Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
Хэргийн индекс | 153/2019/00108/И |
Дугаар | 001/ХТ2020/00368 |
Огноо | 2020-07-09 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2020 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 001/ХТ2020/00368
Б.Т-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 153/ШШ2019/00179 дүгээр шийдвэр,
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 27 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч: Б.Т-
Хариуцагч: Ховд аймгийн хүнс, хөдөө аж ахуйн газар
Хариуцагч: Ховд аймгийн мал, эмнэлгийн газар
нэхэмжлэл: Ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг
Хяналтын журмаар гаргасан Ховд аймгийн мал, эмнэлгийн газрын өмгөөлөгч Д.Хуягбаатарын гомдлыг үндэслэн
Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын тушаалаар тус газрын даргатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр тухайн байгууллагад шуурхай дуудлага үйлчилгээний жолооч гэдэг ажлын байранд ажиллаж байсан. Засгийн газрын 2018-08-22-ны өдрийн 267 дугаар тогтоолоор аймгуудын Хүнс хөдөө аж ахуйн газрын бүтцэд байсан мал эмнэлгийн нэгжийг шинээр бие даасан агентлаг болгон аймгийн Засаг даргын эрхлэх ажлын хүрээнд Мал эмнэлгийн газар байгуулсан. Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрлэлийн сайдын 2018-10-18-ны өдрийн А-174 дугаартай тушаалаар аймаг нийслэлийн мал эмнэлгийн бүтэц орон тоог тогтоосон. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрлэлийн сайдын 2018-12-31-ний өдрийн А-209 дугаартай тушаалаар аймгуудын Хүнс хөдөө аж ахуйн газрын бүтцийг шинэчлэн тогтоосон. Ховд аймгийн Засаг даргын 2019-01-31-ний өдрийн А/31 дугаартай тушаалаар Ховд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын бүтцийг шинэчлэн тогтоосон. Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд холбогдуулан шинээр мал эмнэлгийн газар байгуулагдсантай холбогдуулан хуучин аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн бүтцэд байсан Мал эмнэлгийн албыг Мал эмнэлгийн газар шилжүүлээд Мал эмнэлгийн албан хаагчдын орон тоо цалингийн санг шинээр байгуулагдаж байгаа Мал эмнэлгийн газарт шилжүүлсэн. Ховд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга 2019-01-02-ны өдөр Б/01 дугаартай тушаал гаргаж Ховд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын Мал эмнэлгийн албанд ажиллаж байсан албан хаагчдыг ажлаас нь чөлөөлсөн. Ажлаас чөлөөлсөн шалтгаанаа мал эмнэлгийн газар шинээр байгуулагдсантай холбогдуулан гэж гаргасан. Угтаа ажлаас чөлөөлөх биш ажлаас шилжүүлэх тушаал гаргах байсан. Ажилд зайлшгүй авах шаардлага нь нэхэмжлэгчийн орон тоо цалингийн сан, ажлын байр нь Хүнс хөдөө аж ахуйн газраас мал эмнэлгийн газарт бүрэн дүүрэн шилжсэн. Нэхэмжлэл үндэслэлтэй. Үндсэн хуулиар баталгаажуулсан ажилтны хөдөлмөрлөх эрхийг хангасан шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ховд аймгийн хүнс, хөдөө аж ахуйн газар тайлбартаа: Б.Т- нь Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2017-05-12-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар тус газрын мал эмнэлгийн албанд шуурхай дуулга, үйлчилгээний жолоочоор томилогдон ажиллаж байсан. Засгийн газрын 2018-08-22-ны өдрийн 267 дугаар тогтоолоор Мал эмнэлгийн газар шинээр байгуулсантай холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд болон Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын тушаал гарч, Хүнс хөдөө аж ахуйн газраас Мал эмнэлгийн албаны 10 орон тоо, цалингийн санг мал эмнэлгийн газарт шилжүүлсэн болно. Үүнтэй холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2019-01-02-ны өдрийн Б/01 дүгээр тушаалаар холбогдох дээд шатны байгууллагуудаас ирсэн хууль, журмын дагуу бүтэц, орон тоо шилжсэнтэй холбогдуулан чөлөөлсөн нь үнэн болно. Мал эмнэлгийн газрын дарга Д.Батцэнгэл нь мал эмнэлгийн албаны ажилтан, албан хаагчдыг байгууллагадаа томилон ажиллуулсан атлаа Б.Т-г шуурхай дуудлага, үйлчилгээний жолоочоор томилж ажиллуулаагүй байгаа нь буруу гэж үзэж байна. Аймгийн Мал эмнэлгийн газрын бүтэц, орон тоонд шуурхай дуудлага, үйлчилгээний жолоочийн ажлын байр, цалингийн санг хадгалагдаж байгаа болно гэжээ.
Хариуцагч Ховд аймгийн мал, эмнэлгийн газар тайлбартаа: Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу иргэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах эрхийг ажил олгогч эдлэхээр хуульчилсан бөгөөд миний бие дээрх эрхийнхээ хүрээнд шуурхай дуудлага, үйлчилгээний жолоочоор Т.Энхтүвшинг ажилд авч хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Гэтэл нэхэмжлэгч нь шуурхай дуудлага, үйлчилгээний жолоочийн ажлын байранд өөрийгөө томилохгүй байгааг хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь Ховд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын даргын Б/01 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан атлаа манай байгууллагыг хариуцагчаар татаж жолоочийн ажлын байранд томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгохоор шаардлага гаргасан нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 153/ШШ2019/00179 дүгээр шийдвэр гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, Төрийн албан тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасныг баримтлан шуурхай үйлчилгээний жолоочийн ажилд томилохгүй байгаа Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Б.Т-г Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын шуурхай үйлчилгээний жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Ховд аймгийн Мал эмнэлгийн газраас олговор 1,737,427 төгрөг гаргуулан Б.Т-д олгож, нэхэмжлэлээс 136,746 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар Б.Т-гийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг Ховд аймгийн Мал эмнэлгийн газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар Ховд аймгийн Мал эмнэлгийн газраас 112,949 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн байна.
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 27 дугаар магадлалаар Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 153/ШШ2019/00179 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, Төрийн албан тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасныг баримтлан” гэснийг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128 дугаар зүйлийн 128.1.11-т заасныг баримтлан” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалт хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тал давж заалдах шатны журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурджээ.
Хариуцагч Ховд аймгийн мал, эмнэлгийн газрын өмгөөлөгч хяналтын гомдолдоо: Б.Т- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газрыг хариуцагчаар татаж нэхэмжлэлийн шаардлагадаа Ховд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын даргын 2019-01-02-ны өдрийн Б/01 дүгээр тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн байгаа. Уг Б/01 дүгээр тушаалаар нэр бүхий 10 ажилчдыг ажлаас чөлөөлсөн байдаг ба нэхэмжлэгч Б.Т- нь тэдгээр ажилчдыг төлөөлөн нэхэмжлэл гаргах бүрэн эрхгүй байсаар байхад нэхэмжлэлийг хүлээн авч хянан шийдвэрлэсэн нь ИХШХШТХ-н 65.1.5-г зөрчсөн. Хоёр. Мөн нэхэмжлэлийн шаардлагадаа урьд эрхэлж байсан шуурхай дуудлага, үйлчилгээний жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн байдаг ба хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат нь дээрх нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын шуурхай үйлчилгээний жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох гэж өөрчилснийг шүүхээс нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан гэж дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэхээр байна. Учир нь урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох гэсэн нэхэмжлэлийн шаардлага нь Хүнс хөдөө аж ахуйн газарт хамаарах шаардлага байсан гэж ойлгогдохоор байгаа ба Мал эмнэлгийн газрын гэж шаардлагаа өөрчилснөөр хариуцагч нь өөрчлөгдсөн бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн явдал нь нэхэмжлэлийн хувийг гардуулж өгөх, хариуцагчаас хариу тайлбар авах журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй талаар Нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх нь Ховд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын даргын 2019-01-02-ны өдрийн Б/01 дугаартай тушаалын дагуу ажлаас хууль бусаар чөлөөлөгдсөнөөр зөрчигдсөн гэж нэхэмжлэгч үзэж түүнийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба уг тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн холбогдох заалтуудыг зөрчсөн болох нь нотлогдож байгаа. Шүүхээс нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байр нь Ховд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын бүтэц орон тооноос Ховд аймгийн Мал эмнэлгийн газарт шилжсэн байх бөгөөд тус иргэний хэргийн хариуцагч нь Ховд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар биш байх тул түүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ИХШХШТХ-н 116.2 дахь заалтад нийцээгүй үндэслэлгүй дүгнэлт гэж үзэж байна. Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар Нэг. Маргаан бүхий захиргааны актын талаар шүүхээс ямар нэгэн хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр, хэт нэг талыг барьж зөвхөн орон тоо шилжсэн гэсэн үндэслэлээр ИХШХШТХ-н 115.2.2 дахь заалтыг удирдлага болгон холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. ИХШХШТХ-н 115.2.2 дахь хэсэгт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох зохицуулалт болохоос нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох зохицуулалт биш юм. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Б.Т- 2019-03-01-ний өдөр шүүхэд хандаж, 2019 оны Б/01 дугаар тушаалын Б.Т-д холбогдох хэсгийг хүчингүй болгох шаардлагыг Ховд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газарт, шуурхай үйлчилгээний жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2019-01-02-ны өдрөөс 2019-04-25-ны өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэх шаардлагыг Ховд аймгийн Мал эмнэлгийн газарт тус тус холбогдуулан гаргасан байна.
Нэхэмжлэгч үндэслэлээ тайлбарлахдаа “...аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт шуурхай дуудлага үйлчилгээний жолоочоор ажиллаж байхад уг байгууллагын бүтцэд байсан Мал эмнэлгийн албыг шинээр байгуулагдсан Мал эмнэлгийн газарт шилжүүлсэн... албанд ажиллаж байсан 10 хүнийг Мал эмнэлгийн газарт шилжүүлсэн боловч намайг ажилд авахгүй байна... Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга 2019-01-02-ны өдөр Б/01-р тушаал гаргахдаа албан хаагчдыг ажлаас нь чөлөөлөх бус, харин шилжүүлэх байсан...” гэжээ.
Хариуцагч Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...Мал эмнэлгийн газар шинээр байгуулсантай холбогдуулан Хүнс хөдөө аж ахуйн газраас Мал эмнэлгийн албаны 10 орон тоо, цалингийн санг Мал эмнэлгийн газарт шилжүүлсэн... хууль, журмын дагуу ажилчдыг нь чөлөөлсөн... Мал эмнэлгийн газарт.. шуурхай дуудлага, үйлчилгээний жолоочийн ажлын байр, цалингийн сан байгаа...” гэжээ.
Хариуцагч Ховд аймгийн Мал, эмнэлгийн газар нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “... хөдөлмөрийн гэрээ байгуулах эрхийг ажил олгогч эдлэхээр хуульчилсан... иймд шуурхай дуудлага, үйлчилгээний жолоочоор Т.Энхтүвшинг ажилд авч хөдөлмөрийн гэрээ байгуулсан...” гэжээ.
Анхан шатны шүүх Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Б.Т-г Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын шуурхай үйлчилгээний жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, олговор 1,737,427 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Ховд аймгийн Мал эмнэлгийн газарт даалгаж, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт холбогдох нэхэмжлэлийн хамт хэрэгсэхгүй болгосон байна.
Давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээжээ.
Хариуцагч Ховд аймгийн Мал, эмнэлгийн газар гомдолдоо “... Хүнс хөдөө аж ахуйн газрын даргын 2019 оны Б/01 дүгээр тушаалд заасан нэр бүхий 10 ажилчдыг Б.Т- төлөөлөн нэхэмжлэл гаргах бүрэн эрхгүй байхад нэхэмжлэлийг хүлээн авсан... “...урьд эрхэлж байсан ажил..” гэдэгт Хүнс хөдөө аж ахуйн газарт хамаарах шаардлага байсан..гэтэл үүнийг Мал эмнэлгийн газарт холбогдох шаардлага гэж өөрчилснөөр... нэхэмжлэлийн хувийг гардуулах, хариу тайлбар авах журмыг зөрчсөн... хариуцагч нь Ховд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар биш байхад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь буруу... ИХШХШТХ-н 115.2.2 нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох зохицуулалт биш..” гэжээ.
Хяналтын шатны шүүхэд гаргасан Ховд аймгийн Мал, эмнэлгийн газрын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
1. “... Хүнс хөдөө аж ахуйн газрын даргын 2019 оны Б/01 дүгээр тушаалд заасан нэр бүхий 10 ажилчдыг Б.Т- төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхгүй байхад нэхэмжлэлийг хүлээн авсан... хариуцагч нь Ховд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар биш байхад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон...” гэх гомдлоор шийдвэр магадлалыг хүчингүй болгох боломжгүй байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, хариуцагч нар нь өөр өөр хуулийн этгээд байх бөгөөд Ховд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрыг мөн аймгийн Мал эмнэлгийн газар төлөөлөх эрхтэйг нотлох баримт байхгүй байна.
Иймд Ховд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газарт хамаарах үндэслэлээр хариуцагч Ховд аймгийн Мал, эмнэлгийн газрын хяналтын гомдлыг хангах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 35 дугаар зүйлийн зохицуулалтад нийцэхгүй юм.
2. “...Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн...” гэх агуулга бүхий гомдол шийдвэр магадлалыг хүчингүй болгох нөхцөл болохгүй.
Шүүх Б.Т-гийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаагүй тул нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсгийг баримталсан нь зөв бөгөөд давж заалдах шатны шүүх мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.
3. Нэхэмжлэгчийн “...урьд эрхэлж байсан ажилд тогтоолгох нэхэмжлэл нь Хүнс хөдөө аж ахуйн газарт хамаарах шаардлага байсан...гэтэл шүүх хуралдаан дээр үүнийг Мал эмнэлгийн газарт холбогдох шаардлага гэж өөрчилснөөр... нэхэмжлэлийн хувийг гардуулах, хариу тайлбар авах журмыг зөрчсөн...” гэх гомдол үндэслэлгүй байна.
Б.Т- нь шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа хариуцагчаар Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар болон Мал эмнэлгийн газрыг хариуцагчаар тодорхойлж, Хүнс хөдөө аж ахуйн газрын даргын 2019 оны Б/01 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, шуурхай үйлчилгээний жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгахыг шаардсан /хх1/ бөгөөд уг шаардлагаа шүүх хуралдаан дээр тодруулсан /хх89-109/ байна.
Ховд аймгийн Мал эмнэлгийн газар нь мөн аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт ажиллаж байсан нэхэмжлэгчийг шуурхай үйлчилгээний жолоочоор үргэлжлүүлэн ажиллуулах ёстой боловч ажиллуулахгүй байгааг хууль бус гэж үзэж шүүхэд хандсан гэдэг нь Б.Т-гийн нэхэмжлэлийн агуулгад тодорхой, ойлгомжтой /хх1/ байна.
Уг нэхэмжлэлийн хувийг хяналтын гомдол гаргасан тал 2019-03-12-ны өдөр хүлээн авч /хх15/, мөн сарын 26-ны өдөр хариу тайлбар гаргаж мэтгэлцэхдээ /хх19/ “... иргэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах эрхийг ажил олгогч эдлэхээр хуульчилсан...энэ эрхийнхээ хүрээнд шуурхай дуудлага, үйлчилгээний жолоочоор Т.Энхтүвшинг жолоочоор авсан...гэтэл нэхэмжлэгч шуурхай дуудлага, үйлчилгээний жолоочийн ажлын байранд өөрийгөө томилохгүй байгааг хууль бус болохыг тогтоолгохоор ..шаардлага гаргасан нь..үндэслэлгүй..” гэж маргаж байжээ.
Ховд аймгийн Мал, эмнэлгийн газарт шуурхай дуудлага, үйлчилгээний жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын талаар зохигч нар мэтгэлцсэн байх ба тэдгээрийн тайлбар, гаргасан баримтын хэмжээнд шүүх нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсгийг зөрчөөгүй байна.
Иймд “..нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хуралдаан дээр өөрчилсөн..” гэх гомдол үндэслэлгүй гэж үзнэ.
4. Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Хэрэгт авагдсан баримтаар Ховд аймагт Мал эмнэлгийн газар байгуулагдсантай холбогдуулан мөн аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын Мал эмнэлгийн албанд ажиллаж байсан 10 хүн Мал эмнэлгийн газарт ажиллах болсон нь тогтоогджээ.
Ховд аймгийн Мал эмнэлгийн газар нь Б.Т-г ажилд авсан, ажлаас халсан шийдвэрийг бичгээр гаргаж өгөөгүй атлаа ажил үүргийг нь гүйцэтгүүлэхгүй, цалин хөлс олгохгүй байгааг ажлаас халсантай адилтган үзнэ.
Иймд шүүх нэхэмжлэгчийг Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын шуурхай үйлчилгээний жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулан, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг Ховд аймгийн Мал эмнэлгийн газарт даалгасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.
Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын “...шуурхай дуудлага, үйлчилгээний жолооч..” гэх ажлын байр нь мөн аймгийн Мал, эмнэлгийн газарт “...шуурхай үйлчилгээний жолооч..” гэж нэрлэгдэх болсон /хх 2,29,64/ нь тогтоогдсон байх тул Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын “шуурхай дуудлага, үйлчилгээний” жолооч Б.Т-г мөн аймгийн Мал, эмнэлгийн газрын “шуурхай үйлчилгээний” жолоочийн ажилд тогтоосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь хэсэгт нийцсэн гэж үзлээ.
Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагч Ховд аймгийн Мал, эмнэлгийн газрын өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 27 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын өмгөөлөгч Д.Хуягбаатарын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагч Ховд аймгийн Мал эмнэлгийн газраас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Б.УНДРАХ