Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 60

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга М.Өнөрмаа, улсын яллагч Х.Еркебулан, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ган-Очир  шүүгдэгч Д.Батзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Зоноров овогт Дамдины Батзаяад холбогдох эрүүгийн 201621000134 дугаартай, 153/2016/0062/Э/ индекстэй хэргийг 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1998 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Ховд аймгийн Манхан суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6 эцэг, эх, 3 дүүгийн хамт Ховд аймгийн Жаргалант сум Бичигт багийн 7 дугаар гудамж 26 тоотод оршин суух,  аминдаа хоёр өрөө хувийн сууц, Карина маркын авто машин, хашаа нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 700000 төгрөг, гэмт хэрэгт холбогдох үедээ Ховд аймгийн Жаргалант сумын 12 жилийн 1 дүгээр сургуулийн 12- ын В бүлэгт суралцаж байсан,  ял шийтгэлгүй, ПЖ98020617 дугаарын регистртэй  Зоноров овогт Дамдины Батзаяа.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Батзаяа нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шууд санаатай шунахайн сэдэлттэйгээр Ховд аймгийн Жаргалант сумын  Бичигт багийн 7 дугаар гудамжны 21 тоот хашаанд байрлах "Чандмань" нэртэй хүнсний дэлгүүрт 2016 оны 6 дугаар сарын 9-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 10-нд шилжих шөнө нэвтрэн  орж, хар өнгөтэй эмэгтэй хүний цүнх, нүүрний тос, пүүдр, Нескүйк нэртэй шоколад 2 ширхэг болон бэлэн 785 000 төгрөг хулгайлж, улмаар хохирогч Ц.Цэнээд 822800 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3, 4-5 дугаар хуудас/.

Эд зүйл хураан авсан тэмдэглэлээр Д.Батзаяагаас 20000 – тийн мөнгөн дэвсгэрт 11 ширхэг, 10000 – тийн мөнгөн дэвсгэрт 20 ширхэг, 5000 – тийн мөнгөн дэвсгэрт 48 ширхэг нийт 660000 төгрөгийг хураан авсан баримт ,  тогтоол, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл,/хх-ийн 7-9 дүгээр хуудас/

 Хураан авсан эд зүйлийг хохирогч Ц.Цэнээд  хүлээлгэн өгсөн тэмдэглэл / 10-11 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтад хохирогч / Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 7 дугаар гудамж 21 тоотод оршин суух /  Ц.Цэнээгийн өгсөн “...Би Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 7-21 тоот хашаандаа "Чандмань" нэртэй 6 нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулдаг. Тэгтэл 2016 оны 6 дугаар сарын 9-нээс 10-нд шилжих шөнө манай дэлгүүрийн гал тогооны өрөөний цонхоор орж өлгүүрт өлгөчихсөн байсан хар өнгийн эмэгтэй хүний цүнхтэй 785000 төгрөг, нүүрний тос, пүүдр, дэлгүүрээс Нескүйк гэх нэртэй шоколад 2 ширхэг зэргииг хулгайлсан байна. Би урьд өгсөн тайлбар дээрээ өөрийн цахим үнэмлэх, хөгжлийн дэвтэр хоёроо тухайн цүнхэн дотор байсан гэж бодоод алга болсон гэж хэлсэн тэгтэл өөр өөр цүнхэнд дээрхи эд зүйлүүд байсан байна.  2016 оны 06 дугаар сарын 09-ний орой 22 цагийн орчим дэлгүүрээ хаагаад 23 цагийн орчим унтсан. Нескүйк гэртэй шоколад нэг ширхэгийг нь 900 төгрөгөөр тус тус үнэлж байна. Надад учруулсан бодит хохирлыг арилгаж өгнө үү..." гэх мэдүүлэг /хх-ийн 12-14 дүгээр хуудас/.

Мөрдөн байцаалтад гэрч  И.Дамдингийн өгсөн…Миний хүү Д.Батзаяа нь 1998 оны 02 сарын 06-ны өдөр Ховд аймгийн Манхан суманд төрсөн, 2005 онд Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуульд орж 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 12 дугаар анги төгссөн. Одоо элсэлтийн ерөнхий шалгалт өгч байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, Тамхи татдаггүй. Урьд өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй… гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Э.Байгальмаагийн өгсөн…Миний хүү Д.Батзаяа нь 1998 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Ховд аймгийн Манхан суманд төрсөн, 2005 онд Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуульд орж 2016 оны 06 дугаар сарын 14-ний  өдөр 12 дугаар анги төгссөн. Одоо элсэлтийн ерөнхий шалгалт өгч байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, Тамхи татдаггүй. Урьд өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Гэмт хэрэг зөрчилд холбогдоход ар  гэрийнхний зүгээс шалтгаалсан зүйл байхгүй… гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Х.Отгонбаярын өгсөн…Би 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 19 цагийн орчим гудамжныхаа доод талд найз Хараагийн хамт сууж байтал Д.Батзаяа ирээд бид гурав арын гудамжинд байх сагсны талбай дээр очиж сагс тоглочихоод хүүхдийн парк руу алхаж байгаад цаг хартал орой болчихсон байхаар нь хаах болж байгаа юм чинь очоод дэмий юм байна гэж бодоод буцаж гэрлүүгээ алхсан. Замд би гэртээ үлдсэн. Д.Батзаяа, Хараа хоёр гэрлүүгээ явсан. Бид нар согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Д.Батзаяаг хулгайн гэмт хэрэг үйлдсэн  талаар мэдэх зүйл алга байна… гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч Н.Саранбатын өгсөн "... Би 2016 оны 06 дугаар сарын 09-ний 19 цагийн орчим гудамжныхаа доод талд найз Х.Отгоогийн хамт сууж байтал  Д.Батзаяа ирээд бид гурав арын гудамжинд байх сагсны талбай дээр сагс тоглочихоод хүүхдийн парк руу алхаж байгаад цаг харахад  орой болчихсон байхаар нь хаах болж байгаа юм чинь очоод дэмий юм байна бодоод гэж буцаад гэрлүүгээ алхсан.  Замд Отгоо гэрлүүгээ орсон Д.Батзаяа  бид хоёр гудамжныхаа доод талд юм ярьж сууж байгаад "Алтай таван богд" гэх нэртэй дэлгүүр орж 2.5 литрийн "Боргио" нэртэй пиво аваад ард талын гудамжинд байх сагсны талбай дээр очиж уучихаад 6 дугаар сургуулийн ойролцоо очоод би Золоо гэх охинтой уулзсан. Д.Батзаяа намайг хэсэг хүлээж байгаад түрүүлээд гэрлүүгээ ганцаараа явсан. Би Золоотой уулзаад байж байгаад гэрлүүгээ явсан. Золоо, Д.Батзазяаг хараагүй, мэдээгүй уулзахдаа би очиж уулзсан. Д.Батзаяа зайтай хүлээж байгаад явсан. Өөр надад мэдэх зүйл алга байна. Бараг эрүүл байсан. Надад тэр талаар мэдэх зүйл алга байна. Золоо бид хоёр зүгээр найзууд байгаа юм... гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/.

Мөрдөн байцаалтад Гэрч Б.Золзаяагийн өгсөн "...Би 2016 оны 6 дугаар сарын 9-ний орой 23 цаг 30 минутын үед гэртээ байж байтал миний танил Н.Саранбат гэх хүүхэд над руу залгаад: "гэрийн чинь гадна талд байна гараад ир" гэхээр нь хашааныхаа гадна гарахад Н.Саранбат зогсож байсан. Харанхуй байсан учраас тухайн хүүхдийн царайг хараагүй, Н.Саранбатыг хэсэг хүлээж байгаад түрүүлээд явчихсан. Араас 50 орчим минутын дараа Н.Саранбат гэрлүүгээ явсан. Бид хоёр зүгээр найзууд байгаа юм. Н.Саранбат бид хоёроос зайтай хүлээгээд зогсож байсан болохоор нэрийг нь мэдэхгүй царайг нь хараагүй, хэсэг хүлээж байгаад Б.Саранбатаас түрүүлээд яваад өгсөн. Юу хийж амарч байна гэх мэт ойр зуурын үг яриа, хэлж ярьж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/.

Эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримтаар ... хар өнгийн эмэгтэй цүнх- 30000 төгрөг, нүүрний тос -1000 төгрөг, нүүрний пудр – 5000 төгрөг, нистик шоколад- 1800 төгрөг нийт 37800 төгрөг, 785000 төгрөг, нийт  хулгайд алдагдсан эд зүйлийн  үнэ  822.800  төгрөг  ... гэх баримт   /хх-ийн 21 дүгээр хуудас/

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор сэжигтэн Д.Батзаяагийн 32 инчийн Toshiba маркын зурагтыг  битүүмжилсэн мөрдөн байцагчийн 2016 оны 07 сарын 21- ний өдрийн “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”,  гэрэл зургийн  үзүүлэлт /хх-ийн 22-23 дугаар хуудас/

Эд зүйлийн үнэлгээ тогтоолгох баримт/хх-ийн 26 дугаар хуудас/

 Мөрдөн байцаалтад Д.Батзаяагийн  сэжигтэн, яллагдагчаар өгсөн  "...Би 2016 оны 06 дугаар сарын 09-ний  өглөө 10 цагийн үед Ерөнхий боловсролын нэгдүгээр сургууль дээр очиж  давтлаганд суучихаад 17 цагийн орчим гэртээ очоод хоолоо идчихээд 19 цагийн орчим гэрээсээ гараад гудамжныхаа доод талд найзууд болох Хараа, Отгоо хоёртой уулзаад арын гудамжинд байх сагсны талбай дээр очиж сагс тоглочихоод  гурвуулаа  хүүхдийн парк руу алхаж байгаад цаг хартал 22 цаг 30 минут болчихсон байхаар нь хаах болж байгаа юм чинь очоод дэмий юм байна гэж бодоод буцаад гэрлүүгээ алхсан. Замд Отгоо гэрлүүгээ орсон Хараа бид хоёр гудамжныхаа доод талд юм яриад сууж байтал Хараа архи ууя гээд бид хоёр "Алтай таван богд" гэх нэртэй дэлгүүр орж 2.5 литрийн "Боргио" нэртэй пиво аваад ард талын гудамжинд байх сагсны талбай дээр очиж уучихаад 6 дугаар сургуулийн ойролцоо очоод Хараа охинтой уулзсан. Би хэсэг байж байгаад түрүүлээд гэрлүүгээ ганцаараа явсан. Замдаа 00 цаг 30 минутын үед "Чандмань" нэртэй дэлгүүрийн цонхоор нь ороод хар өнгийн эмэгтэй хүний цүнхтэй 785.000 төгрөг, шар өнгийн цаастай 2 ширхэг шоколад аваад дэлгүүрийнх нь хаалгыг дотор талаас нь онгойлгож гараад гэрлүүгээ явах замдаа хар өнгийн эмэгтэй хүний цүнхийг нь гудамжинд хаячихаад гэртээ харьсан. Бага зэрэг согтуу байсан. Дэлгүүр доторхи гал тогооны өрөөнд байсан. Пудр, нүүрний тос байсан. Би тухайн эд зүйлүүдийг цүнхтэй нь хамт хаячихсан,  Цагдаад мэдэгдсэнийхээ дараа эргэж хайгаад олоогүй ...” гэх мэдүүлэг. /хх-ийн 31-32, 33-34 дүгээр хуудас/.

Яллагдагч Д.Батзаяагийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 35, 36-39 дүгээр хуудас/

Хохирогч Ц.Цэнээгийн Ховд аймгийн Цагдаагийн газарт гаргасан... Бичигт багийн  07-21 тоот хашаанд  үйл ажиллагаа явуулдаг хүнсний 6 нэрийн барааны Чандмань дэлгүүрт хулгай орсон. Одоо уг  эзэн нь хохирлоо бүрэн барагдуулж өгсөн болно. Иймд гомдолгүй гэсэн өргөдөл гаргаж өгөв... гэх баримт  зэрэг болно. 

Хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтууд нь хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэхэд  хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуулийн шаардлага хангасан, тэднийг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу эрх, үүргийг нь  тайлбарлан өгч, хууль сануулсан, хууль зөрчөөгүй тул хэрэгт хамааралтай ач холбогдолтой гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Батзаяа мэдүүлэг өгөхгүй гэсэн тул түүний мөрдөн байцаалтад  өгсөн мэдүүлгийг уншиж танилцуулав.

Хэрэгт авагдсан дээрхи нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтыг үнэлж  дүгнэвэл: Шүүгдэгч Зоноров овогт Дамдингийн Батзаяа нь 2016 оны 06 сарын 09-нээс 10-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 7 дугаар гудамж 21 тоотод байрлах Чандмань нэртэй дэлгүүрийн цонхоор нэвтрэн орж, 822500 төгрөгний эд хөрөнгийг хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн нь  шүүгдэгч Д.Батзаяагийн мөрдөн байцаалтад хэргээ хүлээн мэдүүлсэн... Шөнө дэлгүүрийн цонхоор орж, гал тогооны өрөөнд өлгүүрт байсан хар цүнхийг авч хаалгаар нь гарсан. Цүнхийг нь гудамжинд хаясан. Хохирогчид учирсан хохирлыг төлсөн... гэх мэдүүлэг, хохирогч Ц.Цэнээгийн ... 2016 оны 06 сарын 09- нээс 10- нд шилжих шөнө манай дэлгүүрийн гал тогооны өрөөний цонхоор орж өлгүүрт байсан 785000 төгрөгтэй хар өнгийн цүнх зэрэг эд зүйлийг авсан байсан ... гэх мэдүүлэг, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл  зураг, шүүгдэгч Д.Батзаяагаас 660000 төгрөг хураан авсан тэмдэглэл, тогтоол, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. 

 Шүүгдэгч Д.Батзаяагийн дээрхи үйлдсэн гэмт хэрэгт Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Д.Батзаяаг бусдын орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Батзаяа нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн  нь хэргийн 42 дугаар хуудас дахь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” – аар тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч Д.Батзаяа нь  гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн нь эд зүйлийг хураан авсан болон хүлээлгэн өгсөн тогтоол тэмдэглэл, хохирогч Ц.Цэнээгийн Цагдаагийн газар  гаргасан болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн ... хохирол төлсөн. Ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү ... гэсэн хүсэлт  зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа  болно.

Шүүгдэгч Д.Батзаяа нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа, 12 жилийн дунд сургууль төгсөж, улмаар Ховд Их сургуульд элсэн суралцах болсон, хөдөлмөр эрхэлдэггүй, эцэг эхийн хамт амьдардаг  зэрэг шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд  эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр хорих ял оногдуулж, хорих  ялыг биечлэн эдлүүлэхгүй байх нь зүйтэй үзлээ.

Эрүүгийн 2016 21000134 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй байна.

Шүүгдэгч Д.Батзаяа нь бусдад төлөх төлбөрийг төлсөн байх тул түүний  эзэмшлийн 32 инчийн Toshiba маркын зурагтыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 07 сарын 21- ний өдрийн “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”- ыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар хүчингүй  болгов.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294 дүгээр зүйлийн 294.1, 294.2, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Зоноров овогт Дамдины Батзаяаг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Зоноров овогт Дамдины Батзаяаг эд хөрөнгө хураахгүйгээр 2 / хоёр / жилийн  хугацаагаар хорих ялаар  шийтгэсүгэй.

 3.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Д.Батзаяад оногдуулсан 2 жилийн   хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид  эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн 201621000134 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч  цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч Д.Батзаяад  оногдуулсан   2 жилийн  хугацаагаар хорих ялыг тэнсэж,  1/нэг/  жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар шүүгдэгч Д.Батзаяагийн эзэмшлийн 32 инчийн Toshiba маркын зурагтыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 07 сарын 21- ний өдрийн “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”- ыг хүчингүй  болгосугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1, 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид өмнө  бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсныг  хэвээр хэрэглэсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл  тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах ,  улсын яллагч, дээд шатны прокурор  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Т.ЦЭЦЭГМАА