Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 2019/ДШМ/41

 

 2019            05            06                                          2019/ДШМ/41

О.Л-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                     

      Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Прокурор: Ө.Мөнхнавч,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2019/ШЦТ/49 дүгээр шийтгэх тогтоолтой, шүүгдэгч О.Л-т холбогдох, эрүүгийн 1819001460077 дугаартай, 1 хавтас, 246 хуудас бүхий хэргийг шүүгдэгч О.Лийн давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Дорноговь аймагт --------- оны 06 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, -----настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Хилийн цэргийн ----- дүгээр ангид -------- ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт Дорноговь аймгийн .......сумын 3 дугаар баг, ...... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Бүрдэнэ овогт О-ын Л /ЕВ--------2441/-т холбогдуулан Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч О.Л нь 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг, “Гуа тээг” дэлгүүрийн гадаа иргэн Б.У-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Бүрдэнэ овогт О-ын Л-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Л-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Л-т 450000 төгрөгийн торгох ялыг хуулийн хугацаанд төлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Л нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Шүүгдэгч О.Л нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Л-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.Л давж заалдсан гомдолдоо: Миний хувьд анхан шатны шүүхээс надад оногдуулсан ялыг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ хэрэгт хохирогчоор явж байгаа Б.У гэх эмэгтэй нь манай нөхөр Доржтой гэр бүлээс гадуур уулзаж учирч, эр эмийн харьцаатай болж улмаар жирэмсэн болсон гэж хэлж байсан. Би Б.У-д энэ асуудлаа зогсоо, боль гэдэг талаар удаа дараа хэлж байсан боловч хүлээж аваагүй уулзсаар байсан. Б.У болон нөхрийнхөө энэ байдлыг эмэгтэй хүн, эхнэр хүнийхээ хувьд хүлээж авч чадалгүй түүнтэй уулзаж нэг удаа алгадаж, үсдсэн нь үнэн, энэ үйлдэлдээ гэмшиж байгаа боловч шинжээчийн дүгнэлтэд заасан, хохирогч Б.У-ын мэдүүлсэн шиг түүний бугалга, хөх, хэвлий, нүд, урууланд тийм хэмжээний гэмтлүүдийг би учруулаагүй байж ял шийтгүүлсэнд гомдолтой байна. Уас болж манай нөхөр Дорж надад гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, гар хүрдэг, манай гэрт хэрүүл маргаан тасардаггүй, гэр бүл салахад хүрч байна. Хууль ёсоор гэр бүлтэй гэдгийг мэдсээр байж гэр бүлтэй хүнтэй эр эмийн дотно харилцаатай байгаа, гэр бүлийг үймүүлсэн У хохирогч болоод хариуцлага хүлээхгүй хоцорч байгаад маш их гомдолтой байна. Шинжээчийн дүгнэлт бол хохирогчийн биед ийм ийм гэмтлүүд байна гэснээс биш О.Л намайг тэр гэмтлүүдийг учруулсан гэдгийг тогтоодоггүй. Б.У-д дээрх гэмтлүүдийг өөр хүн учруулсан байж болзошгүй байдлуудыг Б.У өөрөө ярьсан байдаг ба энэ талаар гэрчээр мэдүүлэг өгсөн миний төрсөн дүү О.Батшүрийн мэдүүлэгт “миний суух гэж байгаа хүн намайг гэр бүл үймүүлж эхнэртэй хүнтэй уулздаг талаар мэдээд агсам тавиад гэрээс хөөсөн, Лтэй уулзсан нөхөр чинь байсан болохоор зүгээр өнгөрсөн, нөхрөө явуулсанд баярлалаа” гэж ярьсан байдаг. Энэ байдлуудын талаар цагдаагийн байгууллага нарийн шалгаж тогтоогоогүй байхад хэргийг шийдэж намайг түүнд хөнгөн гэмтэл учруулсан байна гэж ял оноосонд хүлээн зөвшөөрөхгүй, гомдолтой байна гэжээ.

Прокурор Ө.Мөнхнавч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүхээс хэргийг 2019.03.04-ний өдөр хянан хэлэлцээд хэрэгт авагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж, шүүгдэгч Л-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Анхан шатны шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон торгох ялаар ял шийтгэсэн байгаа. Түүнд оногдуулсан ял нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцсэн байсан гэж үзэж байгаа. Шүүгдэгчийн давж заалдсан гомдолтой танилцсан. Түүний гомдолд дурдагдаад байгаа хохирогч У-ын хамаарал бүхий хүн зодсон байж болзошгүй нөхцөл байдлыг эрүүгийн хэргийг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад энэ талаар мөн хөндсөн. Хохирогч талаас тийм нөхцөл байдал байхгүй гэдэг талаараа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн байдаг. Хавтаст хэрэгт авагдсан хохирогч У-ын мэдүүлэг мөн Б, насанд хүрээгүй гэрч М, Н, шинжээчийн 2018.05.10-ны өдрийн 15 дугаартай шинжээчийн дүгнэлтээр түүний үйлдсэн үйлдэл нь нотлогдож байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2019/ШЦТ/49 дүгээр шийтгэх тогтоолд давж заалдах шатны шүүхээс өөрчлөлт оруулан шийдвэрлэлээ.

Учир нь: Шүүгдэгч О.Л-ийн давж заалдсан гомдолд үндэслэн түүний гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлалгүйгээр давж заалдах шатны шүүхээс тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцвэл шүүгдэгч О.Л-т холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдаж байх хугацаанд дууссан тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл бий болсон байна.

2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр шүүгдэгч О.Л нь хохирогч А.У-ыг Дорноговь аймгийн Сайншанд сумын төвд “Гуа тээг” дэлгүүрийн гадаа уулзъя гэж дуудаж, ирсэн үед нь нөхөртэйгээ гэр бүлээс гадуур харилцаа үүсгэлээ гэх үндэслэлээр түүнийг дэлгүүрийн гадаа машинд нь болон гэрт нь дагуулан аваачиж зодсоны улмаас хохирогчийн биед зүүн нүдний хөхрөлт, зүүн хөх, зүүн бугалга, хэвлийн доод хэсгээр хөхрөлт няцралт бүхий хөнгөн зэргийн гэмтлүүдийг учруулсан болох нь хохирогч Б.У /хх-42/, гэрч О.Б /хх 39-40/, насанд хүрээгүй гэрч У.М /хх-41/, Б.О /хх-43/ нарын мэдүүлгүүд, хохирогчийн биед учирсан гэмтэлд гаргасан шинжээчийн 02/0165 тоот дүгнэлт /хх-51/, хэргийн материалаар дахин хийгдсэн шинжээчийн 200 тоот дүгнэлт /хх 218-219/, шинжээч Э.Анхбаяраас гэмтлийн талаар асууж тодруулсан байцаалтын тэмдэглэл /хх 44-45/ зэргээр тус тус тогтоогдсон ба эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан баримтат мэдээллүүд байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан шинжээчийн 02/0165 тоот дүгнэлтийг шүүгдэгч О.Л хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байсан нь тэмдэглэл /хх-ийн 52-53/-ээс харагддаг ба шүүхийн шатанд хэргийн материалаар дахин шинжилгээ хийлгэж,  шинжээчийн 200 тоот дүгнэлт гаргуулж хэргийн оролцогч нарт танилцуулсан /хх-ийн 221/, талуудаас дүгнэлтийн талаар санал хүсэлт гаргаагүй ба мөрдөн шалгах болон шүүхийн шатанд хэргийн оролцогч нарт хэргийн материалыг тус тус танилцуулсан, талуудаас хэргийг нэмж шалгуулах талаар санал хүсэлт гаргаагүй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч О.Л-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн бүлэгт хамаарах ба энэ төрлийн гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийг сарниулах, хөдөлмөрийн чадварыг алдагдуулсан байх шинжээр илэрхийлэгддэг.

Шүүгдэгч О.Л нь хохирогчийг нөхөртэй нь гэр бүлээс гадуур харилцаа үүсгэлээ гэх хувийн шинжтэй маргааныг үүсгэж, түүний эрх чөлөөнд нь халдсаны улмаас түүнд зүүн нүдний хөхрөлт, зүүн хөх, зүүн бугалга, хэвлийн доод хэсгээр хөхрөлт, няцралт бүхий гэмтлүүд учруулсан, уг гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 дүгээр зүйлд зааснаар хохирогчийн эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан хөнгөн хохиролд тооцогдох тул шүүгдэгчийн энэ үйлдэл нь энэ гэмт хэрэгт шалтгаант холбоотой гэж үзнэ. 

Хохирогч Б.У нь өөр бусад байдлаар бэртэж, гэмтсэн гэх нөхцөл байдал хавтаст хэргээр тогтоогдоогүй байна.

Иймээс хохирогч Б.У-ын “ ... тухайн үед Л миний машинд зүүн талын суудал дээр суугаад миний зүүн талын нүдрүү цохиод хамар уруул руу цохьсон. Мөн миний зүүн гарын бүдүүн хэсэг рүү цохьсон. Үснээс 2-3 удаа зулгаагаад өөр лүүгээ  татаад байсан. Тэгэхэд үс туг тугаараа унаад байсан. Мөн гэдэсний баруун талаас чимхэж гэдэс рүү гараараа цохиж, зүүн хөхний дээд талд маажаад, зүүн гуянаас чимхээд байсан“ гэсэн хохирогчоор өгсөн мэдүүлгүүдийг бусад гэрчүүдийн мэдүүлгүүд, шинжилгээний дүгнэлтүүдтэй тус тус харьцуулан шинжлэн судлахад түүний мэдүүлэг нь үнэн зөв, хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримт байна гэж үзэхээр байна.

Эдгээр нөхцөл байдлуудад үндэслэн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх ба мөрдөн байцаалт, прокурор болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

Иймд эдгээр үндэслэлүүдээр шүүгдэгч О.Л-ээс гаргасан хохирогчид учирсан гэмтлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн давж заалдах гомдол нь үндэслэлгүй байх тул хүлээн авах боломжгүй.

Харин шүүгдэгчид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба мөн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар энэ гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь 1 жил,  гэмт хэрэг 2018 оны 05 дугаар сарын 04-нд гарсан, 1 жил 2 хоногийн хугацаа өнгөрсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол бий болсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд хүлээлгэсэн 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлөх үндэслэлтэй болсон байна.

Энэ үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т зааснаар шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нөхцөл бий болж байх тул шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2019/ШЦТ/49 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2-р заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Л-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй” гэснийг,

 “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар шүүгдэгч О.Л-ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэж өөрчилж,

 3, 4 дэх заалтыг тус тус хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Лийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

                            ШҮҮГЧИД                                   Н.БОЛОРМАА

                                                                                А.САЙНТӨГС