрч У.Маргадын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Махлагдуу эгч урд талын ээжийн хажуу талын сандал дээр орж ирж суугаад уурлаад ээжийг зодоод байсан. Тэгэхээр нь би болиоч гээд уйлсан чинь тэр эгч больлоо гэж хэлчихээд дахиад ээжийг зодоод байсан тэгснээ ээж машинаа асаагаад хөдлөөд яваад гэрийн гадаа очоод гэрлүүгээ орж байсан шат руу өгсөөд явж байх үед тэр эгч дахиад ээжийг нуруу руу нь цохьсон чинь туранхай цагаан цамцтай ах болиоч гэж хэлсэн. Тэгээд манай гэрт тэр эгч бас нөгөө болиоч гэсэн ах ээж бид 2-той цуг ороод нөгөө эгч ширээн дээр байсан чихэрний тавгийг хагалаад уурлаж байгаад гараад явсан. Маргааш өглөө нь болоод боссон чинь ээжийн нэг нүд хавдчихсан гарынх нь бүдүүн хэсгээр хөхөрсөн байсан...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 41 дүгээр хуудас/,

Гэрч Б.Отгонтогтохын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 20 цагийн орчимд Уянга руу залгаад яасан гэж асуусан чинь би очиж чадахгүй байна. Доржийн эхнэр Л намайг зодсон миний нүүр хүн харах нөхцөл алга гэртээ хонолоо гэж байсан... 2018 оны 05 дугаар сарын 06-ны 10 цагийн орчимд гэрт нь яваад очсон чинь Уянгын зүүн нүд хөхрөөд хавдсан хэвтэж байхаар нь би яасан юм бэ гээд асуусан чинь цуг ажилладаг Доржийн эхнэр Л Доржтой хардаад зодчихлоо гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 43 дугаар хуудас/,

Шинжээч эмч Э.Анхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Б.Уянгын биед гэмтлийн зэрэг тогтоох үзлэг хийхэд зүүн нүдний дээд доод зовхи хөхөл өнгийн цус хуралттай, зүүн бугалганы гадна дээд хэсэг 16x10 см улаан хүрэн өнгийн 9x6 см улаан хүрэн өнгийн цус хуралттай. Зүүн хөхний дээд хэсэгт 6x4,5 см улаан хүрэн өнгийн, хэвлийн баруун доод хэсэгт 4x2 см, зүүн доод хэсэгт 1x1 см хөхөлбөр өнгийн цус хуралттай байсан. Үүнийг үндэслэн Б.Уянгын биед хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдлоо гэж дүгнэлт гаргасан. Учир нь Б.Уянгын биед учирсан гэмтлүүд нь нийтдээ хүний биеийн гадаргуугийн нэг хувиас илүү хэмжээтэй гэмтэл байгаа тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ... Хүний биед учирсан зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд хэр гүн хэмжээтэй, хэр том талбайг хамарсан зэргээсээ хамаараад шимэгдэх явц, эдгэрэх цаг хугацаа зэрэг өөр өөр байдаг. ... Уянгын биед учирсан гэмтэл нь түрүүн хэлсэн хэлбэр хэмжээ өнгөний хувьд өөр өөр болохоор цаг хугацааны хувьд 5-7 хоногийн өмнө үүссэн байх боломжтой ...гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар хуудас/,

Шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 165 дугаартай дүгнэлтэнд: ....Б.Уянгын биед зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн бугалга, зүүн хөхний дээд хэсэгт, хэвлийн баруун, зүүн хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт / хх-51 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 200 дугаартай дүгнэлтэнд: хавтаст хэргийн 51 дүгээр талд авагдсан шинжээч эмчийн 02/0165 тоот дүгнэлтэнд Б.Уянгын биед үүссэн зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн бугалга, зүүн хөхний дээд хэсэгт хэвлийн баруун зүүн хэсгийн цус хуралт гэмтэл нь өнгө хэмжээний хувьд нэг цаг хугацаанд буюу 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. / хх- 219 дүгээр хуудас/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-110 дугаар хуудас / зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүгдэгч О.Л нь 2018 оны 05 сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сум 1-р баг Гуа тээг худалдааны төвийн гадаа иргэн Б.Уянгыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Хохирогч Б.Уянга, гэрч О.Батбямба, Б.Отгонтогтох, насанд хүрээгүй гэрч У.Маргад, шинжээч эмч Э.Анхбаярын мэдүүлэг, Шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 165 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 200 дугаартай дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлцэгдсэн бусад нотлох баримтаар тогтоогдож байна. Шүүгдэгч О.Л нь хохирогч Б.Уянгыг 1 удаа алгадаж, 1 удаа нуруу руу нь цохьсон өөр үйлдэл гараагүй тул хохирогчид учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа хэдий ч хохирогч Б.Уянгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2018 оны 05 дугаар сарын 01-ний 18 цагийн орчимд ... Тухайн үед Л миний машинд зүүн талын суудал дээр суугаад миний зүүн талын нүдрүү цохиод хамар уруул руу цохьсон. Мөн миний зүүн гарын бүдүүн хэсэг рүү цохьсон. Үснээс 2-3 удаа зулгаагаад өөр лүүгээ татаад байсан. Мөн гэдэсний баруун талаас чимхэж гэдэс рүү баруун гараараа 2 удаа цохиод зүүн хөхний дээд талд маажаад зүүн талын гуянаас чимхээд зүүн гарын гадна тал руу гараараа цохьсон...” гэсэн мэдүүлэг, Насанд хүрээгүй гэрч У.Маргадын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Махлагдуу эгч урд талын ээжийн хажуу талын сандал дээр орж ирж суугаад уурлаад ээжийг зодоод байсан. Тэгэхээр нь би болиоч гээд уйлсан чинь тэр эгч больлоо гэж хэлчихээд дахиад ээжийг зодоод байсан тэгснээ ээж машинаа асаагаад хөдлөөд яваад гэрийн гадаа очоод гэрлүүгээ орж шат руу өгсөөд явж байх үед тэр эгч дахиад ээжийг нуруу руу нь цохьсон чинь туранхай цагаан цамцтай ах болиоч гэж хэлсэн. ...маргааш өглөө нь болоод боссон чинь ээжийн нэг нүд хавдчихсан гарынх нь бүдүүн хэсгээр хөхөрсөн байсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Отгонтогтохын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2018 оны 05 дугаар сарын 06-ны 10 цагийн орчимд гэрт нь яваад очсон чинь Уянгын зүүн нүд хөхрөөд хавдсан хэвтэж байхаар нь би яасан юм бэ гээд асуусан чинь цуг ажилладаг Доржийн эхнэр Л Доржтой хардаад зодчихлоо гэж хэлсэн гэсэн мэдүүлэг, шинжээч эмч Э.Анхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Б.Уянгын биед гэмтлийн зэрэг тогтоох үзлэг хийхэд зүүн нүдний дээд доод зовхи хөхөл өнгийн цус хуралттай, зүүн бугалганы гадна дээд хэсэг 16x10 см улаан хүрэн өнгийн 9x6 см улаан хүрэн өнгийн цус хуралттай. Зүүн хөхний дээд хэсэгт 6x4,5 см улаан хүрэн өнгийн, хэвлийн баруун доод хэсэгт 4x2 см, зүүн доод хэсэгт 1x1 см хөхөлбөр өнгийн цус хуралттай байсан. Үүнийг үндэслэн Б.Уянгын биед хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдлоо гэж дүгнэлт гаргасан гэсэн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Бүрдэнэ овогт Очирбатын Лийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч О.Л нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хавтаст хэргийн 83-96 дугаар талд авагдсан баримтууд болох хилийн 0126 дугаар ангийн тодорхойлолт, шагнал урамшуулал авч байсан талаарх баримтууд нь шүүгдэгч О.Лийн ажил хөдөлмөртөө үнэнч шударга амжилт гаргаж байсныг нотолсон баримтууд гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Лийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Л нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д заасан хугацаанд төлүүлэхээр тогтоов.

 Хохирогч нь өмгөөлөгчтэй харилцан тохиролцож,хууль зүйн туслалцаа авахаар гаргасан зардал нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд тооцогдохгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1-д заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

Шүүгдэгч О.Л нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар /110/ тогтоогдож байна.

Шүүгдэгч О.Л нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1 . Шүүгдэгч Бүрдэнэ овогт Очирбатын Лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Лийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Лт 450000 төгрөгийн торгох ялыг хуулийн хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Л нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч О.Л нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Лт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН