Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2020/00406

 

Г.Х-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2019/01759 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 1447 дугаар магадлалтай,

Г.Х-ын нэхэмжлэлтэй,

“С” ГҮТББ-д холбогдох,

Гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж, барилгын сантехникийн инженерийн ажил, албан тушаалд томилж, хугацаагүй гэрээ байгуулахыг даалгах, гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохиролд 7 335 478 төгрөгийг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Жавхлантөгсийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Х-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Жавхлантөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Х- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн С үйлчилгээний төвд барилга төсөл, сантехникийн инженерээр ажилд орсон бөгөөд тухайн үед С үйлчилгээний төвийн ашиглалтын захиргааг С үйлчилгээний төвд худалдаа эрхлэгчдийн холбоо гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага эрхлэн явуулдаг байсан.

2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр С үйлчилгээний төвд худалдаа эрхлэгчдийн холбоо нь С худалдаа үйлчилгээний төвийн ашиглалтын захиргааг “Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээ”-ний дагуу “С-д бизнес эрхлэгч Цэлмэг төв” ГҮТББ-д шилжүүлсэн. Улмаар мөн өдрөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг үндэслэн №1 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал гарган намайг ажлаас халсан. Энэ нь хууль зүйн үндэслэлгүй тул ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага гаргасан.

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж дараах үндэслэлээр гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргасан болно.

Үүнд: Ашиглалтын үйл ажиллагаа явуулах гэрээний 3.2-т зааснаар ажил олгогч нь ажилтнуудын өмнө хүлээсэн эрх үүргээ шинэ төрийн бус байгууллагад шилжүүлэн өгсөн. Байгууллагын үйл ажиллагааны чиглэл өөрчлөгдөөгүй учир хөдөлмөрийн гэрээтэй ажилчид болон хуучин төрийн бус байгууллагын ажилтан, албан хаагчийн гэрээг шинэчилж үргэлжлүүлэн ажиллах үүрэгтэй гэдэг заалт орсон байдаг. Тус гэрээний заалтыг хэрэгжүүлэх үүднээс гэрээний хавсралт хоёроор 21 ажилтны нэрс болон бичиг баримтыг 2 төрийн бус байгууллага хүлээн авч, З.Мөнгөнхуяг ажилчдыг шилжүүлэхээр ажлаас чөлөөлсөн тушаал гарган нийгмийн даатгалын дэвтэрт С бизнес эрхлэгчдийн холбоо-г Цэлмэг төвд шилжүүлэн өгөв гэсэн бичиг хийж өгсөн.

“С” ГҮТББ нь хөдөлмөрийн харилцааг үргэлжлүүлж, гэрээг шинэчлэн байгуулан ажилчдыг үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй байтал надад хөдөлмөрийн гэрээг 3 сарын туршилтын хугацаатайгаар байгуулна гэсэн агуулгатай санал тавьсан байдаг. Би Сд 2 жил ажилласан учраас туршилтаар ажиллах үндэслэл байхгүй. Би хугацаагүй гэрээ байгуулахыг хүссэн албан бичиг хүргүүлсэн боловч төлөөлөн удирдах зөвлөлийн дарга М.Мөнхчулуун ажилд авах боломжгүй гэх хариу ирүүлж, өмнөх албан тушаалд шинэ ажилтан авч ажиллуулсан байна. Тус ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчид буюу гуравдагч этгээдэд ашигтай гэрээ байх тул гэрээний дагуу гуравдагч этгээдийн хувьд шаардах эрхтэй гэж үзэж байна.

Иймд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т зааснаар эрх зөрчсөн үйлдлийг зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээн, хариуцагчид гэрээгээр хүлээсэн үүрэг болох надтай барилгын сантехникийн инженерийн албан тушаалд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгаж, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул надад учирсан хохирол болох зайлшгүй олох ёстой байсан орлого 7 355 478 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт ажилгүй байсан хугацааны нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ч.Энхцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хоёр төрийн бус байгууллагын хооронд Ашиглалтын үйл ажиллагаа шилжүүлэх гэрээ байгуулсан. Иргэний хууль болон төрийн бус байгууллагын хууль тогтоомжид эрх үүрэг шилжихтэй холбоотой хуулийн заалт байхгүй. Төрийн бус байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт үлдэж байгаа эд хөрөнгийг шилжүүлэн авах гэсэн заалт байдаг, өмнөх бизнес эрхлэгчдийн холбоо гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага татан буугдаагүй, үйл ажиллагаа явуулж байгаа нь улсын бүртгэлийн газрын шүүхэд ирүүлсэн баримт болон гэрч З.Мөнгөнхуягийн мэдүүлгээр нотлогдож байх тул гэрээ байгуулсан ажилчдыг шилжүүлэн авч гэрээ байгуулах ёстой гэх тайлбар үндэслэлгүй юм.

Тухайн хоёр төрийн бус байгууллагын хооронд байгуулсан Ашиглалтын үйл ажиллагаа шилжүүлэх гэрээ-ний 3.2-т хөдөлмөрийн гэрээтэй ажилтан алба хаагчдын гэрээг шинэчлэн үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй гэж заасан. Нэхэмжлэгч ажилд орох хүсэлт ирүүлэхдээ өмнөх төрийн бус байгууллагаасаа чөлөөлөгдсөн байсан. Ажлаас чөлөөлсөн тушаал нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндсөн байтал энэ талаар маргаагүй. Тухайн ажилтан, албан хаагчийн гэрээг шинэчилж байгаа. Учир нь Цэлмэг төв шинээр Улсын бүртгэлд бүртгэгдсэн. Манай зүгээс нэхэмжлэгчид туршилтын 3 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээг байгуулан ажилд авах санал тавихад хүлээн зөвшөөрөөгүй. Иймд тохиролцоонд хүрч чадаагүй тул хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй.

Хохирол болон шаардах эрх тодорхойгүй байна. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх заалт нь гуравдагч этгээд биш гэрээний 2 талын хооронд үүссэн асуудлаар хохирол шаардах эрх үүсдэг заалт юм. Бусад 19 ажилтан туршилтын 3 сараар гэрээ байгуулж, одоог хүртэл үргэлжлүүлэн ажиллаж байна. Иймд цалин болон нийгмийн даатгалын шимтгэлийн бичилтийг хохиролд тооцох үндэслэлгүй, хоёр төрийн бус байгууллагын хооронд байгуулагдсан гэрээний үүргийг нэхэмжлэгч шаардах эрхгүй тул нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2019/01759 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 227 дугаар зүйлийн 227.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Х-ын хариуцагч “С” ГҮТББ-д холбогдуулан гаргасан гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх буюу барилгын сантехникийн инженер албан тушаалд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах, гэрээний үүргээ зөрчсөний улмаас олох байсан орлого буюу 7 335 478 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 202 920 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 1447 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2019/01759 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 203 дугаар зүйлийн 203.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Хуягбаатартай хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулан сантехникийн албан тушаалд томилж, түүний эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч “С” ГҮТББ-д даалгаж, хариуцагчаас 7 200 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Хуягбаатарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 135 478 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагчаас 130 150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 202 920 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Жавхлантөгс хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 1447 дугаар  магадлалыг эс зөвшөөрч хариуцагч “С” ГҮТББ- аас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасны дагуу шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна.

Нэхэмжлэгчээс хариуцагчид холбогдуулан гаргасан “Гэрээний үүргээ зөрчсөн болохыг тогтоолгож, хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх буюу барилгын сантехникийн инженерийн албан тушаалд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгах, гэрээний үүргийн зөрчлийн улмаас учирсан хохиролд 7 335 478 төгрөгийг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын бичилт хийхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хянан 101/ШШ2019/01759 дүгээр шийдвэрээр “Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 227 дугаар зүйлийн 227.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Х-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн. Ийнхүү анхан шатны шүүх хэргийг бүх талаас нь судлан, хууль болон гэрээг үнэн зөв тайлбарлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, хуулийн үндэслэл бүхий шийдвэрийг гаргасан. Гэтэл давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 203 дугаар зүйлийн 203.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт тус тус үндэслэн нэхэмжлэгч Г.Х-ыг гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй гэж үзэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын эрх, үүргийг үнэн зөв тодорхойлолгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

“С үйлчилгээний төвд худалдаа эрхлэгчдийн холбоо” ГҮТББ нь хариуцагч “С” ГҮТББ-тай Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д заасан нэрлэгдээгүй гэрээ буюу Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээ байгуулсан.

Нэхэмжлэгч болон давж заалдах шатны шүүх “Төрийн бус байгууллагуудын хооронд Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх нэртэй гэрээ байгуулж, тус байгууллагын эрх үүрэг, хариуцлага, эд хөрөнгийг “С” ГҮТББ-д шилжүүлэн өгчээ” гэж дүгнэсэн байдаг.

Гэтэл Иргэний хууль болон Төрийн бус байгууллагын тухай хуульд эрх үүрэг шилжихтэй холбоотой хуулийн зохицуулалт байхгүй. Гагцхүү Төрийн бус байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт татан буугдсан төрийн бус байгууллагын үлдсэн эд хөрөнгийг шилжүүлэх талаар зохицуулалт байхаас бусад тохиолдолд холбогдох хууль тогтоомжид татан буугдаагүй, үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагын эрх үүрэг, хариуцлага шилжих зохицуулалт байхгүй юм.

“С үйлчилгээний төвд худалдаа эрхлэгчдийн холбоо” ГҮТББ татан буугдаагүй, үйл ажиллагаа явуулж байгаа нь Улсын бүртгэлийн байгууллагын шүүхэд ирүүлсэн баримтаар болон Н.Мөнгөнхуягийн гэрчийн мэдүүлгүүдээр нотлогдож байхад давж заалдах шатны шүүх ийнхүү дүгнэх нь үндэслэлгүй байна.

Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээний 3.2-т “Байгууллагын үйл  ажиллагааны чиглэл өөрчлөгдөөгүй учир А талын хөдөлмөрийн гэрээтэй ажилтан, албан  хаагчдын гэрээг шинэчлэн, үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй” гэж заасан. Нэхэмжлэгч гэрээний уг заалтыг үндэслэн гэрээний талуудын хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх,  гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирол гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Өмнөх төрийн бус байгууллагад ажиллаж байсан Г.Х-ыг тухайн ажиллаж  байсан байгууллагаас нь гаргасан тушаалын дагуу ажлаас чөлөөлсөн байдаг. Хариуцагч  байгууллага нь Улсын бүртгэлд бүртгүүлж, шинээр байгуулагдаад Ашиглалтын үйл  ажиллагааг шилжүүлэх гэрээний дээрх заалтын дагуу “гэрээг шинэчилж” гэж зааснаар өмнөх байгууллагын ажилчидтай гэрээг шинээр байгуулж эхэлсэн ба нэхэмжлэгч Г.Х-т шинээр гэрээ байгуулж, ажиллах санал тавьсан хэдий ч нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрөөгүй тул хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй болно.

Гэтэл давж заалдах шатны шүүх Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх нэртэй гэрээ байгуулж, тус байгууллагын эрх үүрэг, хариуцлага, эд хөрөнгийг “С” ГҮТББ-д шилжүүлэн өгчээ” гэж үндэслэлгүйгээр дүгнэснээ дээрх гэрээний 3.2 дахь заалтыг тайлбарлахдаа “Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заасан “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна” гэх хуулийн заалтыг хэдий ч “...гэрээг шинэчлэн, үргэлжлүүлэн ажиллуулах...” гэсэн нөхцөлийг “...хариуцагч нь С үйлчилгээний төвд худалдаа эрхлэгчдийн холбоо ГҮТББ-д ажиллаж байсан ажилчидтай хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулж. өмнөх нөхцөлөөр үргэлжлүүлэн ажиллуулах үүрэг хүлээсэн” гэж гэрээний утга агуулгыг өөрчлөн дэлгэрүүлж, “өмнөх нөхцөлөөр үргэлжлүүлэн” гэх утга агуулгыг шүүх гэрээнд шинээр нэмж, нэхэмжлэгчид ашигтайгаар тайлбарласан байна.

Анхан шатны шүүх шийдвэртээ нэхэмжлэгч гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр хариуцагчаас шаардах эрхтэй эсэхэд дараах байдлаар эрх зүйн дүгнэлт хийсэн.

Иргэний хуулийн 203 дугаар зүйлийн 203.1-т гуравдагч этгээдэд ашигтай гэрээний шаардах эрхийн талаар “хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүргийн мөн чанарт харшлахгүй бол гуравдагч этгээдэд ашигтай гэрээний үүргийг үүрэг гүйцэтгүүлэгч, гуравдагч этгээдийн аль аль нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй”, мөн 203.2-т “гэрээнд тусгайлан заагаагүй бол гуравдагч этгээд бие даан шаардах эрхтэй эсэх, энэ эрх нь шууд, эсхүл урьдчилсан тодорхой нөхцөл бүрдсэнээр үүсэх, гуравдагч этгээдийн зөвшөөрөлгүйгээр гэрээ байгуулсан талууд түүний эрхийг өөрчлөх буюу дуусгавар болгох эрхтэй эсэхийг гэрээний агуулга, түүний зорилгоос тодорхойлно” гэж зохицуулсан байна.

“Хуулийн дээрх заалтаар гуравдагч этгээдэд ашигтай гэрээ нь нэгдүгээрт, түүнд эрх олгосон зохицуулалтыг тохиролцож, энэ талаар гэрээнд тодорхой тусгасан байх бөгөөд энэ эрхийн хүрээнд гуравдагч этгээдэд үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх үүсэх; хоёрдугаарт, гэрээнд үүргийг гагцхүү гэрээний хоёр талын хооронд гүйцэтгэхээр тохиролцож, харин гуравдагч этгээдийг гэрээний үүргээр хамгаалагдсан хүрээнд хамруулахаар заасан байж болох бөгөөд энэ тохиолдолд гуравдагч этгээд үүрэг  гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй байна” гэж анхан шатны шүүх дүгнэсэн.

Гэтэл давж заалдах шатны шүүх магадлалдаа “тус гэрээ нь гуравдагч этгээдэд  ашигтай гэрээ байх тул нэхэмжлэгч Г.Х- нь Иргэний хуулийн 203 дугаар  зүйлийн 203.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй” гэх байдлаар, анхан шатны шүүхийн шийдвэрт тодорхой няцаалт хийлгүйгээр, дээрх хуулийн зохицуулалтад хамаарах аль үндэслэлээр нэхэмжлэгчийг шаардах эрхтэй гэж дүгнэж буйгаа дурдалгүйгээр ийнхүү шууд тодорхойлсон нь ойлгомжгүй байна.

Түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэрт энэ талаар “...тус хуулийн  зохицуулалтын. зорилго нь гагцхүү гуравдагч этгээдэд ашигтай буюу гуравдагч этгээдийн хангамжийг баталгаажуулах, эсхүл нэмэгдүүлэх зорилгыг агуулсан байх шинжийг агуулж байна..., Гэрээний дурдсан заалт болон 1 дүгээр зүйлд заасан зорилгоос үзэхэд гуравдагч этгээдэд үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхийг олгосон болон гуравдагч этгээдэд  ашигтай, түүний хангамжийг баталгаажуулсан эсхүл нэмэгдүүлсэн шинжийг агуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн гуравдагч этгээдэд ашигтай гэрээ гэх тайлбар үндэслэлгүй байна” гэж тодорхой тайлбарлажээ.

Ийнхүү давж заалдах шатны шүүх магадлалдаа “...шүүх нэхэмжлэгчийн шаардлагыг тодорхойлохдоо Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч мөн хуулийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсгийг буруу тайлбарласны улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй..., Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч талд гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх буюу нэхэмжлэгчийг сантехникийн инженерийн албан тушаалд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгах нь зүйтэй...” гэх зэргээр огт үндэслэлгүй дүгнэлт хийж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч нь гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр хариуцагчаас, шаардах эрхгүй төдийгүй нэхэмжлэгчийн өмнө ажиллаж байсан төрийн бус байгууллагын адил хариуцагч нь өмнөх нөхцөлөөр гэрээний нөхцөлөөр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулах үүрэг хүлээхгүйгээс гадна Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан “үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэх хуулийн зохицуулалт мөн хамаарахгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Эдгээрээс гадна нэхэмжлэгч “...албан тушаалд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгах, гэрээний үүргийн зөрчлийн улмаас учирсан хохирол гаргуулах...” зэргээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба давж заалдах шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагыг ханган шййдвэрлэхдээ магадлалын тогтоох хэсгийн 1-т “...нэхэмжлэгч Г.Х-тай хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулан сантехникийн албан тушаалд томилж...” гэх зэргээр Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан хариуцагчийн хуулиар олгогдсон эрхэд халдсан төдийгүй байгууллагын дотоод асуудалд хөндлөнгөөс оролцон хууль зөрчсөн шийдвэр гаргасан. Түүнчлэн шүүхийн шийдвэр заавал биелэгдэх шинжтэй буюу биелэгдэх боломжтой байх ёстой байтал шүүх магадлалдаа “...сантехникийн албан тушаалд томилж...” гэж хариуцагч байгууллагад байхгүй орон тоонд нэхэмжлэгч Г.Х-ыг томилуулахаар шийдвэрлэж шинээр ажлын байр гаргаж ирэн хариуцагч байгууллагын эрхэд халдсан байна.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08  дугаар сарын 02-ны өдрийн 1447 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн  Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2019/01759 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Г.Х- “Сд бизнес эрхлэгч Цэлмэг төв” ГҮТББ-д холбогдуулан гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж, барилгын сантехникийн инженерийн ажил, албан тушаалд томилж, хугацаагүй гэрээ байгуулахыг даалгах, гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохиролд 7 335 478 төгрөгийг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, Г.Х-тай хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулан сантехникийн албан тушаалд томилж, түүний эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, хариуцагчаас 7 200 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 125 478 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “..2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс С үйлчилгээний төвд барилга төсөл, сантехникийн инженерээр үндсэн ажилтнаар, хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан. Тухайн үед С худалдаа үйлчилгээний төвийн ашиглалтын захиргааг “С үйлчилгээний төвд худалдаа эрхлэгчдийн холбоо” ГҮТББ эрхлэн явуулдаг байсан. 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр С үйлчилгээний төвд худалдаа эрхлэгчдийн холбоо нь тус худалдааны төвийн ашиглалтын захиргааг “С” ГҮТББ-д “Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээ”-гээр шилжүүлж, тус гэрээний дагуу “С” ГҮТББ нь тус төвд хөдөлмөрийн гэрээтэй ажиллаж байсан ажилтан, албан хаагчдын гэрээг үргэлжлүүлэн ажиллуулах үүрэг хүлээсэн.

Гэтэл хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй 3 сарын хугацаатай Хөдөлмөрийн гэрээ байгуулна, гэрээ байгуулахгүй бол цалин олгохгүй гээд аргагүйн эрхэнд хугацаатай гэрээ байгуулсан. Улмаар хугацаагүй гэрээ байгуулах санал гаргасны хариуд ажилд авах боломжгүй гээд ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн тул хариуцагчид “Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээ”-гээр хүлээсэн үүргээ биелүүлж, хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулахыг даалгаж, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 7 335 478 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэж тайлбарлажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч: “...Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээг байгуулах үед манай байгууллага бүтэц, зохион байгуулалт, орон тоо, холбогдох дүрэм, журмаа батлаагүй байсан. Нэхэмжлэгч Г.Х-тай туршилтын 3 сарын хугацаатай ажиллах гэрээ байгуулахыг хүссэн боловч Г.Х- нь зөвшөөрөөгүй. Хөдөлмөрийн гэрээ нь хоёр талын хүсэл зоригийг үндэслэн байгуулдаг тул талууд тохиролцоонд хүрээгүй. ...Байгууллагын дотоод журмыг зөрчиж хугацаагүй гэрээ байгуулах боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

“С үйлчилгээний төвд худалдаа эрхлэгчдийн холбоо” ГҮТББ, “С” ГҮТББ-ын хооронд 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр “Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх” гэрээ байгуулагдсан байх бөгөөд тус гэрээний 3.1., 3.2.-т “...эрх хүлээн авагч нь худалдааны төвийн үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах үүргийг өмчлөгч, түрээслэгч, худалдаа эрхлэгчдийн өмнө хүлээнэ, хөдөлмөрийн гэрээтэй ажилтан, албан хаагчдын гэрээг шинэчлэн үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй” гэжээ.

Талуудын хооронд байгуулсан гэрээг гуравдагч этгээдэд ашигтай гэрээ гэж үзэх үндэстэй. Энэ талаар хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Иргэний хуулийн 203 дугаар зүйлийн 203.1.-д гуравдагч этгээдэд ашигтай гэрээний гуравдагч этгээд үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй гэж, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3.-т зааснаар иргэн эрхээ хамгаалуулахаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхээр шаардах эрхтэй гэж, 219 дүгээр зүйлийн 219.1.-д үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж тус тус зохицуулсан.

Нэхэмжлэгч Г.Х- тус төвд барилга төсөл, сантехникийн инженерээр ажиллаж байсан үйл баримттай хариуцагч маргаагүй байна.

Эрх хүлээн авагч гэрээний дагуу худалдааны төвийн ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэн авсны дараа гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, тус төвд ажиллаж байсан ажилчдын эрх, ашиг сонирхол хөндөгдөж, эрх нь зөрчигдсөн гэх үндэслэлээр зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3., 203 дугаар зүйлийн 203.1., 219 дүгээр зүйлийн 219.1. дэх заалтыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага болсон гэрээний агуулга, зорилго, зохигчийн эрхийг буруу тодорхойлсноос хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлоор хэргийг хянахдаа зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж,  хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлсний үндсэн дээр өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангахдаа анхан шатны шүүхийн алдааг магадлалд тодорхой зааж, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, нэхэмжлэлийн шаардлагад хамаарах хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлал Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3., 203 дугаар зүйлийн 203.1., 219 дүгээр зүйлийн 219.1. дэх заалтыг зөрчөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.2.-т нийцсэн, 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Иймд давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, ...хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн... гэх хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Харин давж заалдах шатны шүүх магадлалд нэхэмжлэгчийн нэр, ажилтныг эгүүлэн тогтоосон ажил, албан тушаалыг буруу бичсэн байх тул энэ талаар гаргасан гомдол үндэслэлтэй байх боловч энэ нь магадлалыг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй тул хяналтын шатны шүүхээс дээрх алдааг засч, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Магадлалд бүхэлд нь нэхэмжлэгч “Г.Х-”-ыг “Г.Хуягбаатар” гэж буруу  бичсэнийг тэмдэглэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 1447 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Г.Хуягбаатартай” гэснийг “Г.Х-тай ” гэж, “Г.Хуягбаатарт” гэснийг “Г.Х-т” гэж, “сантехникийн албан тушаалд” гэснийг “барилгын төсөл, сантехникийн инженерийн албан тушаалд” гэж тус тус өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгч Ц.Жавхлантөгсийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч “С” ГҮТББ-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 202 920 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД